Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 72

 

 

 

 

      

 

 

 

   2019          10            08                                           2019/ДШМ/72

 

 

 

Б.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                                 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

 

            Ахлах прокурор: Ж.Айжуу,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Т-д холбогдох, эрүүгийн 1820002070074 дугаартай, 2 хавтас, 455 хуудас бүхий хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор Д.Энхбаярын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б.Т-д холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Тулгаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Б.Т Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт 2018 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-ны өдрийн хооронд хохирогч Г.У-г таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

Б.Т цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар Б.Т-с эмчилгээний болон замын зардалд 1274800 төгрөг, ажилгүй байсан хугацааны буюу 6 сарын цалин /6x629450 төгрөг/ 3776700 төгрөг, хохирогч Г.У-н банктай байгуулсан гэрээний үүрэг буюу түүний ажилгүй байсан хугацааны зээлийн төлөлт 1848000 төгрөг, нийт 6899500 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Г.Ут олгож, нэхэмжлэлээс 4152000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,   

 

шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,  

                                                                           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор Д.Энхбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:  “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа өнгөрсөн гэж Б.Тод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь дангаараа хууль зүйн үндэслэл болохгүй бөгөөд хэрэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй хууль зүйн үндэслэл тогтоогдсон байх тул шийтгэх тогтооолын тогтоох хэсгийн 2 дахь заалтанд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтанд зааснаар...” гэсэн заалтыг нэмж оруулах нь зүйтэй. Учир нь шүүхээс хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй. Б.Тын гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т заасан хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа дуусаагүй байхад прокуророос түүнийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Иймд Б.Тод холбогдох анхан шатны шүүхийн 103 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтанд дээрх нэмэлт, өөрчлөлт оруулж шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ. 

 

           Ахлах прокурор Ж.Айжуу давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...прокурорын газраас Б.Тод холбогдох эрүүгийн хэргийг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шүүгдэгч Б.Тыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Ингээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж прокуророос ирүүлснийг шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй хууль зүйн үндэслэл тогтоогдсон байна. Ийм учраас шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг нэмж оруулж өгнө үү. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Тыг Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байдаг. Иймд шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг нэмж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн эсэргүүцлийг бичсэн болно...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн  тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж түүнчлэн “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус тодорхойлжээ.

 

Шүүгдэгч Б.Т өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлах эрх зүйн бүрэн чадамжтай байх тул түүнийг гэм буруугийн шууд санаатайгаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэж үзэх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасанд нийцэх юм.

 

Анхан шатны шүүхээс “...Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай” гэж тооцож, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэлтэй холбоотой шууд болон шууд бус хохирлыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, үр дагавар гэж  дүгнэсэн нь хууль ёсны, үндэслэл бүхий болжээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтын талаар тодруулбал:

           

Хохирогч Г.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Т-д 3-4 гэрээт хилчин, 1 дэд ахлагчтай хамт ирээд шанаа руу 2-3 удаа цохисон бөгөөд тэлээгээ сугалаад миний нуруу руу 3 удаа ороолгосон юм. Тэлээнийхээ арлыг атгаад гараа ороосон тэлээгээрээ миний баруун шанаа руу 2 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 9-10-р хуудас/,

 

Г.У-н биед доод эрүүний ясны их бие баруун өнцөг орчмоор, зүүн салаа зөрсөн хоёрлосон хугарал, зүүн 9-р хавирганы хугарал, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн мөр, зүүн бугалага, зүүн тохой, баруун дал, цээжний баруун ар доод хэсэг, зүүн шуунд зулгаралт, зүүн шуу, баруун өгзөгний дотор хэсгээс зүүн өгзөгний хэсэг хүртэл үргэлжилсэн, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 10887 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 12-13-р хуудас/,

 

гэрч О.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тухайн үед У-н биед учирсан шархны талаар У-с асуухад сургалт эрхэлсэн орлогч Б.Т-д алгадуулсан энэ бол бурхны шалгуур би шалгуурыг давсан гэж хариулсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 111-113-р хуудас/,

 

гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Т араас нь гүйж ороод би чамайг зөндөө гуйлаа, чи өөр яаж яриулах гээд байгаа юм бэ, чи өөр юу хүсээд байгаа юм бэ гэж хэлэх үед би араас нь гүйж ороход Г.Уыг загнаад нилээн уурлаад 2 удаа шанаа хэсэг рүү алгадсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 119-122-р хуудас/,

 

гэрч Ц.Лувсан-Ёндонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Т араас нь мөн Дашдэрэм бид хоёр гэрт нь ороход Б.Т Г.У-г юу яриад байгаа юм бэ гээд далан дээгүүр нь хавсраад 1 удаа цохисон. ...Г.У застав буундаа гадуур ерөнхийлөгч ирсэн байна гээд элдэв бусын зүйл яриад байхаар нь бухимдаад Б.Т зүүн далан дээгүүр нь хавсраад цохисон...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 123-125-р хуудас/,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Тулгын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 5-89 дугаар “...Яллагдагч Б.Т нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт 2018 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-ны өдрийн хооронд хохирогч Г.У-ыг таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоосугай...” гэсэн яллах дүгнэлт /2-р хх-ийн 89-90-р хуудас/,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 103 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /2-р хх-ийн 124-136-р хуудас/ зэрэг нотлох баримтын эх сурвалжийг магадлан, дүн шинжилгээ хийж, харьцуулан судлаж үзэхэд:

 

Шүүгдэгч Б.Т Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт 2018 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-ны өдрийн хооронд хохирогч Г.У-ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдсон байх ба харин шүүгдэгч Б.Т нь таарамжгүй харьцааны улмаас хохирогчийг зодсон нь тогтоогдохгүй байна. 

 

Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид таарамжгүй харьцааны улмаас гэмтэл учруулсан байхыг шаардахгүй.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, тэдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасан шаардлагад нийцсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтат мэдээллүүд байх төдийгүй мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэрэг бүртгэлт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор, мөрдөгчөөс хэргийн оролцогчдын “хуулийн өмнө эрх тэгш” байх эрхийг бүрэн хангасан, тэдгээрийг хавтаст хэргийн материал, шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцсэн, оролцогчоос дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх талаар ямар нэг санал хүсэлт гаргаагүй байна.

 

Хэрвээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болдоггүй учиртай.

 

Тиймээс шүүгдэгчээс хохирогчийг зодсоны улмаас түүний биед хүндэвтэр гэмтэл учруулснаа хүлээн мэдүүлсэн нь хэрэгт байгаа бусад нотлох баримтаар тогтоогдсон улмаар хохирогч, гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн нь шүүгдэгчийн мэдүүлэгтэй тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үзнэ.

             

Энэ талаар анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан гэж дүгнэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.  

  

Харин прокуророос шүүгдэгч Б.Т-н 2018-09-02-ны өдөр “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хугацаа буюу гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрөөгүй байх хугацаанд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан /2-р хх-ийн 55-р хуудас/ байхад анхан шатны шүүхээс, шүүгдэгч Б.Т-д холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” гэж үзсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолох ба шүүгдэгчид эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаны дараа шүүхэд хэргийг хянан хэлэлцэх шатанд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул шийтгэх тогтоолд “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байжээ.

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч хангаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Тод холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг,

 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.5 дугаар зүйлийн 1, 1.2 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Тулгаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Бат-Эрдэнийн Б.Тод холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор Д.Энхбаярын эсэргүүцлийг хангасугай.  

 

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                                    ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

 

                                                                                                        Н.БОЛОРМАА