Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 474

 

      Ө.Ш-д холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Т.Мөнх-Амгалан,

            шүүгдэгч Ө.Ш-н өмгөөлөгч М.Цэрэндэжид,  

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/582 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Ариунаагийн бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 61 дугаартай эсэргүүцлээр Ө.Ш-д холбогдох 1906 00675 0542 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

А овгийн Ө-ны Ш, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ...... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, ах, эгч, дүү нарын хамт ........... дүүргийн ...... дугаар хороо, ... гудамжны ............ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............/;

Ө.Ш нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ус сувгийн удирдах газрын байранд иргэн Ц.Э-ны НӨАТ-ын цахим бүртгэлийн системд нэвтрэн, түүний хувийн мэдээллийг өөрчлөн, 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 300.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1.325.044 төгрөгийг тус тус дансаар шилжүүлэн авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 1.625.044 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ө.Ш-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А овогт Ө-ны Ш-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Ө.Ш-г нэг жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тодорхой ажил үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Ө.Ш-д хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Ө.Ш нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор А.Ариунаа бичсэн эсэргүүцэлдээ: “... Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн дээрх шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй’’ гэж шийдвэрлэсэн байна. Тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсэн атлаа ямар төрлийн ажил, үүрэг гүйцэтгэх нь ойлгомжгүй, ямар хугацаагаар тогтоосон нь тодорхойгүй байна. Мөн шийтгэх тогтоолын 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй” гэсэн боловч шүүгдэгчид тэнссэн хугацаанд тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэсэн заалт бүхий шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хүлээх хариуцлагын талаар хуульд заасан үндэслэл бүхий зүйл, заалтыг дурдаагүй нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6, 7, 8 дахь хэсгүүдэд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хүн энэхүү албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдэх, эсхүл тус албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанаас өмнө түүнийг ялаас чөлөөлөх, энэхүү хугацаа дууссаны дараа ял оногдуулах эсэх зэрэг асуудлыг нэг бүрчлэн зохицуулсан байх бөгөөд эдгээр хуулийн зохицуулалтуудын хэрэгжилт нь тухайн албадлагын арга хэмжээг тогтоосон хугацаанаас шууд хамааралтай байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасны дагуу тус албадлагын арга хэмжээ шүүгдэгч нарт хэдий хугацаанд авагдсан гэж үзэх нь тодорхойгүй бөгөөд эргэлзээтэй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн” гэж буруу бичсэнийг дурдах нь зүйтэй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэл тогтоогдож байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 584 дугаартай шүүгчийн захирамжийн 3, 5 дахь заалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар буюу шүүгдэгчид үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацааг тодорхой, ойлгомжтой, эргэлзээгүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байгаа прокурорын хувьд эсэргүүцэлд дурдагдсан тодорхой төрлийн ажил, үүрэг гүйцэтгэхийг зааж өгөөгүй гэсэн үндэслэлийг дэмжихгүй байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тодорхой төрлийн ажил, үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй гэсэн үндэслэлийг дэмжиж байна. Шүүгдэгч нь хохирогчийн нэвтрэх нууц үг болон мэдээллийг нь хууль бусаар олж авч, түүгээрээ нэвтэрсэн үйлдэл хийсэн. Хэрвээ цахим хэрэгсэл ашиглаад нууц үгийг нь өөрчилсөн бол өөр гэмт хэргийн шинжтэй болно. ...” гэв.

Шүүгдэгч Ө.Ш-н өмгөөлөгч М.Цэрэндэжид тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс Ө.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхийг заасан шийтгэх тогтоол гарсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтын “тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх” гэж ямар ажил хийхийг тодорхой заагаагүй. Шүүгчээс тайлбарлахдаа, тэнссэн хугацаанд ямар нэгэн ажил үүрэг гүйцэтгээд түүнийгээ бүртгүүлээд явах ёстой гэж хэлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.  

                        ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд шүүгдэгч Ө.Ш-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй болжээ.

Ө.Ш-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” зэргийг бүрэн тогтоогоогүй бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Тухайлбал, Ө.Ш нь Ц.Э-ны НӨАТ-ын цахим бүртгэлийн системд нэвтрэн, түүний хувийн мэдээллийг өөрчлөн, 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 300.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1.325.044 төгрөгийг тус тус дансаар шилжүүлэн авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан харилцаанд халдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан Цахим мэдээлэлд хууль бусаар халдах, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Прокуророос шүүгдэгч Ө.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 1.625.044 төгрөгийн хохирол учруулсан ...” гэж зүйлчилж ирүүлсэн боловч уг зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг нь нууц, далд аргаар, шунайхай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчлөлд шилжүүлэн авч захиран зарцуулах боломж бүрдсэн байхыг ойлгох бөгөөд уг гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжид цахим мэдээллийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах шинжийг тодорхойлоогүй болно.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн диспозиц шинжид “... цахим хэрэгсэл ашиглаж ... өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан ...” гэж тодорхойлсон бөгөөд өмчлөгчийг төөрөгдөлд оруулж, бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдлыг зориуд бий болгох зэрэг замаар бусдын эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй гэсэн санаа зорилго гэмт этгээдийн хувьд уг үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа онцлогтой.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжид “... цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, ... системд нэвтэрсэн, танилцсан ...”, 2 дахь хэсэгт “... цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, хуулбарлаж авсан ...” зэргийг тодорхойлсон бөгөөд зохих мэдээлэлд хууль бусаар нэвтрэх, өөрөөр хэлбэл, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр мэдээлэлтэй танилцаж, дээрх зүйл, хэсэгт заасан шинжийг агуулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байна.

Иймд Ө.Ш-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн аль зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжид тохирч байгаа эсэх, эсхүл тухайн зүйл, хэсгүүдэд заасан гэмт хэргээр давхар зүйлчлэх эсэх талаар хэргийн үйл баримтад тулгуурлан үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг зөв зүйлчлэх шаардлагатай.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ө.Ш-д холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгож байгаа тул прокурор А.Ариунаагийн бичсэн эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.