Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/00070

 

 

*******-ийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/02006 дугаар шийдвэртэй, *******-ийн хүсэлттэй *******-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгуулах хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Хүсэлт гаргагчийн тайлбарт: ******* нь 2010 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдаж, 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс барилга угсралтын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Байгууллагын тайлан тооцоог хуульд заасны дагуу холбогдох байгууллагуудад гарган өгч үйл ажиллагаа явуулж байсан боловч барилгын салбарын уналт, төлбөр төлөгч байгууллага төлбөрөө хугацаанд нь төлөөгүйгээс тухайн санхүүжилтийг банк, ББСБ-аас өндөр хүүтэй зээлж үр ашиггүй зардал гаргаж тодорхой нөхцөл шалтгааны улмаас хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болж татварын 82 000 000 төгрөгийн өр хуримтлагдсан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1230 тоот шийдвэрээр 77 171 429 төгрөг гаргуулж Татварын албанд олгохоор шийдвэрлэсэн. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасны дагуу *******-ийг төлбөрийн чадваргүйг тогтоож, дампууруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: ******* нь 2010 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хуулийн этгээдийн бүртгэлийн 9011230036 тоот гэрчилгээ авч гадаад худалдаа, барилгын засал чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын 2013-2016 оны тайлангийн 59 273 529 төгрөг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2013-2016 оны тайлангийн 14 049 650 төгрөг, цалин, хөдөлмөрийн хөлс тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын 2014 оны тайлангийн 9 130 005 төгрөг нийт 82 453 189.9 төгрөгийг одоо хүртэл барагдуулаагүй. Шүүгчийн захирамжийн дагуу өр төлбөр барагдуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байтал дампуурлын хэрэг үүсгэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. ******* нь ******* дахь тоот төгрөгийн харилцах дансаар 174 628 800 төгрөгийн орлого, ******* дахь ******* тоот төгрөгийн харилцах дансаар 224 338 774.77 төгрөгийн орлого, ******* дахь ******* тоот төгрөгийн харилцах дансаар 787 240 905.26 төгрөгийн орлого олж байсан атлаа татварын өр төлбөрөөс санаатайгаар зайлсхийж байна. Иймд татварын өр 82 453 189.9 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

      Шүүх: Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул дампуурсанд тооцож, татан буулгахыг хүссэн *******-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Улсын орлогод үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1 дэх хэсэгт зааснаар *******-ийн хүсэлттэй хуулийн этгээдийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай иргэний хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШЗ2019/04336 дугаар шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байхыг дурдьжээ.

  Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ маргааны бодит байдал, хүсэлт гаргагчийн эдийн засгийн нөхцөл байдлыг анхаарч үзээгүй. Дампуурлын тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу дүгнэлт гаргасан хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг үнэлэлгүй шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу давж заалдах шатны шүүхээр хэргийг бүхэлд нь хянуулах хүсэлтэй байна. Хүсэлт гаргагч ******* нь анх 2019 оны 12 сарын 27-ны өдөр компанийг дампуурсанд тооцож, татан буулгах хүсэлтийг шүүхэд гаргасан. Шүүх хүсэлтийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч дампуурсанд тооцож, татан буулгах тухай хэрэг үүсгэсэн ба шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн захирамжаар хүсэлт гаргагч компанийг төлбөрийн чадваргүйд тооцсон. Компанийг төлбөрийн чадваргүйд тооцсон талаар мэдээллийг 2019 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн Өдрийн сонинд зарлуулсан бөгөөд компаниас авлагатай иргэн, хуулийн этгээдийг 2019 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн дотор нэхэмжлэлээ гаргах талаар тодорхой дурдсан байдаг. Шүүгчийн захирамжид дурдсан, өдрийн сонинд гарсан нэхэмжлэл гаргах хугацааг Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу 21 хоног гэж тогтоосон бөгөөд уг хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаагүй. Харин Чингэлтэй дүүргийн татварын алба 2019 оны 03 сарын 27-ны өдөр гомдол гаргах хугацааг сэргээх хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтэд хугацааг сэргээх үндэслэл бүхий нөхцөл байдлыг дурдаагүй байсан боловч шүүгч уг хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын хүсэл зориг болон хуулиар тогтоосон хэм хэмжээ, хугацааны дотор явагддаг бөгөөд хуулиар тогтоосон хугацаанд нэхэмжлэл гаргаагүй бол нэхэмжлэл гаргах эрхээ алдана. Төрийн байгууллага хугацаа хэтрүүлсэн гэх ямар хүндэтгэн үзэх шалтгаан байгааг тодруулж үзэлгүй хүсэлтийг хангасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцогдохоор байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дампуурлын тухай хуульд заасны дагуу хэрэг гүйцэтгэгчийг томилсон бөгөөд хэрэг гүйцэтгэгчийн зүгээс мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу дүгнэлт гаргаж шүүхэд өгсөн. Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д хариуцагчийн санхүү, эдийн засгийн тооцоо, түүний дүгнэлт гэж заасны дагуу гаргасан хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийн Санхүү, эдийн засгийн өнөөгийн байдал, төлбөр хариуцах чадварын дүгнэлт хэсэгт Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэж заасны дагуу *******-ийн хөрөнгийн үнийн дүнгээс бусдад төлөх нийт зээл, өр төлбөрийг хассан зөрүү буюу өөрийн хөрөнгө үлдээгүй байх тул компанийн санхүү эдийн засгийн байдал нь төлбөрийн чадваргүй болсноор дампуурсан гэж дүгнэлээ" гэж дүгнэлт хийсэн бөгөөд компанид өөрийн хөрөнгө гэх зүйл үлдээгүй, бусад этгээдэд төлөх ёстой төлбөрөө төлөх чадваргүй болсон учир дампуурсан талаар дурдсан байдаг. Гэтэл шүүгч хэргийг шийдвэрлэхдээ хүсэлт гаргагч Ворлдкуайлати XXК нь шүүхэд дампуурсанд тооцон, татан буулгах хүсэлт гаргасан 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд буюу 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 787 240 905.26 төгрөгийн орлого олж, 2017 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар нийт хөрөнгийн дүн 166 100.5 төгрөг гэж тайлагнасан байжээ. Гэвч дээрх мөнгийг санхүүгийн тайланд тусгаагүй, анхан шатны бүртгэл хангалтгүй байгаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дэх хэсэгт заасныг зөрчсөн бөгөөд энэ талаар хэрэг гүйцэтгэгч дүгнэлтдээ тусгажээ гэсэн маш ойлгомжгүй дүгнэлт хийж хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүгч хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг буруу ойлгож маргааныг шийдвэрлэсэн бөгөөд хүсэлт гаргагч компани нь хүсэлт гаргахаас нэг жилийн өмнө буюу 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 787 240 905.26 төгрөгийн орлого олсон гэж ойлгож, компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ нь 166 100.5 төгрөг байгаа учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах, төлбөрийг барагдуулах боломжтой гэж үзсэн байна. Гэвч энэхүү нөхцөл байдлын талаар хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд тодорхой дурдсан бөгөөд ******* нь 2013 онд үйл ажиллагаа явуулж 2016 оноос үйл ажиллагаагаа зогсоосон. Тус компани бодит байдал дээр ашиг орлогогүй ажиллаж байсан боловч тайлан баланс дээрээ тусгах ёстой зарлагыг хуулийн дагуу тусгаагүй байна." гэж, ******* нь 2010 онд байгуулагдан хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлэн харьяалагдах татварын хэлтэст тайлан балансаа гаргаж байсан боловч 2017 оноос хойш орлого, зарлага, мөнгөн гүйлгээний тайланг тайлагнаагүй нь хариуцагч үйл ажиллагаа огт явуулж байгаагүйг нотолж байна, мөн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийн Санхүү, эдийн засгийн өнөөгийн байдал, төлбөр хариуцах чадвар хзсэгт *******-ийн тайлант үеийн 2017 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар нийт хөрөнгө 166 100.5 мянган төгрөг гэж тайлагнасан боловч өнөөдрийн байдлаар өөрийн хөрөнгө болох үндсэн хөрөнгө эргэлтийн бус хөрөнгө, бараа материал, мөнгө түүнтэй адилтгах хөрөнгө байхгуй байгаа доорхи баримтаар тогтоогдож байна" гэж холбогдох нотлох баримтыг үндэслэж хүсэлт гаргагч компани нь ямар нэг хөрөнгөгүй болохыг тогтоосон байна. Гэвч шүүхийн зүгээс хэрэг гүйцэтгэгчийн дээрх дүгнэлтийг эсрэг байдлаар тайлбарлан, хүсэлт гаргагч компани эд хөрөнгөтэй боловч бусад этгээдэд төлөх ёстой өр төлбөрөө төлөөгүй гэж өрөөсгөл дүгнэлт хийж хүсэлтийг хангалгүй орхисон нь үндэслэлгүй. Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд дурдагдсан компанид бусад этгээдээс орж ирсэн орлогыг бүртгэдэг боловч компаниас гарч буй зардлыг бүртгэдэггүй, санхүүгийн тайланд тусгадаггүй зэрэг нөхцөл байдлын улмаас Чингэлтэй дүургийн татварын албанд өглөг үүссэн бөгөөд хүсэлт гаргагч компани нь тус татварын өрийг төлж барагдуулах ямар нэг боломжгүй. Энэ талаарх нөхцөл байдал нь *******-д холбогдох нэхэмжпэгч байгууллагын төлбөр гаргуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалаас тодорхой харагдах бөгөөд компанид өөрийн гэсэн хөрөнгө байхгүй учир шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийж татварын албанд төлөх ёстой өр төлбөрийг барагдуулах боломжгүй байдал үүссэн байдаг. Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийн Компанийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах талаарх санал хэсэгт Иймээс шүүхээс компанийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргаж, Улсын бүртгэлээс хасуулах нь зүйтэй гэдэг дүгнэлт гаргаж байна. Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх явцад хүсэлт гаргасан хариуцагч, нэхэмжлэгч нар нь дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлт гаргаагүй. Хэрэг гүйцэтгэгчийн хувьд хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж өр төлбөрийг барагдуулах эдийн засгийн болон эрх зүйн боломжгүй байна гэж дүгнэлээ гэсэн дүгнэлт гаргасан. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1, 33.1.2-т заасан тохиолдолд шүүх дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргах зохицуулалтай. Гэтэл анхан шатны шүүх хууль тогтоомжид заасан зохицуулалт хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд компанийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Хүсэлт гаргагч ******* төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгуулах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх *******-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримтад үндэслэгдсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Дампуурлын тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

******* төлбөрийн чадваргүй болсон гэх үндэслэлээ барилгын салбарын уналттай холбоотойгоор ажил гүйцэтгүүлэгч компаниуд санхүүжилтээ хугацаанд нь төлөөгүй, өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулахын тулд ББСБ-аас өндөр хүүтэй зээл авснаас байгууллагын үйл ажиллагаа доголдож татварын өр хуримтлагдсан гэж тайлбарладаг.

 

Хүсэлт гаргагч ******* нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1230 дугаар захирамжаар т нэмэгдсэн өртгийн албан татварын 2013-2015 оны тайлангийн 56 043 416 төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татварын 2013-2015 оны тайлангийн 11 998 009 төгрөг, цалин хөдөлмөрийн хөлс тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын 2014 оны тайлангийн 9 130 005 төгрөг, нийт 77 171 429 төгрөг төлөх үүрэгтэй байх ба уг шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 04336 дугаар захирамжаар түдгэлзэгдсэн байна. /хх211, 238-239/

 

Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн нэхэмжлэл гаргах хугацааг сэргээлгэх хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь Дампуурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.8, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх215-216/

Хариуцагчийг төлбөрийн чадваргүйд тооцсоноос хойш түүнийг дахин хөрөнгөжүүлэх тухай санал болон төлөвлөгөөг хүсэлт гаргагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс гараагүй байна.

 

Хүсэлт гаргагч нь т нэмэгдсэн өртгийн албан татварын 2013-2016 оны тайлангийн 59 273 529 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2013-2016 оны тайлангийн 14 049 650 төгрөг, цалин хөдөлмөрийн хөлс тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын 2014 оны тайлангийн 9 130 005 төгрөг, нийт 82 453 183.9 төгрөгийн өртэй бөгөөд 2011 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд олсон нийт 1 186 219 930.03 төгрөгийн орлогоосоо уг өр төлбөрөө барагдуулаагүй байна.

 

*******-ийн арилжааны банкин дахь гүйлгээний баримтаас үзэхэд *******ны тоот дансаар 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийт 787 240 905.26 төрөгийн орлого орж, 787 240 905.26 төгрөгийн зарлага, *******ны тоот дансаар 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 174 640 250 төгрөгийн орлого орж, 174 638 800 төгрөгийн зарлага, *******ны тоот дансаар 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 224 338 774.77 төгрөгийн орлого орж, мөн дүнгээр зарлагын гүйлгээ хийгдсэн байх ба хүсэлт гаргагч нь санхүүгийн тайландаа дээрх орлогыг тусгаагүй байна. ******* татварын өр төлбөрөө төлөхөөс санаатайгаар зайлхийсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. /хх13-20, 110-113, 125/

Татвар төлөгч татвараа төлөөгүй нь хүсэлт гаргагч компанийн өөрийн удирдлагын буруутай үйл ажиллагаатай холбоотой, бусдаас шалтгаалаагүй байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, Татварын ерөнхий хуульд зааснаар татвар төлөгч нь татварыг төлөх үүрэгтэй, түүнчлэн шүүхийн шийдвэр биелэгдэх учиртай тул дээр дурдсан үндэслэлээр тухайн компанийг дампуурсанд тооцож, татан буулгаж, татвар төлөх үүргээс чөлөөлөх үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/02006 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Т.ТУЯА

А.МӨНХЗУЛ