Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2017/01637

 

Г.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 137/ШШ2017/00216 дугаар шийдвэр,

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 202/МА2017/00026 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Г.Г-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт холбогдох,

Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн олгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Батбаярын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Э.Батбаяр, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Дорноговь аймагт 1994 оноос, Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт 2002 оноос хойш хүртэл чих, хамар хоолой, нүүр амны их эмчээр ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн мэргэжлийн ба ёс зүйн алдаа дутагдал гаргаж байгаагүй буюу сахилгын шийтгэл авагдаж байгаагүй. 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 20-ны хооронд ээлжийн амралттай байж байгаад үргэлжлүүлэн ар гэрийн шалтгаан буюу өөрийгөө эмнэлэгт үзүүлэх, эхнэр хүүхдээ асрах шаардлагатай байсан тул тухайн үед эмнэлгийн даргаар ажиллаж байсан Т.Сэргэлэнбатад амаар болон бичгээр хүсэлтээ гаргаж өгсөн бөгөөд тэрээр зөвшөөрлөө, яв гэсэн хариуг өгсөн. Үүний дагуу миний бие эхнэр хүүхдээ харж байх хугацаандаа өөрийгөө үзүүлэх, цаашлаад чөлөөтэй байх хугацаандаа мэргэжлээ дээшлүүлэх зорилгоор БНСУ-д 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хугацаанд байж байгаад ирэхэд дараагийн дарга Р.Болдбаатар гэгч өмнөх даргын шийдвэрийг хууль бус гээд намайг ээлжийн амралтын хугацааг хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр ажлаас халсан байсан. Энэ тушаал нь холбогдох хуулийн заалт, хамтын гэрээг ноцтой зөрчиж, надад болон харьяалагдах Үйлдвэрчний эвлэлийн хороонд урьдчилан мэдэгдэлгүй, ажлын байрыг хүлээлцэлгүйгээр ажлаас чөлөөлсөн нь албан тушаалаа урвуулан, хэтрүүлэн ашигласан.

Уг тушаалыг 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гардаж авсан бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй тул миний ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс анхан шатны шүүхийн хянаж шийдвэрлэх өдрийг дуустал цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн олгуулж, бичилт баталгаажуулалт хийлгэх, цалин 4 сарын нийлбэр 2 539 648 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Г.Г-а нь тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа ажил цалгардуулж ямар нэгэн байдлаар тус эмнэлэгт ажиллах хүсэл эрмэлзэл байхгүй, тус байгууллагаас ямар нэгэн шалтаг тоочиж чөлөө хүссэн нэрийдлээр сул цалин авч сүүлийн 2015 оноос хойш ажил хийлгүй ирсэн. Иймд түүний нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 137/ШШ2017/00216 дугаар шийдвэрээр Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Г.Г-ын нэхэмжлэлтэй Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан тул урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 202/МА2017/00026 дугаар магадлалаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 137/ШШ2017/00216 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалсайхан нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч Г.Г-а нь 2014 оны 09 дүгээр сараас хойш ямар нэгэн байдлаар ажлаа хийгээгүй бөгөөд тус эмнэлгээс ямар нэгэн байдлаар чөлөө аваагүй бөгөөд өөрийнхөө амралтын хугацааг хүндэтгэн үзэх шалгаангүйгээр хэтрүүлж 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ажилдаа ирэх байдал 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ирсэн учраас ажлаас халах шийдвэр гарсан байдаг. Энэ талаар ар гэрт нь мэдэгдсэн байгаа энэ Г.Г-ыг ажлаас халах үндэслэл болсон хавтаст хэрэгт авагдсан материалаар хангалттай нотлогдон тогтоогдсон юм. Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд шүүхийн санаачлагаар бус зохигчдын хүсэлтээр нотлох баримт цуглуулах ажиллагааг хийх бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарт нэхэмжлэл шүүхэд ирэх цаг хугацаанаас эхэлж эрх үүргийг хангалттай тайлбарлаж өгсөн бөгөөд зохигчдын зүгээс ямар нэгэн байдлаар хүсэлт гаргаагүй анхан шатны шүүх хуралдаанд болоход оролцогч талуудад эрх үүргийг хангалттай тайлбарлаж өгч шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд ямар нэгэн байдлаар хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргуулах хүсэлтийг аль аль талаас гаргаагүй ба шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно. Мөн давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг зөрчсөн гэх нь үндэслэлгүй бөгөөд мөн зүйлийн 44.4-т зааснаар хариуцагч талаас өөрийн хүсэлтээр хавтаст хэрэгт тусгуулах баримтыг архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулж өгсөн бөгөөд нэхэмжлэгч тал үүн дээр ямар нэгэн байдлаар маргаагүй нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр Т.Сэргэлэнбатыг асууж эрхийг хангаж хэргийн байдалд анхан шатны шүүхээс зөв үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм.

Давж заалдах шатны шүүхээс үндэслэлгүйгээр хавтаст хэргийн материалаас хальж хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгч Г.Г-ын нэхэмжлэлтэй Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилгүй байсан хугацааны   цалин   буюу   2 539 648   төгрөг   гаргуулах   тухай   нэхэмжлэлийг   хүлээн зөвшөөрөхгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                            ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хөдөлмөрийн эрх зүйн маргаан бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэх, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэхэд маргааны үйл баримт хангалттай бүрэн тогтоогдоогүй, хэргийн нөхцөл байдал тодорхой бус гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Г.Г-а нь өөрийгөө ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан гаргажээ.

Г.Г-а нь ажил олгогчийн 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б\107 дугаар тушаалаар чих хамар хоолойн эмчийн ажлаас чөлөөлөгдсөн байна. Ажил олгогч ажилтныг ажил тасалсан гэж үзсэн ба энэхүү үйл баримтын талаар дүгнэлт хийхийн тулд ажилтан ямар хугацаанд ээлжийн амралттай байсан, захиргааны чөлөө хэдий хугацаанд үргэлжилсэн, хэдийнээс ажилдаа орох үүрэгтэй байсан зэрэг нөхцлүүд тодорхой тогтоогдсон байх шаардлагатай. Маргааны үйл баримт шүүхийн зүгээс эрх зүйн дүгнэлт хийх хэмжээнд баримтаар хангалттай нотлогдоогүй байна.

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн зохигчдын хоорондох маргааны үйл баримтыг тодорхой болгоход ач холбогдол бүхий нотлох баримт хэрэгт авагдаагүй, хэрэгт цугларсан зарим нотлох баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй тул энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.

Хөдөлмөрийн эрх зүйн тухайн харилцааны бүхий л нөхцөл тодорхой болсон тохиолдолд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэх боломжтой болно.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй, хууль хэрэглээний алдаа гаргаагүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 202/МА2017/00026 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН