| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 183/2022/02706/И |
| Дугаар | 210/МА2025/01123 |
| Огноо | 2025-06-30 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2025/01123
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/03161 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, *******д тус тус холбогдох,
ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 105,248,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******, өмгөөлөгч Б.Зулбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Тус компани нь өмнө нь ******* нэртэй байсан. 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч нь *******-ийн Оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын барилга-ын гадна цахилгаан хангамж, 35 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 35 кв-ын 1 талдаа хуурай салгуур бүхий таслуур байрлуулах, 35/0.4 кв-ын 400 кв чадалтай дэд станцыг угсарч суурилуулах ажил гүйцэтгэх, хариуцагч нь ажлын хөлс 220,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн.
Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр барилгын ажлын зөвшөөрөл олгосноор ******* нь гэрээт ажлыг 2020 оны 04 дүгээр сараас 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд бүрэн гүйцэтгэж, улсын комисст 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээлгэн өгсөн.
Хариуцагч компани 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 60,000,000 төгрөг, 08 дугаар сарын 05-ны өдөр 50,000,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 15,000,000 төгрөг, нийт 125,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг одоог төлөөгүй.
Иймд үлдэгдэл ажлын хөлс 95,000,000 төгрөг, алданги 10,248,000 төгрөг, нийт 105,248,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагч *******-ийн татгалзал, тайлбарын агуулга:
*******-ын тодорхой удирдлага албан тушаалаа ашиглан цахилгааны ажлыг төсөвт өртгөөс 2 дахин үнэтэй нөхцөлөөр манай компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллуулах шаардлага тавьсныг зөвшөөрөөгүй бөгөөд *******-ийн хүнтэй уулзаж байгаагүй, гэрээ байгуулаагүй.
******* бусадтай гэрээ байгуулж, *******-аас орж ирж байсан мөнгийг захиран зарцуулсан. Нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан гэх *******, ****** нар нь манай компанид ажиллаж байгаагүй, манай компанийг төлөөлөх эрхгүй хүмүүс юм.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Хариуцагч ******** татгалзал, тайлбарын агуулга:
2019 оны 05 дугаар сард Тэрэлжид байх оюутны дадлагын хээрийн баазыг барьж угсрах тендерт ******* шалгарсан. Энэ ажилд нь ******* туслан гүйцэтгэгчээр байсан.
2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрээгээ цуцлах өдөр хүртэл *******-аас *******-д 1,500,181,250 төгрөгийг шилжүүлсэн ба үүнд цахилгааны дэд станцын төлбөр бүрэн шингэсэн байсан.
Ажил гүйцэтгэх гэрээний дагуу бид нар цахилгааны дэд станцын төлбөрийг ******* руу шилжүүлсэн тул нэхэмжлэгчийн шаардаж буй нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн магадлалаар ******* нь *******-ийн өмнө ямар нэгэн гэрээний үүрэг хариуцахгүй талаар дүгнэсэн.
Иймд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 347 дугаар зүйлийн 347.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******-аас 105,248,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******д холбогдох *******-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 820,140 төгрөгийн 684,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, *******-ийн илүү төлсөн 135,950 төгрөгийг улсын орлогоос буцаан, хариуцагч *******-аас 684,190 төгрөгийг нөхөн гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгохоор шийдвэрлэсэн.
5. Хариуцагч *******-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Манай компани нэхэмжлэлд дурдсан дээрх гэрээг огт байгуулж байгаагүй бөгөөд үнийн дүнг хэрхэн гаргасан нь тодорхойгүй байхад зах зээлийн үнээс хэт өндөр үнийн дүн бүхий гэрээг байгуулсан мэтээр Компанийн тухай хууль зөрчсөн гэрээг нотлох баримтаар үнэлэн шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна.
Анхан шатны шүүх Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг үл тоон 10%-ийн татвар төлөх шаардлагагүй хэмээн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй.
Тендерт анх ороход манай компаниас гаргаж өгсөн үнийн дүн бүхий ажлын тоо хэмжээний төсвийг нотлох баримтаар Төрийн худалдан авах ажиллагааны газраас гаргуулан авсан мөртлөө түүнийг нотлох баримтаар үнэлээгүй. Гэтэл энэ баримтыг давж заалдах шатны шүүх нотлох баримтаар үнэлэх шаардлагатай гэж шийдсэн байдаг.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагчийг төлөөлөх эрх бүхий этгээдтэй гэрээг байгуулсан. Гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн. Анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул хэвээр үлдээж өгнө үү.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Монгол улсын боловсролын их сургуулиас оролцоогүй, бичгээр тайлбар ирүүлээгүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлс 95,000,000 төгрөг, алданги 10,248,000 төгрөг, нийт 105,248,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч ******* нь гэрээ байгуулаагүй гэж, ******* шаардаж буй төлбөрийг *******-д төлсөн гэж тус тус нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
2.1. *******-ийн *******д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 95,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2021/02207 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 313 дугаар магадлалаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан.
Одоо нэхэмжлэгчийн зүгээс гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь дээрх шийдвэрээр шийдвэрлэсэн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад хамаарч байна.
Иймд анхан шатны шүүх *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт нийцжээ.
2.2. Харин *******-д холбогдох нэхэмжлэлд холбогдох үйл баримтын талаар дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогоогүй. Энэ талаар анхан шатны шүүх алдаатай эрх зүйн дүгнэлт өгснийг залруулна.
3. 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан гэрээгээр ******* ажлын хөлсөд 2,470,000,000 төгрөг төлөхөөр, ******* оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын барилга угсралтын ажлыг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дуусгаж, ашиглалтад оруулахаар харилцан тохиролцсон байна.
Мөн уг гэрээ байгуулах тендерт ******* нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн гэрээнд үндэслэн *******-тай түншлэл болон хамтран оролцжээ.
3.1. Дээрх гэрээнд заасан гадна цахилгаан хангамж, 35 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 35 кв-ын 1 талдаа хуурай салгуур бүхий таслуур байрлуулах, 35/0.4 кв-ын 400 кв чадалтай дэд станцыг угсарч суурилуулах ажлыг гүйцэтгүүлэхээр ******* 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр *******-тай гэрээ байгуулж, ажлын хөлсөд 220,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.
Энэ гэрээнд заасан ажлыг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Нийслэлийн засаг даргын захирамжаар байгуулагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс актаар хүлээн авчээ.
Түүнчлэн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр *******тай *******-ийн гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажилд гадна цахилгаан хангамж, 35 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 35 кв-ын 1 талдаа хуурай салгуур бүхий таслуур байрлуулах, 35/0.4 кв-ын 400 кв чадалтай дэд станцыг угсарч суурилуулах ажил багтсан болох нь Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А-2/397 тоот албан бичгээр ирүүлсэн тендерийн материал, төсөвт тусгагдсан болно.
3.2. Хариуцагчийн зүгээс 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр бичгээр байгуулсан гэрээг тус компанийн зүгээс байгуулаагүй гэж маргасан.
Гэвч 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ******* болон *******-ийн хооронд байгуулсан үндсэн гэрээнд тус компанийг төлөөлөн захирал ******, дэд захирал *******, ерөнхий нягтлан бодогч ****** нар хамтран гарын үсэг зурж, компанийн тамга дарсан нь эдгээр этгээд тухайн үед *******-ийн нэрийн өмнөөс гэрээ байгуулах эрх бүхий албан тушаалтнууд болохыг нотолж байна.
Үүний дараа, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр *******-тай байгуулсан гэрээнд *******, ****** нар *******-ийн нэрийн өмнөөс дахин гарын үсэг зурж, компанийн тамгыг хэрэглэж өмнөх гэрээний төлөөллийн харилцааг үргэлжлүүлжээ.
Мөн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан үндсэн гэрээнд *******-ийн захирал ****** нь *******, ****** нартай хамтран гарын үсэг зурсан нь тэдгээр албан тушаалтнуудыг компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хүлээн зөвшөөрсөн үйлдэл гэж үзэх үндэслэлтэй.
Иймд 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр *******-тай *******, ****** нарын байгуулсан гэрээг *******-ийн өмнөөс байгуулсан гэж дүгнэнэ.
3.3. Хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд эдгээр үйл баримт тогтоогдож байна.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.
Гэрээнд заасан ажлыг нэхэмжлэгч актаар хүлээлгэж өгсөн үйл баримт тогтоогдсон тул ажлын хөлсний үлдэгдэл 95,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.
4.1. Харин алдангийн шаардлагыг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх гэрээгээр тохиролцсон хувь хэмжээг анхаараагүй орхигдуулсан байгааг залруулан дүгнэнэ.
Зохигчийн байгуулсан гэрээний 6.2-т санхүүжилт өгөх хугацааг 5 хоногоос дээш хэтрүүлсэн бол хугацаа хэтэрсэн хоног тутам үнийн дүнгээс 0.002%-иар бодож гүйцэтгэгчид алданги төлнө гэж заасан.
Хариуцагчийн сүүлийн санхүүжилт олгосон хугацаанаас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх 635 хоногоор тооцоход 1,206,500 төгрөгийн алданги тооцогдоно.
Иймд энэ хэмжээгээр алдангийн шаардлагыг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулна.
4.2. Хариуцагчийн гаргасан татвартай холбоотой гомдол нь энэхүү хэрэгтэй шууд хамааралгүй, нэхэмжлэлийн үнийн дүнгээс татварыг шууд хасч тооцох үндэслэлгүй тул хангахгүй орхив.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх үйл баримтын талаарх эрх зүйн дүгнэлт, алданги буруу тооцсон алдааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/03161 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 347 дугаар зүйлийн 347.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт баримтлан хариуцагч *******-иас 96,206,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс 9,041,500 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 820,140 улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 638,982 төгрөг, улсын орлогоос илүү төлсөн 135,950 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 688,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Т.БАДРАХ