Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2019/0565/З |
Дугаар | 221/МА2020/0109 |
Огноо | 2020-02-12 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2020/0109
Э.Б-ы нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, Э.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, хариуцагчийн өмгөөлөгч М.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 897 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, түүний өмгөөлөгч М.Б нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Э.Б-ы нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 897 дугаар шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан Э.Б-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “...Нийслэлийн Засаг даргын “Э.Б-ыг шилжүүлэн ажиллуулах тухай” 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/47 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж,
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4, Аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Төрийн аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасныг тус тус баримтлан Э.Б-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/91 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Э.Б-ыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын даргын үүрэг гүйцэтгэгч албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 6 сар 21 хоногийн цалин болох 9,959,497 төгрөгийг мөн хугацаанд холбогдох татвар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган тооцож нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т давж заалдах гомдолдоо: “...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан болсон өдөр 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 13 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох байсан тул Э.Б-ы нэхэмжлэлтэй шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг холбогдох баримтын хамт шүүхэд хүргүүлсэн.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон шүүх хуралдаан нь 14 хоногийн өмнө товлогдож, мэдэгдсэн байсан ба мэдэгдэх хуудсыг шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтдээ хавсарган өгсөн байсан. Харин Э.Б-ны нэхэмжлэлтэй хэргийн шүүх хуралдааны товыг 5 хоногийн өмнө шүүгчийн туслах утсаар мэдэгдсэн.
Мөн тус өдөр 14 цаг 30 минутад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ”-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг даргад тус тус холбогдох хэгийн шүүх хуралдаанд товлогдсон байсан.
Миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирэхэд Э.Б-ны нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцох боломжийг хангалгүй, шүүх хуралдааныг эхлүүлсэн байсан. Харин нөгөө хурал эхлээгүй байсан тул тус шүүх хуралдаанд оролцсон.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 8/1916 дугаар албан бичгээр нэхэмжлэгч нь 2 ажил эрхэлдэг мэтээр лавлагаа ирсэн.
Гэтэл лавлагаагаар нэхэмжлэгч нь ямар ажил эрхэлдэг талаар тодорхой биш байсан тул энэхүү байдлыг тодруулахаар хүсэлт гаргахаар бэлтгэсэн байсан ба шүүх хуралдаанд оролцох боломж олгоогүйгээс энэ талаарх нотлох баримтыг гаргуулж авч чадаагүй ба тус нотлох баримт нь нэхэмжлэгчийн ажил үүргээ хэрхэн биелүүлж байсантай холбоотой чухал баримт бөгөөд хэрэгт ач холбогдолтой байсан.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч М.Б давж заалдах гомдолдоо: “...Аудитын дүгнэлтээс үзвэл товчхондоо “...газрын албаны чиг үүргийн хэрэгжилтийг үр нөлөөтэй гэж дүгнээгүй, газрын батлагдсан төлөвлөгөөг баримталдаггүй, мөрддөггүй, газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр олгодог, газар олголтын үр дүн хангалтгүй, газар зохион байгуулалтад тавих хяналт үндсэндээ байхгүй, мэдээллийн сангийн хөтлөлт үр дүн муутай, газрын төлбөр хураамжийн орлогыг үнэн зөв төлөвлөж чаддаггүй ба нийт 119.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн...” гэсэн дүгнэлтүүд гарсан.
Эдгээр нь Нийслэлийн Газрын албаны даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч Э.Б-ны ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэнтэй холбоотой болох нь хэрэгт авагдсан баримтаар тодорхой нотлогдож байтал энэ талаар огт үнэлж, дүгнэлгүйгээр хариуцагчаас үүнтэй холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй гэсэн үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлах боломж олгоогүй буюу шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.
Тодруулбал шүүх хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14 цаг 30 минутад товлогдож хуралдсан ба тухайн өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан давхацсан тул тус өдөр товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүссэн хүсэлтийг шүүхэд хүргүүлж, холбогдох нотлох баримтыг хавсаргасан байсан ба итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцээний үндсэн дээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлттэй байсан болно.
Ийнхүү анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчин хэргийг хянан шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Э.Б-ыг анх Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/178 дугаар захирамжаар[1] Нийслэлийн Газрын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Б/32 дугаар захирамжаар[2] Нийслэлийн Газрын албаны даргаар томилжээ.
Ингээд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Б/91 дүгээр захирамжаар[3] “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 37.1.15, 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасныг тус тус үндэслэн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, Нийслэл дэх Төрийн аудитын газрын “Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, тайлан”-аар холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон” гэсэн үндэслэлээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Э.Б-ныг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Уг захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлд 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хандсан байх бөгөөд энэхүү гомдолд Төрийн албаны зөвлөлөөс 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “...шүүхэд хандах тухай” хариу өгсөн байна.
Нийслэл дэх Төрийн аудитын газраас “Нийслэл дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр хураамжийн байдал, түүний үр дүн” сэдэвт гүйцэтгэлийн аудит хийхдээ 2015-2017 оныг хамруулсан байх бөгөөд уг шалгалтын тайлангийн төслийг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 970 дугаар албан бичгээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлжээ.
Дээрх төсөлд оруулах саналыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас хуулийн хугацаанд буюу 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дотор ирүүлээгүй бөгөөд 04 дүгээр сарын 30-ны өдөр 02-06/1387 дугаар албан бичгээр ирүүлсэн тул саналыг тайланд тусгалгүйгээр Нийслэл дэх Төрийн аудитын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 22 дугаар тушаалаар баталгаажуулжээ.
Энэхүү Нийслэл дэх Төрийн аудитын газрын “Нийслэл дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр хураамжийн байдал, түүний үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлангаар Нийслэл, дүүргийн Газрын албаны 2015-2017 оны үйл ажиллагаанд гарсан зөрчлүүдийг дурдаж, улмаар 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 01/191 “Зөрчил арилгуулах тухай” Албан шаардлагыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн байна.
Анхан шатны шүүх “...Э.Б-ыг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс хойших хугацааны ямар зөрчилд нэхэмжлэгчийг буруутгаж сахилгын арга хэмжээ авсан болон ямар үүрэг даалгавар биелүүлээгүй талаарх баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй” гэх дүгнэлтийг хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Э.Б нь 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс уг албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажилласан байх бөгөөд дээр дурдсан аудитын байгууллагын тайлан гарсан, тухайн гарсан гэх зөрчлүүдтэй холбоотой халсан талаар хариуцагч бичгийн тайлбаруудыг[4] ирүүлсэн байхад шүүхийн шаардсан нотлох баримтыг ирүүлээгүй, сахилгын арга хэмжээ авах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулахаар зохицуулсан.
Ийнхүү хариуцагчийн маргаан бүхий актад дурдсан үндэслэл буюу аудитын тайлангаар илэрсэн зөрчлүүд, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй нь ямар нотлох баримтаар үгүйсгэгдэх, нэхэмжлэгч Э.Б-д сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй эсэх, хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтад анхан шатны шүүхээс дүгнэлт өгөөгүй байна.
Өөрөөр хэлбэл Э.Б нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа тухайн зөрчлүүдийг гаргасан эсхүл гаргаагүй болох нь хэрхэн нотлогдож байгаа, хэрэв зөрчил гаргасан бол зөрчлийн шинж байдалд тухайн шийтгэл тохирсон үгүй, улмаар актын үндэслэл болон хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлийг захиргааны хэргийн шүүх тодруулах, дүгнэлт хийх шаардлагатай юм.
Иймд дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг ханган, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсгийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 897 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] 1 хавтаст хэргийн 17 хуудас
[2] 1 хавтаст хэргийн 18 хуудас
[3] Хавтас 2, хуудас 27
[4] Хавтаст хэргийн 1, хуудас 95-96, хавтаст хэргийн 3, хуудас 204-205