Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 184

 

 

С.П-эд холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаяр,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 101 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Үүрийнтуяагийн бичсэн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 3 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн С.П-эд холбогдох эрүүгийн 1806087882019 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Урианхай овгийн С.П, 1987 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 31 настай ,эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын удирдлага мэргэжилтэй, ........ их сургуульд хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт.............. дүүргийн .. дугаар хороо, ........ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................../;

С.П- нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 26/4-89 тоотод эхнэр Ө.Г-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.П-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч С.П-эд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар эцэслэн шийдвэрлэж болохгүй нөхцөл байдал шүүх хуралдааны үед дахин тогтоогдов.

Прокуророос яллагдагчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тохиолдолд мөрдөгч 14 хоногийн хугацаанд мөрдөн байцаалтыг явуулж хэргийг прокурорт шилжүүлэх ба прокурор хэргийг хүлээж авснаас хойш 24 цагийн дотор хянаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхээр хуульчилжээ.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар өмнө нь шүүхэд шилжүүлж байсан ба шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасныг зөрчиж, улмаар энэ байдал хангагдаагүй, мөн хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэх нь зүйтэй гэж үзэн прокурорт буцааж шийдвэрлэснээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдал дуусгавар болох нь зүйтэй. Учир нь хуулийн дээрх хугацаа тогтоож шаардсан зүйлчлэл хэрэгжих боломжгүй болсонд оршино.

Ийм нөхцөл байдал үүссэн байхад прокурор хэргийг дахин хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь буруу юм.

Мөн яллагдагчид оногдуулах эрүүгийн хариуцлагын саналыг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр өмнө нь шүүхэд шилжүүлэхдээ 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар гаргаж байсан атлаа шүүхээс буцаасны дараа 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж танилцуулсан нь яллагдагчийн эрхшээлд автагдсан байхаар ойлгогдож байна.

Улсын яллагч нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд зааснаар төрийн нэрийн өмнөөс яллах чиг үүргийг хэрэгжүүлэх субъект мөн гэдгийг анхаарч ажиллах шаардлагатай.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журам зөрчигдсөн, хуульд заасан журмаар хэргийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл үүссэн байхад ердийн журмаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь баримтаар нотлогдсон байх, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх, гэмт хэргийн улмаас үүссэн хохирлыг нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн байх, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх гэсэн шаардлагуудыг бүрэн дүүрэн хангасан байх ёстой.

Мөн тухайн хэргийн материалаас үзэхэд С.П- нь эхнэр Ө.Г-тэй маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж хэргийн талаар дүгнэсэн боловч хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байгаа нь бодит нөхцөл байдлаас зөрүүтэй байгааг прокурор тодруулж залруулан холбогдох ажиллагааг хийх нь зүйтэй.

Мөн тухайн хэрэгт яллагдагчаар С.П- татагдсан байгааг анхаарч түүний нэрийг С.П-эд гэж бичихгүй байхыг анхаарах шаардлагатай.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид холбогдох хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн боломж бүрдэж байна. ...” гэж үзэн С.П-эд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор М.Үүрийнтуяа бичсэн эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч байна.

 “... С.П-эд холбогдох хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хүндрүүлэх үндэслэлгүй байна. Тодруулбал: Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн гэмт хэргийг хуульчилж ердийн болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхой заасан ба ингэхдээ “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон нь” энэ гэмт хэргийн үндсэн шинж байхаар тогтоожээ. Иймээс С.П-ийн гэмт үйлдэл нь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн шинжтэй байх, хамтран амьдрагчаа байнга зоддог боловч гэмтлийн зэрэг тогтоогдохоор гэмтэл учраагүй бол Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, энэ үйлдлээс хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бол мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, хүндэвтэр хохирол учирсан бол 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, хүнд хохирол учирсан бол 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус хүндрүүлэн зүйлчилнэ гэж ойлгогдохоор байна.

Гэтэл С.П- нь эхнэр Ө.Г-ийг байнга зоддог гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогч Ө.Г- нь гэртээ ирж хоноогүй гэх шалтгаанаар маргалдан, улмаар С.П- нь Ө.Г-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байдаг.

Иймээс гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг үйлдсэн, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэг бүрийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэж хүндрүүлэх нь гэмт этгээдийн эрх зүйн байдлыг дордуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Дээрх зүйлд заасан гэмт хэргүүд нь халдлагад өртсөн хохирогчоороо биш гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үйлдлийн шинжээрээ хүндэрч байгаа тул “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн”-ий эсрэг үйлдсэн гэж хүндэрдэг.

Тиймдээ ч хууль тогтоогч “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх”, “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн”-ий эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх шинжүүдийг Эрүүгийн хуульд ялгамжтайгаар хүндрүүлэх нөхцөл байдал болгон заасан гэж үзэхээр байна.

Иймд С.П-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба дээрх зүйл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа ба яллагдагч С.П- нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргаж, прокуророос оногдуулсан 500 нэгжээр торгох ялыг хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 219 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 101 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүлцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор Ч.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 101 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх С.П-эд холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэлэлцэж байгаа боловч тухайн эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос С.П-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хэлэлцээд, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалт хангагдаагүй” гэж үзэж, хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, яллагдагч С.П-ийн хүсэлтийг үндэслэн прокуророос түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гаргаж, улмаар 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 1516/а дугаар яллах дүгнэлт үйлдэж, яллах дүгнэлтийн хавсралтаараа “С.П-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай”-гаа дурьджээ.

            Түүнчлэн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн хэрэгт прокурорын санал танилцуулан, яллах дүгнэлтийн хувийг гардуулсан тэмдэглэл”-ээр мөн дээрх 500 нэгжээр торгох саналыг танилцуулсан байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ” гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл, прокурор яллах дүгнэлт үйлдэхээс өмнө хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бий эсэхийг шийдвэрлэж, дээрх ажиллагааг хийсний дараа яллах дүгнэлт үйлдэх байтал яллах дүгнэлт үйлдэх цаг хугацаандаа хамтруулж, улмаар яллах дүгнэлтийн хавсралтад яллагдагчид оногдуулах эрүүгийн хариуцлагын саналаа бичсэн нь буруу юм.

Иймд энэ талаар заасан шүүгчийн захирамж үндэслэлтэй байх тул уг захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.

Харин шүүгчийн захирамжийн “С.П-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь бодит нөхцөл байдлаас зөрүүтэй байгааг залруулах” талаар заасан хэсэг нь үндэслэл муутай болсон байна.

Учир нь, С.П-ийн гэр бүлийн хүн болох Ө.Г-ийг хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэй маргааны улмаас зодож, хөнгөн гэмтэл учруулсныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй.  

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн  “зүйлчлэлийг хүндрүүлэх” тухай заасан үндэслэлийг хүчингүй болгож, бусад үндэслэлийг хэвээр үлдээж, эсэргүүцлээс “зүйлчлэлийг хүндрүүлэх шаардлагагүй” гэсэн хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 2019/ШЗ101 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр” бичсэн прокурор М.Үүрийнтуяагийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 3 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР 

 

ШҮҮГЧ                                                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ 

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ