Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 202/МА2017/00026

 

 

Г.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 137/ШШ2017/00216 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч:  Б овогт Г.Г -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн ..... сумын НЭ-д  холбогдох

Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн олгуулах тухай иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалсайханы давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дорноговь аймагт 1994 оноос, ....сумын нэгдсэн эмнэлэгт 2002 оноос хойш хүртэл чих, хамар хоолой, нүүр амны их эмчээр ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн мэргэжлийн ба ёс зүйн алдаа дутагдал гаргаж байгаагүй буюу сахилгын шийтгэл авагдаж байгаагүй. 2016.12.01-ний өдрөөс 2017.01.20-ны хооронд ээлжийн амралттай байж байгаад үргэлжлүүлэн ар гэрийн шалтгаан  буюу өөрийгөө эмнэлэгт үзүүлэх, эхнэр хүүхдээ асрах шаардлагатай байсан тул тухайн үед эмнэлгийн даргаар ажиллаж байсан Т.С-д амаар болон бичгээр хүсэлтээ гаргаж өгсөн бөгөөд тэрээр зөвшөөрлөө, яв гэсэн хариуг өгсөн. Үүний дагуу миний бие эхнэр хүүхдээ харж байх хугацаандаа өөрийгөө үзүүлэх, цаашлаад чөлөөтэй байх хугацаандаа мэргэжлээ дээшлүүлэх зорилгоор БНСУ-д 2016.12.03-2017.02.28-ны өдрийн хугацаанд байж байгаад ирэхэд дараагийн дарга Р.Б гэгч өмнөх даргын шийдвэрийг хууль бус гээд намайг ээлжийн амралтын хугацааг хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр ажлаас халсан байсан. Энэ тушаал нь холбогдох хуулийн заалт, хамтын гэрээг ноцтой зөрчиж, надад болон харьяалагдах Үйлдвэрчний эвлэлийн хороонд урьдчилан мэдэгдэлгүй, ажлын байрыг хүлээлцэлгүйгээр ажлаас чөлөөлсөн нь албан тушаалаа урвуулан, хэтрүүлэн ашигласан. Уг тушаалыг 2017.03.16-ны өдөр гардаж авсан бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй тул миний ажлаас үндэслэлгүй халагдсан  болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс анхан шатны шүүхийн хянаж шийдвэрлэх өдрийг дуустал цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн олгуулж, бичилт баталгаажуулалт хийлгэх, цалин 4 сарын нийлбэр 2539648 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Г нь тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа ажил цалгардуулж ямар нэгэн байдлаар тус эмнэлэгт ажиллах хүсэл эрмэлзлэл байхгүй, тус байгууллагаас ямар нэгэн шалтаг тоочиж чөлөө хүссэн нэрийдлээр сул цалин авч сүүлийн 2015 оноос хойш ажил хийлгүй ирсэн. Иймд түүний нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Анхан шатны шүүх: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Г.Г-ын нэхэмжлэлтэй Дорноговь аймгийн ...... сумын НЭ-т холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан тул урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, … шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг учир дутагдалтай. ....... сумын НЭ-ийн даргын 2017-01-23-ны өдрийн б/26 тоот тушаал нь хүний эрхийн асуудлыг ноцтойгоор зөрчиж хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан юм. Энэ тушаалын үндэслэлд 2016.10.01-ний өдрийн Б/107 тоот тушаалаар олгогдсон чөлөөний хугацаа дууссан гэх бөгөөд уг нөхцөл байдлын талаар өмгөөлөгч Э.Батбаяр тайлбарлахдаа Г-д 2016.10.01-ний өдрөөс эхлэн 3 сарын хугацаатай цалингүй чөлөө олгосон эрхийн акт болохыг мэдүүлдэг юм. Тэгвэл энэхүү эрхийн актаар Гантулгад олгогдсон чөлөөний хугацаа 2017.01.01-ний өдөр дуусч улмаар 2016.12.01-ний өдрөөс тооцсон ээлжийн амралтын хугацаа нь үргэлжлэн тооцогдох үндэслэлтэй, өөрөөр хэлбэл б/26 тоот тушаалд дурдагдсан Г-ыг 2017.01.19-ний өдөр ажилд орох атал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 өдрийн ажил тасалсан хэмээн үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, мөн НЭ-ийн хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг баримталсан заалтууд нь хууль зүйн үндэслэлгүй болж байгаа юм.  Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэв. 

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г эмч ямар нэгэн байдлаар чөлөө аваагүй. Өөрийнхөө амралтын хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж 2017.01.19-ний өдөр ажилдаа ирэх байтал 2017.03.15-ны өдөр ирсэн учраас ажлаас халах шийдвэр гарсан байдаг. Энэ талаар ар гэрт нь мэдэгдсэн байдаг. Г эмч чөлөө хүсэх өргөдлийг 2016.11.30-ны өдөр гаргасан гэдэг ч 2016.11.27-ны өдрөөс нэгдсэн эмнэлгийн удирдлага солигдоод ажиллаж байсан. Үндэслэлгүйгээр өөрийнхөө амралтын хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр ажлаас халсан нь үндэслэлтэй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хэргийн үйл баримт бүрэн гүйцэд тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, улмаар шийдвэрийн үндэслэл болсон хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан шаардлага хангаагүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Нэхэмжлэгч Г.Г нь Дорноговь аймгийн ......сумын Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан “Чих, хамар хоолойн эмч” –ийн ажлаас халсан шийдвэрийг үндэслэлгүй болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2539648 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн олгуулж, бичилт баталгаажуулалт хийлгэх тухай гомдол /нэхэмжлэл/ гаргаж, энэхүү гомдлын үндэслэлээ захиргааны чөлөөтэй үед ажлаас халсан нь буруу гэжээ.

Харин хариуцагч буюу ажил олгогч нь нэхэмжлэгч Г.Г-д захиргааны чөлөө олгоогүй, ээлжийн амралтын хугацаа хэтрүүлж ажил тасалсан зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж маргасан байх боловч Дорноговь аймгийн ...д сумын Нэгдсэн эмнэлэгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/26 дугаартай тушаалд /хх-8/ буюу нэхэмжлэгч Г.Г-ыг ажлаас халсан шийдвэрт Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т заасан “... ээлжийн амралтын хугацааг хэтрүүлсэн тохиолдолд ажил тасалсанд тооцож ... хөдөлмөрийн гэрээг цуцална.” гэснийг үндэслэж уг шийдвэрийн 1 дүгээр заалтад “... эмч Г.Га нь нэгдсэн эмнэлэгийн даргын 2016 оны Б/107 тоот тушаалаар олгогдсон чөлөөний хугацааг хэтрүүлсэн ...” гэсэн агуулга тусгагджээ. 

Эндээс дүгнэж үзвэл нэхэмжлэгч Г.Г-д ажил олгогчийн зүгээс 2016 оны Б/107 тоот шийдвэрээр хэдий хугацааны захиргааны чөлөө олгосон,  уг олгосон  чөлөөг хэдий хугацаагаар хэтрүүлсэн, эсхүл ээлжийн амралтын хугацаа хэтрүүлж ажил тасалсан зөрчил гаргасан аль нь болох талаарх маргааны үйл баримтанд ач холбогдол бүхий байж болох нотлох баримт буюу нэхэмжлэгч Г.Г-ыг ажлаас халсан шийдвэрт дурьдагдсан нэгдсэн эмнэлэгийн даргын 2016 оны Б/107 тоот тушаал хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх ажилтныг буюу нэхэмжлэгч Г.Г-ыг ээлжийн амралтын хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна. 

Тодруулбал Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар ажилтан хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмыг зөрчсөн нь түүнд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохын зэрэгцээ зөрчил нь нотлогдон тогтоогдсон байх учиртай бөгөөд нэхэмжлэгч Г.Г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил буюу ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан гэх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар бүрэн гүйцэд тогтоогдоогүй байхад анхан шатны хэрэгт ач холбогдол бүхий дээрх нөхцөл байдлын талаар тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д заасныг зөрчсөн гэж үзнэ. 

Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Нэгдсэн эмнэлгийн даргын Б/26 дугаар тушаал /хх-8/ болон ээлжийн амралт олгосон мэдэгдэх хуудас /хх-55/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудад хариуцагч байгууллага хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй  шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д нийцээгүй болно. 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтанд эцэслэн дүгнэлт хийх боломжгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жны “нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлүүлэх” тухай давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 137/ШШ2017/00216 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэлзохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.       

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БОЛОРМАА

                  ШҮҮГЧИД                     Г.ТЭГШСУУРЬ

                                                        Н.БАТЧИМЭГ