Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 940

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/00343/И

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч  Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *** ХЗХ-ны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум 4-р хороолол ***-*** тоотод оршин суух, регистрийн дугаар ТИ****, Б***овогт Э*** М***ад холбогдох

 

660 150  төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О***, нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ***й ХЗХ-ны гүйцэтгэх захирал С.А***, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д*** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*** ХЗХ-ноос Э.М*** нь 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 540 000 төгрөгийг, 7 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Хариуцагч Э.М*** нь зээл авснаас хойш 7 удаагийн төлөлтөөр зээлийн хүүд 348706 төгрөг, үндсэн зээлд 289740 төгрөг нийт 638446 төгрөг төлсөн. Хариуцагч Э.М***аас 2013 оны 7 сараас 2015 оны 2 сар хүртэл үндсэн зээл 429600 төгрөг, хүү 238650 төгрөг нийт 660150 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагч Э.М*** түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О*** нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

 

            Миний бие ***й ХЗХ-нд 2011 оны 8 дугаар сарын 30-нд 50 000 төгрөг өгч элсэн орсон. Уг хоршооноос 2011 онд 400 000 төгрөгийг, 1 жилийн хугацаатай зээлж аваад уг мөнгийг хүүтэй нь 1067105 төгрөг болгон төлж барагдуулсан. 2012 оны 5 дугаар сарын 31-нд 540 000 төгрөгийг энэ хоршооноос аваагүй. Одоо энэ ***й ХЗХ-нд төлбөр тооцоо байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             

            Нэхэмжлэгч *** ХЗХ нь хариуцагч Э.М***ад холбогдуулан үндсэн зээл 429600 төгрөг, хүү 238650 төгрөг нийт 660150 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Нэхэмжлэгч *** ХЗХ нь хариуцагч Э.М*** нар нь харилцан тохиролцож 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Барьцаат зээлийн гэрээ байгуулан 540 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй зээлдүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, бэлэн мөнгөний зарлагын баримт, кассын орлогын ордер, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 5-7/

 

            Хариуцагч Э.М*** зээлийн эргэн төлөлтөд 638446 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны дансны хуулга, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож, талууд энэ талаар маргаагүй байна.

           

            Хариуцагч Э.М*** нь би 2011 оны 8 сард *** ХЗХ-ноос 400 000 төгрөг аваад 1067 150 төгрөг болгон төлж барагдуулсан, 2012 оны 5 сард зээл аваагүй гэж маргажээ.

 

            Хариуцагч Э.М***ын хүсэлтээр ***й ХЗХ, хариуцагч Э.М*** нарын хооронд байгуулсан 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээнд зурсан гарын үсэг нь Э.М***ынх мөн эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулахаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг томилсон бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 87 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд ...2012 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн *** хадгаламж зээлийн хоршоо, Э.М*** нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зурсан гарын үсэг нь Э.М***ын гарын үсэг мөн байна гэсэн дүгнэлт ирсэн байх бөгөөд талууд шинжээчийн дүгнэлтийн талаар санал, хүсэлт гаргаагүй байна. / хх-ийн 86 хуудас /

 

            Хариуцагч Э.М***ын хүсэлтээр Дархан-Уул аймаг дахь ХААН банкны салбараас *** ХЗХ-ны дансанд 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, 2014.10.06-2016.03.18-ны өдөр хүртэл Э.М***аас зээлийн төлбөр төлж байсан талаархи дансны хуулгыг ирүүлсэн байна. / хх-ийн 33-59 хуудас /

 

            Нэхэмжлэгч *** ХЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д*** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа бид 2012 оны 5 сарын 31-ний өдрийн зээлийг сунгаж, 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дахин гэрээ байгуулсан боловч гэрээнд Э.М*** гарын үсэг зураагүй гэж тайлбарлаж байгаа тул нэхэмжлэгч нь дээрхи хүчин төгөлдөр бус гэрээний дагуу шаардах эрхгүй байна.

 

            Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж зааснаар хариуцагч Э.М***аас 2012 оны 5 сарын 31-ний өдрийн зээлийн гэрээнд зааснаар  үндсэн зээл 540 000 төгрөг, 12 сарын хүү 268590 төгрөг нийт 808590 төгрөгнөөс төлсөн 638446 төгрөгийг хасч үлдэх 170 144 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

           

           

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Э.М***аас 170144 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** ХЗХ-д олгож, 490006 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 20393 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Э.М***аас 20393 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Д.АЛТАНТУЯА