Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 1726

 

МУЭИС-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/01102 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч МУЭИС-ийн, хариуцагч “Пума” ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1 343 577 824 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Булгантамир, өмгөөлөгч З.Сүхбаатар

Хариуцагч компанийн өмгөөлөгч Б.Баяржаргал  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхбулгантамир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Эрдмийн сургууль болон "Пума" ХХК-ийн хооронд 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн өргөтгөлийн Б блокийн Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх р41\12 дугаартай гэрээ байгуулагдсан.

Дээрх гэрээний дагуу барилга угсралтын ажлыг 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор бэлэн болгохоор тохиролцсон. Гэтэл "Пума" ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлуудыг гэрээнд заасан болон захиалагчийн тогтоосон нэмэлт хугацаанд хийж гүйцэтгээгүйн гадна ажлыг гэрээнд заасан нөхцөл, чанарын шаардлагын дагуу хийхгүй, гэрээг ноцтой зөрчсөн.

"Пума" ХХК-ийн хүсэлтээр 2014 оны 7 сард барилгад Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газрын Барилгын Чанар Аюулгүй Байдлын Хэлтсээс хэмжилт, судалгаа хийсэн. Уг шинжилгээгээр барилгын бүтээцүүдийн угсралтын ажлын чанар ба хийц нь төлөв байдлын хувьд БНбД-ийн шаардлагыг хангаагүй гэсэн дүгнэлт гарсан. Үүнийг "Пума" ХХК бидэнд мэдэгдээгүй. Бид 2014 оны 10 сард хөндлөнгийн мэргэжлийн байгууллага болох “Геомеп" ХХК-иар барилга угсралтын ажилд геодезийн хэмжилтээр хяналт хийлгүүлэхэд хэмжилтийн үр дүнгээр барилгын тодорхой баганууд гадагш тал руугаа хазайсан, хазгай муруй байна хэмээн дүгнэсэн. Дээрх байгууллагуудын хэмжилт, шинжилгээ, дүгнэлтэд үндэслэн 2014 оны 10 сард Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга Архитектурын сургуулийн БИАС Оношлогоо зураг төсөл, судалгааны "Реконстракшн" төвд хандан гадна ханын блок өрөх нэмэлт металл хийцийн чанарын, барилгын төмөр бетон карказын төлөв байдал, оношлогоог хийлгүүлэх хүсэлт гаргасан бөгөөд "Реконстракшн" төв шинжилж барилгын зарим багана хазгай, муруй байгаа тул хүчитгэх шаардлагатай хэмээн дүгнэсэн.

Ийнхүү Мэргэжлийн хяналтын байгууллагын удаа дараагийн шалгалт, Барилгын чанар аюулгүй байдлын хэлтсийн 2014 оны 7 сард барилга угсралтын ажилд хийсэн Барилгын газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварын үзлэг, хөндлөнгийн геодезийн компани “Геомеп" ХХК-ийн хэмжилт, БИАС оношлогоо зураг төсөл, судалгааны "Реконстракшн" төвийн дүгнэлт, захиалагчийн шалгалт зэргээр "Пума" ХХК-ийн гүйцэтгэсэн барилгын ажлыг Монгол Улсын барилгын стандарт, норм, нормативын дагуу гүйцэтгээгүй, чанарын шаардлагад нийцээгүй, доголдолтой байгааг олж тогтоосон. "Пума" ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зохих ёсоор, хугацаанд нь биелүүлээгүй, ноцтой зөрчил гаргаж байсан учир захиалагчийн зүгээс зөрчлөө арилгахыг, улмаар ажлын гүйцэтгэлийг хүлээлцэх, нэг мөр дүгнэхийг шаардаж, удаа дараа мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн боловч үүний дагуу ямар нэгэн арга хэмжээ аваагүй, хариу өгөөгүй болно.

Иймд 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14/179 дүгээр албан бичгээр гүйцэтгэгчид мэдэгдэж, Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх р41\12 дугаартай гэрээг цуцалсан. Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх р41\12 дугаартай гэрээний 4.1, 4.2-т заасны дагуу барилга угсралтын ажлын үнэ нийт 5 891 592 000 төгрөг байхаар талууд тохиролцсон.

Монгол Улсын Эрдмийн сургууль нь "Пума" ХХК-ийн гаргасан зөрчлийн улмаас Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх р41\12 дугаартай гэрээг цуцалсны дараа барилга угсралтын ажлын гүйцэтгэлд хөндлөнгийн төсөвчин "Харандаа" ХХК-иар дүгнэлт гаргуулсан бөгөөд дүгнэлтээр "Пума" ХХК нь нийт 2 623 888 091 төгрөгийн барилга угсралтын ажил гүйцэтгэсэн болохыг тогтоосон.

Захиалагч нь "Пума" ХХК-д ажил гүйцэтгэх гэрээний дагуу нийт 3 843 500 000 төгрөг төлсөн. Ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсантай холбогдуулан МУЭИС нь илүү төлсөн 1 019 611 909 төгрөгийг "Пума" ХХК-иас буцаан гаргуулах шаардлагатай байна. Түүнчлэн "Пума" ХХК-ийн гаргасан зөрчил буюу ажлын доголдлыг арилгуулахтай холбогдон МУЭИС хүчитгэлийн зураг төсөл боловсруулах, лифтний нүхийг зөрүүлж цутгасныг нураах, Барилгын геодезийн хяналт хийлгэх, Барилгын бүтээцийн тооцоо дүгнэлт хийлгэх, Барилгын гүйцэтгэлийн төсөв боловсруулах, Барилгын баганад хүчитгэл хийлгэх, өрлөг нураалт хийх, ханын нүх дүүргэлтийн цэвэрлэгээний ажил, хөндий зай бөглөх зэрэг ажилд нийт 329 965 915 төгрөг зарцуулсан.

Иймд захиалагчийн илүү төлсөн төлбөр 1 019 611 909 төгрөг, гүйцэтгэгчийн хийсэн ажлын доголдлыг арилгахтай холбогдон захиалагчаас гарсан нэмэлт зардал 329 965 915 төгрөг, нийт 1 349 577 824 төгрөгийг "Пума" ХХК-иас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй.

"Пума" ХХК-тай 2012 оны 10 дугаар сарыи 10-ны өдөр байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх тухай гэрээний 2.3.1, Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.6-д заасныг тус тус зөрчсөн тул захиалагч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар гэрээг цуцалсан тул үүнтэй холбоотой захиалагч нь өгсөн төлбөр болон учирсан хохирлоо "Пума" ХХК-иар нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймээс “Пума” ХХК-иас Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн өргөтгөлийн Б блокийн Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх р41\12 дугаартай гэрээг цуцлагдсантай холбоотой илүү төлсөн төлбөр болон учирсан хохирол нийт 1 349 577 824 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: "Пума" ХХК нь 2012 онд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн өргөтгөлийн "А" болон "Б" блокийн барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр хоёр өөр хуулийн этгээдтэй Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гүйцэтгэгч "Пума" ХХК Б блокын барилгын ажлыг 2012 оны 4 сард эхэлсэн бөгөөд талууд гэрээ байгуулах үед тус барилгын 5 давхрын бетон цутгалтын ажил хийгдсэн байсан.

Ингээд "Пума" ХХК болон МУЭИС 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн өргөтгөлийн “Б” блокийн Барилга угсралтыг гүйцэтгэх р41/12 дугаар гэрээг байгуулсан.

Уг гэрээг баталгаажуулж, захиалагчаас эхний санхүүжилт шилжүүлэх үед гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр 1 500 000 000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн. Гэрээ болон барилгын зургаар К-11-9-10 шифртэй "Каркас зураг" ХХК-д 2011 онд цутгамал төмөр, бетон хавтан суурьтай, барилгын даацын үндсэн бүтээц нь төмөр бетон карказ, цутгамал төмөр бетон хөшүүн ханатай, зоорийн давхрын хамт 16 давхар, 7364,49 м.кв талбай бүхий барилгын нэгж м.кв талбайг 800 000 төгрөгөөр тооцож, нийт 5 891 592 000 төгрөгөөр барьж ашиглалтад оруулахаар тохиролцсон.

Захиалагч нь "Каркас зураг" ХХК-д боловсруулсан барилгын зураг төслийг эрх бүхий байгууллагаар батлуулаагүй, ажлын зургуудад магадлалын (экспертиз) дүгнэлт хийгээгүй, халуун ус, цахилгаан, ус ариутгах татуургын техникийн нөхцөлүүд байхгүй, холбогдох байгууллагуудаас аваагүй, Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүйгээр талуудын хооронд байгуулсан гэрээг хэрэгжүүлэх хүсэлтийг тавьсан.

Өөрөөр хэлбэл хууль болон журмаар тогтоосон барилгын захиалагчийн үүргээ биөлүүлээгүй, хориглосон заалтуудыг зөрчсөн. Тухайлбал, Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн (Барилгын зураг төсөлд тавих шаардлага) 10.1.1-д заасан "зургийн даалгавар, женер-геологийн судалгааны дүгнэлт, техникийн нөхцлийн дагуу зохиогдсон" байх гэсэн шаардлагыг хангаагүй зургаар ажил гүйцэтгүүлсэн ба мөн хуулийн 13 дугаар зүйлийн (Барилгын зураг төсөлд магадлал хийх) 13.2 дахь хэсэгт заасныг зөрчиж өнөөдрийг хүртэл ажлын зурагт экспертизийн дүгнэлт гаргаагүй.

Гэрээ хэрэгжих явцад гүйцэтгэгчийн зүгээс захиалагчийг хууль, журам болон гэрээний зөрчлөө арилгах, залруулах талаар удаа дараа сануулж шаардаж байсан. Гүйцэтгэгч "Пума" ХХК нь барилгын норм дүрэм, авторын зургийн дагуу, төсөвт тусгагдсан материал, тоо хэмжээнд барилгын ажлыг гүйцэтгэж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан.

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын "Барилга байгууламжийн чанар, бат бэх, хөдөлмөрийн аюулгүй байдалд шалгалт хийх тухай" 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 01/105 тоот удирдамжийн дагуу тус компанийн барьж байсан Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн өргөтгөлийн "А" болон "Б" блокийн барилгын зураг төсөл, хийц угсралтын төлөв байдал, техникийн бичиг баримтын бүрдүүлэлтэд Барилгын техникийн улсын ахлах байцаагч хянан шалгаад 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 09-07 тоот акт тогтоосон. Актын тогтоох хэсгийн 1-д захиалагч, гүйцэтгэгч, зураг төслийн байгууллагууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, норм стандарт алдагдаж болзошгүй нөхцөл байдалтай байх тул барилга угсралтын ажлыг түр хугацаагаар зогсоохоор шийдвэрлээд, 2-т барилгын бат бэхийн шаардлага, газар хөдлөлтийн тэсвэрлэлт, тогтвортой эсэхийг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар давхар тус бүрийн цутгамал, төмөр бетон бүтээцүүдийн бат бэхийг тогтоолгох, багануудын босоо тэнхлэгийн шилжилтийг тусгай зөвшөөрөл бүхий геодезийн аргаар гүйцэтгүүлэх, эдгээрийг үндэслэн барилгын бат бэх, тогтворын тооцоог зураг төслийн байгууллагаар хийлгэж холбогдох норм, дүрмийн шаардлага хангаж байгаа эсэхэд зохиогчийн дүгнэлт гаргуулах шаардлагыг тавьсан.

Актын 2-т заасны дагуу хөндлөнгийн мэргэжлийн байгууллага буюу Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Барилгын инженер, Архитектурын Сургуулийн "Реконстракшн" төв 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №31/14 албан тоотоор Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн өргөтгөлийн "Б" блокийн барилгын багана, дам нуруу, хучилтын төмөр бетон бүтээцийн бат бэхийг шалгаад шаардлага хангаж байна гэсэн.

Мөн багануудын босоо тэнхлэгийн шилжилтийг тусгай зөвшөөрөл бүхий геодезийн "МонМэп" ХХК-иар 3D хэмжээст лазер скайнераар гүйцэтгүүлж, 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн актаар суурь багануудын шилжилтийг 1 давхрын шалны түвшингээс 15 давхрын дээрх суурь багануудын оройн солбилцол хоорондын зөрөөгөөр тодорхойлж Ду=(-0.003mm+0.004mm) Дх-(-0.002тт+0,005тт) байгаа нь суурь багануудын тэнхлэг шилжээгүй гэж дүгнэсэн.

Дээрх актад заасны дагуу норм, дүрмийн шаардлага хангаж байгаа эсэхэд Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн өргөтгөлийн Б блокийн барилгын зургийн зохиогч, архитектур, инженер Н.Бумцэнд, МУ-ын зөвлөх, барилгын хийцийн инженер Д.Багаа, барилгын хийцийн инженер О.Бадамхорол нар ("Каркас зураг" ХХК) 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр барилга тээврийн угсралтын ажилд дүгнэлт гаргасан. Дүгнэлтээр "Пума" ХХК-ийн гүйцэтгэсэн төмөр бетон каркасын бетон угсралтын ажил нь Монгол Улсад мөрдөгдөж буй "Цутгамал төмөр бетон бүтээц"-ийн угсралтын БНБД З,03,01-88 цутгамал төмөр бетоны ажил гүйцэтгэх заавар БД52-102-04-ийн холбогдох заалтууд болон бусад БНбД-ийг зөрчөөгүй гэж зохиогчийн зүгээс дүгнэж байна гэж үзсэн.

"Пума" ХХК-иас 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 318/14 дугаар хариу албан тоотын дагуу 8 дугаар сарын 25-ны өдрөөс хойш барилгын бүтээц хийцэд өөрчлөлт оруулах бол түүнээс үүдэн гарах ямар нэгэн асуудлыг захиалагч хариуцах болсон талаар гүйцэтгэгч "Пума" ХХК нь барилгын норм, дүрмийг баримтлан, авторын зургийн дагуу, төсөвт тусгагдсан материал, тоо хэмжээнд барилгын ажлын санхүүжилтээс урьдчилан гүйцэтгэж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.

Захиалагч талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.2-т заасан ажлын хөлсийг гэрээний 4.4-т заасан хуваарийн дагуу төлөх үүргээ удаа дараа зөрчиж үе шатны ажлын санхүүжилтийг байнга хоцроосны улмаас барилгын материал хүлээгдэх, тасалдах зэргээр хугацаа их алдсан. Өөрөөр хэлбэл захиалагч барилгын санхүүжилтийг хуваарийн дагуу хийлгүй гэрээний үүргээ зөрчиж байсан боловч гүйцэтгэгчийн зүгээс ажлыг тасалдуулахгүй, хугацаанд нь гүйцэтгэх зорилгоор өөрийн хөрөнгөөр дутуу санхүүжилтийг нөхөж гүйцэтгэсэн. Гэрээний 4.4-т барилга угсралтыг тодорхой давхар хүртэл хийж гүйцэтгэсэн актыг үндэслэн хуваарийн дагуу төлбөрийг хийхээр тохиролцсон. Хуваарийн дагуу захиалагч хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээнд гэрээний үнийн 90 хувийн төлбөрийг хийх ёстой байсан.

Гэтэл гэрээ байгуулах үед 1 500 000 000 төгрөгийн өртэй атлаа 2012 онд урьдчилгаа 30 хувиа төлж чадаагүй, 2013 онд бүтэн жилд ердөө 54 000 000 төгрөг шилжүүлсэн. Захиалагчийн ажил хэргийн түншээ үл тоосон, хууль бус буруутай, ажил хэрэгч бус үйлдлээс болж гэрээ цаашид хэрэгжихэд хүндрэлтэй болсон. Тухайлбал, өөрийн сурталчилгааны самбараа зөөх гэх мэт барилгын талбай чөлөөлөхгүй, барилгын ажилд саад учруулах, барилгын ажлын зураг, техникийн тодорхойлолт бусад шаардлагатай бичиг баримтуудыг өгөхгүй удаах, хоцроох, зургийн авторын хяналтын гэрээ, захиалагчийн хяналтын гэрээг хүчин төгөлдөр баталгаажуулж өгөөгүй (Гэвч гүйцэтгэгчийн зүгээс барилга угсралтын үе шат, хийц бүрт зохих хяналт хийгдсэн) захиалагчийн хяналтын инженер байхгүй, сүүлд түүнийг томилсон ч мэргэжлийн бус, томилсон тушаал, шийдвэрээ өгдөггүй, чанаргүй, стандартын шаардлага хангахгүй, тоо хэмжээндээ хүрдэггүй, зах зээлийн үнээс үнэтэй, төсөв ороогүй бараа материалаар ажил гүйцэтгэхийг шаардаж, баталгаажаагүй, экспертиз магадлал хийгээгүй зургаа өөрчилж, шийдлээ гаргаж өгдөггүй атлаа 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 14/111 албан бичгээр Мэргэжлийн хяналтын байгууллагад хүсэлт гаргаж, шалгалт хийлгүүлсэн.

Барилгын техникийн улсын байцаагч захиалагчийн хүсэлтийн дагуу шалгаад 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 02-07-94/303 дугаар актаар барилга угсралтын ажлыг зогсоохоор шийдвэрлэсэн. Актын тогтоох хэсэгт заасан зөрчлүүд нь захиалагчид шууд хамаарсан зөрчлүүд байсан. Гэрээ байгуулж, ажил эхлэх үед урьдчилан тооцоологдоогүй ажил, нэмэлт зардлууд их гарсан. Захиалагчийн барилгын суурийн зурагт хөрш хажуугийн барилгын сууриудыг тодорхойлоогүй байсан ба суурийн газар шорооны ажлын үед ил гарсан хуучин барилгын сууринд хүчитгэл хийх зэргээр нэмэлт ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Мөн суурийн газар шорооны ажлын үеэр хөрсний ус гарснаар ус зайлуулах, суурийн бетонд ус үл нэвчүүлэх нэмэлт материал /бодис/-д багагүй зардал гарсан.

Захиалагч нь "инженер геологийн дүгнэлт"-гүйгээр барилгын зураг хийгдсэний улмаас хөрсний усны түвшин тавигдаагүйгээс дээрх зардлыг урьдчилан тооцоолох боломжгүй байсан. Захиалагчийн барилгын талбайд 22:00 цагаас өмнө дунд, том оврийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхийг хориглох болсон тул шөнийн нэмэлт ээлжээр ажиллах цалингийн нэмэлт зардлыг талууд урьдчилан тооцоолж тохиролцож чадаагүй. Захиалагч буюу МУЭИС нь шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн “Геомэп" ХХК-ийн 01/14 тоот дугаартай "Барилга угсралтын ажилд геодезийн хяналтын хэмжилт хийсэн акт" нь илт нотолгооны ач холбогдолгүй, үнэн зөв нь эргэлзээтэй, тухайн хэрэгт хамааралгүй баримт байна.

Учир нь “Геомэп" ХХК нь "Эрдэм тауэр" ХХК-тай 01/14 тоот гэрээний үндсэн дээр түүний барилгад геодезийн хэмжилт хийсэн. "Пума" ХХК, "Эрдэм тауэр" ХХК гэх хуулийн этгээдтэй гэрээ, эрх зүйн аливаа харилцаанд ороогүй. “Геомэп" ХХК нь хэмжилт хийхдээ ашигласан тоон нивелир нь геодезийн хэмжил зүйн лабораториос уг хэмжилтийг хийснээс хойш 22 хоногийн дараа буюу 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр баталгаажуулсан. “Геомэп" ХХК нь хуулийн дагуу геодез, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй байхдаа геодези хяналтын хэмжилт хийж, акт үйлдсэн байх бөгөөд өөрөөр хэлбэл, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн тушаалаар “Геомэп" ХХК-д геодез, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх Г32015/15 дугаар тусгай зөвшөөрлийг авсан гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Барилгын чанар аюулгүй байдлын хэлтсээс 2014 оны 7 сард хийсэн судалгаа, барилгын газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварын үнэлгээ хийсэн байх бөгөөд тухайн үнэлгээг хийх эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, албан даалгавар удирдамж зэрэг баримтууд байхгүй нь уг үнэлгээ хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй байна.

"Пума" ХХК нь барилга угсралтын ажлыг зогсоох хүртэл 4 195 876 299 төгрөг зарцуулсан. Захиалагч Хүмүүнлэгийн Эрдмийн Их сургууль барилгын ажлын санхүүжилтэд 3 153 500 000 төгрөгийг гүйцэтгэгчид шилжүүлсэн бөгөөд гүйцэтгэгч "Пума" ХХК нь 1 042 376 299 төгрөгийн санхүүжилттэй ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн тул нэхэмжлэгчээс 1 042 376 299 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч МУЭИС нь хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: "Пума" ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зохих ёсоор, хугацаанд нь биелүүлээгүй, ноцтой зөрчил гаргасан тул захиалагчийн зүгээс зөрчлөө арилгахыг, улмаар ажлын гүйцэтгэлийг хүлээлцэх, нэг мөр дүгнэхийг шаардаж удаа дараа мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн боловч үүний дагуу ямар нэгэн арга хэмжээ аваагүй, хариу өгөөгүй.

Иймд 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14/179 дугаар албан бичгээр гүйцэтгэгчид мэдэгдэж, Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх р41\12 дугаартай гэрээг цуцалсан.

Уг гэрээний 4.1, 4.2-т заасны дагуу барилга угсралтын ажлын үнэ нийт 5 891 592 000 төгрөг байхаар талууд тохиролцсон.

МУЭИС нь "Пума" ХХК-ийн гаргасан зөрчлийн улмаас дээрх гэрээг цуцалсны дараа барилга угсралтын ажлын гүйцэтгэлд хөндлөнгийн төсөвчин "Харандаа" ХХК-иар дүгнэлт гаргуулсан. Энэ дүгнэлтээр "Пума" ХХК нь нийт 2 623 888 091 төгрөгийн барилга угсралтын ажил гүйцэтгэсэн болохыг тогтоосон. Захиалагч нь "Пума" ХХК-д ажил гүйцэтгэх гэрээний дагуу нийт 3 643 500 000 төгрөг төлсөн учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулиин 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "Пума" ХХК-иас 947 647 934 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МУЭИСд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 401 929 890 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, "Пума" ХХК-ийн МУЭИСд холбогдуулан 1 042 376 299 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч МУЭИС-ийн 6 905 840 төгрөг, хариуцагч "Пума" ХХК-ийн 5 370 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Пума" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 4 896 190 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МУЭИСд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй, хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлж дүгнэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Талууд барилгын ажлын гүйцэтгэлийг өгч, авалцсан төлбөрийн хэмжээнээс их, бага гэж маргасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа "Харандаа" ХХК-иар (төсөвчин Ж.Лхагвасүрэн) гүйцэтгэлийн төсвөө захиалан хийлгэж, дээр нь биет байдлын доголдлыг арилгахад гарсан зардлыг тооцож, нэхэмжилсэн.

Харин хариуцагч буюу "Пума" ХХК тухайн барилгад нэмж зарцуулсан өртөг, гүйцэтгэлийн төсөвт (төсөвчин Х.Гантуяа, Д.Жаалхүү) үндэслэн сөрөг нэхэмжлэл гаргасан. Хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад тухайн барилгын гүйцэтгэлийн талаар нэхэмжлэгч, хариуцагчийн хүсэлтээр, шүүхийн санаачилгаар тус тус нийт 5-н гүйцэтгэлийн төсөв гарсан.

Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ "Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан гэрээг байгуулсан, ажил гүйцэтгэх гэрээний төрөл байна” гэж зөв дүгнэсэн. Талууд ч энэ талаар маргаагүй.

Гэтэл гүйцэтгэч "Пума" ХХК туслан гүйцэтгэгч нарын өмнө хүлээсэн захиалагчийн үүргээ бүрэн биелүүлсэн. Шүүх шийдвэр гаргахдаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчийн 3 025 000 000 төгрөгийн гүйцэтгэлийн төсөвт үндэслэж шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл шүүх шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт "талууд үгүйсгээгүй тул... тухайн барилгын гүйцэтгэлийн өртгийг тогтоосон Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын гаргасан дүгнэлтийг шүүх 3 025 000 000 төгрөгийг бодит гэж үзлээ" гэж шийдвэрлэсэн. Бид шинжээчдийн дүгнэлтийг бүхэлд нь үгүйсгэх шаардлагагүй, илт таван төсвөөр гарсан өртөгт шинжээчийн санаатай байдлаар орхисон зардлыг шүүх хууль болон нотлох баримтад үндэслэж шийдвэрлэнэ гэж итгэж байсан боловч хариуцагчаас гаргаж өгсөн бүх нотлох баримтыг үнэлээгүй. Шүүх талуудаас гаргасан нотлох баримтыг харьцуулан үнэлж, хууль хэрэглэж шийдвэр гаргадаг.

Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын шинжээч ажлын хөлсний талаар Барилгын материалыг шөнийн цагаар талбайд гараар буулгах 692.5 тн ачааг нэмж тооцсон гэж хасаж, тухайн барилгын талбайд 12 м арматур болон бетон, элс, хайрга ачсан хүнд даацын тээврийн хэрэгслийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 191, 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 153, 2013 оны 37 дугаар тогтоол, 2014 оны 102 дугаар тогтоолоор тухайн барилгын орших нийслэлийн “А” зэрэглэлийн бүсийн талбайд 22.00-06.00 цагт нэвтэрч үйл ажиллагаа явуулах болсон. Энэ журамтай холбоотойгоор тухайн барилгад шөнийн цагаар гэрээт болон үндсэн ажилчдын цалин нэмэгдлийн хамт нийт 129 039 600 төгрөгийн цалингийн зардал гарсныг, авто зам дээр өргөх механизмаар ачааг буулгаж, шөнийн ээлжийн ажилчид гараар зөөвөрлөн ажлын талбайд шөнөдөө багтаан хурааж, өдрийн ажилд бэлтгэх ажлыг хийсэн гүйцэтгэл 4 567 814 төгрөг, бетон цутгалтын суурин помпын яндан угсралтын ажлын хөлс 376 035 төгрөг, цалингийн 4 943 849 төгрөг, шөнийн цагаар ажиллах нийт ажилтны ажлын хөлсний зардал 445 147 029 төгрөг болсныг гүйцэтгэлийн төсөвт тус тус оруулж тооцоогүй.

Барилгын үнэ бүрдлийн дүрэм 81-94-12, Барилгын төсөв зохиох дүрэм БНбД-ийн 81-95-12д-д зааснаар зардлын төрлөөр тусад нь төсвийн тооцоо хийх 9 дүгээр заалтад бусад нэмэлт ажил болон нэмэлт зардал гэсэн бүлэгт төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоосон нэмэгдэл хөлс, хөнгөлөлт зэргийн зардлыг оруулж тооцоог хийнэ гэснийг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын шинжээч гүйцэтгэлийн төсөв оруулж, тооцоогүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт орон нутгийн цагаар 22 цагаас 06 цаг хүртэлх хугацааг шөнийн цагт тооцно, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно" гэж тус тус зааснаар гүйцэтгэгчийн ажлын хөлсний зардал өссөн.

Орон нутгийн эрх бүхий байгууллагын шийдвэр тогтоол, норм, дүрмийн хүрээнд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогчоос зайлшгүй гарсан хөдөлмөрийн хөлсний зардлыг хариуцагч баримтаар нотолсоор байхад шүүх үнэлж дүгнээгүй.

Мөн нэхэмжлэгчийн барилга угсралтын ажлыг туслан гүйцэтгэгч “Мон-Ор" ХХК, "Зиг Заг Дизайн" ХХК, "Гоё Хаан" ХХК болон "Өндөр Мөнх" ХХК-иудаар хийж гүйцэтгүүлсэн, нийт 507 268 078 төгрөгийн төлбөрийн даалгаврын баримтыг шинжээч болон шүүх огт үнэлээгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт тус тус заасныг хэрэгжүүлээгүй гүйцэтгэгч аж ахуйн нэгжид акт торгууль ногдуулж хариуцлага тооцдог. Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын шинжээч угсарсан шатанд хамгаалалтын тор татах ажиллах хүчний зардал 33 035 259 төгрөг, төмөр шатны хамгаалалтын материалын зардалд 33 955 200 төгрөг нийт 66 990 459 төгрөгийг илүү үнэлсэн гээд хасаж тооцсон.

Дээрх хууль болон Барилга хот байгуулалтын Сайдын 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль ,дурмийн хэрэгжилтийг барилгын салбарт эрчимжүүлэх тухай 01 дүгээр албан даалгавраар Барилгын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, захиалагч хөрөнгө оруулагч нарт барилгын талбайн байршил, зорчих хэсгийн зам талбайн нөхцөл байдалтай уялдуулан осол зөрчил гаргахаас сэргийлэх, барилга угсралтын талбайг хамгаалалтын тор, шат, тоног төхөөрөмжөөр бүрэн хангах, барилга дээрээс хүн болон багаж хэрэгсэл барилгын материал унаж болох бүхий л эрсдэлийг арилгах зорилгоор холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, норматив баримт бичиг, стандартыг чанд мөрдөхийг даалгасан.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд барилгын аж ахуйн нэгж байгуулагууд нийт зардлын 1.5 хувьтай тэнцэх зардлыг хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад зарцуулахаар хуульчилсан. Тухайн барилгын хүрээлэн буй орчинд үзүүлэх эрсдэлийн үнэлгээ, хуулийн заалтаар МУЭИСтай байгуулсан гэрээт ажлын гүйцэтгэлийн өртгөөр 4 195 876 299 х 1.5 хувь = 62 938 129 төгрөгийг аюулгүй ажиллагааны зардалд зарцуулсан байх ёстой байсан.

Нэгэнт хуулиар тогтоосон хувь хэмжээгээр барилга үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааг хангах зориулалтаар хийгдсэн 66 990 459 төгрөгийн зардлыг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын шинжээчээс бусад 4-н төсөвчид, шинжээч нар оруулж тооцсон байхад шүүх хууль хэрэглэж, түүнд үндэслэж шийдвэр гаргаагүй.

 Анхан шатны шүүх барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн төсөвт өртгийг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт бодит гэж үзээд шийдвэрийн үндэслэлээ болгосон.

Гэтэл шинжээчийн гүйцэтгэлийн төсөвт өртөг мэргэжлийн, тодорхой, эргэлзээгүй, зөрүүгүй, үндэслэл бүхий байж чадаагүй. Өөрөөр хэлбэл ямар тооцоолол нийлбэрээр 3 025 000 000 төгрөг болсон нь тодорхойгүй. Тодруулбал их үнэ, өртөг бүхий материал ба тээврийн зардлыг (4 дүгээр хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас) дүгнэсэн нийт зардал (эсвэл бүгд үнэ) хуудсууд байхгүй байх ба байгаа нэг нүүр хуудсаар тооцоолбол 15 давхар төмөр бетон каркас цутгамал барилгад материал тээврийн зардалд нийт 32 000 000 төгрөгийн зардал гарсан гэж тооцоолсон.

Гэтэл суурийн шороог зайлуулсан тээврийн зардлыг хамгийн багаар тооцвол 128 200 000 төгрөг болдог.

Хэрэв Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээч материал тээврийн зардлаа үнэн зөв алдаагүй тооцоолж, гүйцэтгэлийн төсөв гаргасан бол шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх байсан.

Шүүх хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын биет байдлын доголдлыг арилгахтай холбоотой нэхэмжлэгчээс гарсан нэмэлт зардал, хохиролд 329 965 915 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Ингэхдээ биет байдлын доголдлыг зөвхөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн эргэлзээтэй баримтыг үнэлж, түүнд үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн.

Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга Инженер Архитектурын сургуулийн "Реконстракшн" төвийн 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 31/14 тоот "бат бэх шаардлага хангасан" дүгнэлт, "Монмеп" ХХК-ийн 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн "Барилгын тэнхлэгт хэмжилт хийсэн акт", тухайн барилгын автор барилгын хийцийн инженер Д.Багаагийн 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн дүгнэлт, "Барилга архитектур корпораци"-ийн итгэмжлэгдсэн лабораторын шинжилгээний дүн (1 дүгээр хавтаст хэргийн 143-170 дугаар тал) зэрэг тухайн барилга биет байдлын доголдолгүй талаарх нотлох баримтыг үнэлж дүгнээгүй.

Хохирол гэх төлбөр нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээгээр тохиролцоогүй ажил буюу "Топгласс" ХХК-тай байгуулсан гадна ханын дулаалга, шилэн пасадны ажил, иргэн С.Пүрэвдоржтой байгуулсан барилгын зургийн бүтээцийг шалгах, "Геомеп" ХХК-тай геодезийн хэмжилт хийх (тусгай зөвшөөрөлгүй, багаж, тоног төхөөрөмжийн баталгаажилтгүй байхдаа акт дүгнэлт гаргасан) мөн "Аксиом констракшн" ХХК болон "ЭБ констракшн" ХХК, мөн нэхэмжлэгчтэй байгуулсан барилга угсралтын ажлын гэрээнээс гадуур үл хамаарах цаашдаа нэхэмжлэгчийн барилга дуусгалтын ажлын төлбөрийг шүүх хохирол гэж үзээд хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                           

 

ХЯНАВАЛ:

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна. 

            Нэхэмжлэгч МУЭИС нь хариуцагч “Пума” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээгээр шилжүүлсэн ажлын хөлсний зөрүү, ажлын доголдлыг арилгахад гарсан зардалд нийт 1 343 577 824 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, захиалагч санхүүжилийг хугацаандаа өгөөгүй зэргээр өөрөө үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, өөрийн хөрөнгөөр ажил гүйцэтгэсэн гэж марган, нэхэмжлэгчээс 1 042 376 299 төгрөг шаардан сөрөг нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэгч МУЭИС /шинэ нэрээр/ нь хариуцагч “Пума” ХХК-тай 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн өргөтгөлийн Б блокийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлын хөлсийг 5 891 592 000 төгрөгөөр, ажлыг 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дуусгахаар тохиролцсоноор талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан үүргийн харилцаа үүсчээ.

            Гэрээний дагуу “Пума” ХХК нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн эзэмшлийн газарт Хүмүүнлэгийн өргөтгөлийн барилгын төслийн Б блокийн 7364,49 м.кв талбай бүхий барилгын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр болж, нэхэмжлэгч нь ажлын хөлснөөс 3 643 500 000 төгрөг төлсөн болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, харин барилгын ажлын чанар, гүйцэтгэлийн хувь хэмжээ, шинжээчийн дүгнэлт, доголдлыг арилгахад гарсан зардлын хэмжээ мөн ажил гүйцэтгэлийн явцад гарсан нэмэлт зардлын талаар маргажээ.

            Хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад хариуцагчийн гүйцэтгэсэн ажил нь биет байдлын доголдолтой болох нь Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2014 оны 02-07-78/163, 02-07-94/303 дугаартай актууд, Геомеп ХХК-ийн “Эрдэм тауэр” ХХК-ийн 15 давхар барилга угсралтын ажилд геодезийн хяналтын хэмжилт  хийсэн 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 01/14 тоот акт, Аксиомконстракшн” ХХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн АК-58/2014 тоот Хүмүүнлэгийн их сургуулийн өргөтгөл Б блокийн барилгын техникийн дүгнэлт, нэхэмжлэгч талаас хариуцагчид ажлын доголдлыг арилгах талаар мэдэгдэж байсан албан бичгүүд зэрэг баримтуудаар нотлогдож байна.

            Үүний улмаас нэхэмжлэгч нь доголдлыг арилгахыг шаардан, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүйгээс хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэн ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан байх бөгөөд хариуцагч П ХХК-иас ажлын хөлсний зөрүү болон доголдол арилгахад гарсан зардлыг нөхөн төлүүлэхээр шаардаж байгаа нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 355 дугаар зүйлийн 355.1, 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь зохицуулалтад нийцсэн, анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэжээ.

            Талууд гэрээ цуцалсантай холбогдуулан хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын төсвийн дүнгийн талаар марган, нэхэмжлэгч тал Харандаа ХХК-иар, хариуцагч нь тэргүүлэх төсөвчин Д.Жаалхүү, мэргэшсэн төсөвчин Х.Гантуяа нараар тус тусдаа тооцоо хийлгэж, шүүхэд хандсанаас хойш мөн 2 удаа шинжээчийн дүгнэлт гаргуулсан боловч эдгээр дүгнэлтүүд өөр хоорондоо илт зөрүүтэй гарсны улмаас шүүх Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэр бүхий байцаагчдыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулахад гүйцэтгэсэн ажлын төсөвт өртгийг 3 025 817 981 төгрөгөөр тогтоосон байна.

            Дээрх дүгнэлтээс харахад хариуцагчийн маргаж буй зардлыг тооцоогүй гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхээс уг дүгнэлтийг үндэслэж, захиалагчаас гүйцэтгэгчид шилжүүлсэн 3 643 500 000 төгрөгөөс ажил гүйцэтгэлийн төсвийг тогтоосон 3 025 817 981 төгрөгийг хасч, хариуцагчаас 617 682 019 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

             

            Гүйцэтгэгч П ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын доголдлын талаар холбогдох байгууллагуудын акт, баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчээс ажлын доголдлыг арилгахад буюу сургуулийн өргөтгөлийн барилгын хүчитгэлийн зураг төсөл боловсруулах, лифтний нүхийг зөрүүлж цутгасныг нураах, барилгын геодезийн хяналт хийлгэх, барилгын бүтээцийн тооцоо дүгнэлт хийлгэх, барилгын гүйцэтгэлийн төсөв боловсруулах, барилгын баганад хүчитгэл хийлгэх, өрлөг нураалт хийх, ханын нүх дүүргэлтийн ажил хийж гүйцэтгэхэд нэмэлт зардал гарсан гэж анхан шатны шүүх дүгнэхдээ “Оригакен” ХХК, Номгон констракшн ХХК, ЭБ констракшн ХХК, Аксиомконстракшн ХХК, Харандаа ХХК, Ногоон газар ХХК-иудтай байгуулсан гэрээ, Эрдэмтауэр ХХК-ийн С.Пүрэвдорж болон Геомеп ХХК-нартай байгуулсан гэрээ, төлбөрийн баримтууд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэсэн нь зөв байна. /3 хх-10-23, 36-44, 46-83, 98-104 тал/

            Гэхдээ нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох доголдлыг арилгахад гарсан зардлыг нөхөн төлүүлэх шаардлагыг шийдвэрлэхдээ шүүх хэргийн оролцогчийн гаргаж өгсөн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг зөрчжээ.

            Тодруулбал, нэхэмжлэгч МУЭИС нь Топгласс ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр барилгын гадна фасадны дулаан тусгаарлалтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ, мөн сарын 09-ний өдрийн барилгын нэмэлт засварын ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулж, эдгээр гэрээгээр гүйцэтгэгч нь Эрдмийн сургуулийн сургалтын барилгын гадна дулаан тусгаарлалтын гүйцэтгэлийн ажлыг, мөн шалны хучилтаас гадна фасадны шал цутгахад шаардлагатай хүчитгэл, шалны нэмэлт бетон тэгшилгээ, өнгөлгөө, цонхны амалгааны нэмэлт дулаалга, нэмэлт гипсэн хана, цонхны амалгааны нэмэлт талбайн дотор засал зэргийг хийхээр тохирсон байх боловч тус гэрээний дагуу ажлын хөлсөнд төлсөн зардал болон ЭБ констракшн ХХК-тай байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил гүйцэтгэлд төлсөн хөлс нь /3хх-25-47, 57, 106-110 тал/ хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын доголдолтой хамааралтай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхын зэрэгцээ шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй баримтыг /3хх-111-126 тал/ үнэлсэн байна.

Иймээс нэхэмжлэгч тал, доголдлыг арилгахтай холбогдуулан 128 311 423 төгрөг, гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсантай холбогдуулан 4 400 000 төгрөг, нийт 132 711 473 төгрөгийн /3хх-12-14, 22-23, 56, 58, 62-63, 71, 75-76, 79-80, 83, 102-104 тал/ зардал гаргасан гэж үзэн  хариуцагчаар нөхөн төлүүлж, 197 254 442 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Хариуцагч тал Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуульд зааснаар эрсдлийн түвшингээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1,5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ... арга хэмжээнд зарцуулахаар заасныг хэрэгжүүлээгүй, ... шинжээч үүнтэй холбоотой зардлыг хасч тооцсон гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

             Талууд дээрх асуудлыг гэрээгээр хэрхэн тооцох талаар тусгайлан тохиролцоогүй байх бөгөөд уг зардал нь ажлын хөлсөнд орж тооцогдох тул хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

            Мөн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэн хангасан тул  хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.  

            Учир нь шинжээчийн дүгнэлтээр хариуцагч талын ажил гүйцэтгэлийн төсөвт өртөг 3 025 817 981 төгрөгөөр тогтоосон байдаг, түүнчлэн хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгчийг санхүүжилтээ хоцроосон, төлөвлөгдөөгүй нэмэлт ажлыг өөрийн хөрөнгөөр хийсэн гэж тайлбарлах боловч төсвийн хэмжээг нэмэгдсэн талаар Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт зааснаар нөгөө талдаа мэдэгдсэн гэдгээ баримтаар нотлоогүй байна.

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/01102 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “947 674 934” гэснийг “750 393 492” гэж, “401 929 890” гэснийг “593 184 332” гэж, 2 дахь заалтын “4 896 190” гэснийг “3 909 917” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 896190 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

                                                  

                                               ШҮҮГЧИД                                Б.НАРМАНДАХ

                                   

                                                                                             Ч.ЦЭНД