Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 1099

 

 

 

 

 

2019          10              31                                            2019/ДШМ/1099                       

 

О.А-т холбогдох                                                                                                           эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Зориг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:          

            прокурор Б.Сод-Эрдэнэ,

            шүүгдэгч О.А-ийн өмгөөлөгч Э.Шинэзориг,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 637 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Сод-Эрдэний бичсэн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 23 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн О.А-т холбогдох 1911016030728 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн О-ын А, Улаанбаатар хотод 2000 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, “Приус Центер” төвд засварчин ажилтай, ам бүл 8; ах, эгч, дүү нарын хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 000 дугаар хороо, Жаргалтын 000000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000000/

О.А- нь 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 39 дүгээр гудамжны 671 тоот хашааны гадна талд байсан Ч.Солонгын эзэмшлийн “Toyota pruis 20” загварын автомашины янданг учрах саадыг арилгах зорилгоор дорцов, уртасгагч, цаасны хутга, домкрат зэрэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас О.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, О.А-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Сод-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... шүүх “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэдэг нь эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан эд зүйл, хэрэгслийг ойлгодог. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан багаж хэрэгслийг тусгайлан бэлтгэсэн гэж үзэх боломжгүй” гэж үзэн шүүгдэгч О.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгохоор заасан. Шүүгдэгч О.А- нь Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 39 дүгээр гудамжны 671 тоот хашааны гадна талд байсан Ч.Солонгын эзэмшлийн “Тоёота приус-20” загварын автомашины янданг хулгайлан авахад учрах саадыг арилгах зорилгоор дорцов, уртасгагч, цаасны хутга, домкрат зэрэг багаж буюу эд зүйл, хэрэгслийг урьдчилан бэлтгэж, ашиглан нууцаар, хууль бусаар хулгайлсан болох нь хэрэгт авагдсан гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад баримтаар тогтоогдсон. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 637 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.” гэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэзориг тус шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу дараах тайлбарыг гаргаж байна. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 637 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэдгийг хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж тайлбарласан байна. О.А- нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх дээрх багаж, хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхээр зориудаар тусгайлан хийж бэлтгэсэн, хэлбэрт оруулж засаж тохируулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаарх нотлох баримт болон эд мөрийн баримт хавтаст хэргийн материалд авагдаагүй бөгөөд дээрх хуулийн тайлбараас үзэхэд дорцов, уртасгагч, цаасны хутга, домкрат зэрэг багаж хэрэгсэл нь тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэдэг ойлголтод хамаарахгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Сайнбаяр “... 2019 оны 5 дугаар сарын 29-ний өглөө ... автомашины яндан байхгүй, алга болсон байсан...” талаар мэдүүлдэг бөгөөд энэ талаарх нөхцөл байдлыг мэдүүлсэн ба тухайн гэрч нь О.А-ийг гэмт хэрэг үйлдэхдээ ямар багаж, хэрэгсэл ашигласан гэдгийг нь болон хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгааг нь шууд хараагүй, мэдэхгүй байдаг. /хх-н 15-16/ Харин О.А- нь дээрх багаж хэрэгслийг ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, яллагдагчаар мэдүүлдэг боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, мөн зүйлийн 8 дахь хэсэгт “дараахь мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гээд 8.3 дахь заалтад “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг” гэж заасан байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 2 дахь хэсэгт “Баримтат мэдээлэл нь ... эд мөрийн баримт ... энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно.”, хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн ... зэвсэг, хэрэгсэл ... эд зүйлийг тооцно”, гээд 16.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар нотлох баримт цуглуулж, хэрэгт цугларсан эд мөрийн баримт, баримтат мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны ... тэмдэглэлд тусгаж бэхжүүлнэ” гэж тус тус заасан байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 637 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар О.А-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

О.А- нь 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 39 дүгээр гудамжны 671 тоот хашааны гадаа байсан Ч.Солонгын эзэмшлийн “Toyota pruis 20” загварын автомашины янданг дугуйн дорцов, уртасгагч, цаасны хутга, дугуй өргөгч зэрэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хулгайлсан гэж үзэн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “... шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан багаж хэрэгслийг тусгайлан бэлтгэсэн гэж үзэх боломжгүй ...” гэсэн үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж ...” хулгайлах гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэн үзэхээр хуульчилсан. Мөн хууль тогтоогч Эрүүгийн хуульд заасан тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэдгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт “... Энэ хуульд заасан ... “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно.” гэж тайлбарласан байх тул уг тайлбар нь хулгайлах гэмт хэргийн зүйлчлэлд иш татаж хэрэглэгдэнэ.

Хулгайлах гэмт хэрэгт тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн шинж нь учрах саадыг арилгах зорилгод үндэслэсэн байх ёстойг хуульд тодорхой заажээ. “Учрах саадыг арилгах зорилгоор” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлахад тухайн багаж хэрэгслийг ашиглахгүйгээр үйлдэх боломжгүйгээс гадна, өмчлөгч болон бусад этгээдэд мэдэгдэхгүйгээр, нууцаар үйлдэхийн тулд гэмт үйлдлээ хөнгөвчлөх, түргэвчлэх зорилгоор ашигласан, үүнийг гэмт этгээд гэмт хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан бодож төлөвлөсөн, бэлтгэсэн нөхцөл байдлыг ойлгоно.

Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэдэгт хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд зориулан шинээр хийсэн, хийц загварыг өөрчилсөн багаж хэрэгсэл мөн тухайн эд хөрөнгийг авахад шаардлагатай зориулалтын багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмж хамаарна.

Гэтэл анхан шатны шүүх дугуйн дорцов, уртасгагч, цаасны хутга, дугуй өргөгч зэрэг нь ямар учраас тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу хэрэгсэл гэдэгт хамаарахгүй талаар хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр, эдгээр эд зүйлсийг “... тусгайлан бэлтгэсэн гэж үзэх боломжгүй ...” гэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.А-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 637 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.А-т холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцтэл шүүгдэгч О.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЧМАНДАХ

                                 ШҮҮГЧ                                                               Б.ЗОРИГ

                                 ШҮҮГЧ                                                               М.ПҮРЭВСҮРЭН