Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2020/0102

 

 

 

 

 

 

 

 

 

“А к” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч “А к” ХХК-ийн төлөөлөгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, түүний өмгөөлөгч Э.Ж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С нарыг оролцуулан, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “А к” ХХК-ийн төлөөлөгч О.Б-ийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “А к” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаар шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.3, 52.2.4, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 45 дугаар зүйлийн 45.3, 46 дугаар зүйлийн 46..1, 46.1.6-т заасныг баримтлан “А к” ХХК-иас Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан “Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 8/999 дүгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг хүчингүй болгуулах, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар болон “З к” ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн БСШУСЯ/20192347 дугаартай “Сайнцагаан сум Наадмын талбайн барилгын дуусгалтын ажил”-ын гэрээг хүчингүй болгуулах, тендерт оролцогчдод өгөх зөвлөмжийг өөрчлөлгүй дахин тендер зарлахыг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “А к” ХХК-ийн төлөөлөгч О.Б давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэлийн шаардлагын тухайд бид 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүгчийн туслах н.Э-ийн цахим хаяг болох [email protected] хаягаар тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүргүүлсэн боловч шүүх хүлээн авахаас татгалзсан бөгөөд энэ талаар шүүгч ямар нэг эрх зүйн баримт бичиг гаргалгүйгээр шийдвэрлэсэн болно.

Түүнчлэн захиргааны актын шинжийг хангахгүй байгаа тухай шүүх буруу дүгнэлт хийсэн байна. Бид үнэлгээний хорооны шийдвэр нь захиргааны актын шинжийг хангаж байгаа гэдэгт огт маргаагүй. Харин хариуцагч нь хэн байх тухай л маргаан байсан. Өөрөөр хэлбэл байнгын бус шинжтэй, нэг удаагийн тендер шалгаруулалтыг зохион байгуулахаар байгуулагдсан үнэлгээний хорооны шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой асуудлыг Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар Засаг даргын Тамгын газар хариуцах үүрэгтэй байхаар хуульчилсан байна. Тодруулбал шүүх шийдвэрийнхээ үндэслэлд Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн аль заалтаар үнэлгээний хороог хариуцагч байх ёстой гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн үнэлгээний хорооны шийдвэрийг шүүхэд нэхэмжлэл гаргаж ирүүлээгүй байхад санаалчилгаараа хууль зөрчсөн эсэх тухай дүгнэлт өгөх хууль зүйн боломжгүй мэтээр тайлбарласан байх боловч бидний хүргүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт огт авагдаагүй, энэ талаар ямар нэг баримт бичиг гаргаагүй байна.

“З к” ХХК нь гүйцэтгэлийн баталгаа ирүүлээгүй, мөн хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу тендерт шалгараагүй юм. Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.2-т зааснаар гүйцэтгэлийн баталгаа гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэлд хугацаанд ирүүлээгүй бол тендерийн баталгааг улсын орлого болгож, гэрээ байгуулахаас татгалзах эрхийг хуульчилсан байна.

Мөн гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4.2-т зааснаар гүйцэтгэлийн баталгаа ирүүлэхийг заавал шаардахаар заасан хуулийн шаардлагыг биелүүлээгүй байх тул мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар гэрээ байгуулахаар олгосон эрхийг захиалагч хүчингүй болгох үүргээ хэрэгжүүлээгүй үйл баримтад шүүх огт дүгнэлт өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл гэрээ нь анхнаасаа хууль тогтоомжид нийцээгүй тул хүчингүй гэрээ юм.

Өөрөөр хэлбэл бидний маргааны гол үндэслэл бол “З к” ХХК нь гэрээ байгуулахдаа гүйцэтгэлийн баталгаа гаргаагүй нь захиалагчийн хувьд гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгож, улмаар дахин тендер зарлах үүргээ биелүүлээгүй эсэх асуудлаар маргаж байгаа болно. Гэвч шүүх энэ нөхцөлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл 100 сая төгрөгөөс бага үнийн дүнтэй бол гүйцэтгэлийн баталгааг ирүүлэхгүй байж болно. Харин 100 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй бол заавал гүйцэтгэлийн баталгаа ирүүлэхийг хуулиар тогтоосон нөхцөл бөгөөд баталгааг хуулийн хугацаанд ирүүлээгүй бол гэрээг олгох эрхийг хүчингүй болгож байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгч “А к” ХХК-ийн төлөөлөгч О.Б-н гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч “А к” ХХК-иас “Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 8/999 дүгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг хүчингүй болгуулах, 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн БСШУСЯ/20192347 дугаартай “Сайнцагаан сум Наадмын талбайн барилгын дуусгалтын ажил”-ын гэрээг хүчингүй болгуулах, тендерт оролцогчдод өгөх зөвлөмжийг өөрчлөлгүй дахин тендер зарлахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн “...тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүгчийн туслахын мэйл хаягаар явуулсан боловч шүүх хүлээн авахаас татгалзсан бөгөөд ямар нэгэн эрх зүйн баримт бичиг гаргалгүйгээр шийдвэрлэсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцсон” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “Нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх эрхтэй”, 52 дугаар зүйлийн 52.1-д “Нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд түүнд нэхэмжлэгч, эсхүл түүний төлөөлөгч гарын үсэг зурсан байна” гэж заасан.

Тодруулбал нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, ихэсгэх эрхтэй боловч уг нэхэмжлэлээ шүүхэд бичгээр гаргасан байхыг хуульчилсан. Гэвч нэхэмжлэгч нь үнэлгээний хорооны шийдвэрт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн, өөрчилсөн эсэх нь тодорхойгүй бөгөөд шүүгчийн туслахын цахим хаягаар явуулснаар түүнийг нэхэмжлэл гаргасан гэж үзэх боломжгүй.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан бөгөөд Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл шүүх нэхэмжлэлийн шаардлагыг удаа дараа тодруулан асуусан боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэсэн тайлбар өгчээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэж хуульчилснаас үзвэл шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нэхэмжлэгчийн тодорхойлсон захиргааны байгууллагыг хариуцагчаар татан хэргийг шийдвэрлэсэн байна.   

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ”, 46 дугаар зүйлийн 46.1.3-д “Үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах” гэж тус тус заасан.

Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 8/999 дүгээр албан бичгээр “З к” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон бөгөөд уг албан бичиг нь “Аймгийн Засаг даргын 2019  оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/167 дугаар захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны дүгнэлт”-ийг үндэслэж гарсан, мөн уг мэдэгдлийг “А к” ХХК-д хүргүүлсэн байна.

Эндээс үзвэл нэхэмжлэгч үнэлгээний хорооны шийдвэртэй маргаагүй байхад тус хорооны гаргасан шийдвэрийг дүгнэх боломжгүй тул Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 8/999 дүгээр албан бичгийг хүчингүй болгох үндэслэлгүй, мөн хуульд нийцүүлэн гаргасан уг захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

Нэхэмжлэгчээс “... “З к” ХХК нь гэрээ байгуулахдаа гүйцэтгэлийн баталгаа гаргаагүй нь захиалагчийн хувьд гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгож, улмаар дахин тендер зарлах үүргээ биелүүлээгүй” гэж маргажээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.17-д “Гүйцэтгэлийн баталгаа” гэж гэрээ байгуулах эрх авсан тендерт оролцогч гэрээний үүргийн биелэлтийг бүрэн хангахыг баталгаажуулж, гэрээнд гарын үсэг зурахаас өмнө захиалагчид ирүүлсэн банкны баталгаа, Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг” гэж заасан.

Үнэлгээний хорооны 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтийг үндэслээд 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас “З к” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай”  8/999 дүгээр албан бичгээр мэдэгдсэн байна. Уг мэдэгдлийн дагуу 5-аас доошгүй хоногийн дараа буюу 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр “Сайнцагаан сумын наадмын талбайн барилгын дуусгалт”-ын ажлын БСШУСЯ/201902347 дугаартай гэрээг байгуулсан.

Эндээс үзвэл уг гэрээ нь хуулийн дагуу байгуулагдсан байх бөгөөд гүйцэтгэлийн баталгааг гуравдагч этгээд “З к” ХХК нь гэрээ байгуулсны дараа  буюу 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр захиалагчид гаргаж өгсөн нь дээрх маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болохгүй.

Мөн “Тендерт оролцогчдод өгөх зөвлөмжийг өөрчлөлгүй дахин тендер зарлахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагын хувьд гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл, хариуцагч болон гуравдагч этгээд нарын хооронд байгуулагдсан БСШУСЯ/201902347 дугаартай гэрээ нь нэгэнт хүчин төгөлдөр байх тул дахин тендер зарлахыг даалган шийдвэрлэх боломжгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019  оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “А к” ХХК-ийн төлөөлөгч О.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                            С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                            Ц.САЙХАНТУЯА