Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 660

 

 

                                                           

 

 

 

 

 

 2019         8            26                                   2019/ШЦТ/660

 

   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баярмаа, 

улсын яллагч Ц.Батбямба,

шүүгдэгч О.И, Б.Д, тэдгээрийн өмгөөлөгч Д.Оюунбаатар,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.И, Б.Д нарт холбогдох эрүүгийн 1811029891150 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, дээд боловсролтой, ойн инженер мэргэжилтэй, Оюутолгой ХХК-ийн “S&N” ХХК-д бетон армотурчин ажилтай, ам бүл 3, эцэг эхийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 7 дугаар гудамжны 88 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогтой БМ, /РД:...........

            Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 33-340 тоотод оршин суух хаягтай,

урьд 2004 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 234 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгүүлж 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 39 дугаартай шүүгчийн захирамжаар 2 жил 6 cap 12 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Хар хуулар овогтой БД, /РД: ............

Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 29-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 35-398 тоотод оршин суух хаягтай,        

урьд тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн, 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 576 дугаартай шийтгэх топгоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай Хүрээ зуу овогтой О И, /РД:..............

Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, шүүгдэгч О.И, Б.Д нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэгт холбогджээ.                                                           

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Б.М нь 2018 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 01 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “17” шөнийн клубт О.И, Б.Д нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч О.И нь 2018 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “17 клуб” бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт явж байсан Б.Дтай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, байгууллагын эд хөрөнгийг устгаж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, мөн Б.Дтай бүлэглэн тухайн баараар үйлчлүүлж байсан Б.Мтай маргаж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,

Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “17 клуб” бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт явж байсан О.Итэй нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, байгууллагын эд хөрөнгийг устгаж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, мөн О.Итэй бүлэглэн тухайн баараар үйлчлүүлж байсан Б.Мтай маргаж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2018 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах 17 шөнийн клубт Алтанзултай хамт орсон. Бүжиглэж байтал Дэлгэрдаваа ирээд чи миний эхнэрийн бөгс барилаа гэсэн. Би Дэлгэрдаваад чи андуураад байгаа юм биш үү гэж хэлэхэд Идэр хүрч ирээд намайг шууд цохьсон. Хамгаалагч нар нь хүрч ирэхэд би хамгаалагч нарт яагаад намайг доромжилж, цохиж байгаа юм бэ? цагдаа дуудаад, хүний биед хүрэх ёстой юм уу гэж хэлсэн. Хэдийгээр Идэр намайг цохьсон ч би Дэлгэрдаваа дээр очсон. Дэлгэрдаваад чи андуураад байна гэтэл Идэр хүрч ирээд миний толгой руу хоёр удаа цохьсон. Би өөрийгөө хамгаалж хоёр цохьсон. Салгаад цаашаа болоход нь Дэлгэрдаваа намайг хүрч ирж цохьсон. Тэгээд дахиж намайг цохиж явсаар тек нь дээр ирэхэд хүмүүс салгасан. Би танай газарт үйлчлүүлж байгаад энэ хүмүүст зодуулчихлаа гэж хэлээд байж байтал. Идэр Алтанзулыг цохьсон. Тэгээд би очиж салгасан. Дэлгэрдаваа намайг нийт 4 удаа цохьсон. Шатны тэнд миний хойноос хүрч ирээд 4 удаа цохиод шат руу унагаасан. Шатны уруу унахдаа би нилээн гэмтсэн. Дээрээс баарны хамгаалагч, Алтанзул нар бууж ирээд салгасан. Алтанзул цагдаа дуудсан байгаа гэж хэлэхэд Дэлгэрдаваа Алтанзулыг цохьсон. Тэгээд Дэлгэрдаваа гараад зугтсан. Тэгээд ганц үлдсэн Идэрийг барьж авсан. Цагдаа иртэл Идэрт цохиулсан ийм л зүйл болсон гэв.

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй ” гэв

Шүүгдэгч О.И шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй ” гэв 

Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Алтанзул гэх эмэгтэйгийн хамт 17 шөнийн клубт орсон, бид хоёр эхлээд караокены өрөө лүү ороход тэнд нь үйлчлүүлэгч болон ажиллуулдаг хүн байхгүй байсан. Тэгэхлээр нь Алтанзул бид хоёр баар луу нь орж суусан, тэндээ нийслэл, сэнгүр ч байж магадгүй, санахгүй байна 2 ширхэг пиво авсан. Би хоёр ая дээр ганцаараа гарч бүжиглэсэн ба Алтанзул нь суугаад үлдсэн. Намайг бүжиглэж байхад хулгар чихтэй, цагаан саарал өнгийн хувцас буюу биеийн тамирын хувцастай залуу нь намайг дарамталсан, тухайн үедээ миний ойлголтоор “би энд бүжиглэж байна, чи бараг цаашаа яваад бүжиглэчих” гэж ойлгосон. Би хэлснийх нь дагуу тэндээс холдож бүжиглэсэн боловч хүрч ирээд миний ам руу 1 удаа цохисон, аль гараараа цохисонг мэдэхгүй байна, санаандгүй бүжиглээд зогсож байхад хүрч ирээд хусчихсан. Бүжиглэж байхад л нэг мэдэхэд л пижигнээд явчихсан, нэг мэдэхэд би шатнаас унасан. Би ганцаараа өшиглүүлээд унасан, тухайн үед намайг хэн нь цохисонг мэдэхгүй байна. Миний хувьд доош тонгойсон байдалтай байсан болохоор дээш хэн намайг цохиж байсанг анзаарах сөхөөгүй байсан. Намайг бүдүүн залуу нь өшиглөж байхаар нь би тэр залуугаас салаад баар луу Алтанзул руу санаа зовоод гарсан. Тэгэхэд Алтанзулыг нэг эмэгтэй хүн үсдчихсэн байхаар нь очиж салгах гэсэн боловч над руу хулгар чихтэй залуу нь пивоны шил ээ шидсэн. Пивоны шил бол нүүрэн тус газарт оноогүй, над руу 3-4 ширхэг пивоны шил шидсэн, пивоны шил ширээн дээр байрандаа байсан бол миний биеийн зүүн талын хэсэг шилэнд зүсэгдэх үндэсгүй ээ намайг газар унагаагаад шилэн дээгүүр хэвтүүлсэн байж магадгүй. Намайг   пивоны шил оносон эсэхийг шоконд орчихсон байсан болохоор би мэдэхүй байна камерын бичлэг гэж сайхан юм байна, тэр бичлэг дээр тов тодорхой байгаа, би тэр хүмүүсийг зүгээр байж байхад нь өдөөд эхнэртэй нь ярьсан зүйл байхгүй. Энэ асуудлыг хууль, шүүхийн байгууллага нь үнэн зөвөөр нь шалгаж шийдвэрлэж өгөөч. Би энэ асуудлаас болж 7 хоног босож чадахгүй хэвтсэн, 20 гаруй хоног би эмнэлэгт үзүүлж эм уусан Би Оюутолгой компанид ажилладаг болохоор тэндээ очиж эм уусан юм...” гэх /хх-ийн 75-76х/,

Хохирогч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгэхээр нь би очиж салгасан чинь нөгөө  залуу миний нүүр рүү нулимаад авахаар иь би уурлаад түлхсэн чинь цохиод авсан, тэгээд бид хоёр хоорондоо харилцан зодолдсон. Бүжгийн талбай тойрч явж байгаад текний орчимд ирэхэд хүмүүс бид хоёрын дундуур орж салгасан. Нөгөө залуу нилээн согтуу байсан болохоор Идэрээ бид хоёр руу дайраад байсан бөгөөд бид хоёр аль болох зодолдохгүй салах гээд байтал араас ирээд зодоон үүсгэх гээд байсан. Нөгөө залуу намайг бариад баарнаас гарсан бөгөөд бид хоёр цохисон зүйлгүй зууралдаад зогссон арай хийж нөгөө залуугаас салчихаад баарны шатан дээр зогсож байхад цагдаа нар орж ирсэн цагдаа нарын хамт баар руу ортол нөгөө залуу Идэрээгийн дээр гараад, суучихсан бололтой харагдаж байсан. Тэр хоёрын дундуур Эрдэнэтунгалаг, Үйтүмэн хоёр орчихсон салгах гээд дийлэхгүй харагдаж байсан...” гэх /хх-ийн 27-28х/,

Хохирогч О.И мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...гэрээс 22 цагийн үед гараад Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо 17 дугаар автобусны буудлын хойд талд байрлах 17 шөнийн клубд орсон. Бааранд ороод ширээнд сууж 0,5 литрийн “Нийслэл” нэртэй пиво хүн тус бүрийн 2 ширхэг пиво ууцгаасан Дэлгэрдаваа, Эрдэнэтунгалаг, Үйтүмэн бид дөрөв бүжгийн талбай руу гарч бүжиглэсэн. Бүжгийн талбай дээр гарч бүжиглэж байтал нэг залуу манай эхнэрийн араар шүргээд яваад байхаар нь би уурлаад тэр залуу дээр очиж “яаж байгаа юм бэ” гэж хэлээд түлхэхэд манай найз Дэлгэрдаваа, Эрдэнэтунгалаг, Үйтүмэн нар ирээд салгаад холдуулсан. Бид нар үргэлжлүүлээд бүжиглэж байтал нөгөө муудалцсан залуу ирээд хэл амаар доромжлоод намайг цохихоор нь би зөрүүлээд цохисон чинь намайг шууд барьж аваад зодоод газар унагачихсан. Тэгэхэд манай найз Дэлгэрдаваа дундуур ороод салгасан чинь нөгөө залуу нүүр рүү нь нулимаад цохиод авсан. Тэр хоёрын дундуур Эрдэнэтунгалаг, Үйтүмэн болон өөр хүмүүс орж салгасан. Тэгэхэд нөгөө залуутай цуг явж байсан гадуураа урт куртиктэй юм өмссөн хүүхэн Эрдэнэтунгалагийг түлхээд газар унагачихсан, тэгэхэд Эрдэнэтунгалаг уурлаж босч ирээд нөгөө залууг цохих гэсэн боловч цохиж чадаагүй, нөгөө залууг болохоор урд нь үл таних залуу орчихсон холдуулж түлхэж байсан. Бид нарын дундуур бааранд байсан хүмүүс орж ирээд салгасан. Дэлгэрдаваа нөгөө залуугийн хамт баарны үүдээр гарсан, би тухайн үед уурласандаа ширээн дээр байсан пивоны шилийг хана рүу 2 удаа, газар руу 1 удаа савж шидсэн, тэрнээс бол хүн онох санаа зорилготой шидсэн зүйл байхгүй...” гэх /хх-ийн 31-33х/,

Гэрч Н.Чулуунхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...00 цаг 20 минутын үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 17 бааранд хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлагын дагуу очиж шалгасан 17 баар луу ороход үүдний ширээний дэргэд нэг залуу цээж нүцгэн залуу дээр нь дараад суучихсан байдалтай харагдсан. Намайг ороход уг цээж нүцгэн залуу босож холдсон. Тэр залуу хоёр залуу заагаад намайг зодсон гэж хэлээд байсан...” гэх /хх-ийн 39х/,

Гэрч О.Үйтүмэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 17-ны орой 19 цаг өнгөрч байхад Дэлгэрдаваа, найз бүсгуй Эрдэнэтунгалагын хамт манайд ирсэн юм. Манай нөхөр О.И нь Дэлгэрдаваатай багийн найзууд бөгөөд найз бүсгүй Эрдэнэтунгалагыг бид нартай танилцуулаад удаагүй байсан болохоор манайхаар зочилж ирсэн. Тэгээд бид нар манай гэрт байсан 4 ширхэг “Сэнгүр” нэртэй 0.5 литрийн пиво нэг, нэгийг уугаад бүжиглэхээр гарсан. Манай гэрээс гарахад 22 цаг дөнгөж өнгөрч байхад гарсан Тэгээд 17-р сургуулийн автобусны буудлын ойролцоо байдаг “17” шөнийн клуб руу орсон. Бааранд ороод хүн тус бүрийн 2 ширхэг “Нийслэл” нэртэй 0,5 литрийн шилтэй пиво авч суусан. Бид нар уг шөнийн клубын үүдэн талаасаа 2 дахь ширээнд суусан пиво ууж хоорондоо юм ярьж байгаад бүжгийн талбай гарч бүжиглэж байгаад л буцаж ирж ширээндээ сууж амарч байгаад эргэж бүжгийн талбай руу гарч бүжиглэсэн. О.Иээ бүжиглэж байхдаа л нэг залуутай түлхсэн юм шиг байсан, тэр залуутай ам муруйгаад өнгөрсөн тэгээд бүжгийн талбай руу Эрдэнэтунгалаг бид хоёр татаж оруулсан. 2008-2009 онд би Бөмбөгөр худалдааны төвд худалдагч хийдэг байсан юм. Тэгтэл уг бааранд Бөмбөгөр худалдааны төвд хамгаалагч хийж байсан Мянгаа /Б.М/ гэх залуу зогсож байсан. Би Мянгаатай юм ярилгүй зүүн гар талаар нь зөрөөд гарсан чинь Мянгаа Дэлгэрдаваатай маргалдаж эхэлсэн. Тэд хоорондоо яг юу ярьж маргалдсан сонсоогүй ээ. Яагаад гэвэл хөгжим чанга дуугарч байсан Тэгтэл О.Иээ тэр залуугийн толгой дээр нь нэг удаа алгадсан чинь улам маргалдаад О.И лүү дайрч эхэлсэн. Тэгээд би О.Иээг Мянгаагаас холдуулаад хамт бүжиглээд байж байсан чинь Мянгаа ард ирчихсэн зогсож байхад би С.Идэрээ дахиад цохих шиг болсон. Тэгтэл Мянгаа Идэрээ лүү дайраад нүүр лүү нь 3-4 удаа цохиж газар унагаасан. Газар унасан байхад нь хүртэл нүүр лүү цохисон. Тэгэхэд Дэлгэрдаваа ирээд Мянгааг холдуулсан чинь Мянгаа Дэлгэрдавааг хараагаад байх шиг байсан. Би Идэрээг аваад сууж байсан сандал ширээ рүүгээ очсон. Тэгтэл Дэлгэрдаваа Мянгаа нар хоорондоо зууралдаад бүжгийн талбай тойроод текний орчимд ирсэн Тэгэхээр нь би явж очоод дундуур нь салгах гэсэн боловч дийлэхгүй байсан. Баарны ажилтан бололтой нэг залуу дундуур нь орж ирээд салгаад Дэлгэрдавааг цааш аваад явсан. Тэгтэл Мянгаа миний ам хэсэг рүү хүчтэй цохисон. Би Идэрээтэй хамт зогсож байсан чинь О.Иээ хажуу талын ширээний пивоны шил стакан аваад хаалга чиглүүлээд шидсэн боловч хана онож шилнүүд нь хагарсан...” гэх /хх-ийн 40-41х/,

            Гэрч А.Гэрэлсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 18-ны 00 цаг 10 минутын орчимд манайхаар үйлчлүүлж байсан хүмүүс хоорондоо маргалдаж, зодолдсон. Тэр хүмүүс нь ширээн дээр сууж байсан махлаг залуу, туранхай залуу хоёр эмэгтэй хамт явж байсан. Үүдний хэсэгт байрлах дугуй ширээн дээр сууж байсан, эрэгтэй, эмэгтэй нар хоорондоо маргалдсан байсан. Тухайн үед би буудал руу гарч ажиллаж байгаад буугаад ирэхэд Отгонбаатар ах энэ хоёр ширээний хүмүүс хоорондоо маргалдсан талаар хэлсэн. Би уг хүмүүсийг ажиглаж харахад муудалцсан байдалтай өөрсдийнхөө ширээн дээр сууж харагдсан. Дугуй ширээн дээр сууж байсан насаар арай ах, дээгүүрээ фудболктой байсан ах нөгөө ширээний 2 залуу руу дайраад, хараагаад, хэрүүл өдөөд байсан тэгэхлээр нь би баарны зүүн тал руу явж үйлчлүүлэгч нарт үйлчилсэн. Нилээн хэсэг хугацааны дараа цагдаа нар ирсэн бөгөөд нөгөө насаар ах хүн, дээгүүрээ нүцгэн болчихсон, нөгөө хоёр залуу руугаа дайрсан маягтай харагдаж байсан. Цагдаа нар ирээд нөгөө хоёр залууг дагуулаад явчихсан”, “...Тэр хүн өөрөө хүн болгон луу дайрч үсчээд байсан хэрнээ би хүнд зодуулчихсан. Гомдолтой гэж явж байсан...” гэх /хх-ийн 42-43х/,

Гэрч Д.Отгонбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2 эмэгтэй, 2 эрэгтэйтэй маргалдсан насаар арай ахимаг настай ах /Мянганбаяр/ туранхай залуутай нь маргалдаж цохилцсон, тэгтэл хамт явж байсан бүдүүн залуу голоор нь орж салгах гэтэл насаар арай ахимаг ах нь туранхай залууг нь газар унагаагаад зодож эхэлсэн, тэгэхэд бүдүүн залуу нь очоод салгасан чинь тэр залуугийн өөдөөс салаавч өгөөд хоорондоо муудалцаад бүжгийн талбай тойрч зодолдож эхэлсэн”,”...Тэгэхэд нөгөө туранхай залуу ширээн дээр байсан пивоны шилээ хана руу шидэж хагалсан, 3-4 пивоны шил шидсэн бөгөөд шидсэн шилнүүд хүн оноогүйээ...” гэх /хх-ийн 44-45х/,

            Гэрч О.Ганзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Тэгтэл сүүлд орж ирсэн насаар 36 орчим насны ах /Б.М/ бүжгийн талбайд гарч бүжиглэж байгаад нөгөө 4 хүмүүстэй маргалдахаар нь би 36 орчим насны ах дээр очоод “өө ахаа болиорой, яагаад муудалцсан юм бэ” гэж асуусан чинь тэр ах “намайг харин эхнэрийнх нь бөгсийг барьсан гэж байна” гэж хэлэхээр нь би амьхандаа ахыг түлхээд ширээнд сүулгах санаатай байсан чинь тэр ах нөгөө хоёр залуу руу дайраад “цагдаа дууд” гээд байсан, хамт явж байсан эмэгтэй нь хуртэл босч ирээд “суучих суучих” гэхэд тэр ах суухгүй байсан. Тэгтэл тэр ахыг суулгах гэтэл тэр намайг түлхээд тэр хоёр залуутай маргалдаад байсан, тэгэж байхад нь нөгөө хоёр залуугийн арай туранхай залуу нь тэр ахын толгой хэсэгт алгадас хийгээд цохьсон чинь нөгөө ах дайраад байхаар нь би түлхээд холдуулсан, тэгсэн хэдий ч тэр ах цохисон залуу руу ойртоод зодоон хийх гээд байсан Хамт байсан эмэгтэй нь урдуур нь ороод байхаар нь гайгүй байлгүй дээ гээд хараад зогсож байтал цохисон залуу руу очоод зодолдоод эхэлсэн, нөгөө цохисон залууг газар унагаагаад дээрээс гараараа хэд хэдэн удаа цохиж, зодож эхэлсэн. Би дундуур нь гүйгээд орсон бөгөөд зодуулсан залуутай хамт явж байсан махлаг ах бас салгасан. Тэгсэн чинь нөгөө 36 орчим настай ахыг тэврээд холдуулсан боловч нөгөө махлаг залуу руу салаавч гаргаад байсан, Тэгтэл махлаг залуу тэр ах руу дайраад цохисон боловч оноогүй, нөгөө ах маань бултчихсан, тэгээд би тэр хоёр ах, залуу хоёрын дундуур ороод бүжгийн талбай тойроод текний орчимд ирээд хананд шахаж зогсоосон, би яг тэр хоёрын дунд зогсож байсан гэхдээ тэр хоёр бүжгийн талбай тойрч явахдаа бие биенийгээ цохиж барьсан зүйл байхгүй, хоорондоо заамдалцаад, зууралдаад байсан. Тэгтэл текний араас бармен Отгонбаатар ах гарч ирээд мөн хамт салгалцсан. ...Тэгэхэд махлаг залуу, 36 орчим насны ахтай зууралдаад эхэлсэн, тэр хоёр зууралдсаар шат уруу гарсан бөгөөд хэн нэгэн нь хөл алдаад зууралдсан хэвээрээ шат уруу унасан. Унангуут нь би тэр хоёр дээр очсон дундуур нь ороод түлхээд салгасан. шатан дээр тэр хоёр хоорондоо зодолдож, цохилцсон зүйл огт болоогүй... Уг хэвээрээ тэр 36 орчим насны ах өөрөө анх зодоон үүсгэчихээд, би зодуулсан гэж хэлээд байсан...” гэх /хх-ийн 46-47х/,

            Гэрч Н.Эрдэнэтунгалаг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2018 оны 10 дугаар сарын 17-ны орой 19 цаг өнгөрч байхад Дэлгэрдаваагийн хамт түүний найз болох Үйтүмэн, Идэр нарын гэрт нь очсон юм. Дэлгэрдаваа нь Идэрээтэй багын найзууд юм. Тэгээд бид нар Идэрийн гэрт нь байсан 4 ширхэг “Сэнгүр” 0,5 литрийн пиво нэг нэгийг уугаад, гадагшаа гарч бүжиглэхээр явсан. Идэрээгийн гэрээс гарахад 22 цаг өнгөрч байхад гарсан. Тэгээд 17-р сургуулийн ойролцоох “17” шөнийн клуб руу орсон. Бааранд ороод хүн тус бүрийн 2 ширхэг “Нийслэл” нэртэй 0,5 литрийн шилтэй пиво авч уусан. Бид нар шөнийн клубээр ороод үүдэн талаасаа 2 дахь ширээнд суусан. Пивоо ууж хоорондоо юм ярьж байгаад бүжгийн талбай гарч бүжиглэсэн. О.Иээ бүжиглэж байхдаа л нэг залуутай түлхсэн юм шиг байсан. Тэр залуутай ам мурийгаад өнгөрсөн. Тэгээд бүжгийн талбай руу Үйтүмэн бид хоёр татаж оруулаад үргэлжлүүлэн бүжиглэсэн. Би Идэрээтэй бүжиглээд байж байтал Дэлгэрдаваатай маргалдаж эхэлсэн. Тэд нар хоорондоо яг юу ярьж маргалдсан талаар сонсоогүй ээ, хөгжим чанга дуугарч байсан болохоор юу ярьж байгаа нь сонсогдохгүй байсан. Тэгтэл О.Иээ нэг залуутай маргалдаад, О.Иээг газар зодоод байхад нь Дэлгэрдаваа очоод салгасан. Тэгтэл тэр залуу Дэлгэрдаваатай муудалцаад хоорондоо цохилцоод бүжгийн талбай тойрч яваад текний орчим ирсэн. Энэ хугацаанд нь О.Иээг босгоод ширээнд суулгаад, Дэлгэрдаваа руу очсон. Тэнд Үйтүмэнг Дэлгэрдаваатай зууралдсан залуу цохих шиг болоход нь би дайрсан боловч намайг хэн нь юм бүү мэд түлхээд бүжгийн талбай руу унагаачихсан. Би босоод нөгөө майктай байсан залуу дайрахад хамт явж байсан эмэгтэй нь бололтой намайг цохиод байсан бөгөөд Дэлгэрдаваа тэр залуугийн хамт баарнаас гарчихсан. Тэгэхэд нь би нөгөө хүүхэнтэй үсдэлцээд газар унасан. Тэгэхэд дундуур нь баарны ажилтнууд болон Үйтүмэн нар орж ирж салгасан. Дэлгэрдаваа нэг залуугийн хамт баарнаас гарах шиг харагдсан. Би тэр хүүхнээс салчихаад явах гэтэл тэр залуу салахгүй, О.Иээг зуурж авчихаад газар унагаагаад дээр нь гараад суучихаад, цохиод байсан. Тэгж байхад нь цагдаа орж ирсэн...” гэх /хх-ийн 50-51х/,

            Шинжээчийн №12710 дугаартай дүгнэлт:

  • О.Иийн биед баруун бугуй, эрүүнд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, баруун завжинд шарх, цус хуралт, 1 шүдний эмтрэл бүхий гэмтэл тогтоогдлоо.
  • Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  • Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  • Цаашид хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй.
  • Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх

Боломжтой /хх-ийн 61х/,

Шинжээчийн 12712 дугаартай дүгнэлт:

  • Б.Дгийн биед 1 шүдний сулрал, зүүн зовхинд цус хуралт. зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  • Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  • Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  • Цаашид хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй.
  • Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх

Боломжтой /хх-ийн 66х/,  

2. Шүүгдэгч О.И, БДэлгэрдаваа нар нь бүлэглэн хүн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, байгууллагын эд хөрөнгийг устгаж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-19х/,

Шүүгдэгч О.И мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн орой 20-21 цагийн орчимд манай найз Дэлгэрдаваа өөрийн найз бүсгүйн хамтаар манай гэрт ирсэн. Түүний эхнэртэй нь танилцах зорилгоор гэрт хоол унд хийж идээд хүний тус бүр нэг пиво уучихаад гэрээс гараад 22 цагийн орчимд “17” бааранд өөрийн эхнэр болон Дэлгэрдаваагийн найз бүсгүйн хамтаар бааранд орцгоосон юм. Уг бааранд ороод хүний хоёр пиво захиалж аваад ширээнд сууцгаасан. Тэр үед Мянганбаяр гэх залуу манай эхнэр Үйтүмэнг шүргэж бариад, өдөж хоргоогоод байх шиг харагдсан юм. Тухайн үед би бүжгийн талбайд гараад тухайн залууг “чи яагаад байгаа юм бэ гээд, цохих үйлдэл хийсэн, тэр залууг цохиж амжаагүй” тэгээд намайг татаж газар унагаад толгой түрийгүй цохисон. Харин энэ үед манай найз Дэлгэрдаваа ирж салгах гэж ирэхэд Дэлгэрдаваатай муудалцаад олон хүний дундуур ороод цааш явсан. Харин би нүүр амруугаа цохиулчихаад сайн харж чадаагүй. Тэгээд бид нартай хамт явсан эмэгтэйчүүд бид нарын дундуур ороод тухайн зодоон маргааныг болиулаад ширээнд суусан юм. Тэгээд манай найз Дэлгэрдаваагаас Мянганбаяр гэх залуу салж өгөхгүй болохоор нь уурандаа нэг пивоны шил газар луу савсан, ханаруу мөн адил нэгийг савж шидсэн, харин зориуд хүн рүү шидсэн зүйл байхгүй. Тэгээд байж байхад цагдаа нар орж ирээд, манай найз Дэлгэрдаваа бид 2-ыг түр саатуулсан юм...” гэх /хх-ийн 245-246х/,

Шүүгдэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн орой өөрийн найз бүсгүй Эрдэнэтунгалагын хамт найз О.Иийн гэрт очоод хүний нэг пиво уугаад, улмаар тэндээс О.И түүний эхнэр Үйтүмэн манай найз бүсгүй Эрдэнэтунгалаг 17 дугаар сургуулийн автобусны буудал байх “17” бааранд орж үйлчлүүлсэн юм. Тухайн бааранд ороод хүний 2 пиво авсан. Бүжгийн талбайд бүжиглэж байхад Идэр нэг хүнтэй учир зүггүй зодолдоод байсан, тэгээд очоод салгах гэсэн миний нүүр лүү нулимаж авсан, тухайн үед уг залуутай маргалдан, бүжгийн талбай дээр хоорондоо барьцалдаж аваад байж байхад баарны хамгаалагч болон бусад хүмүүс ирээд салгасан юм. Тэгээд төд удалгүй цагдаагийн алба хаагч нар ирээд, манай найз Идэр болон бид 2-ыг тус цагдаагийн хэлтэс дээр авч ирээд улмаар түр саатуулсан юм...” гэх /хх-ийн 239-240х/,

Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 23 цагийн үед би найз бүсгүй Алтанзултай Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар автобусны буудал дээр уулзаад “17 night club" гэх бааранд орсон. Тэнд бүжиглэж байсан залуучууд намайг шахаад байхаар нь нөгөө талд нь гараад бүжиглэсэн. Тэгтэл нөгөө залуучууд шууд хүрч ирээд уруул хэсэг рүү цохисон. Намайг хулгар чихтэй залуу нь эхэлж цохисон. Тэгээд л юу болсон бүү мэд нэг мэдсэн чинь би шатны ойролцоо зодуулаад байж байсан. Над руу 4 хүн дайрч зодсон бөгөөд 2 эмэгтэй, 2 эрэгтэй байсан. Нөгөө хулгар чихтэй залуу над руу ширээн дээр байсан пивоны шил, стакан зэргийг надруу шидсэн...” гэх /хх-ийн 22-23х/,

Гэрч Н.Чулуунхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2013 оны 10 дугаар сарын 17-ны өглөө 08 цагаас 18-ны өглөө 08 цагийн хооронд 24 цагийн хугацаатай Согоот-113 чиглэлд цагдаа, жолооч, цагдаагийн ахлах ахлагч Оюун-Эрдэний хамт гарч ажилласан. 00 цаг 20 минутын үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “17” дугаар бааранд хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлагын дагуу очиж шалгасан. “17” дугаар бааранд ороход үүдний ширээний дэргэд нэг залуу, цээж нүцгэн залуу дээр нь дараад суучихсан байдалтай харагдсан. Намайг ороход уг цээж нүцгэн залуу босоод суучихсан байдалтай харагдсан. Намайг ороход уг цээж нүцгэн залуу босоод холдсон ба тэр залуу хоёр залуу заагаад намайг зодсон гэж хэлээд байсан. Тэгэхэд нь заасан хоёр залууг нь гаргаад хэлтэс рүү оруулж эрүүлжүүлсэн”, “...Тухайн үед дуудлага ихтэй байсан болохоор баарны бичлэгийг үзэж амжаагүй...” гэх /хх-ийн 39х/,

2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №12564 дугаартай шинжээчийн дүгнэлт:

-Б.Мын биед дух, баруун нүдний зовхи, баруун хацар, дээд уруул, баруун мөр, баруун бугалга, зүүн тохой, баруун шуу, цээж, нуруунд цус хуралт, дух, баруун хацар, дээд уруул, баруун зүүн мөр, нуруу, баруун зүүг бугалга, баруун, зүүн тохой, баруун, зүүн шyy, баруун алга, зүүн өвдөгт зулгаралт, дагзны хуйх, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлэээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

-Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх /хх-ийн 54х/,

Гэрч А.Гэрэлсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед бол манай баар тийм их ч биш, тийм ч бага биш дунд зэрэг хүнтэй байсан. Тэдгээр хүмүүс байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдуулсан гэх нь хаашаа юм. Ямар ч байсан хүн маргалдаад зодоон хийгээд байхад бол төвөгтэй байсан бөгөөд, маргаан зодоон болоход хамгаалагч нар нь салгаж байсан. Тэрнээс хаалга үүдээ барихад хүрээгүй. Ерөнхийдөө эдгээр хүмүүсийн маргаан зодооноос болоод манай баараар үйлчлүүлж байсан 3 ширээний хүмүүс бол гарч явж байсан...” гэх /хх-ийн 214х/,

Гэрч Л.Алтанзул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б.Мыг нэг залуутай зодолдоод салангуут дараа нь дахин нөгөө залуу ирж зодолдсон. Нийлж зодсон зүйл харагдаагүй. Гэнэт Б.М алга болчихоор нь би баарнаас гараад хартал шатны гол хэсэгт Б.М бүдүүн залуугийн хамт хоорондоо зууралдсан байдалтай зогсож байсан. Тэр хоёрын дундуур нэг намхан турхайхай залуу ороод салгаж харагдсан. Тэгж байж л тэр хоёр хоорондоо золдолдох нь багассан...гэх /хх-ийн 48- 49х/,

Гэрч Д.Отгонбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...23 цаг өнгөрч байхад 2 эмэгтэй, 2 залуугийн хамт орж ирээд 2 дугаар ширээнд суусан, тэр хүн ширээн дээрээ 8 пиво захиалж аваад ууж сууцгаасан, удалгүй 10-20 минут дараа нас тогтсон эрэгтэй, эмэгтэй хоёр орж ирээд үүдний дэргэд байх дугуй ширээнд сууцгаасан, нэг нэг шил “Нийслэл” пиво авсан”, “...Тэгтэл нөгөө цагаан майктай ах нөгөө залуучуудын хүүхнүүдтэй маргалдаад байсан. Тэгэхэд нь нөгөө залуу ширээнд байсан пивоны шилээ хана руу шидэж хагалсан. 3-4 пивоны шил шидсэн бөгөөд шидсэн шилнүүд нь хүн оноогүй. Тэгтэл надтай хамт зогсож байсан бүдүүн залуу нь маргаан хэсэг рүү очсон бөгөөд би араас нь очтол нөгөө майктай ах маргалдаж байхад нь бүдүүн залуу араас нь татаад хоорондоо зодолдож эхэлсэн тэгэхэд зөөгч Ганаа бид хоёр дундуур нь орох гэсэн боловч дийлэхгүй баарны үүдээр гарсан...гэх /хх-ийн 44х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 2019 оны 04 дүгзэр сарын 24-ны өдрийн 508 дугаартай шинжээчийн дүгнэлт:

-Б.Мын биед үүссэн гэмтлүүд нь мохоо зүйлийн татах, цохих, цохигдох, унах хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Б.Мын баруун нүдний доод зовхи зүүн бугалганы цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцралт, цус хуралт, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй байна.

Өмнө нь гарсан шинжээч эмчийн №12564 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...гэх /хх-ийн 220-221х/,

Шүүгдэгч Б.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77х/,

            Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 78х/,

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82х/,

            Шүүгдэгч О.Иийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 90х/,

            Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 92х/,

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95х/,

            2004 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №577 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 97-98х/,

            2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №576 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 99-104х/,

            Шүүгдэгч Б.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 109х/,

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 112х/,

            2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №25 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 115-117х/,

            2005 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №180 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 118-121х/,

            2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №39 дүгээр шийтгэх тогтоол /хх-ийн 121-122х/,

            2004 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №234 дүгээр шийтгэх тогтоол /хх-ийн 130-131х/,

2005 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №180 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 132-135х/,

2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №25 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 136-138х/,

2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар шүүгдэгч Б.Дгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 151х/,

Шүүгдэгч Б.Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 152х/,

Шүүгдэгч О.Иийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 153х/ болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрхи нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Мыг олон хүний буюу О.И, Б.Д нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.И, Б.Д нарыг бүлэглэж Б.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, эд хөрөнгө устгаж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Д.Чинзориг шүүхийн хэлэлцүүлэгт:  Өнөөдрийн шүүх хуралдаанд Мянганбаярын эрх ашгийг хамгаалан, шүүгдэгч болон хохирогчийн өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Мянганбаярыг улсын яллагчийн зүгээс зүйлчилсэн хоёр хүний биед хөнгөн хохирол учруулсан гэж зүйлчилсэн. Энэ хохирол учруулах болсон шалтгаан нь юу байсан талаар тайлбар хэлье. 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн бичлэгийг үзлээ. О.Иийн үйлдэл, Дэлгэрдаваагийн үйлдэл бол бодитоор бичигдсэн байна. Тэр бааранд Мянганбаярын эрүүл мэндэд халдсан үйлдэл эхэлсэн. Тухайн үед буруу ойлголт болсон байна гэж хэлэх гэсэн боловч дахиад үйлдэл хийдэг нь түүний эрүүл мэндэд аюул занал учруулахаар үйлдэл болсон. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий анги 4 дүгээр бүлэгт заасан аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлтэй. Мөн 4.1-д “Өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй”  гэж заасан байдаг тул өөрийн ойр дотны хүний амь нас,  өөрийнхөө эрүүл мэндийн аюулгүй байдлын төлөө үйлдэл хийснийг гэмт хэрэг гэж тооцохгүй. Прокурорын ярьсан шиг цагдаа дуудахгүй, зугтаахгүй яасан юм бэ? цагдаа дуудахгүй байсан юм бэ гэж байна. Аливаа хүн мэргэжлээсээ шалтгаалахгүй, тусламж авах боломжтой байсан ч хамаагүй аргагүй хамгалалт хийх эрхтэй гэсэн байдаг. Мянганбаяр нь Дэлгэрдаваа, Идэрийн үйлдлийг зогсоогоогүй байсан бол юу ч болж магадгүй байсан. Иймд шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү гэх гэх боловч хавтаст хэрэгт авагдсан дараах :

Хавтаст хэрэгт авагдсан дискийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахад бичлэгт хохирогч О.И, Б.Д нарын довтолгоо эхэлсэн буюу эхлэх гэж байгаа нь тодорхой болсон тэр цаг үед аргагүй хамгаалалт хийгдсэн байх боломжтой. Гэтэл довтолгоон нэгэнт зогссон байхад шүүгдэгч Б.М өөрөө очин цохиж хохирогч нарын биед халдаж байгаа нь мөрдөн шалгах ажиллагаанд авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт нотлох баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискний дүрс бичлэг, шинжээчийн №12710 дугаартай дүгнэлтэд О.Иийн биед баруун бугуй, эрүүнд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, баруун завжинд шарх, цус хуралт, 1 шүдний эмтрэл бүхий гэмтэл, шинжээчийн 12712 дугаартай дүгнэлтэд Б.Дгийн биед 1 шүдний сулрал, зүүн зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд зулгаралт бүхий гэмтэл учруулсан гэсэн нотлох баримтуудаар няцаагдаж байна.  

 

Шүүгдэгч О.И, Б.Д нарын өмгөөлөгч Д.Оюунбаатар шүүхийн хэлэлцүүлэгт: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16-д заасан гэмт хэрэгт энэ өөрөө гэмт хэргийн шинжийг бүрэн агуулахгүй. Аливаа аж ахуй нэгж буюу “17” баарны олон нийтийн үйл ажиллагаа алдагдсан байна гэхийг юунд үндэслэлээд ингэж яриад байгааг ойлгохгүй байна. Тухайн байгууллагын хүн өөрөө манай байгууллагын үйл ажиллагаа алдагдаагүй гэдэг. Дискний бичлэг шинжлэн судлахад олон нийтийн байгууллагын үйл ажиллагаа алдагдсан гэдэг нь нотлогдоогүй. Тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан гэдэгт тухайн байгууллагыг хохирогчоор тогтоосон юм уу? Иймд байгууллагын үйл ажиллагаа алдагдсан гэдэг нь үндэслэлгүй байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өнөөдөр хоёр шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахад татгалзах зүйлгүй гэх...” гэх боловч хавтаст хэрэгт авагдсан дараах:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж эд хөрөнгийг устгаж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэдэг нь “нийтийн амгалан тайван байдал, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцааны болон аж төрөх ёсны хэм хэмжээг” ойлгодог юм.

Шүүгдэгч нар нь үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлж байх үедээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж тухайн газар зодоон үүсгэж, байгууллагын эд хөрөнгө болох стакан, пивоны шилийг хагалан устгаж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан мөн тухайн газраар үйлчлүүлж байсан Б.Мтай маргаж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримт, хэрэгт нотлох баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискний дүрс бичлэг зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна.

   Шүүгдэгч Б.М, О.И, Б.Д нарт ял шийтгэл оногдуулахдаа  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал бусдад учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.Мт торгох ял,

шүүгдэгч О.И, Б.Д нарт эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан хохирол төлбөр нэхэмжилсэн баримт байхгүй байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                              

                                                                                                             ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.И, Б.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, эд хөрөнгө устгаж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох,

Шүүгдэгч О.И, Б.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цаг тус бүр нийтэд тустай ажил хийлгэх, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч О.И, Б.Д нарт тус бүр оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялд шилжүүлэн 40 /дөч/ хоног хорих ялыг 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 40 хоногоор тус тус тогтоосугай.

5. Шүүгдэгч О.И, Б.Д нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.И, Б.Д нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Мт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.АРИУНБОЛД