Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 182/2017/01288/И |
Дугаар | 001/ХТ2017/01673 |
Огноо | 2017-12-19 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2017/01673
Ц.Т-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01419 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1850 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч Ц.Т-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “Э” ХК-д холбогдох,
Урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмон, Э.Уянга нарын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Т-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадас, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Онон, Э.Уянга, Т.Цолмон, Б.Мөнхцэцэг, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс тус компанийн ТУЗ-ийн Аудитын хорооны аудитороор ажилд орсон. 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Уулын хэлтсийн төслийн ерөнхий зохион байгуулагчаар түр томилогдон ажилласан. Ингээд 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд зохион байгуулагдсан хууль сахиулах арга хэмжээнд тус компанийн дэд захирлын хэлсний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи уул уурхай хариуцсан ахлах байцаагчийн хамт очиж арга хэмжээнд оролцсон. Үүнтэй холбогдуулан намайг архи уусан, компанийн эд хөрөнгийг зохих зөвшөөрөлгүй авч явсан, Хотхоны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Тус өдөр би огт архи уугаагүй бөгөөд 16 цаг 44 минутад амралтын байрандаа ирсэн. Намайг архи уугаагүй болохыг камерийн бичлэг болон харуул хамгаалалтын албаны ажилтнууд нотлоно. Би автомашиныг зөвшөөрөлгүй авч яваагүй бөгөөд зохих зөвшөөрлийг авсан ба Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын удирдлагуудын үйлчилгээнд уг автомашиныг хэрэглэж байсан. Намайг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зөвшөөрөл авалгүй ростерийн ээлжээс буусан гэж байгаа нь үндэслэлгүй юм. 02 дугаар сард 14 хоног ажиллах ёстойгоос 16 хоног ажилласан нь цагийн бүртгэлээс харагддаг. Цалингаа бүтэн авсан, зөвшөөрөлгүй ажлаас бууж ажил тасалсан зөрчил гаргаагүй. Миний бие Уулын хэлтсийн дарга Д.Чинбатаас тухайн үед компанийн эрх ашгийг бодож түүнийг төлөөлөн арга хэмжээнд оролцохдоо зохих зөвшөөрөл авч явсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргаагүй учраас ажлаас хууль бусаар халсан гэж үзэж байна. Иймд намайг төслийн ерөнхий зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцож гаргуулж, шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү. Компаниас 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хөдөлмөрийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан ба тухайн үедээ намайг 3 сарын хугацаатай түр ажиллаж бай, дараа нь өөр албан тушаалд шилжүүлнэ гэж удирдлагаас хэлсэн учир хөдөлмөрийн гэрээг байгуулсан гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/31 тоот тушаалаар Ц.Т-ийг уурхайн Уулын хэлтсийн төслийн ерөнхий зохион байгуулагчаар томилж, ЭТТ-123 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ц.Т-ийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн, компанийн эд хөрөнгийг зохих зөвшөөрөлгүй авч явсан, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр албан ёсоор зөвшөөрөл авалгүй ростерийн ээлжнээс буусан зөрчил гаргасан, компанийн хэмжээнд дагаж, мөрдөх “Согтууруулах ундаа, мансууруулах бодисын журам”-ын 5.1.2, 7.1.4, 12.1.5, 12.1.6-д заасан заалтуудыг, “Хотхоны журам”-ын 3.2.1, 3.2.2, 14.1, 16.3, 17.-д заасан заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн хөдөлмөрийн гэрээний 3.3, 3.5, 4.2.1, 4.2.5, 5.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 5.2.7, 5.3.1, 5.3.5, 5.3.9 гэсэн хориглосон зүйл, заалтуудыг зөрчсөн учир гүйцэтгэх захирал компанийн дүрмээр өөрт олгогдсон эрхийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэл болгож ажлаас халах тушаал гаргасан байдаг.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил буюу архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн зүйл заалт нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлөөр тооцогдохоор орсон байдаг. Ц.Т-ийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан гэдгийг ажилтнаас гаргасан сахилгын зөрчилд шийтгэл ногдуулахаар санал хүргүүлсэн тухай хуудас, согтуурлын зэрэг тогтоолгох сорил хийсэн тухай бүртгэл зэргээр нотолсон. Тус бүртгэлд Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Насанжаргал, харуул хамгаалалтын ажилтан н.Энхтүвшин нар Ц.Т-ийн орсон амралтын өрөөний хаалгыг тогшиж, шаардлага тавихад яах гэж байгаа юм гэх мэтээр тайлбар тавьж, хаалгаа тайлж өгөөгүй байдаг. Утсаар нь залгахад утсаа авахгүй байсан. Цогтцэций сум руу явсан байгууллагын 98-20 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ц.Т- өөрөө жолоодож явсан бөгөөд ирж явахдаа цасанд суусан гэсэн дуудлагыг уурхайд өгсний үндсэн дээр н.Нямдэлгэр гэдэг механикч жолоодохоор очиж, автомашиныг авч ирсэн. Өөрийнх нь тайлбар болон мэдэгдлийн хуудас өгсөн хүмүүсийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлогдсон. Драйгер үлээлгэхээс зайлсхийж байгаа байдлыг зөрчилд тооцохоор журамд заасан. Тухайн үед Хууль сахиулахын их сургуулиас зохион байгуулсан арга хэмжээнд мэргэжлийн хяналтын байцаагч оролцох гээд түүнийг Ц.Т- авч явсан байдаг. Хэрэв архи согтууруулах ундаа хэрэглээгүй юм бол яагаад драйгер үлээхгүй, хаалгаа тайлж өгөхгүй байгаа юм. 98-20 УНЧ дугаартай “Истана” маркийн автомашиныг байгууллагын өмч гэдэг нь “Уурхайд ашиглагдаж байгаа техникүүдэд хуваарилагдсан жолооч нарын хуваарь” гэсэн баримтаар нотлогдоно. Согтуурлын зэрэг тогтоох тухай сорил хийсэн бүртгэл, бүртгэлийг шалгасан ажилтны нэр болон гэрчээр оролцсон хүмүүс, авсан арга хэмжээ, хүмүүсийн тайлбар зэрэг баримтууд хангалттай нотолно.
Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан тул түүнийг ажлаас чөлөөлсөн гүйцэтгэх захирлын Б/1-66 тоот тушаал хуулийн үндэслэлтэй. Нөгөө талаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01419 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 128.1.5., 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Т-ийн урьд эрхэлж байсан ажилд буюу “Э” ХК-ийн уурхайн Уулын хэлтсийн төслийн ерөнхий зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байлгасан 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 12-ны өдрийг хүртлэх ажлын 7 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 050 000 төгрөгийг хариуцагч “Э” ХК-иас гаргуулан нэхэмжлэгч Ц.Т-эд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Т-ийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцож, нөхөн бичилт хийж баталгаажуулахыг ажил олгогч “Э” ХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 29 750 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1850 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01419 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...тогтоолгох, ажилгүй байлгасан 2017 оны 04 дүгээр сарын 12-ноос шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2017 оны 04 дүгээр сарын 04-нөөс 12-ныг хүртэлх ажлын 7 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 050 000 төгрөгийг” гэснийг “тогтоож, ажилгүй байсан 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны олговорт 22 529 488 төгрөгийг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурджээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нэхэмжлэгч Ц.Т- нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд болсон Хууль сахиулах их сургуулиас зохион байгуулсан сургалт сурталчилгааны ажлын арга хэмжээнд оролцохдоо 98-20 УНЧ дугаартай авто машиныг жолоодож явсан талаар нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрдөг. Түүний гаргаж өгсөн тайлбар, мэдэгдлийн хуудаст “...очоод оролцоход шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болсон, хундага өргөж сайн бүхнийг ерөөсөн, би арга хэмжээнд оролцсон болохоор автомашин барьж болохгүй гэж бодоод захиргааны ахлах руу утасдаж, жолооч дуудаж, рулээ шилжүүлсэн...” гэж өөрөө бичсэн байдаг. Нэхэмжлэгчийн энэ мэдүүлгээс харахад Ц.Т- Хууль сахиулах их сургуулиас зохион байгуулсан арга хэмжээнд оролцож, согтууруулах ундаа хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан үйлдэл нь нотлох баримтаар тогтоогддог. Ц.Т- уурхайгаас өөрөө машин жолоодож явсан байтлаа уурхайд буцаж ирэхдээ машин жолоодох боломжгүй байна гэж уурхайгаас жолооч дуудуулан машиныг бариулсан нь согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн гэдэг нь дээрх үйл баримтаар нотлогдож байна.
Түүнчлэн согтолтын зэрэг тогтоох драйгер багж үлээхээс зайлсхийсэн үйлдлийг “Согтууруулах ундаа, мансууруулах бодисын журам”-ын 5.1.2-т “ажилтан алкоголийн сорил, мансууруулах бодисын шинжилгээ хийлгэхээс шалтгаангүйгээр татгалзсан” тохиолдолд ажилтныг согтууруулах ундаа, мансууруулах бодис шууд хэрэглэсэн байна гэж шууд үзэж баталсан маягтын дагуу тэмдэглэл хөтлөхийг 5.1-д журамласан.
Журмыг зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээний зааврын 8-д заасан “та нэгэнт мансууруулах бодисын шинжилгээ хийлгэхээс татгалзсан болохоор манай журмын дагуу Таныг мансууруулах бодис хэрэглэсэн гэж үзнэ” гэж хэлээд тэмдэглэлд гарын үсэг зуруулна” гэсэн зааврыг баримтлан бэхжүүлсэн баримт байхгүй гэж дүгнэсэн нь нотлох баримтаар гаргаж өгсөн хөтлөгдсөн тэмдэглэлийг үгүйсгэсэн.
Мөн Ц.Т-ийн алкоголийн сорил хийлгэхээс татгалзсаны маргааш өглөө нь буюу 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гаргаж өгсөн мэдэгдлийн хуудаст бичиж гарын үсгээ зурж өгсөн тайлбар нь уг журмын зааврын 8-д заасны дагуу албажуулсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үнэлэлгүй, шүүх хэт нэг талыг барьсан гэж үзэж байна.
Давж заалдах шатны шүүх “...мөн хууль сануулж, хуульд заасан журмаар цуглуулаагүй ажилтнуудаас гаргасан мэдэгдэх хуудас, тодорхойлолт нь шүүхийн шийдвэрийн үндэслэлийг нотлох баримт болохгүй” гэсэн нь хэт нэг талыг барьж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Компанийн хэмжээнд дагаж мөрдөгддөг журмын дагуу сахилгын зөрчлийг шалгах хуудас, хэвлэмэл маягт дахь “Ажилтны гаргасан сахилгын зөрчилд шийтгэл ногдуулахаар санал хүргүүлэх хуудас”, Согтуурлын зэрэг тогтоох сорил хийсэн тухай бүртгэл зэрэг холбогдох баримт тайлбаруудыг нотариатаар гэрчлүүлж анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчийн зүгээс хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдол бүхий Д.Цэнгэлжаргал, Б.Энхтүвшин, Н.Нямдэлгэр, Д.Чинбат, Н.Бат-Эрдэнэ нарын өгсөн тайлбар мэдуүлгийг гэрчүүлэхээр шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан боловч хүлээн авалгүй, хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргаж байсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “...хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно.” гэж заасныг зөрчиж хүсэлтийг хангаагүй нь тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан хэргийн оролцогчид хуулиар олгосон бүрэн эрхийн дагуу гаргасан хүсэлтийг шүүх хангаагүй, хангах боломж олгоогүй байж хууль заасан журмын дагуу нотлох баримт цуглуулаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьж, эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
“Эрдэнэс-Таван толгой” ХК Ц.Т-тэй уулын хэлтсийн төслийн менежер гэсэн албан тушаал дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн дагуу 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан ЭТТ-123 тоот Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дууссан тул нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгон ажилгүй байсан 7 хоногийн хугацааны цалинтай тэнцэх олговор олгох тухай шийдвэр гаргахдаа ...ЭТТ-123 тooт Хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.1, 23.2.2-т заасан заалттай нийцсэн... гэж, гүйцэтгэх захирал Ц.Т-ийг ажлаас халах тушаалыг Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахаас өмнө гаргасан үйл баримт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-т заасан “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэж хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл үүссэн гэж зөв дүгнэснийг давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь хуулийг дутуу хэрэглэсэн, буруу тайлбарлан нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон гэж үзэж байна.
Иймд шүүхээс хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бүрэн үнэлэлгүй, нотлох баримтыг дутуу үнэлсэн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хуулийн дагуу эдлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Ц.Т- нь хариуцагч “Э” ХК-д холбогдуулан Уулын хэлтсийн төслийн ерөнхий зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулах шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргажээ. Хариуцагч “Э” ХК нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан тул түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.
Нэхэмжлэгч Ц.Т- нь “Э” ХК-д 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс аудитын хорооны ажлын хэсэгт мэргэжилтнээр хугацаагүй, 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс санхүүгийн хэлтсийн хувьцаа хариуцсан мэргэжилтнээр хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр тус тус ажиллаж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс уулын хэлтсийн төслийн ерөнхий зохион байгуулагчаар 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан байна. Хөдөлмөрийн гэрээнд төслийн ерөнхий зохион байгуулагчийн албан тушаалыг түр гэж тэмдэглэжээ. Компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б\31 дүгээр тушаал нь Ц.Т-ийг ажилд түр томилох тухай байна.
Ажил олгогч нь нэхэмжлэгч Ц.Т-ийг ажлаас халах тухай 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б\166 дугаар тушаалын үндэслэлд түүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн, компанийн эд хөрөнгийг зохих зөвшөөрөлгүй авч явсан, албан ёсны зөвшөөрөлгүй ээлжнээс буусан гэх зөрчлүүдийг зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3.-т заасныг баримталсан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлээс ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон атлаа хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусах хүртэлх 7 хоногийн цалинтай тэнцэх нөхөх олговрыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангажээ.
Хоёр шатны шүүх дээрх байдлаар хөдөлмөрийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдол бүхий үйл баримт бүрэн тогтоогдоогүй байгааг анхаараагүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1., 23.3.-т зааснаар хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байж болдог бөгөөд хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцдог байна.
Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болдог байна.
Тодорхой хугацаатай төслийн ажилтны ажлын байрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15.-д заасан байнгын ажлын байр гэж үзэх боломжгүй юм. Байнгын ажлын байр гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил хамаардаг ба нэхэмжлэгчийн эрхэлж байсан уул уурхайн төслийн зохион байгуулагчийн ажил нь дээрх шинжийг агуулсан байсан ч төсөл өөрөө байнгын бус буюу тодорхой хугацаатай хэрэгжих үйл ажиллагаа тул төслийн ажилтнуудын ажиллах хугацаа уг төслийн хугацаанаас шууд хамааралтай байна.
“Э” ХК-ийн уурхайн уулын хэлтсийн төсөл нь хэдий хугацаагаар хэрэгжих үйл ажиллагаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.
Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө гэрээг захиргааны санаачилгаар цуцласан ба талуудын хоорондох хөдөлмөрийн эрх зүйн харилцаа хэвийн үргэлжилсэн бол гэрээний хугацаа сунгагдах байсан эсэх нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхийг шийдвэрлэж буй шүүх тухайн ажлын байрны талаарх бүрэн мэдээлэлтэй байх ёстой.
Хэргийн нөхцөл байдал тодорхой бус дээрх тохиолдолд хоёр шатны шүүхийн хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01419 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1850 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 270 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН