Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2017/01636

 

Т.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/01852 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1875 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Т.Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “О” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдох,

Урьд эрхэлж байсан ажлын цалин хөлстэй дүйцэхүйц өөр ажилд томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Чимэдцогзол нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Б-, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би “О” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор нэг жилийн хугацаатай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажилд томилогдсон. 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 тоот Засгийн газрын тогтоол гарч, Төрийн өмчийн хороо татан буугдсантай холбоотойгоор “О” ТӨХК-ийн удирдлага Сангийн яамны харьяа Төрийн өмчийн удирдлага, бүртгэл, тооллого хяналтын газарт шилжиж шинээр орон тоо бүтцийн өөрчлөлт хийгдсэн. Сүүлд Сангийн яаманд харьяалагдахаа больж, дахин өөрчлөгдөж Хөдөө аж ахуйн яамны харьяа Бодлого зохицуулалтын газарт “О” ТӨХК-ийн удирдлага бүтэц одоогийн байдлаар шилжин ирсэн. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 102 дугаар шийдвэрийн дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулан миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, гэрээний хугацаа дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэргүйгээр намайг ажилгүй болгож, хохироосонд гомдолтой байна. Миний зүгээс хөлсөөр ажиллах гэрээ биш, хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэж байна. Учир нь 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан гүйцэтгэх захирлыг хөлсөөр ажиллуулах тухай гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцлүүдийг харилцан тохирч байгуулсан хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээ юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.3 дахь хэсэгт заасны дагуу намайг ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гаргаагүй атлаа эрхэлж буй ажлыг булаан авсан ажиллагааг хийсэн учир “О” ТӨХК-ийн ТУЗ-ийн намайг ажлаас чөлөөлсөн тушаал гаргахгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгон гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч уг шаардлагаа өөрчилж байна. “О” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн албан ёсны шийдвэр гаргахгүй байгаа шалтгааныг тогтоолгох гэсэн шаардлага нь 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон “О” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн “О” ТӨХК-ийн ТУЗ-ийн хурлын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны 2/1 тоот тогтоолоор хангагдсан тул нэхэмжлэлээсээ энэ шаардлагаас татгалзаж байна.

Нэхэмжлэгч Т.Б- “О” ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хурлын 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 02 тоот тогтоолоор тус сувиллын гүйцэтгэх захирлаар томилогдон сарын 1 324 800 төгрөгийн цалин хөлстэй ажиллаж байхдаа 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон ажилтанд уг албан тушаалын ажлаа хүлээлгэн өгөхөд хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй, өөр ажил өгөөгүй, мөн авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор өгөөгүй байна. Энэ хугацаанд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “О” ТӨХК-ийн ТУЗ-ийн 02/01 тоот тогтоол гарч Т.Б-г Оргил рашаан сувиллын гүйцэтгэх захирлын ажлаас 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн.

Ийнхүү эрхэлсэн ажилгүй, цалин хөлсгүй хохирсоор байгаа тул намайг урьд ажиллаж байсан ажлын цалин хөлсөнд дүйцэхүйц ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны өмнө нь авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг “О” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргуулан, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

Т.Б-г “О” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор гүйцэтгэх захирлаар томилсон. Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8-д зааснаар компанийн захирлыг Төлөөлөн удирдах зөвлөл томилж, чөлөөлдөг. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Төрийн өмчийн хороо болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын ямар шийдвэрээр хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн тухай дурдаагүй бөгөөд юу ч шаардаагүй байна.

Иймд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрээр Т.Б-г ажлаас чөлөөлөөгүй, хариуцагч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “О” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

“О” ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор Т.Б-г гүйцэтгэх захирлаар томилсон юм. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2015/07624 дүгээр шийдвэрээр “О” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг хууль буст тооцож, О.Сэмэрийг өмнө эрхэлж байсан гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн томилж, О.Сэмэрт ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 16 337 216 төгрөгийг “О” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргуулан олгож ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгасан юм. Дээрх шийдвэрүүдийг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 180 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр явуулж, “О” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг Т.Б-гаас О.Сэмэрт хүлээлцүүлсэн. Энэ хугацаанд компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаагүйгээс болж, Т.Б-г ажлаас чөлөөлсөн албан ёсны шийдвэрийг гаргаагүй. Учир нь Төрийн өмчийн хороо татан буугдаж, чиг үүрэг нь Сангийн яаманд, Сангийн яамнаас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт шилжих үйл ажиллагаа явагдаж, эдгээр байгууллагуудын үйл ажиллагаа жигдрээгүйгээс болж Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн томилох, удирдамж чиглэл өгөх зэрэг ажлууд удаашралтай явагдсан юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар хуульчилсан. Т.Б- нь 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр явуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар “О” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаа О.Сэмэрт хүлээлгэн өгсөн бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргаагүй тул 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан гэрээг цуцлах шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөл гаргасан. Мөн Т.Б-гийн хүсэлтийн дагуу 5 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний буюу 6 624 000 төгрөгийг “О” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар олгосон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/01852 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Б-г өмнө эрхэлж байсан ажил албан тушаалаас өөр ажилд томилохыг хариуцагч “О” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгаж, хариуцагч “О” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 13 601 280 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Б-д олгон, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “О” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “О” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 225 956 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1875 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/01852 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б-д бололцооны дагуу өөр ажил олж өгөхийг хариуцагч “О” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгаж, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 13 601 280 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай хэсгийг болон хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “225 956” гэснийг “70 200” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурджээ.

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон ажилтанд Т.Б- нь ажлаа хүлээлгэн өгөхөд Т.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас албан ёсоор чөлөөлсөн шийдвэр гаргахгүй явсаар 9 сарын дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “О” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2/01 тоот тогтоолоор Т.Б-г гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн. “О” ТӨХК нь байнгын ажиллагаатай тул Төлөөлөн удирдах зөвлөл нь тасралтгүй үйл ажиллагаа явуулж байх ёстой.

Уг нь Т.Б-гийн ажлыг бусдад шилжүүлэхдээ ажлаас чөлөөлсөн албан ёсны шийдвэр гаргаж, байгуулсан гэрээгээ цуцлан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу бололцооны дагуу өөр ажил олж өгөх үүргээ “О” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл биелүүлсэн бол нэхэмжлэгч одоог хүртэл эрхэлсэн ажилгүй, цалин хөлсгүй явахгүй байсан. ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөнөөс үүссэн хохирол тул мөн хуулийн 5.2-т заасныг үндэслэн уг хохирлыг “О” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргуулж болохоор байна. Анхан шатны шүүхийн энэ тохиолдолд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                       ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болсон байна. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн хэрэглэвэл зохих хэсэг, заалтыг удирдлага болгоогүй нь хууль хэрэглээний алдаа байх тул магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Т.Б- нь “О” ТӨХК, Хөдөө аж ахуйн яамны харьяа Бодлого зохицуулалтын газарт холбогдуулан ажлаас чөлөөлсөн тушаал гаргахгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгож, захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийг өөрчилж, “О” ТӨХК-ийн ТУЗ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдуулан өөр ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай шаардлага гаргажээ.  

Нэхэмжлэгч Т.Б- нь “О” ТӨХК-ийн ТУЗ-ийн 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон байна. 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 102 дугаар шийдвэрээр компанийн гүйцэтгэх захирлаар урьд ажиллаж байсан хүн ажилд эгүүлэн тогтоогдсон тул нэхэмжлэгч Т.Б- 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т зааснаар ажил олгогч нь ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар ажил олгогч нь ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгөх ёстой байна.

Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан “бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэсэн нь хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаж байгаа шинээр томилогдсон ажилтны зөвшөөрлөөр, хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцэд ажлын байр байгаа нөхцөлд хэрэгжих боломжтой гэж үзнэ.

Хариуцагч “О” ТӨХК-ийн зүгээс нэхэмжлэгч Т.Б-д ямар нэг ажлыг санал болгосон гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч хуульд заасан боломжийг хэрэгжүүлэхийг шаардах нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д “энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан байна. Ажлаас буруу халагдсан ажилтан шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсоноос түүний ажилд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан хууль ёсны ажиллагаа тул цалин хөлстэй тэнцэх нөхөх олговрын зохицуулалт тухайн тохиолдолд хамаарахгүй юм.

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар ажилтанд бололцооны дагуу өөр ажил олж өгөх ажиллагаа явуулаагүй тохиолдолд ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговор олгох тухай зохицуулалт хуульд байхгүй байна.

Боломжтой бол хэрэгжүүлэх буюу альтернатив шинжтэй үүргийн эрх зүйн үр дагаврыг хуулиар зайлшгүй биелэгдэх императив шинжээр тодорхойлогдсон “ажилд эгүүлэн тогтоох” үүргийн эрх зүйн үр дагавартай адилтган үзэж болохгүй юм. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1875 дугаар магадлалын тогтоох хэсгийн “167.1.1.-т” гэснийг “167.1.2.-т” гэж өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 225 956 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН