Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2017/01556

 

М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/01102 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1726 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч М-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “П” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1 343 577 824 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн 1 042 376 299 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхбулгантамир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Сүхбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баяржаргал, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Монгол Улсын Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн Эрдмийн сургууль болон “П” ХХК-ийн хооронд 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн өргөтгөлийн Б блокийн Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх р41\12 дугаартай гэрээ байгуулагдсан. Дээрх гэрээний дагуу барилга угсралтын ажлыг 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор бэлэн болгохоор тохиролцсон. Гэтэл “П” ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлуудыг гэрээнд заасан болон захиалагчийн тогтоосон нэмэлт хугацаанд хийж гүйцэтгээгүйн гадна ажлыг гэрээнд заасан нөхцөл, чанарын шаардлагын дагуу хийхгүй, гэрээг ноцтой зөрчсөн. “П” ХХК-ийн хүсэлтээр 2014 оны 7 сард барилгад Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газрын Барилгын чанар аюулгүй байдлын хэлтсээс хэмжилт, судалгаа хийсэн. Уг шинжилгээгээр барилгын бүтээцүүдийн угсралтын ажлын чанар ба хийц нь төлөв байдлын хувьд БНбД-ийн шаардлагыг хангаагүй гэсэн дүгнэлт гарсан. Үүнийг “П” ХХК бидэнд мэдэгдээгүй. Бид 2014 оны 10 сард хөндлөнгийн мэргэжлийн байгууллага болох “Геомеп” ХХК-иар барилга угсралтын ажилд геодезийн хэмжилтээр хяналт хийлгүүлэхэд хэмжилтийн үр дүнгээр барилгын тодорхой баганууд гадагш тал руугаа хазайсан, хазгай муруй байна хэмээн дүгнэсэн. Дээрх байгууллагуудын хэмжилт, шинжилгээ, дүгнэлтэд үндэслэн 2014 оны 10 сард Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга Архитектурын сургуулийн БИАС Оношлогоо зураг төсөл, судалгааны “Реконстракшн” төвд хандан гадна ханын блок өрөх нэмэлт металл хийцийн чанарын, барилгын төмөр бетон карказын төлөв байдал, оношлогоог хийлгүүлэх хүсэлт гаргасан бөгөөд “Реконстракшн” төв шинжилж барилгын зарим багана хазгай, муруй байгаа тул хүчитгэх шаардлагатай хэмээн дүгнэсэн. Ийнхүү “П” ХХК-ийн гүйцэтгэсэн барилгын ажлыг Монгол Улсын барилгын стандарт, норм, нормативын дагуу гүйцэтгээгүй, чанарын шаардлагад нийцээгүй, доголдолтой байгааг олж тогтоосон. “П” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зохих ёсоор, хугацаанд нь биелүүлээгүй, ноцтой зөрчил гаргаж байсан учир захиалагчийн зүгээс зөрчлөө арилгахыг, улмаар ажлын гүйцэтгэлийг хүлээлцэх, нэг мөр дүгнэхийг шаардаж, удаа дараа мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн боловч үүний дагуу ямар нэгэн арга хэмжээ аваагүй, хариу өгөөгүй болно. Иймд 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14/179 дүгээр албан бичгээр гүйцэтгэгчид мэдэгдэж, Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх р41\12 дугаартай гэрээг цуцалсан.

Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх р41\12 дугаартай гэрээний 4.1, 4.2-т заасны дагуу барилга угсралтын ажлын үнэ нийт 5 891 592 000 төгрөг байхаар талууд тохиролцсон. Монгол Улсын Эрдмийн сургууль нь “П” ХХК-ийн гаргасан зөрчлийн улмаас Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх р41\12 дугаартай гэрээг цуцалсны дараа барилга угсралтын ажлын гүйцэтгэлд хөндлөнгийн төсөвчин “Харандаа” ХХК-иар дүгнэлт гаргуулсан бөгөөд дүгнэлтээр “П” ХХК нь нийт 2 623 888 091 төгрөгийн барилга угсралтын ажил гүйцэтгэсэн болохыг тогтоосон. Захиалагч нь “П” ХХК-д ажил гүйцэтгэх гэрээний дагуу нийт 3 843 500 000 төгрөг төлсөн. Ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсантай холбогдуулан МУЭИС нь илүү төлсөн 1 019 611 909 төгрөгийг “П” ХХК-иас буцаан гаргуулах шаардлагатай байна. Түүнчлэн “П” ХХК-ийн гаргасан зөрчил буюу ажлын доголдлыг арилгуулахтай холбогдон МУЭИС хүчитгэлийн зураг төсөл боловсруулах, лифтний нүхийг зөрүүлж цутгасныг нураах, Барилгын геодезийн хяналт хийлгэх, Барилгын бүтээцийн тооцоо дүгнэлт хийлгэх, Барилгын гүйцэтгэлийн төсөв боловсруулах, Барилгын баганад хүчитгэл хийлгэх, өрлөг нураалт хийх, ханын нүх дүүргэлтийн цэвэрлэгээний ажил, хөндий зай бөглөх зэрэг ажилд нийт 329 965 915 төгрөг зарцуулсан. Иймд захиалагчийн илүү төлсөн төлбөр 1 019 611 909 төгрөг, гүйцэтгэгчийн хийсэн ажлын доголдлыг арилгахтай холбогдон захиалагчаас гарсан нэмэлт зардал 329 965 915 төгрөг, нийт 1 349 577 824 төгрөгийг “П” ХХК-иас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй.

“П” ХХК-тай 2012 оны 10 дугаар сарыи 10-ны өдөр байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх тухай гэрээний 2.3.1, Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.6-д заасныг тус тус зөрчсөн тул захиалагч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээг цуцалсан тул үүнтэй холбоотой захиалагч нь өгсөн төлбөр болон учирсан хохирлоо “П” ХХК-иар нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймээс “П” ХХК-иас Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн өргөтгөлийн Б блокийн Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх р41\12 дугаартай гэрээг цуцлагдсантай холбоотой илүү төлсөн төлбөр болон учирсан хохирол нийт 1 349 577 824 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

“П” ХХК нь 2012 онд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн өргөтгөлийн “А” болон “Б” блокийн барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр хоёр өөр хуулийн этгээдтэй Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гүйцэтгэгч “П” ХХК Б блокын барилгын ажлыг 2012 оны 4 сард эхэлсэн бөгөөд талууд гэрээ байгуулах үед тус барилгын 5 давхрын бетон цутгалтын ажил хийгдсэн байсан. Ингээд “П” ХХК болон МУЭИС 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн өргөтгөлийн “Б” блокийн Барилга угсралтыг гүйцэтгэх р41/12 дугаар гэрээг байгуулсан. Уг гэрээг баталгаажуулж, захиалагчаас эхний санхүүжилт шилжүүлэх үед гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр 1 500 000 000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн. Гэрээ болон барилгын зургаар К-11-9-10 шифртэй “Каркас зураг” ХХК-д 2011 онд цутгамал төмөр, бетон хавтан суурьтай, барилгын даацын үндсэн бүтээц нь төмөр бетон карказ, цутгамал төмөр бетон хөшүүн ханатай, зоорийн давхрын хамт 16 давхар, 7364,49 м.кв талбай бүхий барилгын нэгж м.кв талбайг 800 000 төгрөгөөр тооцож, нийт 5 891 592 000 төгрөгөөр барьж ашиглалтад оруулахаар тохиролцсон.

Захиалагч нь “Каркас зураг” ХХК-д боловсруулсан барилгын зураг төслийг эрх бүхий байгууллагаар батлуулаагүй, ажлын зургуудад магадлалын (экспертиз) дүгнэлт хийгээгүй, халуун ус, цахилгаан, ус ариутгах татуургын техникийн нөхцөлүүд байхгүй, холбогдох байгууллагуудаас аваагүй, Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүйгээр талуудын хооронд байгуулсан гэрээг хэрэгжүүлэх хүсэлтийг тавьсан. Өөрөөр хэлбэл хууль болон журмаар тогтоосон барилгын захиалагчийн үүргээ биелүүлээгүй, хориглосон заалтуудыг зөрчсөн. Гэрээ хэрэгжих явцад гүйцэтгэгчийн зүгээс захиалагчийг хууль, журам болон гэрээний зөрчлөө арилгах, залруулах талаар удаа дараа сануулж шаардаж байсан. Гүйцэтгэгч “П” ХХК нь барилгын норм дүрэм, авторын зургийн дагуу, төсөвт тусгагдсан материал, тоо хэмжээнд барилгын ажлыг гүйцэтгэж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан. Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын “Барилга байгууламжийн чанар, бат бэх, хөдөлмөрийн аюулгүй байдалд шалгалт хийх тухай” 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01/105 тоот удирдамжийн дагуу тус компанийн барьж байсан Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн өргөтгөлийн “А” болон “Б” блокийн барилгын зураг төсөл, хийц угсралтын төлөв байдал, техникийн бичиг баримтын бүрдүүлэлтэд Барилгын техникийн улсын ахлах байцаагч хянан шалгаад 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 09-07 тоот акт тогтоосон. Актын тогтоох хэсгийн 1-д захиалагч, гүйцэтгэгч, зураг төслийн байгууллагууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, норм стандарт алдагдаж болзошгүй нөхцөл байдалтай байх тул барилга угсралтын ажлыг түр хугацаагаар зогсоохоор шийдвэрлээд, 2-т барилгын бат бэхийн шаардлага, газар хөдлөлтийн тэсвэрлэлт, тогтвортой эсэхийг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар давхар тус бүрийн цутгамал, төмөр бетон бүтээцүүдийн бат бэхийг тогтоолгох, багануудын босоо тэнхлэгийн шилжилтийг тусгай зөвшөөрөл бүхий геодезийн аргаар гүйцэтгүүлэх, эдгээрийг үндэслэн барилгын бат бэх, тогтворын тооцоог зураг төслийн байгууллагаар хийлгэж холбогдох норм, дүрмийн шаардлага хангаж байгаа эсэхэд зохиогчийн дүгнэлт гаргуулах шаардлагыг тавьсан. Актын 2-т заасны дагуу хөндлөнгийн мэргэжлийн байгууллага буюу Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Барилгын инженер, Архитектурын Сургуулийн “Реконстракшн” төв 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №31/14 албан тоотоор Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн өргөтгөлийн “Б” блокийн барилгын багана, дам нуруу, хучилтын төмөр бетон бүтээцийн бат бэхийг шалгаад шаардлага хангаж байна гэсэн. Мөн багануудын босоо тэнхлэгийн шилжилтийг тусгай зөвшөөрөл бүхий геодезийн “МонМэп” ХХК-иар 3D хэмжээст лазер скайнераар гүйцэтгүүлж, 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн актаар суурь багануудын шилжилтийг 1 давхрын шалны түвшингээс 15 давхрын дээрх суурь багануудын оройн солбилцол хоорондын зөрөөгөөр тодорхойлж Ду=(-0.003mm+0.004mm) Дх-(-0.002тт+0,005тт) байгаа нь суурь багануудын тэнхлэг шилжээгүй гэж дүгнэсэн. Дээрх актад заасны дагуу норм, дүрмийн шаардлага хангаж байгаа эсэхэд Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн өргөтгөлийн Б блокийн барилгын зургийн зохиогч, архитектур, инженер Н.Бумцэнд, МУ-ын зөвлөх, барилгын хийцийн инженер Д.Багаа, барилгын хийцийн инженер О.Бадамхорол нар (“Каркас зураг” ХХК) 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр барилга тээврийн угсралтын ажилд дүгнэлт гаргасан. Дүгнэлтээр “П” ХХК-ийн гүйцэтгэсэн төмөр бетон каркасын бетон угсралтын ажил нь Монгол Улсад мөрдөгдөж буй “Цутгамал төмөр бетон бүтээц”-ийн угсралтын БНБД З,03,01-88 цутгамал төмөр бетоны ажил гүйцэтгэх заавар БД52-102-04-ийн холбогдох заалтууд болон бусад БНбД-ийг зөрчөөгүй гэж зохиогчийн зүгээс дүгнэж байна гэж үзсэн.

“П” ХХК-иас 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 318/14 дугаар хариу албан тоотын дагуу 08 дугаар сарын 25-ны өдрөөс хойш барилгын бүтээц хийцэд өөрчлөлт оруулах бол түүнээс үүдэн гарах ямар нэгэн асуудлыг захиалагч хариуцах болсон талаар гүйцэтгэгч “П” ХХК нь барилгын норм, дүрмийг баримтлан, авторын зургийн дагуу, төсөвт тусгагдсан материал, тоо хэмжээнд барилгын ажлын санхүүжилтээс урьдчилан гүйцэтгэж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Захиалагч талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.2-т заасан ажлын хөлсийг гэрээний 4.4-т заасан хуваарийн дагуу төлөх үүргээ удаа дараа зөрчиж үе шатны ажлын санхүүжилтыг байнга хоцроосны улмаас барилгын материал хүлээгдэх, тасалдах зэргээр хугацаа их алдсан. Өөрөөр хэлбэл захиалагч барилгын санхүүжилтийг хуваарийн дагуу хийлгүй гэрээний үүргээ зөрчиж байсан боловч гүйцэтгэгчийн зүгээс ажлыг тасалдуулахгүй, хугацаанд нь гүйцэтгэх зорилгоор өөрийн хөрөнгөөр дутуу санхүүжилтыг нөхөж гүйцэтгэсэн. Гэрээний 4.4-т барилга угсралтыг тодорхой давхар хүртэл хийж гүйцэтгэсэн актыг үндэслэн хуваарийн дагуу төлбөрийг хийхээр тохиролцсон. Хуваарийн дагуу захиалагч хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээнд гэрээний үнийн 90 хувийн төлбөрийг хийх ёстой байсан. Гэтэл гэрээ байгуулах үед 1 500 000 000 төгрөгийн өртэй атлаа 2012 онд урьдчилгаа 30 хувиа төлж чадаагүй, 2013 онд бүтэн жилд ердөө 54 000 000 төгрөг шилжүүлсэн. Захиалагчийн ажил хэргийн түншээ үл тоосон, хууль бус буруутай, ажил хэрэгч бус үйлдлээс болж гэрээ цаашид хэрэгжихэд хүндрэлтэй болсон. Тухайлбал, өөрийн сурталчилгааны самбараа зөөх гэх мэт барилгын талбай чөлөөлөхгүй, барилгын ажилд саад учруулах, барилгын ажлын зураг, техникийн тодорхойлолт бусад шаардлагатай бичиг баримтуудыг өгөхгүй удаах, хоцроох, зургийн авторын хяналтын гэрээ, захиалагчийн хяналтын гэрээг хүчин төгөлдөр баталгаажуулж өгөөгүй захиалагчийн хяналтын инженер байхгүй, сүүлд түүнийг томилсон ч мэргэжлийн бус, томилсон тушаал, шийдвэрээ өгдөггүй, чанаргүй, стандартын шаардлага хангахгүй, тоо хэмжээндээ хүрдэггүй, зах зээлийн үнээс үнэтэй, төсөв ороогүй бараа материалаар ажил гүйцэтгэхийг шаардаж, баталгаажаагүй, экспертиз магадлал хийгээгүй зургаа өөрчилж, шийдлээ гаргаж өгдөггүй атлаа 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 14/111 албан бичгээр Мэргэжлийн хяналтын байгууллагад хүсэлт гаргаж, шалгалт хийлгүүлсэн. Барилгын техникийн улсын байцаагч захиалагчийн хүсэлтийн дагуу шалгаад 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 02-07-94/303 дугаар актаар барилга угсралтын ажлыг зогсоохоор шийдвэрлэсэн.

Актын тогтоох хэсэгт заасан зөрчлүүд нь захиалагчид шууд хамаарсан зөрчлүүд байсан. Гэрээ байгуулж, ажил эхлэх үед урьдчилан тооцоологдоогүй ажил, нэмэлт зардлууд их гарсан. Захиалагчийн барилгын суурийн зурагт хөрш хажуугийн барилгын сууриудыг тодорхойлоогүй байсан ба суурийн газар шорооны ажлын үед ил гарсан хуучин барилгын сууринд хүчитгэл хийх зэргээр нэмэлт ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Мөн суурийн газар шорооны ажлын үеэр хөрсний ус гарснаар ус зайлуулах, суурийн бетонд ус үл нэвчүүлэх нэмэлт материал /бодис/-д багагүй зардал гарсан. Захиалагч нь “инженер геологийн дүгнэлт”-гүйгээр барилгын зураг хийгдсэний улмаас хөрсний усны түвшин тавигдаагүйгээс дээрх зардлыг урьдчилан тооцоолох боломжгүй байсан. Захиалагчийн барилгын талбайд 22:00 цагаас өмнө дунд, том оврийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхийг хориглох болсон тул шөнийн нэмэлт ээлжээр ажиллах цалингийн нэмэлт зардлыг талууд урьдчилан тооцоолж тохиролцож чадаагүй. Захиалагч буюу МУЭИС нь шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн “Геомэп” ХХК-ийн 01/14 тоот дугаартай “Барилга угсралтын ажилд геодезийн хяналтын хэмжилт хийсэн акт” нь илт нотолгооны ач холбогдолгүй, үнэн зөв нь эргэлзээтэй, тухайн хэрэгт хамааралгүй баримт байна. Учир нь “Геомэп” ХХК нь “Эрдэм тауэр” ХХК-тай 01/14 тоот гэрээний үндсэн дээр түүний барилгад геодезийн хэмжилт хийсэн. “П” ХХК, “Эрдэм тауэр” ХХК гэх хуулийн этгээдтэй гэрээ, эрх зүйн аливаа харилцаанд ороогүй. “Геомэп” ХХК нь хэмжилт хийхдээ ашигласан тоон нивелир нь геодезийн хэмжил зүйн лабораториос уг хэмжилтийг хийснээс хойш 22 хоногийн дараа буюу 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр баталгаажуулсан. “Геомэп” ХХК нь хуулийн дагуу геодез, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй байхдаа геодези хяналтын хэмжилт хийж, акт үйлдсэн байх бөгөөд өөрөөр хэлбэл, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн тушаалаар “Геомэп” ХХК-д геодез, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх Г32015/15 дугаар тусгай зөвшөөрлийг авсан гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Барилгын чанар аюулгүй байдлын хэлтсээс 2014 оны 7 сард хийсэн судалгаа, барилгын газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварын үнэлгээ хийсэн байх бөгөөд тухайн үнэлгээг хийх эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, албан даалгавар удирдамж зэрэг баримтууд байхгүй нь уг үнэлгээ хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй байна. “П” ХХК нь барилга угсралтын ажлыг зогсоох хүртэл 4 195 876 299 төгрөг зарцуулсан. Захиалагч Хүмүүнлэгийн Эрдмийн Их сургууль барилгын ажлын санхүүжилтэд 3 153 500 000 төгрөгийг гүйцэтгэгчид шилжүүлсэн бөгөөд гүйцэтгэгч “П” ХХК нь 1 042 376 299 төгрөгийн санхүүжилттэй ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн тул нэхэмжлэгчээс 1 042 376 299 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

“П” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зохих ёсоор, хугацаанд нь биелүүлээгүй, ноцтой зөрчил гаргасан тул захиалагчийн зүгээс зөрчлөө арилгахыг, улмаар ажлын гүйцэтгэлийг хүлээлцэх, нэг мөр дүгнэхийг шаардаж удаа дараа мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн боловч үүний дагуу ямар нэгэн арга хэмжээ аваагүй, хариу өгөөгүй.

Иймд 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14/179 дугаар албан бичгээр гүйцэтгэгчид мэдэгдэж, Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх р41\12 дугаартай гэрээг цуцалсан.

Уг гэрээний 4.1, 4.2-т заасны дагуу барилга угсралтын ажлын үнэ нийт 5 891 592 000 төгрөг байхаар талууд тохиролцсон. МУЭИС нь “П” ХХК-ийн гаргасан зөрчлийн улмаас дээрх гэрээг цуцалсны дараа барилга угсралтын ажлын гүйцэтгэлд хөндлөнгийн төсөвчин “Харандаа” ХХК-иар дүгнэлт гаргуулсан. Энэ дүгнэлтээр “П” ХХК нь нийт 2 623 888 091 төгрөгийн барилга угсралтын ажил гүйцэтгэсэн болохыг тогтоосон. Захиалагч нь “П” ХХК-д ажил гүйцэтгэх гэрээний дагуу нийт 3 643 500 000 төгрөг төлсөн учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/01102 дугаар шийдвэрээр Иргэний хуулиин 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “П” ХХК-иас 947 647 934 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МУЭИС-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 401 929 890 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “П” ХХК-ийн МУЭИС-д холбогдуулан 1 042 376 299 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч МУЭИС-ийн 6 905 840 төгрөг, хариуцагч “П” ХХК-ийн 5 370 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “П” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 4 896 190 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МУЭИС-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1726 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/01102 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “947 674 934” гэснийг “750 393 492” гэж, “401 929 890” гэснийг “593 184 332” гэж, 2 дахь заалтын “4 896 190” гэснийг “3 909 917” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 896 190 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсанаар “Хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад хариуцагчийн гүйцэтгэсэн ажил нь биет байдлын доголдолтой болох нь Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2014 оны 02-07-78/163, 02-07-97/303 дугаартай актууд, “Геомеп” ХХК-ийн “Эрдэм тауэр” ХХК-ийн 15 давхар барилга угсралтын ажилд геодезийн хяналтын хэмжилт хийсэн 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 01/14 тоот акт, “Аксиомконстракшн” ХХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн АК-58/2014 тоот Хүмүүнлэгийн их сургуулийн өргөтгөлийн Б блокын барилгын техникийн дүгнэлт, нэхэмжлэгч талаас хариуцагчид ажлын доголдлыг арилгах талаар мэдэгдэж байсан албан бичгүүд зэрэг баримтуудаар нотлогдож байна” хэмээн дүгнэсэн атлаа энэхүү доголдлыг арилгахад нэхэмжлэгчээс нэмж гаргасан зарим зардлыг хамааралгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Анх “П” ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлуудыг гэрээнд заасан болон захиалагчийн тогтоосон нэмэлт хугацаанд хийж гүйцэтгээгүй бөгөөд ажлыг гэрээнд заасан нөхцөл, чанарын шаардлагын дагуу хийхгүй гэрээг ноцтой зөрчсөн нь үнэн юм. Тухайлбал “П” ХХК-ийн хүсэлтээр 2014 оны 07 дугаар сард Барилга дээр Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газрын Барилгын Чанар Аюулгүй Байдлын Хэлтэс хэмжилт, судлагаа хийсэн. Уг шинжилгээгээр барилгын бүтээцүүдийн угсралтын ажлын чанар ба хийц нь төлөв байдлын хувьд БНбДын шаардлагыг хангаагүй гэсэн дүгнэлт гарсан. Үүнийг “П” ХХК бидэнд мэдэгдээгүй юм. Түүнчлэн бид 2014 оны 10 дугаар сард хөндлөнгийн мэргэжлийн байгууллага болох “Теомеп” ХХК-иар барилга угсралтын ажилд геодезийн хэмжилтээр хяналт хийлгүүлэхэд хэмжилтийн үр дүнгээр барилгын тодорхой баганууд гадагш талруугаа хазайсан гэж дүгнэсэн. Дээрх байгууллагуудын хэмжилт, шинжилгээ, дүгнэлтийг үндэслэн бид 2014 оны 10 дугаар сард ШУТИС-н Барилга Архитектурын сургуулийн БИАС Оношлогоо зураг тесөл, судалгааны “Реконстракшн” төвд хандан гадна ханын блок өрөх нэмэлт метал хийцийн чанарыг, барилгын төмөр бетон карказын төлөв байдал, оношлогоог хийлгүүлэх хүсэлт гаргасан бөгөөд “Реконстракшн” төв шинжилж барилгын зарим багана хазгай, муруй байгаа тул хүчитгэх шаардлагатай хэмээн дүгнэсэн. Ийнхүү Монгол Улсын Мэргэжлийн хяналтын байгууллагын удаа дараагийн шалгалт, Барилгын чанар аюулгүй байдлын хэлтсийн 2014 оны 7 дугаар сард барилга угсралтын ажилд хийсэн Барилгын газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварын үнэлгээ, хөндлөнгийн геодезийн компани “Геомеп” ХХК-ийн хэмжилт, БИАС Оношлогоо зураг төсөл, судалгааны “Реконстракшн” төвийн дүгнэлт, Захиалагчийн хяналт зэргээр “П” ХХК-ийн гүйцэтгэсэн барилгын ажлыг Монгол Улсын барилгын стандарт, норм, нормативын дагуу гүйцэтгээгүй, чанарын шаардлагад нийцээгүй, доголдолтой байгааг олж тогтоосон.

Манай сургууль “Оригакен” ХХК, “Номгон Констракшн” ХХК, “Топгласс” ХХК, “ЭБ Констракшн” ХХК, иргэн С.Пүрэвдорж, “Этэрнал нэт” ХХК, “Теомеп” ХХК, “Аксиомконстракшн” ХХК, “Харандаа” ХХК, “Ногоон газар” ХХК болон зарим бригад, хувь хүмүүсээр доголдлыг засварлуулах, засварлахад шаардлагатай материалыг худалдан авах зэрэг ажиллагаа хийсэн болно. Гэтэл шүүх үүнээс “Топгласс” ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан Барилгын гадна фасадны дулаан тусгаарлалтын ажил гүйцэтгэх гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Барилгын нэмэлт засварын ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн зардал болон “ЭБ Констракшн” ХХК-тай байгуулсан 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын гүйцэтгэлд төлсөн хөлс нь хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын доголдолтой хамааралтай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн байгаа нь буруу юм. Учир нь дээрх гурван төрлийн гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлууд бүгд “П” ХХК-ийн гаргасан ажлын доголдлыг арилгахад зориулагдсан болно.

...Дээрх гурван гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлууд бүхэлдээ “П” ХХК-ийн барилга угсралтын ажлын явцад гаргасан доголдлыг арилгаж, захиалагчаас нэмэлтээр зарцуулсан зардал мөн болно. Эдгээр гэрээний хамт төлбөр төлсөн баримтыг бид шүүхэд нотлох баримтын шаардлага хангуулж өгсөн болно. Тус гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил нь “П” ХХК-ийн гаргасан доголдлыг арилгахад хамааралтай болох нь гэрээний 2.1 дүгээр зүйлд заасан талуудын тохиролцооноос тодорхой харагддаг. Нэхэмжлэгч ХУИС-ийн Эрдмийн сургуулийн Б блокын барилгын нэмэлт засварын ажил гүйцэтгэх 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №20151109 тоот гэрээний дагуу ажлыг гүйцэтгэж, төлбөрийг бүрэн хэмжээнд төлсөн талаар үйл баримтыг хэрэгт авагдсан баримтууд бүрэн хэмжээнд нотолсон байна. Гэтэл 111-126 дахь талд авагдсан хавсралтуудыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр талуудын хооронд ХУИС-ийн Эрдмийн сургуулийн Б блокын барилгын нэмэлт засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу ажил гүйцэтгэж, төлбөр төлсөн үйл баримтыг үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй байна.

Ийнхүү Давж заалдах шатны шүүх 197 281 442 төгрөг төлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг бид эс зөвшөөрч байна. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2, 355 дугаар зүйлийн 355.1, 225, 226 дугаар зүйлүүдэд тус тус заасны дагуу нэхэмжлэгч хариуцагчийн гаргасан доголдлыг арилгахад холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Эрдмийн сургууль болон “П” ХХК-ийн хооронд 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “Барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай” №р41/14 тоот гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд баригдах Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн ергөтгөлийн “Б” блокийн 7364.49 мкв талбай бүхий барилга угсралтын ажлыг нийт 5 891 592 000 төгрөгөөр тооцохоор тохиролцсон. Шүүх дээрх гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд зохигчдыг маргаагүй гэж дүгнэхдээ талуудын маргааны үндэслэлд дүгнэлт хийлгүй орхигдуулжээ. Талууд гэрээний хэрэгжилт, түүнээс үүдсэн төсөв, мөнгөний асуудлаар маргаан үүсгэснийг шүүх анхаараагүй байна. Тухайлбал, “Барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай” №р41/14 тоот гэрээний 1.3-т зааснаар гэрээний салшгүй хэсэг болсон барилгын эскиз зураг, бусад хавсаргавал зохих материалд бүрэн авагдаагүй байна. Энэ асуудлаар хариуцагч маргасан нөхцөлд шүүх нэхэмжлэгч гэрээний үүргээ хангасан эсэхэд эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай. Учир нь зохигчдын мэтгэлцээнийг шүүх ялган зааглаж, хүлээн авах эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийх үүргээ хэрэгжүүлээгүй байна. Гүйцэтгэгчийн зүгээс захиалагчийг хууль болон гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлэн ажиллах, зөрчлийг арилгах талаар удаа дараа сануулж шаардаж байсан. Мөн захиалагчаас эхний санхүүжилтыг шилжүүлэх хүртэл гэрээний дагуу ажлыг зогсоохгүй явуулах үүднээс өөрийн хөрөнгөөр 1.5 тэрбум төгрөгийн ажлыг хийснийг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй. Гэрээний 4.5 дахь хэсэгт заасан гэрээний урьдчилгаа төлбөрт гэрээний үнийн 30 хувь болох 1 767 477 600 төгрөгийг нэхэмжлэгч төлөөгүй, 2013 онд 54 сая төгрөг төлсөн нь захиалагч гэрээний үүргээ биелүүлээгүйг нотолдог. Энэ нь гэрээний 4.5-д зааснаар захиалагч гэрээний нийт үнийн дүнгийн 30 хувийг гэрээ байгуулагдсанаар төлөх үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, 2012 оны 03 дугаар сард 1 767 477 600 төгрөгийн санхүүжилтыг хийхээс огт төлбөр хийлгүйгээр 8 сарын дараа буюу 2012 оны 11 дүгээр сараас эхлэн санхүүжилтыг цувуулан өгч, 2012 оны сүүлээр нийт 1110 000 000 төгрөг өгсөн нь гэрээний үүргээ зөрчсөнийг нотолно. Энэ нөхцөлд гэрээний 3.2-т зааснаар захиалагчийн буруугаас явцын санхүүжилт саатсан хугацаагаар гэрээний хугацаа хойшлогдохоор тохирсоныг шүүх нягтлан үзээгүй болно. Гэрээний хариуцлагыг талууд тогтоохдоо гэрээнд заасан үүргээ аль нэг тал биелүүлээгүй бол хохирлыг арилгах, чанарын шаардлага хангаагүй бол түүнийг арилгах үүргийг талууд хүлээжээ. Үүнээс үзэхэд аль нэг талын санаачилгаар гэрээг цуцлах эрх олгоогүй болно. Иймд шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2., 344 дүгээр зүйлийн 344.1., 344.2., 346 дугаар зүйлийн 346.1., 347 дугаар зүйлийн 347.1., 349 дүгээр зүйлийн 349.1., 349.2., 351  дүгээр зүйлийн 351.1.1 зэрэг зохицуулалтын дагуу хуулийг тайлбарлан хэрэглээгүй байна.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасны дагуу гэрээг цуцалж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 225, 226-д заасан журам үйлчлэхийг хуулиар тогтоосон. Тухайлбал, Иргэний хуулийн 225.4.1-д үүргийг ялимгүй зөрчсөн, 225.4.3-т үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай тохиолдолд талууд гэрээнээс татгалзах эрхгүй байхаар зохицуулжээ. Захиалагч Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэг арга хэмжээ аваагүй бол уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдон гаргасан зардлаа төлүүлэх эрхтэй. Хэрвээ ажил гүйцэтгэгч тогтоосон хугацааг үр ашиггүй өнгөрөөсөн бол Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасан эрхийг хэрэгжүүлэхээр заасан атал захиалагч өөрийн дураар барилга угсралтын ажилтай хамааралгүй ажлыг бусдаар гүйцэтгүүлсний хөлсийг ажил гүйцэтгэгчээс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд шүүх захиалагчаас ажил гүйцэтгэгчид нэмэлт хугацаа тогтоож өгсөн эсэхийг шүүх огт нягталж үзээгүй. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь зохицуулалт нь хийгдэх ёстой зайлшгүй зардлыг хамрах бөгөөд мэргэжлийн этгээдийн дүгнэлт, тооцоо судалгааны үндсэн дээр буй болох зардлыг зайлшгүй гэж ойлгодог. Гэтэл шүүх барилга угсралтын ажилтай хамааралгүй зардлыг доголдлыг арилгахтай холбогдон захиалагчаас гарсан нэмэлт зардал гэж үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн.

Ажил гүйцэтгэгч гэрээний үүргээ ноцтой зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдоогүй. Тухайлбал, ШУТИС-ийн Барилгын инженер, Архитектурын сургуулийн “Реконстракшн” төвийн 2014.06.10-ны өдрийн №31/14 тоот дүгнэлт, “Монмэп” ХХК-ийн 2014.09.04-ний өдрийн “Барилгын тэнхлэгт хэмжилт хийсэн акт”, ХУИС-ийн өргөтгөлийн “Б” блокийн барилгын зургийн зохиогч Архитектор инженер Н.Бумцэнд, МУ-ын зөвлөх, барилгын хийцийн инженер Д.Багаа, барилгын хийцийн инженер О.Бадамхорол нарын 2014.09.09-ний өдрийн дүгнэлтээр “П” ХХК-ийн гүйцэтгэсэн төмөр бетон каркасын бетон цутгалтын ажил нь Монгол улсад мөрдөгдөж байгаа “Цутгамал төмөр бетон бүтээц”-ийн угсралтын БНбДЗ.03-01-88 цутгамал төмөр бетоны ажил гүйцэтгэх заавар БД52-102-04-ийн холбогдох заалтууд болон бусад БНбаД-ийг зөрчөөгүй гэж дүгнэсэн байдаг. Гүйцэтгэгчийн хувьд нэмэлт хугацаа тогтоосон боловч ажил гүйцэтгэхээс татгалзсан бол нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй нөхцөл байдал үүсэх байсан. Гэтэл ажил гүйцэтгэгчийн хувьд ажлыг гэрээнд заасан төсөвт өртгийн хэмжээнд 100 хувь дуусгах боломжтой гэж мэдэгдэж байсан болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн агуулга, шаардлага, гэрээний талуудын үүргээ биелүүлсэн эсэх, гэрээг цуцлах үндэслэлийн талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадсангүй. Иймд шүүх талуудын маргааны харилцааг зөв тодорхойлж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс маргааны агуулгыг нягтлан үзээгүй байна.

Энэхүү алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж чадаагүйн дээр магадлалын “Үндэслэх” хэсэгт анхан шатны шүүхийн дүгнэлтийг хуулбарлах байдлаар тусгаад хууль хэрэглээний гаргалгаа хийлгүйгээр “зөв байна”, “буруутгах үндэслэлгүй” гэсэн ерөнхий агуулгаар дүгнэсэн алдаа гаргажээ.

Нэхэмжлэгч Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Эрдмийн сургууль барилга барих бичиг баримт, техникийн нөхцөл дутуу байх үедээ хариуцагч “П” ХХК-тай ярилцан, удаа дараа хүсэлт гаргаснаар барилгын “Б” блокын ажлыг эхлүүлж, захиалагчийн 1 053 500 000 төгрөгийн санхүүжилтээр барилгын ажлыг эхлүүлж, 2014 онд захиалагч 3 353 500 000 төгрөг шилжүүлж, нийт 4 407 000 000 төгрөгийн ажил гүйцэтгүүлсний дараа өөрийн захиалгаар шинжээчийн дүгнэлт гаргуулж, ажлын чанарын доголдолтой гэж, дур мэдэн гэрээг зогсоон, өөр гүйцэтгэгчээр ажлаа үргэлжлүүлэн ажлын гүйцэтгэлд илүү мөнгө төлсөн гэж 1 019 611 909 төгрөгийг буцаан шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй гүйцэтгэгчийн хөрөнгөөр ажлаа эхлүүлж, нийт ажлын 70 гаруй хувийг гүйцэтгүүлсний дараа хямд аргаар барилгаа босгох башир, луйврын арга хэрэглэсэн нь маргааны эх сурвалж болж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэл нь хариуцагчийг гэрээний хугацаанд ажлаа хүлээлгэж өгөөгүй, ажлын доголдол гаргасан гэж дүгнэхдээ дараах үйл баримтад хамааралтай нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэж, нотлох болон үгүйсгэх талаас дүгнэлт хийж чадаагүй байна. Үүнд барилгын ажлыг гүйцэтгэх бичиг баримтыг бүрэн шилжүүлэн өгөөгүй, барилга барихад шаардлагатай эрх бүхий байгууллагын зөвшөөрөл бүрэн олгогдоогүй, нэхэмжлэгчийг гэрээний хугацаанд барилгын санхүүжилтыг хийгээгүйн дээр барилгын ажил эхлэхэд гүйцэтгэгчээс шалтгаалахгүй нэмэлт ажлууд гарсан зэрэг, шүүхээс өмнө шинжээчийн дүгнэлт гаргасан этгээдүүдийг дахин шинжээчээр томилсноор Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1., 9.2 дахь заалтыг зөрчсөн бүрэлдэхүүний гаргасан шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэлийн шаардлагыг хангах гол үндэслэл болгосноороо шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн гэж үзнэ.

Гүйцэтгэгчийн хийсэн ажлын доголдлыг арилгахтай холбогдон захиалагчаас гарсан нэмэлт зардал 329 965 915 төгрөгийг нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэхдээ “нэхэмжлэгчээс гаргасан баримтаар тогтоогдсон” гэж үзжээ. Энэ шаардлагыг хариуцагч зөвшөөрөөгүй, харин хариуцагчийн зүгээс 445.1 сая төгрөгийн нэмэлт ажлын зардал гарсныг Барилгын төсөвчдийн холбооны дүгнэлтээр тогтоогдсоныг шүүх мэтгэлцэх зарчмын үндэслэн хэрхэн үгүйсгэсэн талаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна. Хариуцагч “П” ХХК-иас гаргасан нэмэлт зардлын үндэслэл нь захиалагчийн барилгын суурийн зурагт хөрш хажуугийн барилгын сууриудыг тодорхойлоогүйгээс суурийн газар шорооны ажлын үед ил гарсан хуучин барилгын сууринд хүчитгэл хийсэн, хөрсний ус гарснаар ус зайлуулсан, суурийн бетонд ус үл нэвчүүлэх нэмэлт бодис хийсэн, барилгын байршил хотын төвд зай талбай багатай, кран ажиллуулах боломжгүй учир цахилгаан өргөгч, бетон шахагч худалдан авч ажиллуулсан, шөнийн 22 цагаас хойш том оврын тээврийн хэрэгслээр зуурмаг, барилгын материал тээвэрлэх, үүнтэй холбоотой шөнийн нэмэлт ээлжээр инженер, техникийн ажилтан, ажилчид ажиллах зэргээр 445.1 сая төгрөгийн нэмэлт ажлын зардал гарсаныг Барилгын төсөвчдийн холбооны дүгнэлтээр тогтоогдсоныг шүүх хүлээн аваагүй талаарх эрх зүйн үндэслэл хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлалд тусгагдаагүй байна. Иймд шүүх хэргийг бодитойгоор үнэн зөв шийдвэрлэж чадаагүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Эрдмийн их сургууль “П” ХХК-д 3 643 500 000 төгрөг төлсөн гэж, хариуцагч “П” ХХК нь нэхэмжлэгчээс 3 153 500 000 төгрөг авсан гэж маргадаг. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх талууд 3 643 500 000 төгрөгийг төлсөн тухайд маргадаггүй гэж хийсвэрээр үндэслэлгүй дүгнэлтийг хийжээ. Хавтаст хэрэг авагдсан баримтаас үзэхэд, нэхэмжлэгч нийт 3 543 500 000 төгрөгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнээс 1-р хавтасны 65, 103-р талд тус тус авагдсан 2014.06.05-ны өдөр Голомт банкаар шилжүүлсэн гэх 190 000 000 төгрөгийн баримт, 1-р хавтасны 66, 106-р талд тус тус авагдсан 2014.06.22-ны өдөр Худалдаа хөгжлийн банкаар шилжүүлсэн гэх 110 000 000 төгрөгийн баримтыг давхардуулан гаргаж өгснийг шүүх нягталж үзээгүй.

Хариуцагчийн зүгээс 3 643 500 000 төгрөгийг хүлээж аваагүй бөгөөд авсан төлбөрийн талаарх жагсаалтыг гаргаж өгсөөр байтал шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу нотлох баримтыг тал бүрээс нь, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзнэ. Энэхүү алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж чадаагүй байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/Ш32016/09912 дугаар захирамжаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Н.Ганчимэг, Г.Оюунтунгалаг, Д.Ганчимэг нарыг маргаан бүхий барилгад техникийн дүгнэлт гаргаж ирүүлэхийг даалгасны дагуу байцаагч нар 2016.04.11-ний өдөр №07/103-01 тоот дүгнэлтийг ирүүлсэн.

Гэтэл Чингэлтэй дүүргийн шүүхийн 2016.11.02-ны өдрийн 182/Ш32016/04722 дугаар захирамжаар дээрх шинжээч нарыг барилгын гүйцэтгэлийн төсөв гаргуулахаар дахин томилсныг эс зөвшөөрч, хариуцагчийн зүгээс гомдол гаргасныг шүүх бүрэлдэхүүн хянаад шинжээч томилох нь зөвхөн хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүгчид олгосон бүрэн эрх хэмээн явцуу утгаар тайлбарлан тус шүүхийн 2016.11.30-ны өдрийн 182/ШТ2016/00169 дүгээр тогтоолоор гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Ингэснээр шүүх шинжээч томилохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь заалтыг зөрчсөн. Шүүх мэргэжлийн байгууллага, хуулийн этгээдийн мэргэшсэн ажилтныг шинжээчээр томилох, тухайн хэрэг, хэлэлцэж буй асуудлаас шалтгаалан цорын ганц мэргэшсэн этгээд байгаа тохиолдолд талуудын хүсэлтийг үндэслэн шинжээчийг нэр заах боломжтой юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шинжээчийн анхны дүгнэлт, дахин дүгнэлт хоёр хоорондоо зөрүүтэй байвал шүүх өөр шинжээчээр нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулан шинжээч нарын зөрүүтэй дүгнэлтийн аль нь зөв болохыг нэг мөр болгох, мөн шүүх ямар шинжээчийн дүгнэлтийг хэрхэн үнэлсэн талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт заавал тусгасан байх шаардлагыг шүүх хангаагүй гэж үзнэ.

Шинжээчийн дүгнэлт нь нотолгооны давуу байдалтай онцгой хэрэгсэл биш тул шүүх хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй. Гэтэл шүүх шинжээчийн дүгнэлтийг бусад нотлох баримттай харьцуулан үзэлгүй шийдвэрийн үндэслэл болгосон.

...Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Эрдмийн сургуулийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “П” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

                                                                             ХЯНАВАЛ:

Ажил гүйцэтгэх гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргаанд анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч хэргийн оролцогчийн зүгээс шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, хариуцагчийн хүлээх үүргийн хэмжээг буруу тооцоолсон байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч М-ь нь хариуцагч “П” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээгээр шилжүүлсэн ажлын хөлсний зөрүү, ажлын доголдлыг арилгахад гаргасан зардалд нийт 1 343 577 824 төгрөг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүйгээс гадна нэхэмжлэгчийг ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилтийг бүрэн хийгээгүйгээс өөрийн хөрөнгөөр ажил гүйцэтгэсэн гэж үзэж, 1 042 376 299 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчид 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн өргөтгөлийн Б блокийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба ажлын хөлсийг 5 891 592 000 төгрөг байхаар, ажлыг 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дуусгахаар тохиролцсон байна. Анхан болон давж заалдах шатны шүүх энэхүү гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэдэг байна.

Гэрээнд зааснаар хариуцагч “П” ХХК нь Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн эзэмшлийн газарт сургуулийн өргөтгөлийн Б блокийн 7 364,49 мкв талбай бүхий  барилгын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, нэхэмжлэгч нь ажлын хөлсийн зарим хэсгийг төлжээ.

Хариуцагчийн гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангаагүй, доголдолтой байсны улмаас ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан байна. Нэхэмжлэгч ажлын санхүүжилтэнд 3 643 500 000 төгрөг төлсөн гэж тайлбарласан бол хариуцагч хариу тайлбартаа 3 153 500 000 төгрөг авсан гэж тайлбарлажээ.

Тухайн хэргийн маргааны зүйл нь: хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын чанар, хэмжээ, нэхэмжлэгчийн санхүүжилтэнд төлсөн төлбөр байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

1.Ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан эсэх талаар талууд маргасан ба нэхэмжлэгч тал хариуцагчийг 2 623 888 091 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж үзсэн бол хариуцагч тал ажил гүйцэтгэхэд 4 195 876 299 төгрөг зарцуулсан гэж мэтгэлцсэн байна.

Шүүх ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг тогтоохоор 4 удаа шинжээч томилсон ба шинжээчид өөр өөр үнийн дүн бүхий дүгнэлт гаргасан боловч шүүх барилга угсралтын ажлын  хэмжээг 3 025 817 981 төгрөг гэж Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын гаргасан дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосныг буруутгах боломжгүй байна. Дээрх дүгнэлтийг нэхэмжлэгч тал зөвшөөрсөн, харин хариуцагч зөвшөөрөөгүй боловч өөрийн татгалзлыг баримтаар нотлож чадаагүй байна.

2.Ажил гүйцэтгэгч ажлаа чанарын доголдолтой дутуу гүйцэтгэснээс болж захиалагч зарим ажлыг өөрийн зардлаар арилгахад 329 965 915 төгрөг зарцуулсан гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа заажээ. Анхан шатны шүүх уг зардлыг бүхэлд нь хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан зарим нотлох баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан шаардлагыг хангаагүй, түүнчлэн зарим ажил хариуцагчийн гүйцэтгэх үүрэгт хамааралгүй гэж дүгнэн дээрх зардлыг 132 711 473 төгрөг гэж үзсэнийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

3.Нэхэмжлэгч Эрдмийн их сургууль нь хариуцагчид ажлын санхүүжилтэнд 3 643 500 000 төгрөг шилжүүлсэн гэж нэхэмжлэлдээ дурдан холбогдох баримтыг шүүхэд гаргажээ. Анхан болон давж заалдах шатны шүүх энэ үнийн дүнг шийдвэр, магадлалын үндэслэл болгохдоо холбогдох нотлох баримтыг бүрэн шалгаж үнэлээгүй нь алдаатай болжээ.

Барилгын санхүүжилтэд шилжүүлсэн баримтуудыг шинжлэн судлахад нэхэмжлэлд дурдсан 3 643 500 000 төгрөг биш харин 3 243 500 000 төгрөг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжсэн байгааг хоёр шатны шүүх анхаараагүйгээс буруу тооцоо гаргасан байна \хх-ийн 62-66, 68, 69, 73-76, 100, 101, 103-107 дугаар тал\.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан баримтад 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн 190 000 000 төгрөгийн \хх-ийн 65, 103 дугаар тал\, мөн 2014 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн 110 000 000 төгрөгийн баримт \хх-ийн 66, 106 дугаар тал\ давхардсан байх ба эдгээр баримтын 300 000 000 төгрөгийг үнийн дүнд оруулж тооцсон ч 3 643 500 000 төгрөг биш харин 3 543 500 000 төгрөг болж байна.

“Билиг” сургууль, иргэн Равдандорж, Баатарсүх нараас шилжүүлсэн мөнгө барилгын санхүүжилтэнд орсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул дээрх шилжүүлгийн үнийн дүн тооцоонд орсон болно.

Шинжээчийн дүгнэлтээр гүйцэтгэсэн ажлын хэмжээг тодорхойлсон 3 025 817 195 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид барилгын санхүүжилтэнд шилжүүлсэн баримтаар тогтоогдсон 3 243 500 000 төгрөгөөс хасахад 217 682 805 төгрөг болох бөгөөд үүн дээр ажлын доголдлыг арилгахад нэхэмжлэгчээс гаргасан зардлын 132 711 473 төгрөгийг нэмэхэд 350 394 278 төгрөг болж байна.

4.Шүүхээс томилогдсон удаа дараагийн шинжээч ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг захиалагчаас шилжүүлсэн мөнгөнөөс багаар тогтоосон тул гүйцэтгэсэн ажлын дутуу санхүүжилтийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардсан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1726 дугаар магадлалын тогтоох хэсгийн “750 393 492” гэснийг “350 394 278” гэж, “593 184 332” гэснийг “993 183 546“ гэж, “3 909 917” гэснийг “1 909 921” гэж тус тус өөрчлөн магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 144 358 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 3 910 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН