Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 1210

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Ш.Нямдорж,

шүүгдэгч Н.Х, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Г.Сүхээ  нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Н.Хд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 00680 0068 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Н.Х, 1996 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Улаанбаатар хот Бяанзүрх дүүрэг 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 40-04 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД: УК96060155/,

Шүүгдэгч Н.Х нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол 40 дүгээр байрны 4 тоотод байрлах өөрийн гэртээ болон тус дүүргийн 25 дугаар хороо 44 дүгээр байрны баруун талд 07-89 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта 9 тетрагидроканнабинолыг агууламжтай 3.9 грамм жинтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг  шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Н.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Манай аавын дүү нь элэгний хорт хавдартай болж, донор олдохгүй байсан. Тэгээд би донороор сонгогдсон. Би амь насаа алдаж болзошгүй гэсэн утгатай гэрээ дээр гарын үсэг зурсан. Тэрнээс хойш хэд хоног миний нойр хүрээгүй. Энэ талаар найздаа хэлэхэд манай найз сэтгэлийг маань тайвшируулах ийм зүйл байдаг гэж хэлсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Гэрч Б.Энххүслэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 15 цагийн үед найз залуу Х-гийн гэрт байж байтал Х гаднаас орж ирээд таньдаг хүнээс нэг өвс авсан гээд надад хэлээд бид хоёр гэрээс гараад өөрийн байрны 5 давхарт шатанд дээр уг өвсөө тамхины цаасан хэсэгт байх тамхийг гаргаж байгаад нөгөө өвсөө хийгээд асаагаад бид хоёр хуваагаад татчихсан. Жаахан толгой манарсан. Тэгээд буцаж ороод найз залуу Х-ийн сургууль руу орж байж байгаад буцаад гэрт нь ирээд орой 19 цагийн үед Х аавынхаа машиныг аваад бид хоёр Ариунзултай уулзахаар гэрээс гарсан. Тэгээд Ариунзулын байрны гадаа ирээд Ариунзулыг хүлээгээд байрны гадаа машинд сууж байтал найз залуу Х нөгөө өвсөө дахин тамхинд хийх гэж байгаад цагдаад баригдчихсан...” гэх мэдүулэг /1хх-ийн 31/,

 Яллагдагч Н.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би уг өвсийг мэт зүйлийг өөрийн халаасандаа хадгалж байсан. Өөрөө хэрэглэх зорилгоор хадгалж байсан. Би өөрийн гэм бурууг ойлгож ухамсарлаж байгаа....” гэх мэдүүлэг /1хх-ийн 68-69/,

2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд: “...Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 44 дүгээр байрны зогсоолд байх бөгөөд 44 дүгээр байр гэсэн бичигтэй саарал өнгийн 12 давхар байр байх ба уг байрны ертөнцийн зүгээр баруун талд...07-89 УБЭ улсын дугаартай М.Бенз маркийн S350 автомашины ертөнцийн зүгээр хойд зүг рүү харсан автомашин байрласан....нэг удаагийн цаасан аяганд бор өнгийн өвс мэт зүйл хийсэн...” гэсэн тэмдэглэл /1хх-ийн 16-22/,

 Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тэмдэглэлд “...Н.Хг зориулалтын саванд шээлгүүлж үр дүнг харахад...5 дугаар багана AMP илэрсэн, 6 дугаар багана ТНС илэрсэн” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 23/,

Эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцсон тухай 2019 оны 03 дугаар сарын 15-ний өдрийн тогтоол: “...07-89 УБЭ дугаартай автомашинаас хурааж авсан өвс мэт зүйл 1 хэсэг...зиплок түгжээтэй, гялгар ууттай, бор ногоон өнгийн 2.7845 грамм, ....0.3078 грамм жинтэй бор өнгийн, нунтаг ургамал мэт зүйл,....1.1700 грамм жинтэй ургамал мэт зүйл...” /1хх-ийн 27/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №10322 дугаартай дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн “Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 44 дүгээр байрны баруун талд 07-89 УБЭ дугаартай автомашинаас хурааж авсан өвс мэт зүйл 1 хэсэг 2018.10.01 а/х Г.Ганхүлэг” гэж хаягласан гялгар ууттай бор ногоон өнгийн ургамал мэт зүйл 2.7845 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 44 дүгээр байрны баруун талд 07-89 УБЭ дугаартай автомашинаас хурааж авсан өвс мэт зүйл 1 хэсэг 2018.10.01 а/х Г.Ганхүлэг” гэж хаягласан гялгар ууттай бор ногоон өнгийн ургамал мэт зүйлд делта-9 тетрагидроканнабинол илэрсэн.

3. Дельта 9 тетрагидроканнабинол нь 1971 оны НҮБ-ын “Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтдаг болно.

4. Шинжилгээнд ирүүлсэн “БЗД-ийн 25 дугаар хороо 44 дүгээр байрны баруун талд 07-89 УБЭ дугаартай автомашинаас хурааж авсан өвс мэт зүйл 1 хэсэг 2018.10.01 а/х Г.Ганхүлэг” гэж хаягласан гялгар ууттай бор ногоон өнгийн ургамал мэт зүйл нь 2.7845 грамм байна..” гэх дүгнэлт /1хх-ийн 45-46/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын ны өдрийн №10294 дугаартай дүгнэлт: “Шинжилгээнд ирүүлсэн “БЗД Цагдаагийн хэлтэс 1 хошууч Т.Алтангэрэл гялгар ууттай өвс мэт зүйл гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно... “БЗД Цагдаагийн хэлтэс 1 хошууч Т.Алтангэрэл гялгар ууттай...цэвэр жин нь 1.1700 грамм байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 48-49х/,

 Шүүх сэтгэц эмгэг судлалын №421 дүгнэлт:

1. “...Одоо Н.Х нь сэтгэцийн эмгэггүй байна. Н.Х нь сэтгэцийн эмгэггүй байна.

2. Н.Х нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

3. Н.Х нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

4. Н.Х мансууруулах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна..” гэх дүгнэлт /1хх-ийн 61-62/, иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 73/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 82/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Шүүгдэгч Н.Х нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол 40 дүгээр байрны 4 тоотод байрлах өөрийн гэртээ болон тус дүүргийн 25 дугаар хороо 44 дүгээр байрны баруун талд 07-89 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта 9 тетрагидроканнабинолыг агууламжтай 3.9 грамм жинтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь

Гэрч Б.Энххүслэнгийн: “...2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 15 цагийн үед найз залуу Хгийн гэрт байж байтал Х гаднаас орж ирээд таньдаг хүнээс нэг өвс авсан гээд надад хэлээд бид хоёр гэрээс гараад ббрийн байрны 5 давхарт шатанд дээр уг өвсөө тамхины цаасан хэсэгт байх тамхийг гаргаж байгаад нөгөө өвсөө хийгээд асаагаад бид хоёр хуваагаад татчихсан. Жаахан толгой манарсан. ...Тэгээд Ариунзулын байрны гадаа ирээд Ариунзулыг хүлээгээд байрны гадаа машинд сууж байтал найз залуу Х нөгөө өвсөө дахин тамхинд хийх гэж байгаад цагдаад баригдчихсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №10322 дугаартай дүгнэлт, Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тэмдэглэл болон шүүгдэгчийн өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Н.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Н.Хг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Хд эрүүгийн хариуцлага оногдуулахад хуульд заасан ял хүндрүүлэх болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, түүний үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, хувийн байдал, эрүүл мэндийн байдал, хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэж, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Н. Хг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар Н.Хд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар түүнд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүргийн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 3 /гурав/ жилийн хугацаанд хориглох хязгаарлалт тогтоосугай.

3. Тэнссэн хугацаанд Н.Хд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчвөл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүх, прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсагт зааснаар шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 хэсэг 2018.10.01 а/х Г.Ганхүлэг гэж хаягласан глгар ууттай бор ногоон өнгийн ургамал мэт зүйл 2.7845 грамм, 1 хэсэг 2018.10.01 а/х Г.Ганхүлэг гэж хаягтай “Үе Үе” гэсэн бичиглэлтэй, цаасан аягатай 19.4326 грамм, цэвэр жин нь 0.3078 грамм жинтэй гялгар ууттай бор өнгийн, нунтаг ургамал мэт зүйл, гялгар ууттай 5.0037 грамм, цэвэр жин нь 1.1700 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, мөнгөлөг өнгийн цаас 2 ширхэг 2018.10.01 а/х Г.Ганхүлэг гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн 2 ширхэг мөнгөлөг цаас нь Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст тус тус даалгасугай.

 

5. Хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Н.Х нь урьд хоёр хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Н.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР