Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 738

 

 

    2019        08         06                                    2019/ШЦТ/738

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

               Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

               Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

                Улсын яллагч Ж.Энх-Амгалан,

           Өсвөр насны шүүгдэгч Г.О, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Гэрэлцэцэг, тэдгээрийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

           Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.О-д холбогдох эрүүгийн   хэргийг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 нас 9 сар 6 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажил, сургуульгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт  , ял шийтгэлгүй, Г.О,

             Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

           Өсвөр насны яллагдагч Г.О нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Новотел зочид” буудлын “Бийр хаус” паб үйлчилгээний газарт хохирогч Б.Энхсүрэнгийн өмчлөлийн “Хуавей П-10” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

         Өсвөр насны шүүгдэгч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж, гэмшиж байна” гэв.     

         Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Гэрэлцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хүүхэддээ дарамт шахалт үзүүлээгүй, цаашдаа анхаарал халамж сайн тавина” гэв.

 

Эрүүгийн   хэргээс:

 

         Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

        Хохирогч Б.Энхсүрэнд “Хуавей П-10” маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,

       "Дамно" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

    Мэдээлэл хадгалах хэрэгсэл буюу хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,

       Хохирогч Б.Энхсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 21 цагийн орчим хоёр найзын хамт “Новотел” зочид буудлын нэг давхарт үйл ажиллагаа явуулах “Бийр хаус”-ын хаалгаар ороод баруун урд булангийн цонхны хажуу талын ширээнд суугаад үйлчлүүлсэн. Сууж байтал үл таних 13 орчим насны хүүхэд цаасан хайрцагны талыг барьчихсан орж ирээд манай ширээн дээр ирээд мөнгө гуйсан. Тэгэхэд нь “мөнгө байхгүй” гэж хэлсэн чинь шууд гараад явчихсан. Гэтэл хэсэг хугацааны дараа гар утсаа хайтал алга болсон байсан. Тэгээд хяналтын камерыг шүүлгэхэд миний гар утсыг хулгайлаад аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 дугаар хуудас/,

        Гэрч Б.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие ”Новотел” зочид буудлын хамгаалалтын албаны ээлжийн ахлах бөгөөд манай байгууллагад байрлах "Бийр хаус" нэртэй пабад 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 21 цаг 30 минутын үед үйлчлүүлж байсан залуу гар утсаа алдчихлаа гэж бид нарт мэдэгдсэн. Тэгээд бид нар хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд 16 орчим насны хүүхэд орж ирээд гарахдаа ширээн дээрээс гар утсыг нь хулгайлаад аваад явсан байсан. Өнөөдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 21 цагийн үед Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн автобусны буудал дээр нөгөө гар утас хулгайлсан хүүхэд явж байна гэж манай байгууллагын хяналтын камерын эгч мэдэгдэхээр нь очиж бариад цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

         Насанд хүрээгүй гэрч Т.Гэрэлсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагийн үед өөрийн найз Отгонхишигтэй хамт явж байхад Г.О Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн хажууд байрлалтай нэг ресторанд ганцаараа орчихоод гараад ирсэн. Гарч ирэхдээ “Хуавей П-10” загварын гар утас хулгай хийгээд гараад ирсэн. Тэгээд бид хоёр Г.Оийн гэр рүү нь буюу Зуун мод руу явсан. Зуун модонд очиж хоночихоод маргааш өглөө нь Монтел төв дээр гадаа зогсож байсан ченжид 50.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

         Өсвөр насны яллагдагч Г.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 21 цагийн үед ганцаараа “Новотел” зочид буудлын орчимд явж байгаад 1 давхрын цонхоор нь харсан чинь урт ширээний хамгийн наад талд хар өнгийн гар утас байж байсан. Тухайн ширээнд  1 ах, 2 эгч сууж байсан. Тэгэхээр нь би дөрвөлжин хайрцаг аваад тус паб руу ороод нөгөө ширээн дээр очоод юм хэлэлгүй гар утсыг нь кардон цаасаараа халхалж байгаад аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

         Өсвөр насны яллагдагч Г.О-ийн насыг тоолсон тухай баримт, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 34, 45 дугаар хуудас/, суурь боловсролын сурлагын үнэлгээний хуулбар /хх-ийн 46-51 дүгээр хуудас/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 53 дугаар  хуудас/, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 54 дүгээр хуудас/, хууль ёсны төлөөлөгч Ц.Гэрэлцэцэгийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар /хх-ийн 56 дугаар хуудас/ зэрэг болно.

           Өсвөр насны шүүгдэгчийн гэм бурууг нотолж байгаа эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт байгаа бусад баримтуудаар тогтоогдсон, хэрэгт хамааралтай бүхий л байдлыг мэдүүлсэн, эх сурвалж тодорхой байна.  

         Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Г.О-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

           Гэм буруугийн талаар:

        Өсвөр насны шүүгдэгч Г.О нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Новотел зочид” буудлын “Бийр хаус” паб үйлчилгээний газарт хохирогч Б.Энхсүрэнгийн өмчлөлийн “Хуавей П-10” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 320.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь өсвөр насны шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

        Өсвөр насны шүүгдэгчээс хохирогчийн эд хөрөнгийг нууцаар авсанаа мэдүүлсэн, хохирогчоос эд хөрөнгөө алдагдсаныг мэдүүлж, хохирогчид хохирол учруулсан болохыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч Г.О-ийн үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

      Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

      Иймд өсвөр насны шүүгдэгч Г.О-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.  

     Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч Б.Энхсүрэн “Хуавей П-10” загварын гар утсаа буцаан авсан нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /хх-ийн 6 дугаар хуудас/ тогтоогдож байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна.

         Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

       Шүүх өсвөр насны шүүгдэгч Г.О-ийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

     Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

           Шүүх өсвөр насны шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.  

       Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдлаа.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Өсвөр насны шүүгдэгч Г.О-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1, 2-т заасныг тус тус журамлан өсвөр насны шүүгдэгч Г.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Өсвөр насны шүүгдэгч Г.О-т хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, түүнд хяналт тавих үүргийг Нийслэлийн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.О нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулах болохыг анхааруулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл өсвөр насны шүүгдэгч Г.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.ОДОНЧИМЭГ