Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 1199

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,                            

улсын яллагч Э.Намуун,

шүүгдэгч С.П /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан С.П-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 08788 2019  дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн С.П, 1987 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын удирдлага мэргэжилтэй, Улаанбаатар их сургуульд хөтөлбөр хариуцсан мэргэжилтэнгээр ажилладаг, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамтаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 26/4-89 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, регистрийн дугаар / ДЮ87072318//, 

Шүүгдэгч С.П нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 26/4 тоотод эхнэр Ө.Ганцэцэгтэй маргалдан улмаар түүний үснээс зулгааж, толгой, нүүрэн хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч С.П шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Ө.Ганцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2018 оны 10 дугаар сарын 27-ны өглөө 11-12 цагийн үед Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 26/4 байрны 89 тоотод гэртээ ортол нөхөр П халамцуу сууж байсан. Тэгээд П намайг гэртээ ирж хоноогүй гээд хэрүүл хийж, намайг үснээс зулгааж, толгой болон нүүр, хүзүү, баруун зүүн мөрөнд гараараа хэд хэдэн удаа цохиж, зодсон. ...Одоо миний биед зүүн талын нүд, хацар, хүзүү, хавдаж хөхөрсөн. Мөн эрүү хөхөрсөн, юм хазаж чадахгүй байгаа. Баруун зүүн талын мөр хөхөрч хавдсан байсан. Бас зүүн гарын шуу хавдаж хөхөрсөн. Эдгээр гэмтлүүдийг 2018.10.27-ны өдөр 11-12 цагийн үед П миний биед учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,

  Яллагдагч С.П мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2018 оны 10 дугаар 26-аас 27-нд шилжих шөнө эхнэр гэртээ ирж хоноогүй юм тэгээд өглөө 10 цагийн үед Ганцэцэг орж ирсэн. Би эхнэрээ гэртээ ирж хоносонгүй гэхэд эгчийндээ хоносон гэж хэлсэн тэгээд энэ асуудлаас болж бид 2 маргалдаад би Ганцэцэгийн нүүрэн тус газар нь 2 удаа алгадсан гарын булчингаас нь 2 удаа барьсан. Өмнө нь эхнэртээ гар хүрч байгаагүй. Гэртээ ирж хоноогүй болохоор нь ийм асуудал үүсчихлээ” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13034 дугаартай дүгнэлт:

  1. Ө.Ганцэцэгийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, эрүүний төвгөр, баруун, зүүн бугалга, нуруу, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
  1. Дээрх гэмтлүүд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 14/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 17/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 15/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч С.П нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 26/4 тоотод эхнэр Ө.Ганцэцэгтэй маргалдан улмаар түүний үснээс зулгааж, толгой, нүүрэн хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ө.Ганцэцэгийн: "...2018 оны 10 дугаар сарын 27-ны өглөө 11-12 цагийн үед Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 26/4 байрны 89 тоотод гэртээ ортол нөхөр П халамцуу сууж байсан. Тэгээд П намайг гэртээ ирж хоноогүй гээд хэрүүл хийж, намайг үснээс зулгааж, толгой болон нүүр, хүзүү, баруун зүүн мөрөнд гараараа хэд хэдэн удаа цохиж, зодсон…” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч С.Пэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч С.Пийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Ө.Ганцэцэг нь гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч С.Пэд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. С.П-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Пийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.П нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, С.П нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.         

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл С.Пэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Т.ШИНЭБАЯР