Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 01123

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2016/01123

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Б.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-5-94 тоотод оршин суух Зүүн хариад овогт Аюушжавын Энхцэцэг /РУ:83021201/

            Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 2-1 тоотод оршин суух Мандал овогт Лхагвасүрэнгийн Эрдэнэбилэг /ФМ:85122813/

            4 291 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Энхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхсувд, иргэдийн төлөөлөгч М.Гүндэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Энхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Энхцэцэг  2016 оны 06 дугаар сарын 17-ны шөнийн 03 цаг өнгөрч байхад гэр бүлийн өмчлөлийн авто машинаараа Баян-Өндөр сум Рашаант багийн нутаг дэвсгэрт засмал замаар чигээрээ явж байтал эсрэг урсгалаас нэг машин  манай машиныг мөргөсөн. Би машиндаа нөхөр болон найзын хамт явж байсан. Эсрэг урсгалаас орж ирсэн машинаас 4 хүн бууж ирсэн, бүгдээрээ согтуу байсан бөгөөд Л.Эрдэнэбилэг шууд зугтаасан учир нь манай нөхөр араас нь хөөж гүйж барьж авчирсан. Манай машиныг мөргөсөн жолооч Л.Эрдэнэбилэг. Осол болсон даруйд цагдаа дуудахад ирсэн. Эрдэнэбилэг драгер үлээхэд 1.74 хувийн согтолттой, хамт явсан хүн нь мөн л согтолттой гарсан. Замын ослын акт болон шинжээчийн дүгнэлтээр жолооч Эрдэнэбилэг нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно мөн дүрмийн 2.7-г зөрчиж согтуугаар авто машин жолоодсон зөрчил гаргасныг тогтоосон. Замын ослыг актанд жолооч Эрдэнэбилэг нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөө хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байсан. Эрдэнэбилэг нь машиныг маань засаж янзалж өгөх талаар ярихгүй харин ч эсэргээрээ чи өөрөө миний машиныг ирж мөргөсөн, жолооны эрхгүй байж жолоо барьсан зэргээр хэл амаар доромжлон та нар чаддаг юм бол шүүхээр яваад аваарай, надаас юм авна гэж бодож байгаа бол горьд гэх мэтээр маш ёс зүйгүй зан авир гаргаж байгаа, энэ хүнтэй хэл амаа ололцохгүй байдал үүссэн тул шүүхэд хандсан. Жолооч Эрдэнэбилэг нь өөрийнхөө буруутай үйлдлийг ухамсарлахгүй өнөөдрийг хүртэл хохирлыг маань барагдуулахгүй харин ч хэл амаар доромжилж бүдүүлэг зан гаргаж байгаад гомдолтой байна. Би машинаа хүнд худалдахаар ярьж тохироод урьдчилгаа 2 000 000 төгрөгийг нь авсан байсан. Нөгөө хүн маань одоо манай машиныг авахаа больсон, учир нь хэн ч мөргөлдсөн будаг замаск орсон машин авахгүй нь ойлгомжтой энэ мэт хохирол учирч байна. Мөн машины хохирлыг үнэлсэн үнэлгээчин зарим нэг эвдэрсэн эд ангийг оруулаагүй, дутуу үнэлсэн тул дахин эд хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй үнэлгээчинээр үнэлүүлэх хүсэлттэй байгаа. Одоогийн байдлаар буруутай этгээдээс дараахь хохирлыг нэхэмжилж байна. Хохирлын үнэлгээ болох 1 565 000 төгрөг, үнэлгээний төлбөр 67 000 төгрөг, журмын хашааны ачилтын төлбөр 120 000 төгрөг, журмын хашааны төлбөр 52 000 төгрөг, өөрсдийн машингүй болсоноос болж цагдаа, шүүх орох үнэлгээчин зэрэгт гарсан зардал 200 000 төгрөг, өмгөөлөгчөөр нэхэмжлэл бичүүлсэний хөлс 10 000 төгрөг, нийтдээ 2 014 000 төгрөг  төгрөг нэхэмжилж байсан  боловч уг нэхэмжлэл дээр нэмж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Үүнд: журмын хашааны зардлын зөрүү 227 000 төгрөг, тэнхлэг тохиргооны зөрүү 5 000 төгрөг, салхины шилний зөрүү 30 000 төгрөг, обудны зөрүү 5 000 төгрөг гар зөрүү 30 000 төгрөг, засварын зөрүү 855 000 төгрөг, нийт 1 152 000 төгрөг, үнэлгээнд ороогүй сэлбэг засвар босоо тэнцүүлэгч 50 000 төгрөг, шарнер 65 000 төгрөг, тээврийн зардал 40 000 төгрөг, гурван бул 90 000 төгрөг, таван бул 80 000 төгрөг, нийт 325 000 төгрөг болж байна. Огт хийгдээгүй зайлшгүй шаардлагатай засварын үнэ урд суудлын хамгаалалтын бүс 2 ширхэг 100 000 төгрөг, тэнхлэг тохиргоо алдагдаж гажсан 0.16 байхаас 1.15 болж өөрчлөгдсөн уг тохиргоог манай аймагт засварлах боломжгүй хотруу засварлуулахад 250 000-350 000 төгрөг, дугуйны обуд ширхэгээр зарагддаггүй гэх тул 4 ширхэгээр авахад 400 000 төгрөг нийт 800 000 төгрөг бүгд 2 277 000 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа ба нийт 4 291 000 төгрөгийг иргэн Л.Эрдэнэбилэгээс нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Л.Эрдэнэбилэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2016 оны 06 дугаар сарын 17-ны шөнө Уртын голын төв зам дээр зам тээврийн осол болсон. Би тухайн үед 83-33 УНУ улсын дугаартай прус-10 маркын автомашин жолоодож явсан. Зугтаасан асуудал байхгүй. А.Энхцэцэг машин жолоодож яваагүй, хажууд нь сууж явсан. Арын суудалд нь гурван эрэгтэй хүн явсан. Энэ асуудлыг шалгуулах хүсэлтэй. Тухайн машинд хохиролын үнэлгээг 1 565 000 төгрөгөөр тогтоосон гэдгийг утсаар мэдсэн. Энэ мөнгөө өгөхөөр А.Энхцэцэгтэй утсаар ярихад авахгүй гэсэн. 3 000 000 төгрөг надаас нэхсэн. Харин ч мөнгө төгрөгөө өгөөд учир зүйгээ олъё гэхэд тэд авахгүй гээд өөрсдөө хөдлөөгүй. Иймд хохирол 1 565 000 төгрөг, үнэлгээний хөлс 67 000 төгрөг, машин ачилтын төлбөр 45 000 төгрөг, журмын хашааны төлбөр 60 000 төгрөг нийт 1 737 000 төгрөгийг зөвшөөрч төлнө бусад төлбөрийг хариуцахгүй гэжээ.

А.Энхцэцэг нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнгээ нэмэгдүүлж, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэл ирүүлсэн байна. Миний бие энэхүү нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаад дараах тайлбрыг гаргаж байна. Осол 2016 оны 06 дугаар сарын 18-нд болсон. А.Энхцэцэгийн жолоодож явсан ХОНДА 98-07 ОРО дугаартай авто машины үнэлгээний тайлан 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гарсан. Миний зүгээс хохирлын үнэлгээнд дурьдсан 1 565 000 төгрөг, журмын хашааны төлбөр /2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл/ 60 000, үнэлгээ хийлгэсний төлбөр  67 000 төгрөг, нийт 1 692 000 төгрөгийг, А.Энхцэцэгт 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өгөхөөр түүнтэй ярихад энэ мөнгийг бол авахгүй, 3 000 000 төгрөг өгөхийг шаардсан. Би 3 000 000 төгрөгийг төлөх боломжгүй гэдгээ түүнд хэлсэн. Энэ өдөр А.Энхцэцэг нь надаас 1 692 000 төгрөг авахаас татгалзсан. Түүнд өгөх 1 692 000 төгрөг одоо ч өгөхөд бэлэн байгаа. А.Энхцэцэг нь тухайн үед энэ мөнгийг надаас аваад журмын хашаанаас машинаа гаргаж засварлуулах боломжтой байсан. Гэтэл өөрөө машинаа журмын хашаанаас гаргах, засварлах бодолгүй байснаас өнөөдрийг хүрсэн гэж би үзэж байна. Нөгөөтэйгүүр А.Энхцэцэгийн машины эвдрэл, гэмтлийн талаар үнэлгээ хийж буй байгууллага нэг бүрчлэн бичиж шинээр солих, засварлах эсэхийг нь тодруулж үнэлгээг нь тогтоосон, мөн хийгдэх засвар үйлчилгээний хөлсийг нэмж тооцсон байгаа. Иймд нэхэмжпэлийн нэмэгдүүлсэн шаардлагад дурьдсан үнийн дүн 2 277 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхсувд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Л.Эрдэнэбилэг нь 2016 оны 06 дугаар сарын 17-ны шөнө Уртын голын төв зам дээр зам тээврийн осол гаргасан. Тухайн машины хохирлын үнэлгээ 1 565 000 төгрөгний хохирол, үнэлгээ хийлгэсний төлбөр 67 000 төгрөг, машин ачилтын төлбөр 45 000 төгрөг, журмын хашааны төлбөр /2016 оны 06 дугаар сарын  17-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл/ 60 000 төгрөг, нийт 1 737 000 төгрөгийг л төлнө, өөр төлбөр тооцоог хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

                                                Нэхэмжлэгч А.Энхцэцэг нь хариуцагч Л.Эрдэнэбилэгт холбогдуулан гэм хорын хохиролд нийт 4 291 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

                                                Хариуцагч Л.Эрдэнэбилэг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын 1 737 000 төгрөгийг  хүлээн зөвшөөрч талууд мэтгэлцэж байна.

                                                Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

                                                Нэхэмжлэгч А.Энхцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Би нөхөр болон найзуудтайгаа 2016 оны 06 дугаар сарын 17-ны шөнө 03 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант багийн нутаг дэвсгэрт 98-07 ОРО улсын дугаартай Хондо маркын суудлын автомашинаа жолоодоод төв замаар  чигээрээ явж байхад эсрэг урсгалаас 83-33 УНУ улсын дугаартай, приус-10 маркын автомашин жолоодсон Л.Эрдэнэбилэг ирж мөргөсөн. Тэрээр согтуу байсан төдийгүй, замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 8.2-т заасныг зөрчсөн. Үнэлгээчний үнэлгээ бага гарсан тул нэмж хийгдсэн болон авсан сэлбэг хэрэгсэлийн үнийг нэмж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж тайлбарладаг.

                                                Хариуцагч Л.Эрдэнэбилэг нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: 2016 оны 06 дугаар сарын 17-ны шөнө осол болсон. Энэ үед А.Энхцэцэг машин барьж яваагүй. Хохиролын үнэлгээний дагуу мөнгө өгөх гэж А.Энхцэцэгтэй утсаар ярихад 3 000 000 төгрөг нэхсэн. Миний өгсөн мөнгөөр машинаа аваад янзлуулах боломжтой байхад авахгүй байсан тул нэмж нэхэмжлээд байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Харин хохиролын үнэлгээ 1 565 000 төгрөг, үнэлгээний төлбөр 67 000 төгрөг, ачилт болон журмын хашааны төлбөр 105 000 төгрөг нийт 1 737 000 төгрөгийг зөвшөөрнө гэж тайлбарладаг.

                                                2016 оны 06 дугаар сарын 17-ны шөнө   Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант багийн нутаг дэвсгэрт нэхэмжлэгч А.Энхцэцэг нь 98-07 ОРО улсын дугаартай Хондо маркын суудлын автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахад хариуцагч Л.Эрдэнэбилэг нь 83-33 УНУ улсын дугаартай, приус-10 маркын автомашинтай эсрэг урсгалаас ирж мөргөсөн үйл явдал болсон байна.

Хариуцагч Л.Эрдэнэбилэг нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг мөн дүрмийн 2.7-д заасан жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг заалтуудыг тус тус зөрчсөн, гэм буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан болох нь  2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 56  дугаартай шинжээчийн дүгнэлт,  согтолтын зэргийг тодорхойлох тусгай багажийн заалт /1.74 хувийн согтолттой/ хэрэгт авагдсан Орхон аймгийн Замын цагдаагийн газраас ирүүлсэн нотлох баримтаар болон зохигчийн тайлбар, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, Зам тээврийн осол дээр нөхөн тогтоосон акт, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, фото зургаар нотлогдож байгаа ба хариуцагч Л.Эрдэнэбилэг нь гэм буруугийн талаар маргаагүй, нэхэмжлэгч нь гэм хорын хохиролыг шаардах эрхтэй байна.

 

Л. Эрдэнэбилэгийн буруутай үйлдлийн улмаас А.Энхцэцэгийн жолоодож явсан 98-07 ОРО улсын дугаартай Хондо маркын автомашинд эвдрэл гэмтэл үүссэн ба  Ашид билгүүн ХХК-н хөрөнгө, даатгалын хохиролын үнэлгээгээр 1 565 000 төгрөг гэж үнэлэгдсэн хэдий ч үнэлгээнээс гадуур хийгдсэн засвар үйлчилгээ, хөрөнгийн үнэлгээ зах зээлийн үнэлгээний зөрүүтэй байдлыг харгалзан нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Тухайлбал:  хөрөнгийн үнэлгээний төлбөр 67 000 төгрөг, өмгөөлөгчөөс үйлчилгээ авсны төлбөр 10 000 төгрөг, Түнт хүрээ ХХК-н ачилт, журмын хашааны төлбөр 347 000 төгрөг, Монгол Хьюндай автомотив ХХК-н Орхон аймаг дахь салбарт тэнхлэг тохиргоо хийлгэсний төлбөр 20 000 төгрөг, Халиун кузов засварын газрын үйлчилгээний төлбөр 1 700 000 төгрөг, дугуй обудны төлбөр 130 000 төгрөг, гурав болон таван бул худалдан авсны төлбөр 170 000 төгрөг, Авто ланд сэлбэгийн дэлгүүрийн амортизаторын төлбөр 130 000 төгрөг,  урд шилний төлбөр 190 000 төгрөг, Япон авто сэлбэгийн дэлгүүрийн 260 000 төгрөг нийт 3 024 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нотлох баримтаар нотлогдоогүй, мөн хийгдээгүй байгаа засвар үйлчилгээний төлбөрийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхсувд нь нэхэмжлэгч А.Энхцэцэгийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж тодорхойлж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч нь тухайн үед машиныг жолоодож явсан тухай болон хариуцагч Л.Эрдэнэбилэгийн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол барагдуулах тухай түүний гаргаж байсан тайлбар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан ...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар... шүүхэд мэдүүлэх эрхийнхээ дагуу нэхэмжлэл гаргасан зэргийг харгалзан мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч мөн гэж дүгнэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 101 300 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Эрдэнэбилгээс 63 334 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Энхцэцэгт олгохоор шийдвэрлэв.

   

                                                Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                        

  1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Эрдэнэбилэгээс 3 024 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Энхцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 267 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101 300 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.Эрдэнэбилэгээс 63 334 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Энхцэцэгт олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Л.АРИУНЦЭЦЭГ

 

                                               ШҮҮГЧИД                                    Б.БЯМБАСҮРЭН

 

                                                                                                    Б.ХИШИГДАВАА