Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 1399

 

 

 

 

 

 

 

  2019         09          09                                   2019/ШЦТ/1399  

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Улсын яллагч А.Ариунаа,

Шүүгдэгч Ө.Ш, түүний өмгөөлөгч М.Цэрэндэжид нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Шт холбогдох эрүүгийн 1906 00675 0542 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ө.Ш,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.Шинбаяр нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ус сувагын удирдах газрын байранд иргэн Ц.Эрдэнчулууны НӨАТ-ын цахим бүртгэлийн системд нэвтрэн түүний хувийн мэдээллийг өөрчлөн 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 300.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1.325.044 төгрөгийг тус тус дансаар шилжүүлэн нийт 1.625.044 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Ө.Ш нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Ц.Эрдэнэчулууны мөрдөн байцаалтанд өгсөн:

Би НӨАТ-аас буцаан олголт 1.625.044 төгрөг авах байсан юм. 2019 оны 01 дүгээр сарын 18-ны орой 20 цагийн үед НӨАТ-ын буцаан олголтын систем рүү ороод хувийн мэдээлэл рүүгээ орсон чинь Төмөрбаатар овогтой Үнэнбат 1105214001 гэсэн мэдээлэл бүртгэгдчихсэн байсан юм. Тэгэхээр нь гайхаад Үнэнбат гэх хүний 89565225 дугаарын утас руу нь залгаад асуусан чинь Ө.Ш ах намайг дансны дугаараа өгчих би хүнээс мөнгө авч байгаа юм гээд миний дансны дугаарыг аваад байсан. Би юу ч мэдэхгүй гэж хэлсэн. Ө.Ш, Үнэнбат 2 манай байгууллагад секурити хийдэг. Ө.Ш миний утсыг заримдаа авч ашигладаг. Үнэнбат ажилаад удаагүй. Учирсан хохиролоос надад Ө.Шын ажиллаж байсан байгууллагаас Ө.Ш, Үнэнбат нарын ажлын хөлснөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 435.000 төгрөг төлөгдсөн. Нийт хохиролоос хасаж тооцвол 1.190.044 төгрөг үлдсэн. Би энэ хохиролоо аваагүй байгаа, нэхэмжлэнэ гэх мэдүүлэг /хх-ийн 5, 31/

 

Гэрч Т.Үнэнбатын мөрдөн байцаалтанд өгсөн:

Би 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ажил дээрээ байхад хамт ажилладаг байсан Ө.Ш ах миний утсыг гуйж авч байснаа Голомт банкны данстай юу гэхээр нь байхгүй гэхэд утасны дугаар чинь чиний нэр дээр бүртгэлтэй байдаг уу гэхээр нь миний нэр дээр бүртгэлтэй байгаа гэхэд за регистрийн дугаараа өгчих гээд миний утсаар Голомт банкны данс нээсэн юм шиг байсан. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 31-ний өглөө би ээлжнээсээ буугаад гэртээ ирсэн чинь Ө.Ш ах миний утас руу залгаад хаана байгаа юм гэхээр нь гэртээ байна гэсэн чинь хороололд хүрээд ирээч иргэний үнэмлэхээ аваад ирээрэй гэхээр нь би Толгойт орох ажилтай байсан болохоор тэгье тэгье гээд замаараа яваад очсон юм. Тэгээд Ө.Ш ахтай уулзсан чинь банк руу явъя гээд Өргөө кино театрын баруун талын Голомт банкны салбар орж миний дансаар 1.300.000 гаран төгрөг авсан санагдаж байна. Тэгээд Ө.Ш ах мөнгөө аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 6, 18/

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 2-3/

-НӨАТ-ын цахим бүртгэлийн системийн зурган үзүүлэлт /хх-н 9-11/

-Ө.Шын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 48/

-Т.Үнэнбатын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 49/

-Гэрч Т.Үнэнбатын Голомт банкны дансны хуулга /хх-ийн 50/

 

Шүүгдэгч Ө.Шын мөрдөн байцаалтанд өгсөн:

2018 оны 12 сарын 30-ны өдөр хамт ажилладаг Ц.Эрдэнэчулууны НӨАТ-ын нэвтрэх нэр, нууц үгийг утсаар нь ярьж байгаад 131313-с ирсэн мессэжийг санамсаргүй мэдсэн. Мэдээллийг нь тогтоож аваад хамт ажилладаг Үнэнбатын овог, нэр, регистрийн дугаараар нь НӨАТ-ын баримтыг бүртгүүлсэн. Бүртгүүлчихээд Сошиал пэй программаар Үнэнбатын нэрээр Голомт банкны данс нээсэн. Нээсэн дансаар 1.600.000 төгрөг авах ёстой байсан. Голомтын дансаар ирэхдээ шимтгэлд нь 40.000 төгрөг суутгагдаад 1.565.000 төгрөг ирсэн байсан. Эхний ээлжинд 300.000 төгрөгийг мөн өдрөө шилжүүлж авсан. Маргааш өдөр Өргөө кино театрын баруун талын Голомт банкны салбараас үлдсэн мөнгийг Үнэнбатаар авахуулсан. Үнэнбатад би өөрийнхөө мөнгийг гэж хэлсэн. Үнэнбатад ямар учиртай мөнгө болох талаараа хэлээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 30/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Ө.Шын оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 20-21/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 37/, Ө.Шын боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 42-43/, Хөтөл мөнхийн зул ХХК-ийн захиралын Ө.Шыг ажил авч ажилуулах тухай тушаал болон цалингийн тодорхойлолт /хх-ийн 127-128/0 зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Ө.Шинбаяр нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ус суваг удирдах газрын байранд иргэн Ц.Эрдэнчулууны НӨАТ-ын цахим бүртгэлийн системд нэвтрэн түүний хувийн мэдээллийг өөрчлөн НӨАТ-ын буцаан олголтын 1.625.044 төгрөгний 300.000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр,  1.325.044 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тус тус дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын дээрх мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.  

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Ө.Ш нь бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Шүүгдэгч Ө.Шыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Хохирогч Ц.Эрдэнэчулуунд учирсан хохиролыг нөхөн төлж барагдуулсан талаарх баримтыг шүүх хуралдаанд ирүүлсэн, уг баримтад хохиролыг бүрэн барагдуулж авсан, нэхэмжлэх зүйлгүй болохоо хохирогч илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгч Ө.Шт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал, шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан санал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Алаг адуут овогт Өлзийсайханы Ө.Шыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Шыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Шт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ө.Ш нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Шт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ