Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2017/01578

 

Д.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01806 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1742 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Д.С-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Э” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаярын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаатар, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2012 оны 01 сарын 24-ний өдрийн тушаалаар тус компанид хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн албанд эдийн засагчаар 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Улмаар үр бүтээлтэй ажиллан 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн ахлах мэргэжилтэн, 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс хэлтсийн даргаар тус тус ажилласан. Компанийн зүгээс хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах шаардлагатай хэмээн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гүйцэтгэх захирал Б.Бямбасайхантай 29 дугаар хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Д.С- нь ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн гэрээ, компанийн дотоод дүрэм журмаар хүлээсэн үүргээ биелүүлж, өдөр тутмын ажлаа цаг тухайд нь хийж гүйцэтгэж, ажлын гүйцэтгэл өндөр байсан.

Гэтэл “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болно. Уг тушаалд дурдсанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалт, “Э” ХХК-ийн дүрмийн 9.7.10, 9.7.12, Хөдөлмөрийн дотоод журмын 6.6, 6.7-д заасныг тус тус үндэслэл болгосон нь хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан харилцааг зөрчиж гаргасан тушаал гэж үзэж байна. Учир нь ажлаас халсан тушаалд “Э” ХХК-ийн дүрмийн 9.7.10, 9.7.12 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 6.6, 6.7 дахь заалтыг тус тус үндэслэсэн байх боловч уг дүрмийн заалтыг дурдсанаас биш нэрлэн заагаагүй, тодорхой бус байна.

Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Зохигчид анх хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэл болгон гэрээ байгуулсан. “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 42.1 дахь заалт болон компанийн дүрмийн 9.7.10, 9.7.12 , дотоод журмын 6.6, 6.7-д заасныг үндэслэн тус тус хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Компанийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн дэд захирлын баг, баг гэсэн албан тушаалын ажлын байрыг хассан. Энэхүү өөрчлөлтийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Д.С-той уулзаж мэдэгдсэн бөгөөд “Шивээ овоо” ХХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргын албан тушаал санал болгосон ч Д.С- татгалзсан хариу өгсөн. Үүний дараа 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хөрөнгө оруулалт, төслийн санхүүжилт хариуцсан мэргэжилтний ажлын байр санал болгосон мөн хүлээж аваагүй. Шинэ бүтцээр дэд захирлын баг гэж байхгүй болсон ба Д.С- нь хэлтсийн даргаар ажиллаж байсан гэж нэхэмжлэлдээ дурдсан ч ажиллаж байсан ажлын байр нь дэд захирлын багийн дарга гэдэг албан тушаал дээр ажиллаж байсан. Одоо манай шинэ бүтцэд дэд захирлын баг, дэд захирлын багийн дарга гэдэг албан тушаал байхгүй болсон учраас хууль дүрмийн дагуу чөлөөлсөн. Зохигчдын хооронд байгуулсан гэрээ нь талуудын хооронд үүссэн харилцаа нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаа мөн боловч ажлын байр нь байхгүй болсон байхад ажилд эгүүлэн ажиллуулах, ажилгүй байсан хугацааны цалинг буцаан олгох тухай ойлголт яригдах боломжгүй юм.

Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасан орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудсыг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээлгэн өгсөн. Хуулийн хугацаанд мэдэгдэх хуудсыг өгөөд 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр чөлөөлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01806 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.С-ын хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1742 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01806 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1, 128.1 зэрэг зүйл заалтуудыг хууль бусаар буруу хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл хууль бусаар халаагүй гэх үндэслэлийг тогтоохдоо хамаарах зүйл заалтыг баримтлаагүй. Тухайлбал, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн талаар шийдвэр гаргахдаа ажил олгогч нь зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн үндэслэл шаардлага, шинэ бүтцээр М4 Дарга албан тушаалыг хасах буюу цомхотгох болсон үндэслэл шаардлага, нийт ажлын байрны бүтцийн өөрчлөлтийн хүрээнд яагаад заавал нэхэмжлэгч Д.С-ыг сонгож бусад дарга, захирал, албан тушаалтны хамт халахгүйгээр ялгаварлан гадуурхаж халах болсон үндэслэл, нөхцөл зэргийг тогтоогоогүй байхад шүүхээс дүгнэлт хийж байгаа нь хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитоор үнэлж чадсангүй гэж үзэж байна.

Дээр дурдсанаас гадна анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэт нэг талыг баримталж Иргэний болон Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Ажил олгогч нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан байх ёстой тухай Улсын Дээд шүүхийн 33-р тогтоолын 15-т маш тодорхой тайлбарласан байдаг гэвч гүйцэтгэх захирлын тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримтлан Д.С-ыг ажлаас чөлөөлсөн боловч тус зүйлд заасан “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” эдгээрээс аль нь болохыг тодорхой тусгаж өгөөгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчид хүргүүлсэн мэдэгдэлд орон тоо хасагдсан тухай мэдэгдсэн гэж маргасан хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа нь хууль түүний тайлбарт үл нийцсэн хүчин төгөлдөр бус шийдвэр юм.

Анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй баримт болох ажлын байрны тодорхойлолтыг үнэлэн шийдвэр гаргасан үүнийг давж заалдах шатны шүүх магадлалаар хүлээн зөвшөөрсөн боловч шийдвэрийг хэвээр үлдээж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 зүйлүүдийг ноцтой зөрчсөн. Учир нь энэхүү хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэхдээ хөдөлмөрийн маргааны гол зүйл болсон ажлын байр, албан тушаалын чиг үүрэг хасагдсан эсэхийг тогтоохын тулд нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт түүнд заасан ажил үүрэг хасагдсан эсэх тухай дүгнэлт хийх байсан. Гэтэл энэхүү хэргийн материалд хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий ажлын байрны тодорхойлолт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Мөн өмнөх бүтцэд IV14 дарга ямар чиг үүрэгтэй байсан эсэх тухай баримт хэрэгт авагдаагүй байна. Ийм байхад зөвхөн М4 дарга гэдэг нэршил бүхий албан тушаал шинэ бүтцэд байхгүй болсон байна гэсэн үндэслэлээр ажлаас халсанг хууль зөрчөөгүй гэж дүгнэж байгаа нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг үнэн бодитоор шийдвэрлэсэнгүй гэж үзэж байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу хөдөлмөрийн гэрээнд Ажлын байрны тодорхойлолтыг ажил олгогч нь заавал тусгах буюу тохирох үүрэгтэй байдаг. Энэхүү үүргээ ажил олгогч нь биелүүлээгүй байгаа байдал нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлж байхад үүнийг шүүхээс харгалзаж үзэхгүй байна. Хариуцагчийн зүгээс маргаж байгаа орон тоо хасагдсан гэх Д.С-ын ажлын байрны чиг үүрэг нь хөрөнгө оруулалт төслийн санхүүжилт гэсэн хэлтэст хадгалагдсаар байгаа болохыг гэрчүүдийн мэдүүлэг, 2016 оны бүтцийн өөрчлөлтийн схем болон бусад тайлбар, нотлох баримтаар нотлогдож байгааг анхаарах нь зүйтэй байтал шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүй шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг зөрчсөн. Хэдийгээр шүүхээс ажил олгогч болон Д.С-ын хоорондох хөдөлмөрийн гэрээнд Дэд захирлын баг, М-4 дарга гэсэн албан тушаал хэмээн тодорхой тохиролцсон байна гэж хуурамч нотлох баримтыг зөвтгөсөн байгаа боловч тухайн хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан М-4 дарга гэдэг албан тушаалын нэр нь нэхэмжлэгч Д.С-ын хийж гүйцэтгэж байсан бүх ажил, ажлын чиг үүргийг бүрэн гүйцэд тодорхойлох боломжгүй юм.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийн нөхцөл байдлыг нотлох баримтанд тулгуурлан бодитоор үнэлээгүй, улмаар хууль зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэр, магадлалд нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч Д.С- нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулахыг шаардсан нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч “Э” ХХК нь Д.С-ын эрхэлж байсан ажлын орон тоо компанийн бүтцийн өөрчлөлтийн дүнд хасагдсан тул түүнийг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийг татгалзсан байна.

Нэхэмжлэгч Д.С- нь компанийн дэд захирлын багийн М-4 даргын албан тушаалд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ба ажил олгогчийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б\12 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгджээ.

Ажил олгогч уг тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан зохицуулалтыг баримталсан байх ба хуулийн уг зүйл, заалтаар аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд ажил олгогч хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах боломжтой байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Тухайлбал, маргааны зүйл болж буй үйл баримт буюу “Э” ХХК-ийн бүтэц, орон тоонд орсон өөрчлөлт, нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил, албан тушаал хасагдсан эсэх талаар хэрэгт хангалттай нотлох баримт авагдсан байх ба шүүх шийдвэр, магадлалдаа эдгээр үйл баримт, нотлох баримтын бүрдэл, үнэлгээний талаар тодорхой тусгасан байна. Хоёр шатны шүүхийн бүрэн эрхийнхээ хэмжээнд хийсэн дээрх дүгнэлтийг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй болно.

Ажил олгогч, хариуцагч “Э” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан шаардлагыг зөрчөөгүй гэж үзэхдээ шүүх хуулийн дээрх зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1.-д зааснаар хяналтын журмаар гарах гомдлын үндэслэлийг “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэж тодорхойлсон байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01806 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1742 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.    

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН