Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 926

 

Н.Х-д холбогдох эрүүгийн

                                                                           хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ш.Нямдорж,

шүүгдэгч Н.Х-гийн өмгөөлөгч Н.Намжилцогт, Г.Сүхээ, 

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1210 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Ш.Нямдоржийн бичсэн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 43 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Н.Х-д холбогдох эрүүгийн 1906006800068 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Голын улаан овгийн Н.Х-, 1996 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Н.Х- нь 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 40 дүгээр байрны 4 тоотод байрлах өөрийн гэртээ болон тус дүүргийн 25 дугаар хороо, 44 дүгээр байрны баруун талд 07-89 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 3,9 гр жинтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. 

            Нийслэлийн прокурорын газраас: Н.Х-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.           

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Х-г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Н.Х- нь 2 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ш.Нямдорж тус шүүхэд бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Хэдийгээр шүүх Н.Х-гийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр 1 жилийн хугацаагаар тэнссэн боловч хор уршгийн талаар дүгнэлт хийсэнгүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон” байхаар, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор” тус тус заасан байхад хохирол учраагүй, хор уршиг арилсан гэж үзэх боломжгүй юм. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил нь Монгол Улсын үндэстний эрх ашиг, тэр дундаа залуу үе, нийгмийн ухамсар, хүн амын эрүүл, аюулгүй байдалд хор хохирол үр дагавар нь үүсч байдаг тул тухайн төрлийн гэмт хэргийн хохирол, хор уршиг, үр дагаврыг нийтлэг эрх ашигт аюул учруулж болох нөхцөл байдлаар үнэлж дүгнэх учиртай. Харин материаллаг, эсхүл өртгөөр үнэлэгдэх хэлбэрээр хохирол, хор уршгийг тодорхойлох нь хууль зүйн хувьд алдаатай болно. Мансууруулах бодисын нийгэмд учруулж буй хор хохирлыг шүүх эрх мэдлийн байгууллагаас ял, хариуцлагыг адил тэнцүү, нэг мөр сонгож хэрэглэснээр төрийн бодлогын агуулга тодорхойлогдоно. Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг шийтгэх тогтоолд өөр өөрөөр тайлбарлаж, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэх, хадгалах, худалдах төрлийн гэмт хэргүүдийг шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим, мөн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд үл нийцнэ. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Н.Х-гийн өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын Үндсэн хуульд шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ, шүүгч нь хараат бус байж гагцхүү хуульд захирагдана гэж заасан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг тогтоосон. Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх байдлыг харгалзан үзсэн. Энэ талаар шийтгэх тогтоолд тодорхой дүгнэлт хийсэн. Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, урьд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, мөн ахынхаа элэгний донор болж тухайн үед өөрийн айдсаа дарах, нойргүйдлээс ангижирах, тайвширах зорилгоор өвс гэх нэршилтэй бодисыг олж авч, хэрэглэсэн зэрэг нөхцөл байдлыг шүүхээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тодорхой төрлийн албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь оновчтой болсон. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгөхийг хүсье...” гэв.

Шүүгдэгч Н.Х-гийн өмгөөлөгч Г.Сүхээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Н.Намжилцогтын хэлсэн тайлбар дээр нэмж ярих зүйлгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Н.Х- нь 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 40 дүгээр байрны 4 тоотод байрлах өөрийн гэртээ болон тус дүүргийн 25 дугаар хороо, 44 дүгээр байрны баруун талд иргэн З.Гэрэлмандахын эзэмшлийн 07-89 УБЭ улсын дугаартай, “Benz S350” загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 3,9 гр жинтэй, “өвс” гэх нэршилтэй  мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

            Н.Х- мөрдөн байцаалтын явцад гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...манай аавын төрсөн дүү Төрмандах ах элэгний хорт хавдрын улмаас 2018 оны 9 дүгээр сарын үед эрүүл мэндийн байдал нь муудсан. Тэр үед би өөрийн элэгээ Төрмандах ахад өгөхөөр болсон. Ингээд элэг шилжүүлэн суулгах мэс засалд орохоор Энэтхэг Улс руу явсан. Тэнд байх хугацаандаа элэг шилжүүлэн суулгах мэс заслын бичлэг үзэж олон зүйлүүдтэй танилцсан. Тэрнээс хойш маш их айж, сэтгэл санаагаар унасан. Монгол Улсад байх хугацаанд шөнө нойр хүрэхгүй, 2-3 хоног нойргүй явсан. Тэгээд интернэтээс тайвшруулах арга, хэрэгсэл хайж байгаад хар тамхины талаар олж мэдээд хэрэглэж үзэх санаа төрсөн. Хэд хоногийн дараа АНУ-д амьдардаг Мандуул гэх найз маань интернэтээр холбогдож “Жуковын музейн баруун талын 5 давхар саарал өнгөтэй байшингийн 2 дугаар орцны 2 давхрын цахилгааны самбарын дээд талд нь ууттай өвс байгаа, тэрийг аваад хэрэглээд үз, тамхинд ороогоод татдаг юм” гэж хэлсэн. Тэгээд би ганцаараа нөгөө газарт очиход 1 удаагийн жижиг уутан дотор шаргал өнгөтэй өвс шиг зүйл байхаар нь аваад гэртээ ирж найз охин Энххүслэнгийн хамт тамхины цаасанд ороож татсан. Дараа нь Шинэ Монгол дунд сургуулийн баруун талд автомашин дотроо нөгөө үлдсэн өвсөө татах гээд тамхины цаасанд хийж байхад цагдаа ирсэн. Би уг өвсийг өөрийн халаасандаа хадгалж байсан. Өөрөө хэрэглэх зорилгоор хадгалж байсан...” /1хх-ийн 38-39, 68-69/ гэж тухайн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг олж авч, хадгалах болсон шалтгаан, санаа зорилгын талаар мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

            гэрч Б.Энххүслэнгийн “...2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 15 цагийн үед Х- гаднаас орж ирээд таньдаг хүнээс нэг өвс авсан гэж надад хэлсэн. Бид хоёр гэрээс гараад өөрийн байрны 5 дугаар давхрын шатан дээр уг өвсөө тамхины цаасанд хийж асаагаад хувааж татсан. Орой 19 цагийн үед Х- аавынхаа автомашиныг аваад бид хоёр Ариунзулын байрны гадаа иртэл Х- нөгөө өвсөө дахин тамхинд хийх гэж байгаад цагдаад баригдсан...” /1хх-ийн 31/ гэсэн мэдүүлэг,

            2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 21 цаг 10 минутын үед, 07-89 УБЭ улсын дугаартай, “Benz S350” загварын тээврийн хэрэгслийг зогсож байхад нь сэжиг бүхий үндэслэлээр шалгаж, гэмт хэргийн шинжийг илрүүлсэн цагдаагийн ажилтан Б.Оргилбаярын илтгэх хуудас /1хх-ийн 8/,  

            хэргийн газарт үзлэг явуулж “өвс” мэт зүйлийг хураан авч, эд мөрийн баримтаар  тооцсон тухайн тэмдэглэл, тогтоол /1хх-ийн 16-22, 27/, дээрх зүйлд болон Н.Х-гийн биеэс авсан биологийн дээжинд мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илэрсэн тухай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн 10322 дугаартай дүгнэлт /1хх-ийн 23, 48-49/ зэргээр давхар нотлогджээ.

            Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Н.Х-г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар зөвхөн шүүхэд олгосон.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Х-гийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, өөрийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал, мөн эрүүл мэнд болон хувийн байдлыг нь харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд тодорхой төрлийн албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Х- нь үйлдсэн хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээсэн, урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаагаас гадна, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн авга ахынхаа элэгний донор болж элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарт орсон, байнгын эмнэлгийн хяналтанд байгаа зэрэг хорих ялыг биеэр эдлэхэд саад болохуйц эрүүл мэндийн шалтгаан үндэслэл тогтоогдсон тул эдгээрийг анхан шатны шүүх харгалзан үзэж дээрх байдлаар шийдвэрлэснийг хуульд харшлаагүй гэж үзлээ.

Харин улсын яллагчийн эсэргүүцэлд дурьдсанчлан энэ гэмт хэргийн улмаас улс, үндэстний аюулгүй байдал, хүн амын эрх ашигт учирч болох хор уршиг, үр дагаврын талаар хийсэн дүгнэлт шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгагдаагүй байх бөгөөд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцсэн байна.    

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар маргасан улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1210 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ш.Нямдоржийн бичсэн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 43 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                                                                                        

         

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                             ШҮҮГЧ                                                                        Ц.ОЧ

                             ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН