Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 000160

 

 

 

 

 

 

 

 

 

                                      А.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1123 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч А.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Эрдэнэбилэгт холбогдох

“Гэм хорын хохиролд 4.291.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхсувдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгч А.Энхцэцэг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхсувд

Нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч А.Энхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Миний бие А.Энхцэцэг 2016 оны 06 дугаар сарын 17-ны шөнийн 03 цаг өнгөрч байхад гэр бүлийн өмчлөлийн авто машинаараа Баян-Өндер сум Рашаант багийн нутаг дэвсгэрт засмал замаар чигээрээ явж байтал эсрэг урсгалаас нэг машин манай машиныг мөргөсөн. Би машиндаа нөхөр болон найзын хамт явж байсан. Эсрэг урсгалаас орж ирсэн машинаас 4 хүн бууж ирсэн, бүгдээрээ согтуу байсан бөгөөд Л.Эрдэнэбилэг шууд зугтаасан учир манай нөхөр араас нь хөөж гүйж барьж авчирсан. Манай машиныг мөргөсөн жолооч Л.Эрдэнэбилэг. Осол болсон даруйд цагдаа дуудахад ирсэн. Эрдэнэбилэг драгер үлээхэд 1.74 хувийн согтолттой, хамт явсан хүн нь мөн л согтолттой гарсан. Эрдэнэбилэг нь машиныг маань засаж янзал талаар ярихгүй харин ч эсэргээрээ чи өөрөө миний машиныг ирж мөргөсөн, жолооны эрхгүй байж жолоо барьсан зэргээр хэл амаар доромжлон та нар чаддаг юм бол шүүхээр яваад аваарай надаас юм авна гэж бодож байгаа бол горьд гэх мэтээр маш ёс зүйгүй зан авир гаргаж байгаа, энэ хүнтэй хэл амаа ололцохгүй байдал үүссэн тул шүүхэд хандсан. Одоогийн байдлаар буруутай этгээдээс дараахь хохирлыг нэхэмжилж байна.

Хохирлын үнэлгээ болох 1 565 000 төгрөг, үнэлгээний төлбөр 67 000 төгрөг, журмын хашааны ачилтын төлбөр 120 000 төгрөг, журмын хашааны төлбөр 52 000 төгрөг, машингүй болсоноос болж цагдаа, шүүх орох үнэлгээчин зэрэгт гарсан зардал 200 000 төгрөг, өмгөөлөгчөөр нэхэмжлэл бичүүлсэний хөлс 10 000 төгрөг, нийтдээ 2 014 000 төгрөг төгрөг нэхэмжилж байсан боловч уг нэхэмжлэл дээр нэмж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Үүнд: журмын хашааны зардлын зөрүү 227 000 төгрөг, тэнхлэг тохиргооны зөрүү 5 000 төгрөг, салхины шилний зөрүү 30 000 төгрөг, обудны зөрүү 5 000 төгрөг гар зөрүү 30 000 төгрөг, засварын зөрүү 855 000 төгрөг, нийт 1 152 000 төгрөг, үнэлгээнд ороогүй сэлбэг засвар босоо тэнцүүлэгч 50 000 төгрөг, шарнер 65 000 төгрөг, тээ зардал 40 000 төгрөг, гурван бул 90 000 төгрөг, таван бул 80 000 төгрөг, нийт 325 000 төгрөг болж байна. Огт хийгдээгүй зайлшгүй шаардлагатай засварын үнэ урд хамгаалалтын бүс 2 ширхэг 100 000 төгрөг, тэнхлэг тохиргоо алдагдаж гажсан 0.16 байхаас 1.15 болж өөрчлөгдсөн уг тохиргоог манай аймагт засварлах боломжгүй засварлуулахад 250 000-350 000 төгрөг, дугуйны обуд ширхэгээр зарагддаггүй гэх тул 4 ширхэгээр авахад 400 000 төгрөг нийт 800 000 төгрөг бүгд 2 277 000 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа ба нийт            4 291 000 төгрөгийг иргэн Л.Эрдэнэбилэгээс нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Л.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний зүгээс хохирлын үнэлгээнд дурьдсан 1 565 000 төгрөг, журмын хашааны төлбөр/2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл/ 60 000, үнэлгээ хийлгэсний төлбөр 67 000 төгрөг, нийт 1 692 000 төгрөгийг, А Энхцэцэгт 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өгөхөөр түүнтэй ярихад энэ бол авахгүй, 3 000 000 төгрөг өгөхийг шаардсан. Би 3 000 000 төгрөгийг төлөх боломжгүй гэдгээ түүнд хэлсэн. Энэ өдөр А.Энхцэцэг нь надаас 1 692 000 төгрөг авахаас татгалзсан. Түүнд өгөх 1 692 000 төгрөг одоо ч өгөхөд бэлэн байгаа. А.Энхцэцэг нь тухайн мөнгийг надаас аваад журмын хашаанаас машинаа гаргаж засварлуулах боломжтой байсан Гэтэл өөрөө машинаа журмын хашаанаас гаргах, засварлах бодолгүй байснаас өнөөдрийг хүрсэн гэж би үзэж байна. Нөгөөтэйгүүр А.Энхцэцэгийн машины эвдрэл, гэмтлийн талаар үнэлгээ хийж буй байгууллага нэг бүрчлэн бичиж шинээр солих, засварлах эсэхийг нь тодруулж үнэлгээг нь тогтоосон, мөн хийгдэх засвар үйлчилгээний хөлсийг нэмж тооцсон байгаа. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад дурьдсан үнийн дүн 2 277 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.     |

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1123 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн, 510.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Эрдэнэбилэгээс 3 024 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Энхцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 267, 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7 1.1 -д зааснаар нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101 300 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.Эрдэнэбилэгээс 63 334 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Энхцэцэгт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхсувд давж заалдсан гомдолдоо:

1. Нотлох баримтын талаар:

“Ашид Билгүүн” ХХК-ны 2016-06-30-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт дээр Дүүрэнбаяраас үнэлгээний төлбөр 67 000 төгрөг гэж бичсэн боловч мөнгө тушаагчийн гарын үсэггүй.

“Монгол Хьюндай автомотив” ХХК-ны Орхон аймаг дахь салбарын 2016-08-18-ны өдрийн тэнхэлэг тохиргоо гэсэн баримтан дээр эзэмшигч нь Дүүрэнбаяр гэж бичсэн.

“Түнт хүрээ” ХХК-ны 2016-08-03-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт дээр 347 000 төгрөг гэжээ. Гэтэл уг машин журмын хашаанд хэд хоног болсон. Нэг хоногийг хэдэн төгрөгөөр тооцсон. Уг машиныг хаанаас хаа хүртэл ачиж буулгасан болох, нийт хэдэн км явсан эсэх нь тодорхойгүй байна. Ачилт 50 км гэсэн байна. Гэтэл журмын хашаанаас төвийн нэг засварын газар очиход 50 км гарахгүй.

Халиун кузов засварын 2016-07-31-ны өдрийн 1 700 000 төгрөгний зарлагын баримт дээр худалдагчийн регистрын, худалдан авагчийн гарын үсэггүй. Нийт үнийн дүнг 1 700 000 төгрөг бичсэн боловч сэлбэг нэг бүрийн үнийг бичээгүй байдаг.

“Япон авто сэлбэгийн дэлгүүрийн 2016-08-08-ны өдрийн зарлагын баримт дээр худалдагч байгууллагын регистрийн дугаар, худалдан авагчийн нэр , эд хүлээн авсан хүний гарын үсэг бичигдээгүй байна. Энэ зарлагын баримтанд L гар- 80 000 төгрөг, L хаалга-45000 төгрөг гэж бичигдсэн байна. Гэтэл Халиун кузов засварын 2016-07-31-ны өдрийн зарлагын баримтны 2-т L хаалга керман-1, 9-т босоо тэнцүүлэгч, гар сольсон-1 гэж бичигдсэн бөгөөд нийт 1 700 000 төгрөгний үнийн дүнд тооцогдсон байсан. L гар, L хаалга зэрэг 2 төрлийн сэлбэгийн үнийг 2 зарлагын баримтаар давхардуулж нэхэмжилсэн байна.

Автоланд дэлгүүрийн 2016-08-08-ны өдрийн зарлагын баримтанд худалдан авагчийн нэр, регистрын дугаар бичигдээгүй, мөн эд хүлээн авчийн нэр, гарын үсэггүй. Энэ зарлагын баримтанд НР\/ амартизатор-1 ш 80 000 төгрөг, НР\/ босоо-1ш 50 000 төгрөг, дүн 130 000 төгрөг гэж бичсэн. Гэтэл Халиун кузов засварын 2016-07-31-ны өдрийн зарлагын баримтны 7-д Аморжин-1ш, 9-д босоо тэнцүүлэгч, гар сольсон-1 гэж бичигдсэн байна. Энэ нь нийт 1 700 000 төгрөгний үнийн дүнд тооцогдсон байсан. Амортизотор, босоо тэнцүүлэгч сэлбэгийн үнийг 2 зарлагын баримтаар давхардуулж нэхэмжилсэн байна.

Худалдагч тал нь Төмөр контейнер 71 гэсэн нэртэй 2016-08-23-ны өдрийн зарлагын баримтанд худалдагч байгууллагын регистрын дугаар, худалдан авагчийн нэр, регистрын дугаар болон эд хүлээн авагчийн нэр, гарын үсэггүй. Энэ баримтанд Обуд РМ6-1ш 70 000 төгрөг, 115/60/16 -1ш 60 000 төгрөг гэсэн боловч нийт үнийн дүн нь бичигдээгүй баримт байна.

 “Даа Хүрээ” зарлагын баримт дээр мөн л худалдагчийн регистр болон худалдан авагчийн нэр, регистр, огноо зэрэг нь бичигдээгүй. Хэн гэдэг хүн худалдаж авсан нь тодорхойгүй баримт байдаг. Уг баримтанд гурван бул-1ш 90 000 төгрөг, таван бул-1ш 80 000 төгрөг нийт 170 000 төгрөг гэсэн. Гэтэл Халиун кузов засварын 2016-07-31-ны өдрийн зарлагын баримтны 6-д таван бул-1ш, гэж бичигдсэн баримттай давхардсан. Энэ сэлбэгийг мөн л өөр өөр зарлагын баримтуудаар давхардуулж нэхэмжилсэн байна.

Танил захын В-23, 2016-08-10-н өдрийн зарлагын баримтанд худалдагчийн регистр, худалдан авагчийн нэр, эд хүлээн авагчийн нэр бичигдээгүй байна. Энэ баримтанд НР\/ урд шил-1ш 190 000 төгрөг гэжээ. Гэтэл Халиун кузов засварын 2016-07-31-ны өдрийн зарлагын баримтны 5-д урд шил -1, гэж мөн давхардуулж бичигдсэн.

Дээр дурьдсан баримтуудыг сайтар судлан үзвэл нэг зарлагын баримтанд бичигдсэн сэлбэгийг өөр зарлагын баримтанд давхар бичиж үнийг нь нэхэмжилсэн. Мөн зарим нэг зарлагын баримтууд нь худалдагч, худалдан авагч хэн болох нь тодорхойгүй. Огноо дугааргуй. Эд ангиудыг жагсааж бичсэн боловч нэг бүрийн үнийг нь бичээгүй нийт үнэ бичсэн, тухайн сэлбэгийн үнэ тодорхойгүй мэдэх боломжгүй зарлагын баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр болсон.

Хууль хэрэглээний талаар:

1.Үнэлгээний талаар- “Ашид билгүүн” ХХК хохирлын үнэлгээг 1.565.000 төгрөг гэж үнэлсэн. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...үнэлгээнээс гадуур хийгдсэн засвар, үйлчилгээ, хөрөнгийн үнэлгээ зах зээлийн үнэлгээний зөрүүтэй байдлыг харгалзан нэхэмжпэгчийн нотлох баримтаар ирүүлсэн баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй...” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь хохирлын үнэлгээг гаргахдаа зах зээлийн бодит үнэд тулгуурлаж л мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргадаг байтал зах зээлийн үнэд тулгуурлаж гаргасан хохирлын үнэлгээн дээр үнэлгээнээс давсан нотлох баримтын шаардлага хангаагүй зарлагын баримтуудыг үндэслэн зах зээлийн үнэлгээг харгалзан үзэж гэж тодорхойлж хохирлыг нэмж тооцсон нь үндэслэлгүй болно.

Шаардах эрхийн талаар- Тээврийн хэрэгслийг өмчлөх эрх Улсын бүртгэлд үндэслэдэг гэдэг нь хэн бүхэнд тодорхой билээ.

Авто тээврийн тухай хуулийн 171.1-д “МУ-д бүртгэлтэй аж ахуйн нэгж байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харъяа байгууллагад бүртгүүлнэ.” Мөн хуулийн 171.2-д “авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг Авто тээврий асуудал эрхэлсэн Засгийн гарын гишүүн батална” гэж тус тус заасан байх бөгөөд Зам тээврийн сайдын 2015-05-04-ны өдрийн дугаар 115 -р тушаалаар “Тээврийн хэрэгслийн гэрчилгээний загвар баталсан байдаг бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгчийг тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр бичигдсэн хувь, хүн байгууллагаар тодорхойлдог.

Иргэний хуулийн 91.1, 91.2 болон 91.2.1 дэх хэсгийн зохицуулалтаар тээврийн хэрэгслийн өмчлөгч нь тухайн тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр нэр нь бичигдсэн этгээд байна. Иймд А.Энхцэцэгийг тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч гэж үзэхгүй юм.

Хэргийн оролцогч ИХШХШТХ-ийн 25.2.2-т зааснаар “Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”. Харин А.Энхцэцэг нь зам тээврийн ослын улмаас миний машинд хохирол учирсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч өөрөө тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч мөн гэдгээ нотлоогүй, хэрэгт энэ талаархи баримт гаргаж өгөөгүй байдаг.

ИХШХШТХ-ийн 65.1.5 дахь хэсэгт нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасан байх тул А.Энхцэцэг нь өөрийн өмчлөлийн бус хөрөнгөд хохирол учирсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй юм.

Иймд ИХШХШТХ-ийн 117.1 болон 65.1.5-д дахь хэсгүүдийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч А.Энхцэцэг нь гэм хорын хохиролд Л.Эрдэнэбилэгээс 4.291.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодруулах ажиллагаа хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг зөрчсөн. Хуульд заасан эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргаж буй этгээдийг нэхэмжлэгч гэх ба А.Энхцэцэг нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэхийг тогтоохын тулд холбогдох нотлох баримтуудыг шаардан авах шаардлагатай байсныг шүүх анхаараагүй байна. Тухайлбал тээврийн хэрэгслийн гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа гэх мэт шаардлагатай нотлох баримтыг цуглуулснаар нэхэмжлэгчийн эрх зүйн байдал тодорхой болох байжээ.

Шүүх нэхэмжлэлийг 2016.07.01-ний өдөр хүлээн авсан атлаа хэргийн зохигч оролцогчдод эрх үүрэг тайлбарлах, нөлөөллийн мэдүүлэг хөтлөх ажиллагааг 2016.06.08-ны өдрөөр огноолсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66, 67 дугаар зүйлүүдтэй нийцээгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Ж.Мөнхсувдад эрх, үүрэг тайлбарлаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 67 дугаар зүйлийн 67.1.1-ийг зөрчжээ.

2016.07.25-ны өдрийн 4175 дугаартай шүүх  хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамжинд хариуцагч Л.Эрдэнэбилэгийг Эрдэнэбулган гэж зөрүүтэй бичсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөн засах боломжгүй учраас шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63.400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр дугаар сарын 16-ны өдрийн 1123 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Л.Эрдэнэбилэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63.400 төгрөгийг шүүгчийн захирамжаар Төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

                                            ШҮҮГЧИД                               Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ