Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 20

 

 

Х.Ц, Л.Л нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С, шүүгдэгч Х.Ц-гийн өмгөөлөгч Д.Мэндээ, Н.Энхжаргал, шүүгдэгч Л.Л-гийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, Э.Ганбат, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 179 дүгээр шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 60 дугаар магадлалтай, Х.Ц, Л.Л нарт холбогдох 1714000000186 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Х.Ц, түүний өмгөөлөгч Д.Мэндээ, Н.Энхжаргал, шүүгдэгч Л.Л-гийн өмгөөлөгч П.Өлзийбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1964 онд төрсөн, эрэгтэй, Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 151а дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 80,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Х-ийн Ц,

2. Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Г овогт Л-ийн Л нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д заасан “Бүлэглэж хүнийг алах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х.Ц, Л.Л нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүгдэгч Х.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.5 болгон, шүүгдэгч Л.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5 болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Х.Ц-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан, шүүгдэгч Л.Л-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Х.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.5-д зааснаар 10 жил хорих ял, шүүгдэгч Л.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5-д зааснаар 9 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц-д оногдуулсан 10 жил хорих ял, шүүгдэгч Л.Л-д оногдуулсан 9 жил хорих ялыг тус тус хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Л.Л-, Х.Ц- нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Х.Ц- гаргасан гомдолдоо “...Талийгаач Н.Б- нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний орой Л.Л-д нүүрэндээ цохиулж гэмтэл аваад тэр шөнөө гэртээ унтаж хоносон. Маргааш өдөр нь намайг очиход нүд, хамар нь хөхөрч гэмтсэн байдалтай байсан бөгөөд толгой өвдөж байна гэсэн зүйл ярьж байсан. Мөн өдрийн орой нь хүүхдээ сургуулиас авах гэж очих далимдаа ороход талийгаач Н.Б- өглөөний байдалтайгаа байж байсан. Миний очих болсон шалтгаан нь Н.Баттулгын хэвтэж байсан гэр нь манай гэр юм. Шөнө нь гэртээ унтаж байхад 04 цагийн үед Л.Л-гийн эхнэр Нармандах утсаар Н.Баттулгыг эмнэлэгт хэвтээд эмчилгээ хийлгэж байгаад нас барчихлаа гэж хэлсэн. Талийгаач Н.Б- нь гэмтэл авснаас хойш нэг бүтэн өдөр, мөн нэг шөнө гэмтэлтэй байсан. Эмнэлгийн тусламж эрт авсан бол амь нас нь аврагдах боломжтой гэж шинжээч нар дүгнэсэн байдаг. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү. Миний хувьд талийгаачийг нэг удаа бөгс рүү нь өшиглөснөөс өөр үйлдэл хийгээгүй гэдгээ анхнаасаа хэлж, Н.Б, Л.Л нар барилцаж гэрээс гарахад би хамт гараагүй, гадаа намайг өшиглөсөн гэдэг нь худлаа шүү гэдгийг байнга хэлж байсан. Шүүх хурлын явцад Л.Л нь үнэнийг хэлж “Х.Ц ах гадаа хамт гарсан гэдэг нь худлаа, нүүр рүү нь өшиглөсөн гэдэг нь мөн худлаа, биднийг салгахгүй суугаад байхаар нь тэгж хэлсэн” гэж бодит үнэнийг ярьсан. Миний хувьд сандлаар цохьсон зүйлгүй, Л.Л ч сандлаар цохьсныг хараагүй гэснийг нягталж, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Х.Ц-гийн өмгөөлөгч Д.Мэндээ гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...X.Ц-, Л.Л- нарын үйлдлээс шууд шалтгаалан хохирогч амь хохирсон гэж анхан шатны шүүх шийдвэрээ гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх X.Ц-, Л.Л- нарын үйлдлээс шууд шалтгаалан хохирогч амь хохирсон болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүх анхаараагүй байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Олон улсын нийтийн эрх зүйн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгон гаргасан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан хор уршгийг заажээ. Гэмтлийн “хүнд” зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох, амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаардаг. Талийгаачийн тархины хатуу хальсны доор үүссэн цусан хурааны байдлаас харахад уг цусан хураа нь нас барахаас 24-36 цагийн өмнө үүссэн байж болохоор байна. Талийгаач Н.Б-д учирсан гэмтлийн хүнд зэргийг тодорхойлох шалгуур шинж, эмчлүүлснийг нотлох хохирогчийн эмчлүүлсэнтэй холбогдох баримтууд, цаг хугацаа алдаагүй эмчлүүлсэн тохиолдолд амь нас нь аврагдах боломжтой байсан зэргээс үзэхэд хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан хэргийн шинж, бүрэлдэхүүн байна гэж үзэх үндэслэлтэй байна. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү. Шүүгдэгч X.Ц- нь талийгаач Н.Б-ын амь насыг хохирооход оролцоогүй байж болох байдлууд мөрдөн байцаалт, шүүх худалдааны явцад тогтоогдсон. Шүүгдэгч Х.Ц- нь хүнд гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байх үедээ Л.Л-гийн талийгаачийн нүүрэн тус газар цохиж унагааж байгаа үйлдлийг нуух, хэлэхгүй байх ямар ч шаардлагагүй бөгөөд үүнийг үзсэн тохиолдолд хэлэх нь зүйн хэрэг бөгөөд гадаа зодоон хийх үед байшингаас гараагүй учраас энэ талаар ярихгүй байна гэх үндэслэл харагдаж байдаг. Эдгээр байдлаас дүгнэхэд Х.Ц- талийгаачийн нүүр рүү өшиглөөгүй байх үндэслэл тогтоогдож байдаг. Шүүгдэгч Х.Ц- нь хохирогчийг сандлаар цохиж, гэмтэл учруулаагүй байх нөхцөл байдал мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны явцад цугларсан нотлох баримтаар харагдаж байна гэж үзэх үндэслэл байгаа. Шүүгдэгч Л.Л- нь талийгаачийг сандлаар цохьсон эсэхийг огт хараагүй, тас няс хийсэн дуу гарсан гэсэн мэдүүлэг удаа дараа өгсөн. Шүүгдэгч X.Ц-гийн хувьд талийгаач над руу сандал бариад дайрсан, гэхдээ намайг цохиогүй, сандлаа шалан дээр шидэж тас няс гэсэн дуу гарсан гэж удаа дараа мэдүүлсэн. Хохирогчийн цогцсонд хийсэн үзлэгээр гэмтэл авсан их тархины баруун талд бөмбөлгийн дух зулайн хэсгийн гаднах хуйх, хатуу хальсанд үзлэг хийхэд цохьсон, цохигдсон гэмтэл шарх тогтоогдоогүй байдаг. Шүүх худалдааны явцад сандал барьсан гэх асуудал утсаар бичлэг хийсний дараа болсон нь тогтоогдсон. Шүүгдэгч Х.Ц- нь нэг удаа хохирогчийн бөгс орчим өшиглөсөн нь тогтоогдсон бөгөөд энэ нь хохирогчид хүнд гэмтэл учруулах боломжгүй юм. Шинжээчийн дүгнэлтээр бөгсөнд гэмтэл учраагүй болох нь тогтоогдсон. Хохирогчийн бөгсөн тус газар шүүгдэгч Х.Ц-гийн өшиглөсөн нь бүлэглэн хүнд гэмтэл учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэж үзэж байна. Ийм нөхцөл байдал байгаа учраас бүлэглэн үйлдсэн нь эргэлзээтэй байгаа. Үүнийг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх заалтыг баримтлан шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Х.Ц-гийн өмгөөлөгч Н.Энхжаргал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Энэ хэргийг үйлдсэн гэж таамаглал дэвшүүлж нотолж байгаа гэх гол баримтууд нь хоорондоо ноцтой зөрүүтэй, зөвхөн сэжигтэн, яллагдагчийн өөрсдийнх нь өгсөн мэдүүлэг дээр тулгуурлаж, өөрсөдтэй нь холбоотой гүйцэтгэх ажил хийж байгаа нь “Аливаа гэмт хэрэгт сэжиглэгдсэн иргэн өөрийнхөө гэм буруутайг нотлох үүрэггүй, нотолсон ч үүнийг хөндлөнгийн нотлох баримтаар нотлон тогтоох ёстой” гэсэн Үндсэн хуулийн болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчимтай нийцэхгүй байна. Энэ хэргийг шалгахдаа зөвхөн сэжигтэн, яллагдагч нарын гурван удаагийн өгсөн мэдүүлэгт үндэслэн яллах талыг барьж хэргийг шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэхдээ Л.Л-, Х.Ц- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж дүгнэж, миний үйлчлүүлэгчид 10 жил хорих ял оногдуулан, хаалттай хорих ангид ялыг эдлүүлэхээр тогтоосныг эс зөвшөөрч байна. Х.Ц- нь тус гэмт хэрэгт бүлэглэн оролцсон оролцоо байхгүй, талийгаач Н.Б-д учирсан гэмтлийг Л.Л- учруулсан, энэ үйлдлээ анхан шатны шүүхэд шүүх хуралдааны танхимд ямар шалтгаанаар ингэж хэлснээ тайлбарлан ярьсан, хэрэгт авагдсан нотлох баримтаар Х.Ц-гийн үйлдлээс шалтгаалж талийгаач амь хохирсон гэж үзэх хангалттай үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогддоггүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм. Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон үндэслэлдээ “Хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүй өөрчилсөн, энэ хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй” гэсэн агуулгаар тайлбарлаж, хэргийг буцаасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д “энэ хэргийн улмаас хохирогч нас барсан” гэж тухайлан маш тодорхой заасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргээс хохирогчид учирсан гэмтлийн үлдэц, түүний хор уршгийн илрэх цаг хугацааны шинжээр зааглан тус бүрд нь зааж өгсөн байхад давж заалдах шатны шүүхээс тухайн хуулийг буруу хэрэглэж, миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр буцаасан нь буруу юм. Тус хэрэгт Л.Л- холбоотой, харин Х.Ц- тус хэргийг үйлдсэн эсэх нь эргэлзээтэй нотлох баримтууд хэрэгт авагдсан байгааг харгалзан үзэж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Х.Ц-д холбогдох хэргийн зүйлчлэлийг түүнд ашигтайгаар шийдвэрлэж, тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйл, 10.1 дүгээр зүйлийг тус тус буруу хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Л.Л-гийн өмгөөлөгч П.Өлзийбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Л.Л-д холбогдох хэргийг прокуророос хүндрүүлэн зүйлчилж ирүүлснийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийн хэргийг зөвтгөн зүйлчилсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Гэвч шүүхээс Л.Л-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэж, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг анхаараагүй. Өөрөөр хэлбэл, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй орхигдуулсан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Хэдийгээр Л.Л- нь бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулж, түүний улмаас хохирогч нас барсан гэх хэрэгт холбогдсон хэдий ч Л.Л-гийн хохирогч руу чиглэсэн үйлдэл нь өөрийгөө хамгаалах, хийж буй үйлдлийг нь таслан зогсоох шинжийг агуулсан байдаг. Шинжээчийн дүгнэлтээр Л.Л-гийн биед хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдсон нь холбогдогч Л.Л-гийн мэдүүлэг үнэн зөв болохыг давхар нотолдог. Тодруулбал, амь хохирогч Н.Б- нь түүнийг цамцаар нь боох үед нүд бүрэлзэж, нүүр халуу шатаад амьсгалж чадахаа больсон, энэ үед холбогдогч Х.Ц- салгаагүй тул амьсгаа авахын тулд амь хохирогчийн нүүрэн тус газар нь нэг удаа цохиж боолтыг тавиулсан байдаг. Харин дараагийн тохиолдолд буюу гэрийн гадна амь хохирогч Н.Б- нь дахин цохихоор довтлох үед нэг удаа цохиж унагасан гэдгээ мэдүүлсэн нь бусад нотлох баримтаар мөн л нотлогддог болно. Цаашилбал Л.Л-гийн үйлдэл нь аргагүй хамгаалалтын шинжтэй болохыг үгүйсгэх боломж байхгүй бөгөөд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх 7 нөхцөл байдлыг хуульчилснаас харвал Л.Л-гийн үйлдэлд 4-5 хөнгөрүүлэх нөхцөл нь тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй” гэж зааснаас харвал Л.Л- нарт холбогдох хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, өөрөөр хэлбэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг орхигдуулан шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдол, эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахдаа дараах нөхцөл байдлыг анхаарсангүй. Үүнд, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар шинжээчийн дүгнэлт болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 537 дугаар шинжээчийн дүгнэлтэд “тархины баруун тал бөмбөлгийн дух зулай, чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь тархи дарагдаж, амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогсох хүртэл амьд байх боломжтой бөгөөд гэмтэл авсан даруйд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн эмчилгээг яаралтай хийсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой” гэж дурдсан. Хэргийн материалаас үзвэл үйл явдал болсны дараа амь хохирогч Н.Б-ыг эмнэлэгт үзүүлье гэдгийг холбогдогч нарын хэн аль нь хэлсэн байх бөгөөд амь хохирогчийн хувьд эмнэлэгт очих дургүй /түүний эхнэр шүүх хуралдаанд мэдүүлсэн/, урьд өмнө өвдөж байхдаа мөн л эмнэлгийн тусламж авахаас цааргалдаг байсан зэргээс үүдэлтэйгээр түүний эсэргүүцлийн улмаас эмнэлгийн тусламж үзүүлж чадаагүй байдаг. Мөн хохирогч, холбогдогч нарын хувьд нэг айлын хүргэнүүд бөгөөд хэн хэнийгээ санаатайгаар алах санаа зорилго агуулаагүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Харин тухайн үйл явдал нь гэр бүлийн асуудлаас үүдэлтэйгээр маргасны улмаас хохирогчийн зарим нэг буруутай үйлдлээс шалтгаалан хэн алиныгаа 1-2 удаа цохих үйлдлээс учирсан хор уршиг юм. 2015 оны Эрүүгийн хуулийн онцлог нь гэмт хэрэг гарсан нөхцөл шалтгаан, хохирогчид учирсан хохирол зэргээс шалтгаалан хэргийн зүйлчлэлийг салган зүйлчлэх боломжийг бүрдүүлсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс дүгнэхдээ эдгээр нотлох баримтуудыг ямар учраас үнэлэх боломжгүй гэдгээ тусгайлан дурдаагүйгээс гадна анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан нөхцөл байдлыг үнэлэлгүйгээр “...холбогдогч нар нь хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Л.Л-д оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Л-гийн өмгөөлөгч Э.Ганбат хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн гомдлыг дэмжиж байна. Хэргийг бүхэлд нь хянах үүднээс бүлэглэсэн гэх асуудалд шүүх бүрэлдэхүүн дүгнэлт өгөх байх. Хохирогчийн хувьд доргилтоос тархины судас хагарч, цусан хураа аажимдаа нэмэгдэж, тархи дарагдаж нас барсан гэмтэл байгаа. Үүнийг ямар нөхцөл байдалд үүссэн гэдгийг анхан шатны шүүх ялгаж шийдвэрлээгүй. Давж заалдах шатны шүүх “эмнэлгийн тусламж үзүүлсэн бол хатуу хальсан доорх цусан хурааг эмчлэх боломжтой, мэс засал хийсэн тохиолдолд амь нас аврах боломжтой” гэсэн дүгнэлтийг үндэслэж хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь буруу байна гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх тайлбарлахдаа хохирогч эмнэлгийн тусламж хангалттай авсан боловч гэмтлийг даалгүй нас барсан гэж дүгнэсэн. Хохирогчийг 24-36 цагийн өмнө гэмтэл авсан гэж дүгнэсэн боловч ирсэн цаг хугацаагаар нь тооцоход гэмтсэнээс хойш 24 цаг амьд байж, эмнэлэгт ирээд 4 цагийн дараа нас барсан байдаг. Гэтэл шүүх хангалттай эмчилгээ авсан гэж үзсэн нь хийсвэр дүгнэлт юм. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд, шинжээчийг байцаасан тэмдэглэл зэрэгт хүндрэлээр нас барсан гэдгийг хэлсэн байхад шүүх түүнийг няцаасан шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй атлаа зүйлчлэлийг хүндрүүлэх байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгосон нь хууль хэрэглээний хувьд буруу гэж үзэж байна. Хууль хэрэглээний хувьд Х.Ц-г бүлэглээгүй гэж үзэх үндэслэл байвал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд зааснаар эмнэлгийн тусламж үзүүлээгүйгээс амь нас хохирох заалтаар өөрчлөх, Л.Л-гийн үйлдлээс гэмтэл учирсан гэж үзвэл мөн зүйлчлэл өөрчлөгдөх, бүлэглэсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр зүйлчилж, ялын бодлогод өөрчлөлт оруулах бүрэн бололцоотой байна” гэв.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Х.Ц-, Л.Л- нарыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар хохирогчийг бүлэглэн зодож, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж зүйлчилсэн. Энэ гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогддог. Өөрөөр хэлбэл, Х.Ц- толгой руу нь өшиглөсөн, Л.Л- гараараа хүчтэй цохьсноос савж унасан гэсэн мэдүүлгээр дандаа тархин тус газар нь цохьсон асуудал нь тогтоогддог. Хохирогч өөрөө ямар гэмтэл авснаа, нас барна гэдгээ мэдээгүй байхад эмнэлэгт очиж эмнэлгийн тусламж аваагүй гэж хохирогчийг буруутгаж байна. Гэтэл энэ хоёр шүүгдэгч гэмтэл учруулсан, бие нь муу байна гэдгийг мэдсээр байж эрт эмнэлгийн тусламж үзүүлэх боломжтой байсан. Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлээс шалтгаалж амь хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь бүхэлдээ шалтгаант холбоотой учраас анхан шатны шүүх прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр өөрчилж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа учраас давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос Х.Ц, Л.Л нарыг согтуурсан үедээ бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах * дугаар багийн ** дугаар гудамжны ** тоотод Н.Б-ыг зодож алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх “Х.Ц, Л.Л нар 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр энэ гэмт хэргийг үйлдсэн бөгөөд талийгаач Н.Б нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны шөнийн 00 цаг 40 минутын үед эмнэлэгт ирж эмчлүүлж байгаад 12 дугаар сарын 13-ны шөнийн 04 цаг 26 минутад нас барсан ба гэмтэл авсан даруйд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хурааг оношилж, мэс засал, эмчилгээг яаралтай хийсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой талаарх шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгож, шүүгдэгч Х.Ц, Л.Л нарын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан” гэсэн дүгнэлт хийж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Х.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.5-д заасан, шүүгдэгч Л.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тус бүрт хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

 

Давж заалдах шатны шүүх Х.Ц-, Л.Л- нарт холбогдох хэргийг хянаад “шүүгдэгч нар бүлэглэн хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт хууль ёсны дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад учрах үедээ амь насанд аюултай хүнд хохирлын улмаас хохирогч эмнэлгийн тусламж хангалттай авсан боловч тухайн гэмтлийг даалгүй нас барах нь эмчлэгдэж амь нас нь аврагдах боломжтой байсан хүнд хохирлыг аливаа хэлбэрээр эмчлүүлэлгүй удаах, эсхүл өөр шалтгаанаар гэмтлийг даамжруулсны улмаас нас барахаас ялгаатай гэж үзэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, Х.Ц-, Л.Л- нарын үйлдлээс шууд шалтгаалан хохирогч амь хохирсон болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүх анхаараагүй байна” гэж дүгнэн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Хүнийг санаатай алах, хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэрэг нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилгоор, мөн хохирогч уг гэмтлийн улмаас шууд үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэргээр тус тус ялгагдана.

 

Анхан шатны шүүх амь хохирогч Н.Б нь тухайн үед авсан гэмтлээс шууд шалтгаалан нас барсан, эсхүл уг гэмтлээс шалтгаалсан өөр хүндрэлийн улмаас нас барсан болохыг нотлох баримтуудыг үндэслэн тогтоогоогүй атлаа зөвхөн шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгож, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй, ноцтой зөрчил гаргасан байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэлтэй бөгөөд хууль ёсны гарсан гэж үзнэ.

 

Харин хэргийг хянан хэлэлцэхдээ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн эсэх асуудалд мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулах аргаар үндэслэлийг тогтоон дүгнэлт хийвэл зохино.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Ц-, түүний өмгөөлөгч Д.Мэндээ, Н.Энхжаргал, шүүгдэгч Л.Л-гийн өмгөөлөгч П.Өлзийбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 179 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 60 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Ц-, түүний өмгөөлөгч Д.Мэндээ, Н.Энхжаргал, шүүгдэгч Л.Л-гийн өмгөөлөгч П.Өлзийбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

 

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

 

Д.ГАНЗОРИГ

 

Ч.ХОСБАЯР

 

Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН