Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 1111

 

 

 

 

 

 

 

 

 

Б.М, Б.Д, О.Инарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Ц.Батбямба,

          шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Д.Чинзориг, 

          шүүгдэгч Б.Д, О.И нарын өмгөөлөгч Д.Оюунбаатар,  

          нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

         

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/660 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч Ц.Батбямбын бичсэн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 24 дугаартай прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Б.М, түүнчлэн шүүгдэгч Б.Д, О.И нарын өмгөөлөгч Д.Оюунбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.М, Б.Д, О.Инарт холбогдох ......................... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 16-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б.М, 1983 оны 10 дугаар сарын 6-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ойн инженер мэргэжилтэй, ..........................бетон армотурчин ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт .....................оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................./,

2. Б.Д, 1988 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт ......................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..................../,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял уг хорих ялд багтааж, Б.Дгийн эдлэх ялыг нийт 3 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Дд 3 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 15 жил хорих ялаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Дд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг 15 жилийн хугацаагаар тогтоож, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 6-ний өдрийн 39 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.3.3, 74.5 дахь хэсгүүдэд зааснаар Б.Дгийн эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 12 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

3. О.И, 1987 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ......................тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..................../,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн 577 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 576 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

 

Б.М нь 2018 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “17” шөнийн клубт О.И, Б.Д нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт,

О.И нь 2013 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “17” шөнийн клубт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт явж байсан Б.Дтай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, мөн Б.Дтай бүлэглэн тухайн баараар үйлчлүүлж байсан Б.Мтай маргаж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Б.Д нь 2018 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “17” шөнийн клубт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт явж байсан О.Итэй нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, мөн О.Итэй бүлэглэн тухайн баараар үйлчлүүлж байсан Б.Мтай маргаж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, О.Иийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, О.И, Б.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, эд хөрөнгө устгаж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох, О.И, Б.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цаг тус бүр нийтэд тустай ажил хийлгэх, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч О.И, Б.Д нарт тус бүр оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялд шилжүүлэн 40 /дөч/ хоног хорих ялыг 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 40 хоногоор тус тус тогтоож, О.И, Б.Д нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч О.И, Б.Д нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Мт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Батбямба бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэж хуульчилжээ.

Гэтэл шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад: Шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэж гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна.

Мөн шийтгэх тогтоолын 4 дэх заалтад: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч О.И, Б.Д нарт тус бүр оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялд шилжүүлэн 40 хоног хорих ялыг 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил, 40 хоногоор тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хугацааг “энэ хуульд заасан хугацааг минут, цаг, хоног, сар, жилээр тоолно” гэж хуульчилсныг зөрчжээ.

Иймд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 660 дугаартай шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтүүдийг оруулуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ... гэв.

 

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.М би 2018 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “17” шөнийн клубт найз Алтанзулын хамт үйлчлүүлж байхдаа О.И, Б.Д нарт зодуулж, хөнгөн гэмтсэн.

Хэргийн хувьд бол Б.Д нь анх “чи эхнэрийн маань бөгс барьлаа” гэх утгагүй зүйл ярьж намайг дарамталж эхэлсэн бөгөөд миний зүгээс “тийм зүйл байхгүй шүү” хэмээгээд байж байтал О.И нь ирээд шууд намайг цохисон. Гэсэн ч би Б.Дд “чи хүн андуураад байгаа юм биш үү” гэж хэлэхэд над руу дайраад байсан. Тэр үед О.И дахин хүрч ирээд миний толгойн тус газар цохихоор нь би өөрийгөө хамгаалах үүднээс О.Иийг цохиж унагаасан юм. Гэтэл Б.Д асуудлыг намжаахын оронд эргэж хараад шууд над руу дайрч цохих гэхэд нь би бултаж амжсан боловч Б.Д над руу үргэлжлүүлэн дайрч, зууралдан түлхэж, цохисоор уг бааран дотор замбараагүй байдал үүссэн юм. Тэгж зууралдаж, зодуулж байх үедээ би өөрийгөө хамгаалах үүднээс Б.Дд гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна.

Б.М миний бие О.И, Б.Д нарын эрүүл мэндэд санаатайгаар халдаж, хөнгөн хохирол учруулаагүй бөгөөд худал шалтаг гарган миний эрүүл мэндэд халдаж байсан согтуу 2 этгээдээс өөрийгөө хамгаалсан юм. Тухайн үед миний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах нь тодорхой болсон довтолгоон эхэлсэн байсан гэдэг нь Анхан шатны шүүх хуралдаан дээр шинжлэн судлагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл , эд мөрийн баримтаар хураагдсан “Сиди бичлэг” зэргээс тодорхой харагдаж байгаа билээ.

Би өөрийнхөө амь нас, эрүүл мэндийг хамгаалсан энэ үйлдлийг маань Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заахдаа “Аргагүй хамгаалалт” буюу “Өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” хэмээн хуульчилсан байна. Тэгээд ч миний бие санаатайгаар, гэмтэл учруулъя хэмээн хүсч О.И, Б.М нарыг цохиогүй.

Гэтэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэнд гомдолтой байх бөгөөд Анхан шатны шүүх “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж үзэж байна.

Иймд энэхүү хэргийг Давж заалдах журмаар хянан хэлэлцэж өгнө үү. ... гэв.

 

Шүүгдэгч О.И, Б.Д нарын өмгөөлөгч Д.Оюунбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний үйлчлүүлэгч О.И, Б.Д нар нь өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд өмгөөлөгч миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно. Харин О.И, Б.Д нарыг нийтийн хэв журам бүлэглэн зөрчиж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол гэмт хэрэгт тооцохоор заасан бөгөөд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн үйлдлийг дангаар нь гэмт хэрэгт тооцохгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн үйлдлийн улмаас аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, хор уршиг учирсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд О.И нь Б Б.Мтай хувийн таарамжгүй харилцаанаас болж маргаан үүсч, тухайн маргааныг Б.Д салгах үед Б.Мтай маргалдаж зодолдсон байх бөгөөд О.И, Б.Д нар нь санаатайгаар нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн нь тогтоогдоогүй. Мөн маргаан болсон “17 клуб” баарны хэвийн үйл ажиллагаа алдагдсан, тухайн баараар үйлчлүүлж байсан хүмүүсийн амгалан тайван байдал алдагдсан байдал тогтоогдоогүй болно. Тухайлбал “17 клуб” баарны менежер ажилтай О.Энхзул гэрчээр мэдүүлэг өгөхдөө тухайн маргаанаас болж манай баарны хэвийн үйл ажиллагаа алдагдаагүй, ямар нэгэн хохирол учраагүй талаар хэлсэн байдаг, мөн тухайн баарны камерын бичлэгийг шүүх хуралдаан дээр шинжлэн судлахад баарны хэвийн ажиллагаа алдагдсан, тухайн баараар үйлчлүүлж байгаа хүмүүсийн амгалан тайван байдал алдагдсан, үйл ажиллагаа нь зогссон байдал тогтоогдоогүй болно.

Дээр дурьдсан нөхцөл байдлаас үзэхэд миний үйлчлүүлэгч О.И, Б.Д нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 /Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй/ дахь хэсэгт заасан хууль ёсны зарчмыг зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Мөн анхан шатны шүүх ял оногдуулахдаа О.И, Б.Д нарын өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ухамсарлан хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохирлын хэр хэмжээ, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, хорих ял оногдуулсан нь хэргийн нөхцөл байдалд тохироогүй, ял хүндэдсэн гэж үзэж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хорих ялыг тэнсэх боломжтой гэж үзэж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 26- ны өдрийн 2019/ШЦТ/660 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч О.И, Б.Д нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Д.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Мын гаргасан давж заалдах гомдлыг бүрэн дэмжиж байна. Б.Мыг цагаатгаж өгнө үү. Мөн энэ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” гэв.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчидийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Б.М нь 2018 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “17” шөнийн клубт О.И, Б.Д нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг,

О.И нь 2013 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “17” клуб бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хамт явж байсан Б.Дтай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, мөн Б.Дтай бүлэглэн тухайн баараар үйлчлүүлж байсан Б.Мтай маргаж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,

Б.Д нь 2018 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “17” клуб бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хамт явж байсан О.Итэй нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, мөн О.Итэй бүлэглэн тухайн баараар үйлчлүүлж байсан Б.Мтай маргаж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 11/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...О.И нь Б.Мыг баруун гараараа, зүүн талын шанаа хэсэг рүү нэг удаа цохих ба Б.М нь О.И лүү дайрч харагдах дундуур нь үл таних залуу болон Алтанзул гэгч нь орж салгаж харагдана. ...Б.М нь дэргэд очих ба О.И нь баруун гараараа Б.Мын толгой, дагз хэсэг рүү алгадаж цохих бөгөөд Б.М нь харилцан цохиж, Б.М нь О.Иийг газарт унагаан цохиж, зодох харагдана. ...Б.Д нь Б.Мтай маргалдаж хоорондоо зодолдож, дэлгэцийн дээд хэсэг рүү явах. ...О.И нь дэлгэцийн доод хэсэгт байрлах ширээн дээр байх 4 ширхэг пивоны шил 2 ширхэг, 2 ширхэг шилэн стаканаас 1 ширхэг пивоны шил, 1 ширхэг шилэн стаканыг дэлгэцийн баруун зүг рүү шидэж харагдана. ...Б.Д нь ирж Б.Мыг хажуугаас нь цохиж дэлгэцийн баруун тал руу явж харагдахгүй болно...” /хх 12-19/,

“...Б.Мын биед дух, баруун нүдний зовхи, баруун хацар, дээд уруул, баруун мөр, баруун бугалга, зүүн тохой, баруун шуу, цээж нуруунд цус хуралт, дух, баруун хацар, дээд уруул, баруун зүүн мөр, нуруу, баруун, зүүн бугалга, баруун, зүүн тохой, баруун, зүүн шуу, баруун алга, зүүн өвдөгт зулгаралт, дагзны хуйх, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12564 тоот /хх 52-54/,

“...О.Иийн биед баруун бугуй, эрүүнд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, баруун завжинд шарх, цус хуралт, 1 нүдний эмтрэл бүхий гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12710 тоот /хх 60-61/,

“...Б.Дгийн биед 1 шүдний сулрал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12712 тоот /хх 65-66/ дүгнэлтүүд,

гэрч Н.Чулуунхүүгийн “...17-р баар луу ороход үүдний ширээний дэргэд нэг залуу, цээж нүцгэн залуу дээр нь дараад суучихсан байдалтай харагдсан. Намайг ороход уг цээж нүцгэн залуу босож холдсон ба тэр залуу хоёр залуу заагаад “намайг зодсон” гэж хэлээд байсан...” /хх 39/

гэрч О.Үйтүмэнгийн “...Тэгтэл О.Иээ тэр залуугийн толгой дээр нь нэг удаа алгадсан чинь, улам маргалдаад О.И лүү дайрч эхэлсэн. Тэгээд би О.Иээг Мянгаагаас холдуулаад хамт бүжиглээд байж байсан чинь, Мянгаа ард ирчихсэн зогсож байхад нь О.Иээ цохих шиг болсон. Би яг хаашаа цохисонг нь бол мэдэхгүй байна. Тэгтэл Мянгаа О.Иээ лүү дайраад нүүр лүү нь 3-4 удаа цохиж, газар унагаасан, газар унасан байхад нь хүртэл нүүр лүү цохисон. ...О.Иээ хажуу талын ширээний пивоны шил, шилэн стакан аваад хаалга чиглүүлээд шидсэн боловч хана онож шилнүүд нь хагарсан. ...Тэгээд бид нар явахаар болоод баарнаас гарах гэтэл Мянгаа, О.Иээг татаж аваад газар унагаагаад дээр нь суучихсан...” /хх 40-41/,

гэрч А.Гэрэлсайханы “...Дугуй ширээн дээр сууж байсан насаар арай ах, дээгүүрээ фудболктой байсан ах нөгөө ширээний 2 залуу руу дайраад, хараагаад, хэрүүл өдөөд байсан. Тэгэхлээр нь би баарны зүүн тал руу үйлчлүүлэгч нарт үйлчилсэн. Нилээн хэсэг хугацааны дараа цагдаа нар ирсэн бөгөөд нөгөө насаар ах хүн дээгүүрээ нүцгэн болчихсон, нөгөө хоёр залуу руу дайрсан маягтай харагдаж байсан...” /хх 42-43/,

гэрч Д.Отгонбаатарын “...насаар арай ахимаг настай ах туранхай залуутай нь маргалдаж цохилцсон. Тэгтэл хамт явж байсан бүдүүн залуу нь голоор нь орж салгах гэтэл насаар арай ахимаг ах нь, туранхай залууг нь газар унагаагаад зодож эхэлсэн. ...Нөгөө залуу ширээн дээр байсан пивоны шилээ хана руу шидэж хагалсан, 3-4 пивоны шил шидсэн бөгөөд шидсэн шилнүүд нь хүн оноогүй. Тэгтэл надтай хамт зогсож байсан бүдүүн залуу нь, маргаан хэсэг рүү очсон бөгөөд би араас нь очтол нөгөө майктай ах маргалдаж байхад нь, бүдүүн залуу араас нь татаад хоорондоо зодолдож эхэлсэн...” /хх 44-45/,

гэрч О.Ганзоригийн “...нөгөө хоёр залуугийн арай туранхай залуу нь, тэр ахын толгой хэсэгт алгадас хийгээд цохисон чинь, нөгөө ах дайраад байхаар нь би түлхээд холдуулсан. Тэгсэн хэдий ч, тэр ах цохисон залуу руу ойртоод зодоон хийх гээд байсан. Хамт байсан эмэгтэй нь урдуур нь ороод байхаар нь гайгүй байлгүй дээ гээд хараад зогсож байтал цохисон залуу руу очоод, зодолдоод эхэлсэн. Нөгөө цохисон залууг газар унагаагаад дээрээс нь гараараа хэд хэдэн удаа цохиж зодож эхэлсэн. ...Махлаг залуу, 36 орчим насны ахтай зууралдаад эхэлсэн, тэр хоёр зууралдсаар шат руу гарсан бөгөөд хэн нэгэн нь хөл алдаад зууралдсан хэвээрээ шат руу унасан...” /хх 46-47/,

гэрч Л.Алтанзулын “...Б.М миний ойролцоо бүжгийн талбай дээр бүжиглэж байхад нэг залуу ирээд чихэнд нь шивнээд юм яриад байх шиг харагдсан. Тэгтэл хажууд нь хамт явж байсан залуу нь Б.Мыг цохиод авсан. Зөрүүлээд Б.М эргэж хараад 2-3 удаа цохиж харагдсан. Тэгээд Б.М луу нөгөө анх шивнэж яриад байсан, залуу нь болон хамт явж байсан 2 хүүхэн нь дайрч эхэлсэн. ...Б.Мыг нэг залуутай зодолдоод салангуут дараа нь дахин нөгөө залуу ирж зодолдсон. ...Гэнэт Б.М алга болчихоор нь би баарнаас гараад хартал шатны гол хэсэгт Б.М, бүдүүн залуугийн хамт хоорондоо зууралдсан байдалтай зогсож байсан...” /хх 48-49/,

гэрч Н.Эрдэнэтунгалагийн “...О.Иээ нэг залуутай маргалдаад О.Иээг зодоод байхад нь Б.Д очоод салгасан. Тэгтэл тэр залуу Б.Дтай муудалцаад хоорондоо цохилцоод бүжгийн талбай тойрч яваад текний орчимд ирсэн. Энэ хугацаанд О.Иээг босгоод ширээнд суулгаад Б.Д руу очсон. Тэнд Үйтүмэн Б.Дтай зууралдсан залуу, цохих шиг болоход нь би дайрсан боловч намайг хэн нь юм бүү мэд түлхээд бүжгийн талбай руу унагаачихсан...” /хх 50-51/ гэх мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж заасанд нийцжээ.

 

Анхан шатны шүүхээс, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад тулгуурлан Б.Мыг “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан”, О.И, Б.Д нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, мөн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, эд хөрөнгө устгаж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Анхан шатны шүүхээс Б.М, Б.Д, О.Инарт оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Б.М, Б.Д, О.Инарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, зүйлчлэл зөв, ял шийтгэл тохирсон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Б.Мын “...Би өөрийнхөө амь нас, эрүүл мэндийг хамгаалсан. Гэтэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэнд гомдолтой байна...” гэх, шүүгдэгч Б.Д, О.И нарын өмгөөлөгч Д.Оюунбаатарын “...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч О.И, Б.Д нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах боломжгүй.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэсэн нь Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийн хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зөвтгөж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.  

 

Үндэслэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д ...хоёр, түүнээс олон хүнийг... гэж 2 хүний амьд явах эрхийн эсрэг үйлдлийг тусгайлан заажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж зааснаар шүүгдэгч Б.М, Б.Д, О.Инарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэснээр Б.М, Б.Д, О.Инарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 1,5 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/660 дугаартай шийтгэх тогтоолын:

- тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан...” гэснийг “...Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан...” гэж өөрчилж,

 

- тогтоох хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Мын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2 хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч Б.Д, О.И нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг тус гэмт хэргийнх нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй...” гэсэн нэмэлт заалт оруулж,

 

- тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох, О.И, Б.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цаг тус бүр нийтэд тустай ажил хийлгэх...” гэснийг хүчингүй болгож,

 

- тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгосугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М, шүүгдэгч Б.Д, О.И нарын өмгөөлөгч Д.Оюунбаатар нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ