Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 244

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга  Н.Номинчимэг,

улсын яллагч Д.Цолмон,

хохирогч Б.Эрхэмтөгс,

хохирогчийн өмгөөлөгч О.Баяраа ҮД:03-33

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Майбаяр ҮД:21-54,

шүүгдэгч Э. Од-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1992 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 25 настай, халх, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автомеханик мэргэжилтэй,  хэрэг үйлдэх  үедээ “Доктор” авто сүлжээнд механик ажилтай байсан , ам бүл-3, эхнэр 03 настай   хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1-р хэсэг Улаан-хуарангийн 77  тоот хашаанд  оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Боржигон овогт Эрдэнэбатын Од-Эрдэнэд /РД:УХ92022111/

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт  үйлдсэн эрүүгийн 201625012780 дугаар 105/2016/0242/Э индекстэй хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Од-Эрдэнэ нь 2016 оны 07 дугаар сарын 19-ний орой Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Б.Эрдэнэтөгстэй маргалдаж, улмаар түүний эрх чөлөөнд халдаж, бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Од-Эрдэнэ:  2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр  амгалан цахилгаан станцын  сагсны шид дээр хувийн таарамжгүй харилцаанаас болж муудалцаж найздаа гэмтэл учруулсан найзаасаа уучлалт гуйж байна гэв

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Эрхэмтөгс: Ярих зүйл байхгүй, Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэв.

           Талуудын хүсэлтээр  хавтаст хэргээс :

      Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Эрхэмтөгсийн:..2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр найз Нацагдорж, Эрхэмбаяр, Баярцэнгэл нартай хамт гол ороод гол дээр 2 ширхэг пиво уусан гол дээр байхад Од-Эрдэнэ манай найз нар луу залгаад байсан бид нар голоос буцах замдаа Од-Эрдэнэтэй уулзсан. Тэгээд бид нар Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Амгалан ДЦС-ийн хойд талын сагсны шитэн дээр сагс тоглосон, тоглох зуураа нэг шил архи хувааж уусан. Од-Эрдэнэ явах гэж байснаа надад хандан над руу залгачихаач гэсэн би чам руу залгахгүй би чиний дугаарыг блоклосон байгаа тэгээд ч нэгж байхгүй гэсэн чинь Од-Эрэнэ машинаас бууж ирээд би яасан танайх газарт орох гээд чи баяжаад хамраа сөхсөн юм уу гээд согтуу агсагнаад байсан бид 2 маргалдаад зогсож байхад миний нүүр лүү гараараа цохисон миний ухаан балартаад юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд миний хамарнаас цус гарсан бололтой бүх хувцас цус болсон байсан. Тэгэхээр нь би гэртээ харилаа эцэг эхдээ хэлнээ гээд явахад араас Од-Эрдэнэ ирээд чамайг явуулахгүй цагдаа дээр очих гэж байгаа бол хамт очно чи новширох гээд байна гэсэн би бөгсөөрөө газар суусан чинь намайг чирээд байсан би гэртээ хариад эцэг эхдээ хэлээд цагдаагийн байгууллагад очсон. гэх мэдүүлэг /хх-15-16-р тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Даваабаярын: ...2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр би Эрхэмбаяр, Бат-Эрдэнэ, Мандахнаран бид нар гол орсон. Тэгээд гол дээрээс буцаад Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Амгалан дулааны цахилгаан станцын хойд талын сагсны шийдэн дээр тоглохоор болсон. Од-Эрдэнэтэй сагсны шийдэн дээр уулзсан. Тэгээд бид нар сагс тоглож байгаад 1 шил архи хувааж уусан.Тэгээд Эрхэмбаяр, Од-Эрдэнэ, нар сагс тоглож байгаад бие биедээ шаралхаад хоорондоо зодолдсон…Од-Эрдэнэ Эрхэмтөгсийн шанаа болон нүд рүү нь гараараа цохисон тэгээд салаад Эрхэмтөгс гэр лүүгээ явсан маргааш Эрхэмтөгстэй уулзахад зүүн нүд нь хавдсан харагдаж байсан, орой Од-Эрдэнэтэй уулзахад гар өвдөж байна гэж байсан өөр ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. гэх мэдүүлэг  /хх-ийн 17-18-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Т.Бат-Эрдэнийн:...нилээн байж байгаад гараад ирэхэд Эрхэмтөгс, Од-Эрдэнэ 2 байхгүй байсан. Даваабаяраас Эрхэмтөгс, Од-Эрдэнэ 2 хаачсан вэ гэхэд тэр 2 сая зодолдоод гэж байсан Эрхэмтөгс, Од-Эрдэнэ 2 шитнээс холгүйхэн зогсож байхаар нь очиход Эрхэмтөгс, Од-Эрдэнэ байж байгаад орооч гээд гуйгаад байсан Эрхэмтөгс гэртээ орлоо гээд зөрсөөр байгаад гэртээ орсон. гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн үзлэг хийсэн 10123 актанд :

1.Эрхэмтөгсийн биед зүүн нүдний ухархайн доод ханын урд хэсэг, зүүн гайморын хөндийн урд хана, зүүн хацар ясны их бие, хацар, зүүн гайморын хөндийн ар хана, хамар ясны хугарал, тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн  үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх  цаг хугацаанд  үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан  хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  Шинжээч  эмч Б.Ганзориг гэсэн дүгнэлт /хх-27-р тал/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 98 дугаар зүйлд заасан гэмт хэргийн  объект нь  иргэдийн эрүүл мэндийн  аюулгүй  байдлыг  хангаж байгаа  нийгмийн харилцаа .

Объектив тал нь а.бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэл, б.хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан хор уршигтай үр дагавар, в.гэмт үйлдэл болон   гэмт үр дагаврын хооронд  шалтгаант холбоо бүрдүүлнэ.

Субъектив тал нь  санаатай гэм буруугийн хэлбэртэй шууд ба шууд бус санаатай байна. 

Субъект  нь  14 нас хүрсэн  хэрэг хариуцах чадвартай хувь хүн байна.

Хэрэгт цугларсан  нотлох баримтуудаас дүгнэхэд  Э.Од-Эрдэнэ нь хувийн сэдэлтээр  хувийн таарамжгүй харьцааны улмаас  Б.Эрдэнэтөгсийн эрх чөлөөнд халдаж  биемахбодид нь  хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан  байна.

 Иймд шүүгдэгч Э.Од-Эрдэнэ нь 2016 оны 07 дугаар сарын 19-ний орой Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Б.Эрдэнэтөгстэй маргалдаж, улмаар түүний эрх чөлөөнд халдаж, бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь  хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож  байх ба  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй  тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Прокуророос  Э.Од-Эрдэнийн гэм бурууг  зүйлчлэн  ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Э.Од-Эрдэнэ нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 3.760.000 төгрөгийг нөхөн төлсөн тул  төлөх төлбөргүй  гэж үзэв. / хх-н 68, 87-р тал/

Шүүгдэгч Э.Од-Эрдэнэ нь урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас зэргээр тогтоогдож байна./хх-н 42-р тал/

Иймд шүүгдэгч Э.Од-Эрдэнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-т зааснаар анх удаа хөнгөн болон хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.9-т зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд шүүгдэгчид оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Эрдэнэбатын Од-Эрдэнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар Эрдэнэбатын Од-Эрдэнийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Э.Од-Эрдэнэд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Э.Од-Эрдэнэ нь хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Э.Од-Эрдэнэд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр  тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Э.Од-Эрдэнэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Од-Эрдэнэд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                                                               

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ч.АЛТАНЦЭЦЭГ