Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2020/0111

 

 

 М.Х-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Б.Г, Т.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 778 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-ийн гаргасан давж заалдах гомдлын дагуу М.Х-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 778 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.13, 48  дугаар зүйлийн 48.1.3, 48.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Хувьзаяагаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/162 дугаар тушаалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж” тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н давж заалдах гомдолдоо: “...шүүх хуралдааны хэлэлцүүлгийн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дархан-Уул аймгийн Дархан суманд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2003018160 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр эд хөрөнгийн салган бүртгэхдээ ахлах бүртгэгч Ш.Ц холбогдох хууль тогтоомж, журмыг зөрчсөн талаар дүгнэсэн, мөн Авилгатай тэмцэх газар тус асуудлаар шалгагдаж, Дархан-Уул аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Д, Д.Б нарын нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэх болон мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа талаар тайлбарыг гаргасан боловч шүүх тус нөхцөл байдлыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь нотлох чиг үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. Тус нотлох баримтыг захиргааны хэргийн оролцогч гаргаж өгөх боломжгүй төдийгүй шүүх тухайн тайлбар, маргаж байгаа үйл баримтыг тогтоох нь нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн няцаалттай холбоотой юм.

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу төрийн албаны үйл ажиллагаа нь тогтвортой байх буюу албаны үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн явагдах талаар хуульд зохицуулжээ. Үүнээс үзвэл хэдийгээр нэхэмжлэгч нь тухайн цаг хугацаанд өөрийн биеэр ажлын байрандаа байгаагүй гэж дүгнэх боловч тухайн албан тушаалтанг орлон гүйцэтгэх, эсхүл чиг үүргээ бусдад шилжүүлсэн талаар тушаал гаргаагүй байхад чиг үүргээ биелүүлэх бодит нөхцөл байгаагүй гэж дүгнэж байгаа нь төрийн албаны үйл ажиллагааг зөвхөн ажлын байрандаа буюу өрөөндөө хэрэгжүүлэх гэх ойлголтоор дүгнэж болохгүй юм.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээлгээгүй түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцох бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.9-д жилийг уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусахаар зохицуулах ба хэргийн үйл баримтаас харвал нэхэмжлэгчид 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 48.6-д заасан 1 жил өнгөрөөгүй байхад анхан шатны шүүх хугацааг буруу тогтоосон.

Аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт заасан хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, Улсын бүртгэлийг үнэн зөв хөтлөхөд хяналт тавих хэлтсийн болон сумын улсын бүртгэгчдийг шууд мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, улсын бүртгэлийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, хөтлөгдсөн улсын бүртгэлийг мэдээллийн санд баталгаажуулах, улсын бүртгэгч нарын хөтөлж буй бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн нь маргаан бүхий дээрх бүртгэл, үйл баримтаас тодорхой дүгнэгдэж байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд  нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, хэвээр үлдээж шийдвэрлэв.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/162 дугаар тушаалаар[1] М.Х-г “ажлын байрны тодорхойлолтод заасан хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагаанд холбогдох, хууль тогтоомжийг мөрдүүлэх, хяналт тавих чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны А/164 дүгээр тушаалаар батлагдсан ажлын хэсгийн санал дүгнэлтээр тогтоогдож байна” гэх үндэслэлээр төрийн албанаас халсан байна. 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны А/164 дүгээр тушаалаар батлагдсан ажлын хэсэг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Д.Б, Б.Д нараас гаргасан гомдолд дурдсан асуудлуудыг газар дээр нь очиж шалган, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003018160 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянахад чиглэсэн” шалгалт хийсэн байх бөгөөд уг шалгалтаар Дархан-Уул аймаг дахь улсын бүртгэлийн хэлтсийг холбогдох хууль, журмыг зөрчсөн гэж дүгнэжээ[2].

Өөрөөр хэлбэл Ү-2003018160 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг бүртгэхдээ холбогдох хууль тогтоомж зөрчсөн нь нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заасан бүртгэлийн өдөр тутмын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийг мөрдүүлэх, хяналт тавих чиг үүргээ хангалтгүй биелүүлсэнтэй холбоотой гэж үзэж Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга маргаан бүхий захиргааны актыг гаргаж нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 “Эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх”, 37.1.13 “Албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны А/211 дүгээр тушаалаар[3] батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 6.4.1-д “Удирдах албан тушаалтны хуульд нийцсэн тушаал, шийдвэр, шаардлагыг болон албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, шийдвэрийг цаг тухайд нь бүрэн дүүрэн биелүүлэх, биелэлтийг тухай бүр тайлагнах”, нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод “...аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг хараат бус, бие даасан байдлаар удирдан зохион байгуулах, бүртгэлийн ажилтны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийг үнэн зөв, хуулийн хүрээнд эрхлэхэд хяналт тавих” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгчээс 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр[4], 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр[5] тус тус “Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хандаж хүргүүлсэн чиглэл авах тухай” албан бичиг, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003018160 дугаарт бүртгэлтэй “Л и” ХХК-ийн бүртгэлтэй холбоотой гарсан зөрчлийг дахин гаргахгүй байхад анхаарч ажиллах талаар өгсөн үүрэг даалгавар, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн сургалт зохион байгуулсан тухай илтгэх хуудас, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэл зэргээс үзвэл маргаан бүхий захиргааны акт гарах үндэслэл болсон Хууль зүй, дотоод хэргийн яамны Улсын байцаагчийн дүгнэлт гарсны дараа нэхэмжлэгчээс өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлж, зөрчлийг арилгуулахаар шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “Бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан бөгөөд эрхийн улсын бүртгэлийн Ү-2003018160 дугаарт бүртгэгдсэн бүртгэлтэй холбоотойгоор нэхэмжлэгчээс шаардлагатай арга хэмжээг авч ажилласан боловч хариуцагч маргаан бүхий тушаалыг гаргахдаа энэ талаар анхаарч үзээгүй буюу бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргаагүй гэж дүгнэхээр байна.

Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг ажлын байрын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийг хангаж ажиллаагүй талаарх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэн, маргаан бүхий захиргааны акттай холбоотой нотлох баримтыг хангалттай цуглуулан, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Үүнээс гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “..чиг үүргээ хэрэгжүүлэх бодит нөхцөл байгаагүй гэж дүгнэж байгаа нь төрийн албаны үйл ажиллагааг зөвхөн өрөөндөө хэрэгжүүлэх гэх ойлголтоор дүгнэж болохгүй” гэж маргаж байх боловч эрхийн улсын бүртгэлийн Ү-2003018160 дугаарт бүртгэгдсэн бүртгэлийг алдаатай бүртгэж байгаа эсэх талаар ажлын байрандаа байхгүйгээр хяналт тавих боломжгүй бөгөөд тухайн үед сургалтад хамрагдаж байсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт зөв байна.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 778 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                            Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                            Ц.САЙХАНТУЯА

 


[1] 1 хавтаст хэргийн 29 хуудас

[2] 1 хавтаст хэргийн 31-40 хуудас

[3] 1 хавтаст хэргийн 179 хуудас

[4] 1 хавтаст хэргийн 142 хуудас

[5] 1хавтаст хэргийн 141 хуудас