Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 637

 

 

                                                           

 

 

 

 

 2019            8           19                                     2019/ШЦТ/637

 

   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Э.Шинэзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Орхон овгийн Одбалын Алтанхуягт холбогдох эрүүгийн 1911016030728 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 8, ах, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 39 дүгээр гудамжны 669 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Орхон овгийн Одбалын А.................

Яллагдагч О.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.А нь 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 39 дүгээр гудамжны 671 тоот хашааны гадна талд байсан Ч.Солонгын эзэмшлийн “тоёото приус-20” маркийн автомашины янданг учрах саадыг арилгах зорилгоор дорцов, уртасгагч, цаасны хутга, данкрат зэрэг багаж буюу тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч О.Аын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй ” гэв. 

Шүүгдэгч О.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Тэр үед надад мөнгөний хэрэгцээ байсан учраас “тухайн автомашины янданг хулгайлж авьяа гэсэн бодол төрсөн юм...”, “...тэгээд гэртээ орж унтаж байгаад шөнийн 03 цагийн үед гэрээсээ гараад, 12-ын дорцов, 14-ийн дорцов, уртасгагч, цаасны хутга, данкрат зэрэг багаж хэрэгсэл ашиглан уг машины яндаг доогуур нь тайлж аваад хашаандаа оруулсан юм...”, “...би уг үйлдлийг ганцаараа хийсэн”, “...хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байна...” гэх /хх-29-30х/,

Хохирогч Ч.Солонго мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 29-ний өглөө 09 цагийн орчимд манай найз Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 39 дүгээр гудамжны 671 тоотод байх гэрээсээ ажилдаа явах гээд машинаа асаатал доор нь юм дугараад байхаар нь гайхаад хартал, машины доор байдаг яндан нь алга болцон, гурван боолтыг нь доод талд нь тайлаад үлдээцэн байсан юм. Тэгээд машинаа хашаандаа буцааж оруулаад манай найз залуу ажилдаа яараад явсан юм. Тэгээд 15 дугаар хорооны цагдаа дээр өргөдөл бичиж өгсөн юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13х/,

Гэрч М.Сайнбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 28-ны орой 22 цагийн орчимд тухайн өдөр гааль дээр шинээр нь авсан цэнхэр өнгийн приус 20 загварын автомашиныг унаж ирээд эхнэр гэрийн гадна талд тавьсан юм. Харин 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн өглөө босоод машинаа аваад захруу явах гэхэд машины чимээ гарч дуу гараад байхаар нь буугаад харахад машины дэргэд 3 ширхэг боолт байхаар нь доогуур тонгойж харахад машины яндан тэр чигтээ байхгүй алга болсон байсан...” гэх /хх-ийн 15х/,

Гэрч Одхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өөрийн нагац дүү О.Аын талаар мэдүүлэг өгнө”, “...миний төрсөн эгч Одбалын төрсөн хүү байгаа юм. Монгол Солонгосын политехникийн коллежийг 2.5 жилээр суралцаж 2016 оны 01 дүгээр сард төгссөн юм. Сургуулиа төгсөөд 32-ын приус засварын газарт 2 жил гаран ажиллаж байна...”, “...би энэ хэргийг мэдсэн. Тэгээд нөгөө айлд учирсан хохирлыг төлж барагдуулсан”, “... надад 7 хоногийн дараа энэ талаар хэлсэн ...” гэх /хх- ийн 17х/,

  • “Дамно ХХК”-ны эд зүйлд үнэлгээ хийсэн тайлан “...үнэлгээний дүн 350.000 төгрөг...” /хх-ийн 18х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37х/ болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Прокуророос шүүгдэгч О.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” гэж үзэх үндэслэлгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэж өөрчлөх нь зүйтэй байна.

Учир нь “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэдэг нь эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан эд зүйл, хэрэгслийг ойлгодог. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан багаж хэрэгслийг тусгайлан бэлтгэсэн гэж үзэх боломжгүй гэж үзлээ.  

Иймд хэргийн зүйлчлэлийг дээрх байдлаар өөрчлөн шийдвэрлэх нь хууль зүйн хувьд бүрэн боломжтой байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч О.Аийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч О.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнийг 500 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                             ТОГТООХ нь:

1. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ат холбогдох эрүүгийн 1911016030728 дугаартай хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг гэж өөрчилсүгэй.

     2. Шүүгдэгч Орхон овгийн Одбалын Алтанхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ат 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ат оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.

     5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

     6. Шүүгдэгч О.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

     7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

     8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.АРИУНБОЛД