Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 100

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А,

Улсын яллагч Э.Т,

Шүүгдэгч А.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт А.Э-д холбогдох эрүүгийн 1920000730047 тоот хэргийг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэн мэргэжилтэй, улс хооронд хувиараа зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багт оршин суух, Т овогт А.Э,

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч А.Э нь 2019 тоны 03 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор гаалийн хяналтын рентген дээр ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ... улсын дугаар зүүж арын дугуйндаа адууны хатаасан өлөн гэдэс 40 ширхэг, 159 кг нойтон махыг зохих зөвшөөрөлгүй Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч А.Э мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би 2019 оны 03 сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас БНХАУ-ын Эрээн хот руу ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр явахдаа машиныхаа арын дугуй болон доторлогоон дотор хоньны мах, адууны хатаасан өлөн гэдэс нуусан байсан. Тэгээд гаалийн шалгалтаар баригдсан... миний бараа байсан. ... улсын дугаарыг зүүсэн байсан. Машины жинхэнэ дугаар нь ... гэж байгаа БНХАУ Эрээн хот руу орох зөвшөөрөл байхгүй болохоор өөр машины дугаар зүүж явсан юм. Э гэж хүнээс 1,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Өөрийн нэр дээрээ болгоогүй байсан... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 74-75/,

- Иргэний нэхэмжлэгч А.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “Уг эд мөрийн баримт болох махыг устгах тухай 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ... дугаартай шүүгчийн захирамж гарсан байна. Иймд нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42/,

- Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 14 цаг 30 минутын орчимд АЗШНЦ-1 гарах чиглэлд Гаалийн хяналтын бүсэд өөрт хуваарилагдсан хуваарийн дагуу автомашин шалгаж байсан. ... улсын дугаартай саарал өнгийн ... маркийн автомашины рентген зураг болон бусад үндэслэлээр нарийвчилсан үзлэг хийхэд, хонины нойтон мах гэх 159 кг, адууны өлөн гэдэс гэх 40 ширхэгийг автомашины арын 2 дугуй болон дээврийн хэсэгт давхар дээвэр хийж нуусан үйлдлийг зөрчлийн байцаагчтай хамтран үзлэг хийж илрүүлэн баримтжуулсан болно. Рентген зураг болон жолоочийн байдал сэжигтэй санагдсан тэгээд нарийвчлан шалгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11/,

- Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “Би 2017 онд нутгийн дүүдээ тэр үеийн ханшаар 1,000,000 төгрөгөөр худалдсан юм. Тухайн үеийн он сарыг санахгүй байна. Миний зарсан тээврийн хэрэгслийн улсын дугаар нь ... саарал өнгийн  маркийн машин байгаа юм. Ер нь урагшаа тээвэр хийдэг ихэнх машинууд өөр машины дугаар зүүж гардаг яагаад гэвэл хятадын талаас ... маркийн тээврийн хэрэгсэлийг нэг хэсэг ихээр хассан. Тэгээд хасагдсан машиныхаа дугаарыг зүүдэггүй бүртгэлд байгаа дугаараа сольж зүүдэг юм. Энэ бол энгийн жишээ болсонг хүн бүхэн мэдэж байгаа шүү дээ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/,

- Дорноговь аймгийн Замын-Үүд боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын албаны 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаар дүгнэлтэд:

1. Мэдрэхүйн шинжилгээгээр 159 кг бог малын мах болон адууны хатаасан өлөн гэдэс нь сав баглаа зориулалтын бус, шинэлэг байдлаа алдаж үнэр орсон, шороо тоосоор бохирлогдсон тул лабораторийн шинжилгээнд хамруулах шаардлагагүй. Мэдрэхүйн үзлэгээр бог малын мах болон адууны хатаасан өлөн гэдэс болох нь танигдаж байна. 

2. Тухайн адууны өлөн гэдэс болон бог малын махыг бэлтгэж нийлүүлсэн бүс нутаг, гарал үүсэл тодорхойгүй байгаагаас үзэхэд халдварт, гоц халдварт өвчтэй бүс нутгаас нийлүүлсэн байж болзошгүй, чанар байдлаа алдсан тул цаашид хүнсний хэрэгцээнд ашиглах боломжгүй. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай 14.1.2.мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээлийг аймаг, нийслэл, сумын нутаг дэвсгэрээс нөгөөд шилжүүлэх, нийтийн хэрэгцээнд нийлүүлэх, тээвэрлэх, хүлээн авах, улсын хилээр нэвтрүүлэхэд мал эмнэлэг, ариун цэврийн үзлэг, шинжилгээ хийлгэж гэрчилгээ авах; 14.1.7. улсын бүртгэлтэй, сорилтын дүгнэлт, тохирлын гэрчилгээтэй эм, биобэлдмэл түүний омгийг гадаадаас оруулах, мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээтэй мал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэх, тууварлах, худалдан борлуулах, үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах. 

3. Малын мах болон адууны хатаасан өлөн гэдэс нь Монгол Улсын хилээр нэвтрүүлэх хязгаарласан бараа бүтээгдэхүүнд орно. Холбогдох эрхий бүхий байгууллагаас олгосон баримт бичиггүй бол хилээр нэвтрүүлэхийг хориглоно. Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 11.1.2. экспортын шаардлага хангаж буйг нотолж эрх бүхий байгууллагаас гэрчилгээ олгосон байх. 

4. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай, Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль 13-р зүйл Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэхийг хориглох Монгол улсад мөрдөгдөж байгаа MNS 1111:2007 “Үхэр, өсвөр үхэр, адууны өрөөл, тал өрөөл, хонь, хурга, ямааны гулууз мах. Техникийн ерөнхий шаардлага”, MNS 5023;2001 “Мах махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага” стандартыг хангахгүй.

 5. Тухайн мах өлөн гэдэс нь хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдсан, бохирдсон, гарал үүсэл тодорхойгүй хүнсний шаардлага хангахгүй тул зохих журмын дагуу устгалд оруулах шаардлагатай гэсэн дүгнэлт /хх-ийн 57-58/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 5-7/,

- Эд мөрийн баримт, эд зүйлийг устгасан тухай тэмдэглэл /хх-ийн 25-37/,

- А ХХК-ийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 47-50, 60-65/, 

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76-78/ болон шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтуудыг судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч А.Э нь 2019 тоны 03 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ... улсын дугаар зүүж арын дугуйндаа адууны хатаасан өлөн гэдэс 40 ширхэг, 159 кг нойтон махыг зохих зөвшөөрөлгүй Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн нь гаалийн үзлэг шалгалтаар илэрсэн үйл баримт болсон байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч А.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч А.Э нь ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ... улсын дугаар зүүж арын дугуйндаа хязгаарлалт тогтоосон бараа болох адууны хатаасан өлөн гэдэс 40 ширхэг, 159 кг нойтон махыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Б.Э “...  улсын дугаартай саарал өнгийн ... маркийн автомашины рентген зураг болон бусад үндэслэлээр нарийвчилсан үзлэг хийхэд, хонины нойтон мах гэх 159 кг адууны өлөн гэдэс гэх 40 ширхэгийг автомашины арын 2 дугуй болон дээврийн хэсэгт давхар дээвэр хийж нуусан үйлдлийг зөрчлийн байцаагчтай хамтран үзлэг хийж илрүүлэн баримтжуулсан болно. ...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Э “...Ер нь урагшаа тээвэр хийдэг ихэнх машинууд өөр машины дугаар зүүж гардаг яагаад гэвэл хятадын талаас ... маркийн тээврийн хэрэгсэлийг нэг хэсэг ихээр хассан. Тэгээд хасагдсан машиныхаа дугаарыг зүүдэггүй бүртгэлд байгаа дугаараа сольж зүүдэг юм. Энэ бол энгийн жишээ болсонг хүн бүхэн мэдэж байгаа шүү дээ...” гэсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Э дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хуульд заасны дагуу хязгаарласан бараа болох адууны хатаасан өлөн гэдэс 40 ширхэг, 159 кг нойтон махыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршиг бусдад учруулаагүй болон түүний хувийн байдлыг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч А.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 40 ширхэг адууны хатаасан гэдэс, 159 кг бог малын нойтон махыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар устгасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолоор ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилж, шүүгдэгч А.Э-д хадгалах, хамгаалах үүргийг хүлээлгэсэн байна. Шүүгдэгч А.Э нь гэмт хэрэг үйлдэхдээ ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийг ашигласан болох нь нотлогдсон тул битүүмжлэлийг хүчингүй болгож, ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийг А ХХК нь 500,000 төгрөгөөр үнэлсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг тээврийн хэрэгслийг улсын орлого болгохоор Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт А.Э-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э нь 500,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч А.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 40 ширхэг адууны хатаасан гэдэс, 159 кг бог малын нойтон махыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар устгасан болохыг тус тус дурдсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч А.Э-н эзэмшлийн ... улсын дугаартай ... маркийн 1,000,000 төгрөгний үнэтэй тээврийн хэрэгслийг улсын орлого болгохоор Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Б.Н