Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 193

 

Б.Мөнхдоржид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Сэрдамба,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 262 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 261 дүгээр магадлалтай, 2014250001113 дугаар эрүүгийн хэргийг хохирогчийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1975 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Андиа овогт Баасандоржийн Мөнхдорж нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан “Бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Мөнхдоржийг бусдыг илтэд үл хүндэтгэн догшин авирлан танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар 3 жил 10 хоног хорих ялаар шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож, Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Б.Мөнхдоржид оногдуулсан 3 жил 10 хоног хорих ялаас 2 жил хорих ялыг өршөөн хасч, Б.Мөнхдорж нь хохирогч О.Жавзмаад 18.300.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч О.Жавзмаа цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 262 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Мөнхдоржид оногдуулсан 1 жил 10 хоног хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, Б.Мөнхдоржийг нэн даруй суллаж шийдвэрлэжээ.

Хэргийн талаар илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хийсэн танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч Д.Сэрдамба нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч О.Жавзмаа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний бие улсын шигшээ багийн тамирчин бөгөөд Б.Мөнхдоржид зодуулснаас болж биедээ олон тооны шарх гэмтэл авсныг цагдаа, шүүх эмнэлэг, шүүхийн байгууллага тогтоож, улмаар өөрт учирсан хохирол, эмчилгээний төлбөр, зардлын баримт болох нийт 46.510.000 төгрөгийн баримтыг мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд гарган өгсөн. Анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө Б.Мөнхдорж нь энэхүү хохирлоос 18.300.000 төгрөгийг төлж, үлдсэн хохирлыг шүүх хуралдааны дараа өгөхөөр тохиролцсон юм. Үлдсэн хохирол төлбөрийг өгнө гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул бид шүүх хуралдаан дээр ямар нэгэн тайлбар хэлж, асуудлыг хурцатгалгүй шийдвэрлүүлсэн. Б.Мөнхдорж нь анхан шатны шүүхээс хорих ял шийтгүүлсэн тул түүний өмгөөлөгч нар удаа дараа ирж уулзан “гомдолгүй гэсэн бичиг хийгээд өгвөл тэнсээд гаргачихмаар байна, гарч ирээд хохирол мөнгийг чинь төлнө, хоригдож байгаа хүн яаж төлөх вэ” зэргээр гуйж байсан болно. Ингээд би өөрийн хохирлыг гаргуулан авахын тулд тэдний хүсэлтийн дагуу давж заалдах шатны шүүх хуралд “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тул Б.Мөнхдоржид оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзахад татгалзах зүйлгүй” гэсэн хүсэлтийг бичиж өгсөн. Энэхүү хүсэлтийг үндэслэн давж заалдах шатны шүүх түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан юм. Гэтэл Мөнхдорж нь хорихоос суллагдсан цагаасаа хойш надтай ярьж тохирсон зүйлээсээ буцаж, утсаа авахгүй, уулзахаас зайлсхийж, хохирол мөнгийг гүйцээн төлөхгүй зугтаах боллоо. Миний бие Б.Мөнхдоржийн танхай балмад, хэрцгий үйлдлээс болж бие болоод сэтгэл санаагаар асар их хохирсон бөгөөд өөрт учирсан хохирлыг хуульд заасан журмын дагуу нэхэмжлэхээр хохирлын баримтуудаа хуулийн шаардлага хангуулан гарган өгсөн. Б.Мөнхдоржийн хэлсэн ярьсан зүйлд итгэж, хохирол мөнгийг хурдан хугацаанд барагдуулна гэсэн амлалтаас болж анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирсон асуудлаа үнэн бодитоор хэлэлгүй, тэдний ятгалга, гуйлтаар хохирол гомдлоо бүрэн гүйцэд хэлээгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх ч энэ байдлыг бүрэн сайн мэдэж байгаа бөгөөд хоорондоо тохиролцоод учраа олно гэсэн байдлаар асуудалд хандаж, баримтаар гаргаж өгсөн хохирол төлбөрийн талаар шийтгэх тогтоол, магадлалд огт тусгахгүйгээр, иргэний журмаар жич нэхэмжил гэж бичсэн байдаг. ...Б.Мөнхдорж нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, худал хэлж, надаар хүсэлт гаргуулан хорих ялаа тэнсэн болгосон атлаа зугтаж байгаа нь намайг хууран мэхэлж, залилсан хэрэг гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхээс оногдуулсан тэнсэн харгалзах ял нь түүний үйлдэлд тохирч байгаа эсэхийг хянаж, хорих ялыг биечлэн эдлүүлж өгнө үү” гэжээ.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Сэрдамба хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаалтын шатанд хэргийг шалгахдаа хэт нэг талыг барьж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Б.Мөнхдоржид холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хохирогч О.Жавзмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Мөнхдоржид холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзвэл анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал “хууль ёсны ба үндэслэлтэй байх” Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320, 321 дүгээр зүйлд заасан шаардлагыг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж дараах нөхцөл байдлыг зайлшгүй шалгаж, тодруулах шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1.Хохирогч О.Жавзмаа, түүний эцэг эхээс 2014 оны 3 дугаар сарын 16-ны өдөр болон 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, мөн О.Жавзмаагийн 2014 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Цагдаагийн хэлтэст өгсөн анхны тайлбарт өвдгөндөө гэмтэл авсан талаар дурдаагүйгээс гадна анх хохирогчийн биед үзлэг хийж Шүүх эмнэлгийн 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 4047 тоот акт гаргасан шинжээч эмч М.Энхтайваны дүгнэлтэд /1хх-19/ хохирогч О.Жавзмаагийн өвдгөнд гэмтэл учирсан талаар бичигдээгүй байна.

Харин Улсын 1 дүгээр төв эмнэлгийн хэрх үе судлал үе сэргээх төв, үеийн мэс заслын эмч, М.Отгонбаяр 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр О.Жавзмаагийн амбулаториор эмчлүүлэгсдийн картад “Зовиур: Баруун өвдөгний үеэр өвдөнө, нугалж тэнийлгэхэд өвдөлт нэмэгдэнэ, хавдана. MRI: Баруун өвдөгний дотор саран холбоосны хэсэгчилсэн урагдал, баруун тахилзуурын ар дотор хэсэгт ясны уйланхайтай /үхжил/ … Цаашид дотор хагас саран мөгөөрсийн урагдлын дурангийн мэс засал хийх /оношийг тодруулж/ шаардлагатай.” гэж бичсэнээс гадна М.Отгонбаяр нь 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “Би жил гаруй хугацааны өмнө үзлэг хийсэн учир өөрийг үзлэг хийсэн эмчлүүлэгчийн картан дээрх бичвэрийг харж уг Жавзмаа гэдэг хүнд үзлэг хийснээ санаж байна. Тухайн үед Жавзмаагийн баруун өвдөг хавдсан, шинэ зулгаралттай байсан, хуучин гэмтэл гэхээр тав тогтсон зүйл ажиглагдаагүй. Жавзмаа тухайн үед аавтайгаа доголчихсон, уйлчихсан орж ирээд надад үзүүлсэн. /хх-100/ гэж мэдүүлжээ.

Хохирогч О.Жавзмаа хэрэг болохоос өмнө баруун өвдгөндөө гэмтэл авч байсан эсэх талаар түүний дасгалжуулагч болон хамт бэлтгэл хийдэг тамирчны өгсөн мэдүүлгүүд, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Цагдаагийн хэлтэст ирүүлсэн “Тамирчин О.Жавзмаа нь 2014 онд Монгол улсын Үндэсний шишгээ багт албан ёсоор нэр дэвшиж ороогүй байсан ба манай төвийн Спортын анагаах ухааны албаны жудо бөхийн баг хариуцсан эмчийн хяналтад ороогүй бөгөөд гэмтэл бэртэлтэй эсэх нь бүртгэгдээгүй байна.” гэсэн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2/163 тоот албан бичиг /2хх-89/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар О.Жавзмаа нь 2014 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө баруун өвдгөндөө гэмтэл авч байсан гэх үйл баримт тогтоогдоогүй боловч “О.Жавзмаагийн биед учирсан баруун өвдөгний урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтэл болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1145 дугаар дүгнэлтээр тогтоогджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 1145 дугаар дүгнэлтээр тогтоогдсон “баруун өвдөгний урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал гэмтэл нь хуучин гэмтэл байна” гэснийг ямар нотлох баримтаар, хэрхэн няцаан үгүйсгэсэн талаар шийтгэх тогтоол, магадлалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1145 дугаар дүгнэлтэд “О.Жавзмаагийн баруун өвдөгний урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтэл” гэсэн байх бөгөөд дээрх дүгнэлтийг баталж шинжээч эмч нар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн байх тул хохирогч О.Жавзмаа уг гэмтлийг хэзээ, ямар нөхцөл байдалд, хэрхэн авсныг тогтоох, түүнчлэн дээр дурдсан нотлох баримтуудын зөрүүтэй байдлыг нарийвчлан шалгах шаардлагатай.

Тухайлбал, 2014 оны 3 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Польш улсын Варшав хотод зохион байгуулагдсан Европын нээлттэй тэмцээнд О.Жавзмаа оролцох үедээ баруун өвдгөө гэмтээсэн байж болзошгүй талаар шалгуулах, холбогдох нотлох баримтыг /CD/ хэрэгт хавсаргуулах тухай шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан үндэслэл бүхий хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй, энэ талаар мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн байна.

2.Анхан шатны шүүх Б.Мөнхдоржийн буруутай үйлдлээс хохирогч О.Жавзмаагийн баруун өвдөгний урд чагтан холбоос урагдаж гэмтсэн гэж дүгнэсэн атлаа уг гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой хохирогчийн гаргаж өгсөн баримтыг үнэлж гэм хорын хохирлыг эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэхгүй орхисон нь буруу, өөрөөр хэлбэл хохирогч холбогдох эмчилгээний баримтыг шүүхэд гаргаж өгсөн байхад түүнийг гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.9 дэх заалтад заасан хохирогчийн “гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхийг хязгаарлаж, улмаар давж заалдах шатны шүүх хохирогчид учирсан гэм хорын хохирол бодитой нөхөн төлөгдөөгүй байхад Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарна.

Б.Мөнхдоржид холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хохирогч О.Жавзмаагийн гаргасан “Б.Мөнхдоржид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх” тухай гомдлыг хэлэлцэхгүй орхисон болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 262 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 261 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Б.Мөнхдоржид холбогдох 2014250001113 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Б.Мөнхдоржид авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ,          

                        ШҮҮГЧ                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН