Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2019/ШЦТ/90

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

Улсын яллагч Н.Мөнхбат

Шүүгдэгч Б.Г-н өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүгдэгч П.Б-н өмгөөлөгч Ж.Мөнхнасан

Хохирогч В.Ч

Шүүгдэгч Б.Г, П.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхбатын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Г, П.Б нарт холбогдох 1916000030023 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц овогт Б-н Г.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О овгийн П-н  Б

  Шүүгдэгч  Б.Г, П.Б нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт сумын Гэгээт багийн иргэн В.Ч-н тусгайлан хамгаалсан байр буюу амбаарт хууль бусаар нэвтрэн орж, 13,5 кг ноолуур хулгайлан авч, 1.080.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхбат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр би Далан багаас Гэгээт багт хүргэн ах О-д ирсэн. Хүргэн ахынд ирэхэд Н ах, П.Б хоёр 14-ний орой ирж архи уусан гээд хоёулаа тэнд байж байсан. Цогт сумын төвөөс ахыгаа авах гээд тэнд оччихоод явъя гээд очсон. Нэргүй ах гэр рүүгээ яваад өгсөн. П.Б намайг хаашаа явж байгаа юм гэхээр нь Цогт руу ахыгаа авах гээд явж байна гэсэн чинь би чамтай цуг сум орж ажил хөөцөлдөж гурил авах гэсэн юм гээд би Ба-г сундалдаад О ахынхаас гарч явсан. Б чи Е-с ганц шил архи аваад өгчих найзад нь мөнгө төгрөг байдаггүй нутгийнх нь хүн юм байна чи ганц шил архи зээлээд аваад өгчих гэсэн. Тэгээд би Е-с ганц шил архи зээлж авч өгөөд бид хоёр замдаа Н ахынд оччихоод сум явъя гээд явсан. Тэгээд байшинт гэдэг газар өгсөөд явж байсан чинь аажуу болсон байна хоёулаа буцаж очиж хөзөр тоглож хоночихоод өглөө эрт явъя гэж бодоод мотоциклио буцаагаад өнхөрүүлсэн чинь Б чи сум явахаа больсон бол хоёулаа А-д очъё гээд А-н малыг нь хариулна мөнгө төгрөг олдох болов уу очъё гээд очсон. А-д хүнд байхгүй малдаа явсан байсан. Гэрийнх нь доор миний мотоцикль эвдрээд хоёулаа А-д алхаж очсон байсан. Тэнд хүлээж байгаад 6 цаг өнгөрсөн байсан байх аажуу болсон мал нь ирээд А өөрөө бас хүрээд ирсэн. Тэгээд Б чиний мотоциклийн юу нь болохоо байсан байна чи түлхүүр авч очиж үзчихээд ир гээд би мотоциклио үзчихээд ирсэн чинь Е-с авч өгсөн архийг А-тай хувааж уугаад бараг дуусаж байсан. Тэгээд  мотоциклийн юмаа яаж янзалнаа унаа олдохгүй юм байна гэсэн чинь хоёулаа А ахын мотоциклийг гуйгаад урагшаа гэр рүүгээ яваад мотоциклийн юмаа олж ирье гээд А ахын мотоциклийг унаад Дөрөлжийн аман дээр очоод манай тийшээ салдаг нэг морин зам байдаг, тэрнээс доош явдаг бас нэг салаа зам байдаг морин замаар явах гэсэн чинь манай байшингаар ороод тэндээс юм аваад гол өгсөөд авъя гээд байшингийнх нь тэнд очсон. Харанхуй болсон байсан би урд руу нь зогссон Б байшин руу очоод төмөр дуугаргаад байсан. Тэгээд би цоож онгойлгож байгаа юм байх гэж бодсон. Тэгсэн нэг ууттай юм аваад гараад ирсэн би түлхүүрээ мартчихсан байна дарааг нь жоохон татчихаад аваад гараад ирлээ гээд аваад ирсэн. Миний мотоциклийн ард дарчихаад Е-н доор очсон чинь энд зогсчих гээд жоохон ноолуур байгаа Е-нд аваачаад өгчихье гэсэд тэгэхээр нь  Е ах авахгүй байх гэсэн чинь хоёулаа цуг жоохон уутанд тасалж аваачаад өгчихье гээд Е-нд очсон чинь манай аав тэнд ирчихсэн байсан. Тэгээд би аавтай уулзаад байж байсан чинь Б Е-нх рүү яваад орсон. Тэгээд Е-г дагуулж гарч ирээд ууттай ноолуураа аваад орсон. Гарч ирэхдээ уутандаа юм хийчихсэн байсан би юу гэдгийг нь мэдээгүй. Бид хоёр буцаад О ахынд очсон чинь пиво, эхнэр хүүхдэдээ авсан гээд чихэр гаргаж ирсэн. Тэгээд 15-ны орой хоночихоод 16-нд би хүний мотоцикль аваачиж өгье гэсэн ногоон ууттай ноолуурыг буцааж аваачиж байшинд хийе гээд дөрөлжийн эхээд гараад явсан чинь Б энийг ганга руу хийгээд дараад орчихьё чиний мотоциклийг янзлаад чи намайг гэрт хүргээд өгчих би эхнэртээ мэдэгдэхгүй байшингийн түлхүүрийг авч ирээд дарааг нь янзлаад хийчихье гээд Б өөрөө ганга руу оруулаад чулуугаар дарчихаад ирсэн. Тэгээд А-д очоод мотоциклио янзлаад Н ахын тэнд очоод миний бензин хүрэхээргүй байна гээд Б-г тэнд үлдээчихээд би гэртээ очсон гэх мэдүүлэг,/шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Шүүгдэгч П.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би Б.Г-н ярьж байснаас тэс өөр бодолтой байна. Би тэр амбаарт ноолуур байсныг нь мэдээгүй. 4 кг ноолуурыг тушааж өгсөн нь үнэн. Тэр бол миний буруу. Б.Г бүх зүйлээ миний эсрэг ярьж байна. Би энэ айлын ноолуурыг зуслан дээр байхыг нь л мэднэ. Өөрөө малыг нь хариулж өгч байсан. Мал тасалж өгнө гээд энэ айлд очиж байсан. Б.Г миний эсрэг мэдүүлэг өгөөд байна. Яагаад ингээд байгааг нь сайн мэдэхгүй байна. Гэрчээр оролцсон хүмүүс нь бүгд Б.Г-н ах дүүс хүмүүс. Би ганцаараа байсан учраас миний талд зогсох хүн байхгүй. Эд нар бүгд ах дүүсээрээ мэдүүлэг өгч байгаа. Б.Г над руу утсаар яриад бид нар бүгд мэдүүлгээ нэгдээд өгсөн. Б.Г-н найз охиных нь өгсөн мэдүүлэг худлаа, би эсэргүүцэж байна. Яагаад гэхээр би Г-н араар сууж явсан, мотоцикль бариагүй. Намайг мотоцикль сайн барьж чаддаггүйг Ч эгч сайн мэдэж байгаа. Гэрэлгүй мотоцикль барих нь байтугай өдөр цагаан зам дээр мотоцикль сайн унаж чаддаггүй. Тэр ноолуур авсан газар гээд байгаа байшин бартаатай газар байдаг харанхуй шөнө гэрэлгүй мотоцикльтой явах боломжгүй. Өдөр нь ноолуур булалцсан гэж байна. Би ноолуур булалцаагүй. Сум явж байна гэхээр аймгаас манай эхнэр гурил авч явуулсан тэрийг авч ирээд өгөөч гэж гуйсан. Г Е гэдэг айлаас надад архи авч өгсөн нь үнэн, гэхдээ би аваад өгчих гэж шаардлага тавиагүй. Өөрөө хоёулаа ганц юм хуваагаад ууя би зээгээд авчихъя гэж хэлсэн. Ноолуур өгөөд миний өрийг дарчихаарай, намайг ноолуур өгсөн гэж мэдүүл ээж бөөн юм болно, сум орж юм авах гэж байгаа гэж хэлсэн. Хадам аавын зээ болохоор нь би энэ хүнд хар санаагүй, итгэсэн үнэн зөвөөр шүүж өгнө үү гэв. ,/шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч В.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Б.Г бол үнэн зөвийг ярьж байна. Надад нээх хохирол байхгүй, ноолуураа авчих юм бол болохоор байна. Өөр зүйл байхгүй ... Б.Г явсан зүйлээ бараг ярьсан. П.Б бол амбаарт ноолуур байгааг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Өөрөө мэдэхгүй гэж яриад байна. Мал услаад ир гээд амбаарын түлхүүрээ өгөөд явуулдаг, мал услаад амбаарт хоноод гараад ирдэг. Тэгэхэд ноолуур байгааг мэдэхгүй гээд яриад байна. Цуг яваад байсныг Б.Г бүрнээр нь ярьчихлаа ... Наашаа даахинд явсан хойгуур нь би доош нь аваачаад тавьсан байсан. Тэгээд хүүхдийн даахиа өнгөрөөж ирээд манай очсон. Намайг Баянтоорой руу эмчилгээнд явсан хойгуур ээж малаа услаад ир гээд амбаарын хажууд гэр байсан тэр гэрийн түлхүүр өгөөд амбаарт мах байгаа тэрнээс авч идээд малаа услаад гараад ир гээд явуулсан байсан. Наадах чинь мэдэхийн дээдээр мэдэж байгаа... Б.Г П.Б-н нөмөргөн доор л яваад байх шиг байна. Б.Г миний амбаарт ноолуур байгааг мэдэхгүй ... ноолуур алга болсныг Малаа услах гээд яваад очсон чинь амбаарын дараа мурийсан байсан. Түлхүүр надад явж байсан учраас нээгээд үзсэн чинь ноолуур байхгүй байсан ... Ээж малаа услаад ир гээд түлхүүр өгдөг. Газар хол болохоор услаад хонож, өнжөөд гардаг ... амбаарт орж, гараад явах боломжтой...” гэв. ,/шүүх хуралдааны тэмдэглэлээс/

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Б.Г-н шүүх хуралдаанд мэдүүлсэн “...А ахын мотоциклийг гуйгаад урагшаа гэр рүүгээ яваад мотоциклийн юмаа олж ирье гээд А ахын мотоциклийг унаад Дөрөлжийн аман дээр очоод манай тийшээ салдаг нэг морин зам байдаг, тэрнээс доош явдаг бас нэг салаа зам байдаг морин замаар явах гэсэн чинь манай байшингаар ороод тэндээс юм аваад гол өгсөөд авъя гээд байшингийнх нь тэнд очсон. Харанхуй болсон байсан би урд руу нь зогссон Б байшин руу очоод төмөр дуугаргаад байсан. Тэгээд би цоож онгойлгож байгаа юм байх гэж бодсон. Тэгсэн нэг ууттай юм аваад гараад ирсэн би түлхүүрээ мартчихсан байна дарааг нь жоохон татчихаад аваад гараад ирлээ гээд аваад ирсэн. Миний мотоциклийн ард дарчихаад Е-н доор очсон чинь энд зогсчих гээд жоохон ноолуур байгаа Е-нд аваачаад өгчихье гэсэд тэгэхээр нь  Е ах авахгүй байх гэсэн чинь хоёулаа цуг жоохон уутанд тасалж аваачаад өгчихье гээд Е-нд очсон чинь манай аав тэнд ирчихсэн байсан. Тэгээд би аавтай уулзаад байж байсан чинь Б Е-нх рүү яваад орсон. Тэгээд Е-г дагуулж гарч ирээд ууттай ноолуураа аваад орсон. Гарч ирэхдээ уутандаа юм хийчихсэн байсан би юу гэдгийг нь мэдээгүй. Бид хоёр буцаад О ахынд очсон чинь пиво, эхнэр хүүхдэдээ авсан гээд чихэр гаргаж ирсэн. Тэгээд 15-ны орой хоночихоод 16-нд би хүний мотоцикль аваачиж өгье гэсэн ногоон ууттай ноолуурыг буцааж аваачиж байшинд хийе гээд дөрөлжийн эхээд гараад явсан чинь Б энийг ганга руу хийгээд дараад орхичихьё чиний мотоциклийг янзлаад чи намайг гэрт хүргээд өгчих би эхнэртээ мэдэгдэхгүй байшингийн түлхүүрийг авч ирээд дарааг нь янзлаад хийчихье гээд Б өөрөө ганга руу оруулаад чулуугаар дарчихаад ирсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдаан тэмдэглэлээс/,

Хохирогч В.Ч-н шүүх хуралдаанд мэдүүлсэн “...Б.Г явсан зүйлээ бараг ярьсан. П.Б бол амбаарт ноолуур байгааг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Өөрөө мэдэхгүй гэж яриад байна. Мал услаад ир гээд амбаарын түлхүүрээ өгөөд явуулдаг, мал услаад амбаарт хоноод гараад ирдэг. Тэгэхэд ноолуур байгааг мэдэхгүй гээд яриад байна. Цуг яваад байсныг Б.Г бүрнээр нь ярьчихлаа ... Наашаа даахин явсан хойгуур нь би доош нь аваачаад тавьсан байсан. Тэгээд хүүхдийн даахиа өнгөрөөж ирээд манай очсон. Намайг Баянтоорой руу эмчилгээнд явсан хойгуур ээж малаа услаад ир гээд амбаарын хажууд гэр байсан тэр гэрийн түлхүүр өгөөд амбаарт мах байгаа тэрнээс авч идээд малаа услаад гараад ир гээд явуулсан байсан. Наадах чинь мэдэхийн дээдээр мэдэж байгаа... Б.Г П.Б-н нөмөргөн доор л яваад байх шиг байна. Б.Г миний амбаарт ноолуур байгааг мэдэхгүй ... ноолуур алга болсныг Малаа услах гээд яваад очсон чинь амбаарын дараа мурийсан байсан. Түлхүүр надад явж байсан учраас нээгээд үзсэн чинь ноолуур байхгүй байсан ... Ээж малаа услаад ир гээд түлхүүр өгдөг. Газар хол болохоор услаад хонож, өнжөөд гардаг ... амбаарт орж, гараад явах боломжтой...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдаан тэмдэглэлээс/,

Шүүгдэгч Б.Г-н мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Б нь надад хэлэхдээ манай хадмын эзэмшлийн байшин сав байгаа юм. Би өөрийнхөө түлхүүрийг орхисон байна гэж хэлээд дотроос нь өөрийнхөө юмыг авна гээд амбаар луу яваад орсон. Би ороогүй гадаа байж байхад ууттай зүйл бариад гараад ирсэн. Харанхуй байсан учир юу байсан талаар нь мэдээгүй юм. Тэгээд тэндээсэээ Е гэдэг айлд очсон чинь Б орчихоод гараад ирсэн ...” гэсэн мэдүүлэг /ХХ67-69/,

Хохирогч В.Ч-н мөрдөн байцаалтад өгсөн “...2018 оны 12  дугаар сарын           19-ний өдөр Говь-Алтай аймгийн Цогт сумын Гэгээт багийн Өлзийтийн ам гэх газар байдаг Хаваржааны амбаар дээр очиход дараа нь мурийчихсан байхаар нь хаалгыг онгойлгоод дотор байсан эд зүйлээ бүртгэхэд ногоон шуудайтай 13,5 кг гэж бичсэн ноолуур алга болсон байсан. Бусад эд зүйл нь бүрэн бүтэн байсан... Хэрэг гарах үеэр манай хүргэн болдог Б.Б манай малыг тууж явуулаад Цагаанаа буюу Г гэх залуутай хэд хоног архи ууж явсан байсан, Мөн манай амбаарт ноолуур байсныг мэдэж байгаа ганц хүн бол Б.Б...” гэсэн мэдүүлэг /ХХ20-21/,

Иргэний нэхэмжлэгч Ц.Е-н мөрдөн байцаалтад өгсөн "...2018 оны 12 дугаар сарын 15-нд 19 цагийн үед байх Б, Г хоёр манайд цуг ирээд Б надад 4 кг ноолуур өгөөд надаас бэлэн мөнгө 22.000 төгрөг, бор голтой чихэр 2 кг, нийт 20.000 төгрөгийн үнэтэй, 2,5 литрийн савалгаатай Цагаан баавгайт пиво 4 ширхэг нийт 40.000 төгрөгний үнэтэй, Альфинголд шоколад 2 ширхэг нийт 5000 төгрөг зэрэг 87.000 төгрөгний эд зүйл авсан юм. Надад өгсөн 4 кг ноолуурыг нь цагдаа хурааж аваад явсан ..." гэсэн мэдүүлэг /ХХ22-23/,

Гэрч Ц.Б-н мөрдөн байцаалтад өгсөн  "...2018 оны 12 дугаар сарын 15-ны оройн 20 цагийн үед манай нөхөр Е надад хэлэхдээ Б намайг ноолуур авчихаач гээд гуйгаад байна гэж хэлсэн... Тэгээд тэр ноолуурыг аваад хиллээд тавьчихсан байгаа... 4 кг ноолуур өгсөн ... Б манай ноолуурын дээж байгаа юм гээд байсан..." гэсэн мэдүүлэг /ХХ35-36/,

Гэрч Д.О-н мөрдөн байцаалтад өгсөн "...Би тэр үед согтоод жаахан муудсан байсан. Нэг мэдэхэд Г, Ою, манай эхнэр Д, Б нар хөзөр тоглоод сууж байсан. Бие засах гээд гартал Б манай гадаа тамхи татаад сууж байсан. Тэгээд надаас уут, шуудайны юм байна уу гэж асуусан. Юу байдаг юм, байхгүй гэж хэлээд гэрт ортол араас Б орж ирээд эхнэрээс аниа уут байна уу гэж асуугаад орж ирсэн. Эхнэр уут байхгүй яах гэсэн юм гэхэд чихэр, жимс хийх гэсэн юм гээд шкапны доод талд байсан хөр хийдэг уут байсныг энэ шуудай болно шүү дээ гээд аваад гарсан. Тэгээд би хэвтээд унтаад өгсөн… 2018 оны 12 дугаар сарын 14-нд миний мотоциклийг авч явсан байсан. 2018 оны 12 дугаар сарын 15-нд буцаж ирээд би согтоод унтсан. 2018 оны 12 дугаар сарын 16-ны өглөө сэрэхэд Б манай баруун талын хувцасны шакапны урд хувцастайгаа бүхлээрээ унтсан байсан. Тэр шөнө 2018 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө манайд би, эхнэр 3 хүүхдийнхээ хамт, Г, Ою, Б, Т ах, бид нар манайд хоносон... Б, Г, Ба, О нар архи пиво гэрт уухад нь манай эхнэр уурлаад гарч уу гээд гаргасан гэсэн. Тэр 4 манай гадаа байдаг эвдэрхий кабин дотор уусан байсан...." гэсэн мэдүүлэг /ХХ38-39/,

Гэрч Н.Н-н мөрдөн байцаалтад өгсөн "...2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б манайд ирээд бид 2 ганц юм ууя гэж ярилцаад Е-нд очоод 1 шил соёрхол нэртэй архи аваад байж байхад О авгайтайгаа тэндээс юм аваад явж байсан. Б бид 2 От-нд очиж архиа ууя гэж ярилцаад араас нь очоод тэндээ Т ах тэднийд байсан. Бид 4 цугтаа уугаад би тэндээ хоноод Б О-н мотоциклыг унаад манайд очиж хоноод өглөө нь О-нд ирэхэд би зөрөөд гэрлүүгээ яваад Б тэндээ үлдсэн. Орой 18 цагийн үед Б Г хоёр манайд ирээд Цогт сумын төв рүү бид хоёр явлаа гээд гарсан. Тэгэж яваад маргааш өглөө нь буюу 2018 оны 12 сарын 16-ны өглөө Г, Б хоёр буцаад манайд сум явсангүй мотоцикл болохгүй байна гээд ирээд Б мотоциклоо янзлана гээд яваад оройхон 16 цагийн үед ирсэн. Г гэр лүүгээ явлаа гээд явсан. Б үлдсэн ... Тэр 2 Г-н мотоциклтой явж байсан. Ямар нэг зүйл ганзагалаж авч яваагүй байсан... хоосон яваад хоосон ирсэн, 2, 3 түлхүүр багаж өврөөсөө гаргаж ирсэн ..." гэсэн мэдүүлэг    /ХХ40-41/,

Гэрч А.Б-н мөрдөн байцаалтад өгсөн "... Б арваад кг ноолуур байгаа түүнээс нь 5 кг-г нь аваад дээш нь хөвсийлгөвөл Ч  мэдэхгүй байх гэж байсан. Тэгэхээр нь би балайраад бай чи хулгайн хэрэгт орно шүү гэж хэлсэн. Тэгээд тэр орой би тэднийд хоносон...Намайг цуг явъя гэж хэлээгүй..." гэсэн мэдүүлэг /ХХ47-48/,

Есөнбулаг сумын үнэлгээний комиссын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ /ХХ50/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ3, 7/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ4-6, 8/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөх болон яллах талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Б нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт сумын Гэгээт багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ч-н өмчлөлийн амбаарын цоожны дарааг тахийлган нэвтэрч 13.5 киллограмм ноолуур хулгайлан хохирогчид 1.080.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

Тухайн эд зүйл алдагдсан гэх амбаар нь иргэн В.Ч-н хууль ёсны өмчлөлийн амбаар болов ч шүүгдэгч П.Б ньтухайн амбаарыг хохирогчийн нэгэн адил ашиглаж, нэвтрэх эрхтэй байсан болох нь шүүгдэгч Б.Г-н “... Цуг амьдраад Б голцуу Ч эгчийн малыг хариулаад амбаарт нь хонож өнжөөд яваад байдаг байсан. Хаваржаа нь зам дагуу болохоор харагддаг...” гэсэн мэдүүлэг, хохирогч В.Ч-н “...Ээж малаа услаад ир гээд түлхүүр өгдөг. Газар хол болохоор услаад хонож, өнжөөд гардаг ... 1 л түлхүүртэй дамжуулаад хэрэглэдэг байсан ... амбаарт орж, гараад явах боломжтой...” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул агуулах саванд нэвтрэн орж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлвэл тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэдгийг эд хөрөнгийг түр болон байнга хадгалах зориулалт бүхий цоож, хамгаалалтын хэрэгсэл, бусад тоног төхөөрөмж, харуул, манаа зэргээр тусгайлан хамгаалсан агуулах, байранд цонх, хамгаалалтын хэрэгслийг багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр эвдэх, түлхүүр тааруулах, хамгаалалтын кодыг эвдэх, онгорхой байхад нь сэм орох нуугдах зэрэг аргаар тухайн агуулах, байрыг эзэмших, ашиглах эрхгүй этгээд нэвтрэн орж гэмт хэрэг үйлдсэн тохиолдлыг хамааруулан авч үздэг ойлголт юм. Тухайн агуулах, байрыг эзэмших, ашиглах эрх гэдгийг зөвхөн түүний өмчлөлийн агуулгаар ойлгохгүй, өмчлөгчийн зөвшөөрлөөр түүний нэгэн адил эзэмшиж, ашиглаж байсан бусад этгээдэд ч нэгэн адил хамаарна.

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхбатын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1916000030023 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж шүүгдэгч П.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Харин аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Г-г 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт сумын Гэгээт багийн иргэн В.Ч-н тусгайлан хамгаалсан байр буюу амбаарт хууль бусаар нэвтрэн орж, 13,5 кг ноолуурыг шүүгдэгч П.Б-тэй бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Учир нь шүүгдэгч Б.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...А ахын мотоциклийг унаад Дөрөлжийн аман дээр очоод манай тийшээ салдаг нэг морин зам байдаг, тэрнээс доош явдаг бас нэг салаа зам байдаг морин замаар явах гэсэн чинь манай байшингаар ороод тэндээс юм аваад гол өгсөөд авъя гээд байшингийнх нь тэнд очсон. Харанхуй болсон байсан би урд руу нь зогссон Б байшин руу очоод төмөр дуугаргаад байсан. Тэгээд би цоож онгойлгож байгаа юм байх гэж бодсон. Тэгсэн нэг ууттай юм аваад гараад ирсэн би түлхүүрээ мартчихсан байна дарааг нь жоохон татчихаад аваад гараад ирлээ гээд аваад ирсэн. Миний мотоциклийн ард дарчихаад Е-н доор очсон чинь энд зогсчих гээд жоохон ноолуур байгаа Е-нд аваачаад өгчихье гэсэд тэгэхээр нь  Е ах авахгүй байх гэсэн чинь хоёулаа цуг жоохон уутанд тасалж аваачаад өгчихье гээд Е-нд очсон чинь манай аав тэнд ирчихсэн байсан. Тэгээд би аавтай уулзаад байж байсан чинь Б Е-нх рүү яваад орсон. Тэгээд Е-г дагуулж гарч ирээд ууттай ноолуураа аваад орсон. Гарч ирэхдээ уутандаа юм хийчихсэн байсан би юу гэдгийг нь мэдээгүй. Бид хоёр буцаад О ахынд очсон чинь пиво, эхнэр хүүхдэдээ авсан гээд чихэр гаргаж ирсэн. Тэгээд 15-ны орой хоночихоод 16-нд би хүний мотоцикль аваачиж өгье гэсэн ногоон ууттай ноолуурыг буцааж аваачиж байшинд хийе гээд Дөрөлжийн эхээд гараад явсан чинь Б энийг ганга руу хийгээд дараад орхиё чиний мотоциклийг янзлаад чи намайг гэрт хүргээд өгчих би эхнэртээ мэдэгдэхгүй байшингийн түлхүүрийг авч ирээд дарааг нь янзлаад хийчихнэ гээд Б өөрөө ганга руу оруулаад чулуугаар дарчихаад ирсэн. ...” гэсэн мэдүүлэг нь хохирогч В.Ч-н “...Б.Г П.Б-н нөмөргөн доор л яваад байх шиг байна. Б.Г миний амбаарт ноолуур байгааг мэдэхгүй...”гэсэн, шүүгдэгч Б.Гын мөрдөн байцаалтад удаа дараа тогтвортой өгсөн “... Б нь надад хэлэхдээ манай хадмын эзэмшлийн байшин сав байгаа юм. Би өөрийнхөө түлхүүрийг орхисон байна гэж хэлээд дотроос нь өөрийнхөө юмыг авна гээд амбаар луу яваад орсон. Би ороогүй гадаа байж байхад ууттай зүйл бариад гараад ирсэн. Харанхуй байсан учир юу байсан талаар нь мэдээгүй юм...” гэсэн, гэрч Н.Н-н “...Орой 18 цагийн үед Б Г хоёр манайд ирээд Цогт сумын төв рүү бид хоёр явлаа гээд гарсан. Тэгэж яваад маргааш өглөө нь буюу 2018 оны 12 сарын 16-ны өглөө Г, Б хоёр буцаад манайд сум явсангүй мотоцикл болохгүй байна гээд ирээд Б мотоциклоо янзлана гээд яваад оройхон 16 цагийн үед ирсэн. Г гэрлүүгээ явлаа гээд явсан...”гэсэн, гэрч Т.Ою-н "...2018 оны 12 сарын 15-ны өдөр Г бид хоёр гэрээсээ гараад О ахынд очиход Б, Н ах, О ах, эхнэр нь, танихгүй настайвтар ах эд нар хөзөр тоглоод байж байсан. Ороод удалгүй Г сумын төвөөс ахыгаа авна гээд Б-тэй өдрийн 13 цагийн үед Отгоноо ахынхаас гарсан. Би О ахынд үлдсэн. Орой Г, Б хоёр нэлээд аажуухан буцаад Г-н мотоцикль эвдэрчихлээ гээд Б-н ардуур сууж ирээд Г унтаад Б буцаж яваад шөнө дунд ирээд унтаад өгсөн. 2018 оны 12 дугаар сарын 16-ны өглөө босоод Г бид 2 гэр лүүгээ явсан..." гэсэн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.

Шүүгдэгч Г нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд тухайн үед болсон үйл явдал, явсан зам чиглэлийн талаар тогтвортой мэдүүлэг өгсөн, түүний мэдүүлгүүд бусад гэрчүүдийн мэдүүлгээр давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Г нь тухайн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон буюу тухайн гэмт хэргийг үйлдэхэд ямар үйлдлээрээ санаатайгаар нэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдасан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлвэл тухайн амбаараас шүүгдэгч Б ноолуур хулгайлан авсан үйл баримт тогтоогдсон бөгөөд уг үйлдэлд нь биечлэн оролцоогүй шүүгдэгч Гын үйлдлийг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх боломжгүй байна.

Тухайн хэрэгт сэжиглэгдэж буй хүнд Эрүүгийн хуульд заасан худал мэдүүлэг өгвөл хүлээх хариуцлагыг сануулан түүнээс гэрчийн мэдүүлэг авах нь Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцоор баталгаажсан “...өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, мэдүүлэг өгөхийг шаардах, шахалт үзүүлэх, хүчээр мэдүүлэг авахыг хориглох...” заалтуудыг болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яллагдагчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан ноцтой зөрчилд хамаарна гэж шүүх үзэн шүүгдэгч Б.Г-н гэрчээр өгсөн мэдүүлгийг /хх-32,33/ түүний өмгөөлөгчийн хүсэлтээр нотлох баримтаар тооцохоос татгалзсан, мөн шүүгдэгч П.Б-н гэрчээр өгсөн мэдүүлгийг /хх-28/ шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, гэрч, хохирогч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг нь тогтвортой байсан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийлээ.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Шүүхээс шүүгдэгч П.Б-н гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг ял оногдуулахдаа харгалзан үзэж, түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 13,5 кг ноолуурыг хохирогч В.Ч-д, ДМ00000000 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шүүгдэгч Б.Гт тус тус буцаан олгож,  шүүгдэгч Б.Г, П.Б нар нь 80 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нарын эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч П.Б нь бусадад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч   П.Б-н иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах  нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг  баримтлан 1916000030023 дугаартай эрүүгийн хэргээс шүүгдэгч Ц овогт Б-н Г-д холбогдох үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  заасныг баримтлан Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхбатын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1916000030023 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

3. Шүүгдэгч О овгийн П-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авах буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч П.Б-г 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-н цагдан хоригдсон 80 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

7. Шүүгдэгч  П.Б-г цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 13,5 кг ноолуурыг хохирогч В.Ч-д, ДМ00000000 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шүүгдэгч Б.Гт тус тус буцаан олгож, шүүгдэгч Б.Г  П.Б нар нь 80 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нарын эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч П.Б нь бусадад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч  П.Б-н иргэний үнэмлэх шүүхэд ирээүй зэргийг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.Б-д авсан цагдан хорих, шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА