Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 142/2017/00482/И |
Дугаар | 001/ХТ2017/01674 |
Огноо | 2017-12-19 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2017/01674
Т.А-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2017/00668 дугаар шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 149 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч Т.А-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч А.Н-д холбогдох,
Зээлийн төлбөр 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2014 оны 06 сард Нургуль миний гар утас руу залгаад яаралтай 10 000 000 төгрөгний хэрэг байна, 7 хоногийн дараа буцаагаад төлнө гэж хэлсэн. Тухайн үед би ажил дээрээ байсан учир бэлэн мөнгө байхгүй болохоо хэлсэн. Гэтэл байн байн залгаад байхаар нь би Мишээл тавилгын дэлгүүрийн эзэн өөрийн хуурай эгч Даваажаргал руу залгаад дүүд маань яаралтай 10 000 000 төгрөг хэрэг болоод байна, та өгчих би таньд өөрөө төлнө гээд Нургульд хэлж Нургуль Даваажаргал эгчээс 10 000 000 төгрөг очиж авсан. Энэ 10 000 000 төгрөгийг би Даваажаргал эгчид өөрөө төлсөн. Би мөнгөө нэхсэн чинь Нургуль маргааш нөгөөдөр гэсээр эцэст нь надаас цааш нь хүнд дамжуулж өгсөн учир тэр хүн маань өгөхгүй байна гээд байхаар нь би 2016 оны 04-р сард Орхон аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан боловч шалгаад иргэд хоорондын маргаан байна гээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол өгсөн.
Энэ өдрөөс хойш мөнгийг маань өгөх байх гэж хараад өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн тооцоо хийхгүй байгаа учир би шүүхэд хандаж байна. Энэ 10 000 000 төгрөгийг надаас Нургуль авсан учир би Нургулиас л мөнгөө гаргуулна. Энэ цаашаа хэндээ мөнгө өгсөн байх нь надад хамаа байхгүй гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
Т.А- надад холбогдуулан тус шүүхэд 10 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.
Миний бие Т.А-аас ямар нэгэн байдлаар 10 сая төгрөг зээлж аваагүй бөгөөд харин Т.А- нь өөр хүнд /Одгэрэлд/ мөнгө зээлж, тэр тухайгаа гэрээ байгуулж байсныг мэднэ. Тэр Одгэрэл эгчид мөнгө зээлсэн гэж гэрээ байгуулсныхаа дараа намайг уг зээлийн гэрээнд гарын үсэг зурахыг шаардаж олон удаа хандсан боловч миний бие Т.А-аас мөнгө зээлж аваагүй тул зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй юм. Харин нэхэмжлэлд дурдсан Даваажаргал гэдэг хүнээс Марзима, Одгэрэл нар 10 сая төгрөгийг зээлж авч байсан нь үнэн. Түүнээс би зээлээгүй. Тухайн үедээ Даваажаргал нь Марзима, Одгэрэл нартай зээлийн гэрээ байгуулаагүй байж байгаад хожим нь Т.А- Одгэрэлтэй гэрээ байгуулж байсныг миний бие харж байсан. Тухайн мөнгө зээлсэн, зээлийн гэрээ байгуулсан, зээлийн үүрэг хүлээсэн иргэдээс энэхүү мөнгөө нэхэмжилж авах хэрэгтэй. Миний бие тэдний өмнөөс төлбөр төлөхийг зөвшөөрөхгүй байна.
Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2017/00668 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1, 282-р зүйлийн 282.4-т зааснаар Т.А-ын А.Н-д холбогдуулан гаргасан 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 149 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2017/00668 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Ж.Аманжулын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
...Хоёр шатны шүүх нэхэмжлэгч Т.А- анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гол нотлох баримт болгон хавсаргаж өгсөн Орхон аймгийн прокурорын газрын прокурорын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 5/184 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолд дүгнэлт хийсэнгүй. Тус тогтоол хариуцагч А.Н- “10.0 сая төгрөг хэрэгтэй байна долоо хоноод өгчихнө хүнд заавал туслахгүй бол болохгүй” гэж хэлээд гуйгаад байсан учир нэхэмжлэгч Т.А-ь ажил дээрээ байгаагаа хэлдэг бөгөөд А.Н- дахин дахин утсаар гуйсны дагуу Т.А- тавилгын “Мишээл” дэлгүүрийн худалдагч Л.Даваажаргалаас очоод 10.0 сая төгрөг авчих гэснээр мөн өдрөө хариуцагч А.Н- Марзиймаатай хамт орж 10.0 сая төгрөг аваад гадаа гарч машинд орон Энхжаргал гэдэг хүнд өгсөн болохоо тайлбарладаг бөгөөд дээрх 10.0 сая төгрөг нэхэмжлэгч Т.А-ын мөнгө мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн учраас энэ тогтоолыг үндэслэн 10.0 сая төгрөгийг А.Н-д өгсөн болохоо нотолсон баримт гэж үзэж байгаа юм. Хариуцагч А.Н- нэхэмжлэлийн хувийг гардаж аваад нэхэмжлэгчээс огт мөнгө аваагүй иргэн Даваажаргалаас 10.0 сая төгрөг авсан тухайгаа тайлбарладаг бөгөөд хариуцагч болон гэрч Даваажаргал нарын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймгийн цагдаагийн газарт өгсөн тайлбаруудыг аймгийн прокурорын газрын архиваас гаргуулан хэрэгт хавсаргасан.
2014 оны 6-р сард мөнгө зээлдэж авсан зээлдүүлсэн тухай үйл явдал болсон бөгөөд энэ өдрөөс хойш бүхэл бүтэн гурван жил болох гэж байхад Л.Даваажаргал үл таних эмэгтэйд 10.0 сая төгрөгөө өгчихөөд чимээгүй явах уу. Шүүх хуралд Даваажаргал гэрчээр оролцсон бөгөөд Т.А- 10.0 төгрөгийг Даваажаргалд төлөөгүй бол Даваажаргал өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг нэхэхгүй суухгүй шүү дээ.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д “хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохирсон бол хэлцэлийг хийсэнд тооцно” гэжээ. Энэ үйл явдлаас харахад хариуцагчид 10.0 сая төгрөг хэрэг болсон энэ 10.0 сая төгрөгийг 7 хоногийн хугацаатай авч байгаа, мөнгийг хугацаандаа найдвартай өгөх талаар нэхэмжлэгч хариуцагч нар л тохиролцсон. Энэ тохироо бол гэрээний гол нөхцөлүүд юм. Нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтуудаа хангалттай гаргаж өгсөний зэрэгцээ гэрчийг хүртэл шүүх хуралд оролцуулсан.
Хоёр шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь нарийн хянан үзэж шийдвэр гаргасангүй.
Иймд дээрх шийдвэр, магадлалуудад нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг хэрэглээгүй тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны болоогүй байна.
Нэхэмжлэгч Т.А- нь хариуцагч А.Н-д холбогдуулан 10 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч А.Н- нь Т.А-аас мөнгө зээлж аваагүй гэж маргасан байна.
Зохигчдын тайлбар болон гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч А.Н- нь өөрийн танил С.Одгэрэл, Н.Марзиймаа нарт мөнгө шаардлагатай болсноор Т.А-аас мөнгө хүсч, Т.А- нь өөрийн танил Л.Даваажаргалаас мөнгө зээлэхийг хүссэн ба Л.Даваажаргалаас А.Н-, С.Одгэрэл нар 10 000 000 төгрөг авсан байна. Т.А- нь Л.Даваажаргалд 10 000 000 төгрөгийг төлсөн учир тэрээр А.Нургулиас 10 000 000 төгрөг шаарджээ.
Хоёр шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж үзсэн буруу биш байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2.-т зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг байна. Нэхэмжлэгч Т.А- нь хариуцагч А.Н-д мөнгө зээлүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Харин зохигчдын хооронд гэрээний бус харилцаа үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ба Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1.-д зааснаар хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болдог байна.
Нэхэмжлэгч Т.А- нь хариуцагч А.Нургулийн гуйлтаар Л.Даваажаргалаас 10 000 000 төгрөг түүнд өгүүлсэн ба Л.Даваажаргалд уг мөнгийг өөрөөсөө төлсөн болох нь гэрч Л.Даваажаргалын мэдүүлгээр тогтоогдсон тул нэхэмжлэгч Т.А-ын шаардах эрхийн үндэслэлд Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1.-д заасан зохицуулалт хамаарч байна.
Нэхэмжлэгч Т.А- нь С.Одгэрэл, Н.Марзиймаа нартай гэрээний харилцаатай байсан, тэднээс мөнгө авсан байх гэх тайлбараа хариуцагч А.Н- баримтаар нотлоогүй болно. Харин А.Н- нь өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй болно.
Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжтой гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 149 дүгээр магадлал, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2017/00668 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1.-д заасныг баримтлан хариуцагч А.Нургулиас 10 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.А-д олгосугай” гэж, 2 дахь заалтын “төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг “төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Нургулиас 174 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.А-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 174 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН