Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 1085

 

 

 

 

 

 

 

    2019       10            29                                             2019/ДШМ/1085

 

 

Г.О-т холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Амгаланбаатар,

өсвөр насны шүүгдэгч Г.О-ийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг  даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/738 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Х.Еркебуланы бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Г.О-т холбогдох эрүүгийн 1909020090653 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгч Г.О- нь 2019 оны 5 дугаар сарын 16-ны орой 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Новотел” зочид буудлын “Бийр хаус” паб үйлчилгээний газарт хохирогч Б.Энхсүрэнгийн өмчлөлийн Хуавей пи 10 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 320,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт

үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч Боржигин овогт Гансүхийн О-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1, 2-т заасныг тус тус журамлан өсвөр насны шүүгдэгч Г.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, өсвөр насны шүүгдэгч Г.О-т хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, түүнд хяналт тавих үүргийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.О- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулахыг анхааруулж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Прокурор Х.Еркебулан бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1, 2-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй” хэмээн шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж, нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заажээ. Гэтэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 738 дугаартай шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч Г.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанаас доод хэмжээгээр буюу 6 сарын хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 738 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.

Прокурор Ц.Амгаланбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гаргасан эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Г.О-ийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн өдрийн шүүх хуралдаанаар шүүгч шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг танилцуулахдаа 2 жилийн хугацаагаар тэнссүгэй гэж уншсан боловч шийтгэх тогтоолыг бичгийн хэлбэрээр гаргахдаа 6 сар гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байсан. Уг алдааг засуулах гээд хүсэлтээ бичсэн боловч прокурор эсэргүүцэл бичсэн тул хэргийг давж заалдах шатны шүүх рүү явуулсан байсан. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Г.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Г.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1, 2-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэснийг хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заажээ.

Гэтэл анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Г.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанаас доогуур буюу 6 сарын хугацаагаар ял оногдуулахыг тэнсэж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэсэн хууль ёсны зарчимд нийцэхгүй байхаас гадна мөн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, чөлөөлөх үндэслэл, журмыг зөрчсөн гэж үзнэ.

Үүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ гэж заажээ.

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан өсвөр насны шүүгдэгч Г.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж...” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зүйл, хэсэг, ял оногдуулахыг тэнссэн хугацаа шийтгэх тогтоолтой зөрүүтэй бичигдсэн байна.

Дээрх алдаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ноцтой зөрчилд хамаарч байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжгүй юм.

Анхан шатны шүүх цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимыг анхаарвал зохино. 

 

Иймд прокурорын бичсэн “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн...” гэх улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.О-т холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/738 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, өсвөр насны шүүгдэгч Г.О-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл өсвөр насны шүүгдэгч Г.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

                                         

 

ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

 

ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

 

 

                        ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ