Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2019/1007/З |
Дугаар | 221/МА2020/0139 |
Огноо | 2020-02-19 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2020/0139
“Т” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 27 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г, Б.Т нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 27 дугаар шийдвэрээр: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1-т заасныг баримтлан “Т” ХХК-ийн Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 6-1/80102 дугаартай мэдэгдлийг “Тендер шалгаруулалтад шалгарсан “Т” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзэхэд тендерийн баримт бичгийн №ТШМ-1-ийн дагуу үнийн маягт ирүүлээгүй байхад хамгийн сайн тендер гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр үндэслэлгүй. Хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь хэсэгт заалтад заасныг үндэслэн тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх” гэсэн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож, тендерт шалгарсан “Т” ХХК-тай гэрээ байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгаж ” шийдвэрлэжээ.
Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г, Б.Т нар давж заалдах гомдолдоо: “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар тухайн этгээд нь үнэлгээний аль шатнаас хасагдсан эсэхээс үл хамааран захиалагчийн шийдвэрт гомдол гаргах эрхт тэгш боломжоор хангасан байдаг. Иймд төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яамнаас гомдлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хүлээн авч хянан үзсэн.
Ажил гүйцэтгэх тендерийн жишиг баримт бичиг баталсан Сангийн сайдын 2012 оны 81 дүгээр тушаалд Сангийн сайдын 2019 оны 122 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулж одоо хүчин төгөлдөр даган мөрдөгдөж байна. Энэ талаар нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Энэхүү нэмэлт, өөрчлөлт оруулсан 122 дугаар тушаалын 2 дугаар зүйлийн 3 дахь заалтыг №ТШМ-1-д нэмэлтээр оруулж түүнийг тусгасан жишиг баримтыг www.tender.gov.mn сайтад нээлттэй, ил тод байршуулсан. Харин шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн тушаал нь анхдагч баримтын хуулбар хувь буюу цаасан баримт учраас түүнд энэхүү бичилтийг оруулах нэгэнт боломжгүй юм. Гэсэн хэдий ч энэ нь тухайн жишигт нэмэлт ороогүй гэсэн үг биш бөгөөд нэмэлт оруулсан Сангийн сайдын 122 дугаар тушаал хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болно. Иймд хүчин төгөлдөр Сангийн сайдын тушаалуудын хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн байхад Сангийн сайдын 2012 оны 81 дүгээр тушаалд нэмэлт ороогүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
Мөн захиалагчид хүргүүлсэн Сангийн яамны 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/8012 тоот албан бичгээр дахин тендер шалгаруулалт хийхийг даалгаагүй байхад шүүхээс дахин тендер шалгаруулалтын үнэлгээ хийхийг гэж дүгнэсэн нь хуульд байхгүй нэг томъёог бий болгосон. Сангийн яамнаас гомдлыг хянан үзээд дахин үнэлгээ хийхийг захиалагчид даалгасан тохиолдолд үнэлгээний хороо нь ирүүлсэн тендерийн баримт бичгийг дахин үнэлэх бөгөөд хэрэв энэхүү дахин үнэлэхэд анхны үнэлгээгээр хамгийн сайн тендер гэж шалгаруулсан тендерийн материал шаардлагад нийцээгүй байх тохиолдолд үнэлгээний хороо шаардлагад нийцсэн бусад тендерээс хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэн шалгаруулдаг. Хэрэв шаардлагад нийцсэн тендер байхгүй бол дахин зарладаг.
Хэрвээ Сангийн яамнаас хүргүүлсэн албан бичгийн дагуу дахин үнэлгээ хийгдх тохиолдолд “Т” ХХК-ийн тендер шаардлагад нийцээгүй бол бусад 2 оролцогчийн тендерийг үнэлэн аль нэгийг нь шалгаруулах боломжтой юм.
Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэх үүрэгтэй. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Сангийн сайдын 2012 оны 81 дүгээр тушаалаар баталж 2019 оны 122 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан ажил гүйцэтгэх тендерийн жишиг баримт бичгийг нийтэд нээлттэйгээр цахим тендерт байрлуулж тендерийн урилгыг зарласан байна. Тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлага буюу Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас бэлтгэсэн ТШӨХ-ийн ТОӨЗ 13.1-д “Тендерийн үнийн маягтыг тендерийн баримт бичигт заасан маягт ТШМ-1-ийн дагуу бэлтгэж, баталгаажуулан ирүүлнэ” гэж тодорхой заасан.
Сангийн яамнаас нэхэмжлэгчийн тендерийн баримт бичгийг хянаж үзэхэд уг заалтыг хангаагүй буюу Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас тендерт оролцогчдод хүргүүлсэн маягтын дагуу ирүүлээгүй болох нь тогтоогдсон.
Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Тендерт оролцогч тендерийн баримт бичгийн шаардлагын дагуу тендерийн маягтыг ирүүлэх үүрэгтэй байна” гэж дүгнэсэн нь Сангийн яамны шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгчээс ирүүлсэн үнийн санал нь хуучин маягт буюу 3 заалт бүхий үнийн санал бөгөөд энэхүү 4 дэх заалт байхгүй болно. Шүүхээс “Тендер шалгаруулалтын материалыг ил болгохыг зөвшөөрсөн мэдэгдлээ хүргүүлсэн байхад” гэж дүгнэсэн боловч “Т” ХХК-иас ирүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 02/06 дугаартай энэхүү мэдэгдэл зөвхөн “Манай компанийн ирүүлсэн саналыг олон нийтэд мэдээлэхэд татгалзах зүйлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн байна. Өөрөөр хэлбэл дээрх 4 дэх заалтын 2 дахь өгүүлбэр буюу “Захиалагч бидний ирүүлсэн тендерийг нууцлах аливаа үүргээс бүрэн чөлөөлөгдөнө” гэсэн өгүүлбэр байхгүй юм. Түүнчлэн энэхүү өгүүлбэр байсан эсэхээс үл хамааран Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.1.3 дахь заалт болон захиалагчаас тавьсан нөхцөл, шалгуурыг хангаагүй компанийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж шийдвэр гаргасан нь мөн хуулийн 27.1.3, 27.3, 27.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн.
Үүнээс гадна гэрчийн мэдүүлэгт “Сангийн яамнаас баталсан маягтын дагуу л материалаа бүрдүүлэх ёстой байдаг. Маягт шинэчлэгдсэн бол тэр маягтын дагуу л материал ирүүлэх ёстой” гэж тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Т” ХХК нь Сангийн сайдын 2019 оны 122 дугаар тушаалаар шинэчилсэн маягтын дагуу материал ирүүлэх ёстойг баталсан байна. Иймд нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г, Б.Т нарын гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч “Т” ХХК-иас “Сангийн яамны 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 6-1/8012 дугаар албан бичгийн “Т” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзэхэд тендерийн баримт бичгийн №ТШМ-1-ийн дагуу үнийн маягт ирүүлээгүй байхад хамгийн сайн тендер ирүүлсэн гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Иймд тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад заасныг үндэслэн үүгээр мэдэгдье” гэсэн хэсгийг хүчингүй болгож, тендерт шалгарсан “Т” ХХК-тай гэрээ байгуулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийг анхан шатны шүүх бүхэлд нь ханган шийдвэрлэжээ.
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зарласан НХААГ-19/135 дугаартай тендерт “Т” ХХК “Хамгийн сайн үнэлэгдсэн” гэж шалгарсанг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 02/2025 дугаар албан бичгээр захиалагч “Т” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэн байна.
Үүний дараа тендертэй холбогдуулан “Г м” ХХК, “Г” ХХК-иудаас Сангийн яаманд гомдол гаргасан, уг гомдлыг хянаад 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/8012 дугаар албан бичгээр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт ““Т” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзэхэд тендерийн баримт бичгийн №ТШМ-1-ийн дагуу үнийн маягт ирүүлээгүй байхад “Хамгийн сайн” тендер ирүүлсэн гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр үндэслэлгүй” гэж хариу өгчээ. Сангийн сайдын 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 81 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын гуравдугаар бүлэгт үнийн саналын маягтыг тусгасаны дагуу нэхэмжлэгч “Т” ХХК-иас 2019 оны 10 дугаар сарын 25-ын өдөр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт үнийн саналыг хүргүүлжээ.
Харин уг тушаалд Сангийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 122 дугаар тушаалаар “Гуравдугаар бүлгийн ТШМ-1 маягтын 4-т “Бид тендерийг холбогдох журмын дагуу бусад тендерт оролцогчдод ил болгохыг үүгээр зөвшөөрч байна. Захиалагч бидний ирүүлсэн тендерийг нууцлах аливаа үүргээс бүрэн чөлөөлөгдөнө” гэсэн өөрчлөлтийг оруулсан байна.
Хариуцагчаас Сангийн сайдын 2012 оны 81 дүгээр тушаалд 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 122 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулан тендерийн жишиг баримт бичиг баталсан бөгөөд уг баримт бичгийн дагуу үнийн маягтыг ирүүлэх ёстой байсан гэж маргаж байх боловч нэхэмжлэгч “Т” ХХК-иас 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 02/06 дугаар албан бичгээр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт “Манай компанийн ирүүлсэн саналыг олон нийтэд мэдээлэхэд татгалзах зүйлгүй” гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл тендерт оролцогч “Т” ХХК-иас тендерийн жишиг баримт бичигт дурдсан буюу үнийн маягтын 4 дэх заалтыг захиалагчид хүргүүлсэн үнийн саналдаа дурдаагүй боловч ил болгохыг ухамсарлан, зөвшөөрсөн албан бичгийг хүргүүлсэн байх тул нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй юм.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2.“тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг”, 6 дугаар зүйлийн 6.1 “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасан бөгөөд үүний дагуу нэхэмжлэгчийг хамгийн сайн тендер гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр үндэслэлгүй гэж дүгнэсэн хариуцагчийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж...” гэж заажээ.
Тиймээс хариуцагч Сангийн яамны дахин үнэлгээ хийх шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн тул хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлсэн нь зөв байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2020/0027 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч К.Г, Б.Т нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА