Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 000161

 

 

 

 

 

 

 

 

 

                                      Т.Аманжулын нэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1188 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Т.Аманжулын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ж.Аманжолд холбогдох

“12.500.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Ж.Аманжолын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа

Хариуцагч Ж.Аманжол

Хариуцагчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг

Нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Аманжул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би иргэн Ж.Аманжолд 2013 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 10 000 000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Ж.Аманжол надаас авсан мөнгөө 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүүгийн хамт 11 000 000 төгрөг төлжтооцоо дуусгах учиртай байсан боловч төлбөр тооцоогоо огт хийхгүй байсаар 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр түүний нөхөр Кебек 3 500 000 төгрөгийг надад төлсөн. Ж.Аманжолоос авах учиртай мөнгөө тооцвол үндсэн зээлийн үлдэгдэл 6 500 000 төгрөг, сарын хүү 1 000 000 төгрөг, алданги 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 04 сарын 10-ны өдөр хүртэл 10 сар буюу 300 хоногоор тооцоход /10 000 000*0.4%=40 000 төгрөг*300 хоног=12 500 000 төгрөг болж байгаа болов ч хуульд нийцүүлэн 5 000 000 төгрөг болж байна/ 5 000 000 төгрөг нийт 12 500 000 төгрөгийг гаргуулан авах болно. Иймд Ж.Аманжолоос 12 500 000 төгрөг гаргуулан Т.Аманжул надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Аманжол шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Миний бие Жүнсбек овогтой Аманжол нь 2012 оны 6 дугаар сарын 4-нд 6 500 000 төгрөгийг Т.Аманжулаас сарын 6 хувийн хүүтэй авсан. Анх авахдаа бид 2 итгэлцэлээр гарын үсэг зуралцаагүй авсан билээ. Ингээд би 6, 7, 8 сар хүртэлх хүүг 6 хувиар бодож хүүг сар бүр өгч байсан дараа нь 9 сараас 10 хувь болгосон. Үүний дагуу 2012 оны 9, 10, 11, 12-сар, буюу 2013 оны 1, 2, 3, 4, 5 сар бүр 650 000 төгрөгийн хүү өгсөн. Ингээд 2012 оны 06 дугаар сараас 2013 оны 05 сар хүртэлх буюу 12 сарын хүү нийт 6 500 000*6%=390 000*3 сарын турш=1 170 000, 6 500 000*10%=650 000*9 сарын турш=5 850 000, нийт хүү 7 020 000 төлсөн. Миний бие одоогоор ажил эрхлээгүй ба хувиараа канон принтер ажиллуулж байгаа. Иймд би 6 хувь төлсөн ба үндсэн мөнгөө олж дууссан байх байсан даанч 10 хувь болгосон болохоор хохиролтой байсан. Иймд үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Би хүүгээ бэлнээр болон Т.Аманжулын Хаан банкны дансанд хийж байсан 3 500 000 төгрөг төлөөд 6 500 000 төгрөг үлдсэн болохоор хариу тайлбартаа дурдсан гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1188 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232,6-д заасныг баримтлан хариуцагч Ж.Аманжолоос 12 500 000 төгрөг гаргуулан нэхэмжпэгч Т.Аманжулд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 184 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 30 000 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагч Ж.Аманжолоос 214 950 төгрөг гаруулан нэхэмжлэгч Т.Аманжулд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.Аманжол давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэлтэй шийдвэрлэгдсэнгүй гэж үзэж байна. Би нэхэмжлэгчээс анх 10 сая төгрөгийг 2012 онд итгэлцлэлээр зээлж авсан бөгөөд тухайн үед бичгээр гэрээ хийгээгүй юм. 10 сая төгрөгнөөс манай нөхөр 3.500.000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд, мөн 3.000.000 төгрөгийг ламбардан дээр нь очоод өгсөн байдаг.Гэтэл нэхэмжлэгч манай нөхрийн ламбарданд аваачиж өгсөн 3.000.000 төгрөгийг хасаагүйгээр 6.500.000 төгрөгийг 6% хүүтэйгээр хүүлж надаас 6,7,8 саруудад 1.170.000 төгрөг, үүнээс хойш нэхэмжлэгч утсаар ярьж хүүгээ 10% болгосон шүү гээд надаас 2013 оны 9,10,11,12 сараас 2014 оны 1,2,3,4,5 сар хүртэл нийт 9 саруудад 5,850,000 төгрөг нийт 7.020.000 төгрөгийг авсан юм. Би нэхэмжлэгчийн Хаан банканд эзэмшдэг дансны дэлгэрэнгүй хуулгыг гаргуулахаар хүсэлт гаргасан боловч гүйцэт авчраагүй дутуу хуулга гаргаж өгсөн байдаг. 2012 оноос хойш 2014 он хүртлэх дансны хуулгыг гаргаж өгсөн бол миний шилжүүлсэн мөнгөн дүнгүүд бүгд гарах байсан юм. Би 2013 онд 10 сая төгрөгийг, 2014.05.04-ний өдөр 6.500.000 төгрөгийг гар дээрээ аваагүй бөгөөд зээлийн гэрээ бичгээр хийгээгүй тухай шүүхэд тайлбараа гаргасан ба шүүх хуралд хэлж байсан юм. 2013 онд нэхэмжлэгч манай гэрт орж ирээд хоосон цаасан дээр гарын үсгээ зур гэж шаардаж байгаад 2 удаа гарын үсэг зуруулсан бөгөөд зээлийн гэрээ дээр гарын үсэг зурсан тухайгаа ч мэдээгүй юм. Тухайн үед би өвдөөд гэртээ хэвтэж байсан бөгөөд орж ирээд уурлаад үглээд байхаар нь нөхрөөсөө нуугаад бушаахан гаргах гээд гарын үсгээ зур гэхээр нь зурсан болно. Би энэ 2 зээлийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд энэ байдалд шүүх үнэлэль дүгнэлт өгсөнгүйд гомдолтой байна. Мөн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг минь тайлбарлаж өгөөгүй ба нэг талыг баримталж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Надад эрх үүрэг тайлбарлахдаа өмгөөлөгч авах эрхтэйг хэлээгүй бөгөөд хурлын үеэр өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч олох болов уу гэхэд оройтсон байсан тул хурлыг үргэлжлүүлээд хийсэн юм. Миний өгсөн мөнгөнүүдийг хасаж шийдвэрлэх байх гэж бодож байсан чинь хасаагүй бүр түүнээс их мөнгө өлөхөөр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тухайн үед би 10 сая төгрөгийг хангалттай төлж арагдуулсан ба манай нөхрийн өгсөн 3.500.000 +3.000.000 = 6.500.000 төг миний сар бүр хүү гэж өгсөн 7.020.000 төг нийт 13.520.000 төг болж байгаа тул шүүх миний тайлбарыг үнэлэх байх гэж бодож байсан боловч үнэлсэнгүй. Би 10 сая төгрөгийг нэмэгдүүлж өгснүү гэхээс ямар нэгэн мөнгө төгрөг өнөөдрийг хүртэл өгөөгүй биш шүү дээ. Надада хохиролтой байна. и 13.520.000 төг өгчихөөд одоо шүүхийн шийдвэрээр 12.500.000 төгрөгийг дахин төлөхөөр болж байна гэж бодоход шударга бус явдал болно биз дээ. Надад өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг минь хангаж өгөхийг хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Т.Аманжул нь хариуцагч Ж.Аманжолоос зээлийн гэрээний үүрэг болох 12.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасны дагуу үнэлэх ажиллагааг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Зохигчид 2013 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 10.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай 0,4 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулжээ.

Зээлийн гэрээний дагуу зээлдэгч Ж.Аманжол 3.500.000 төгрөгийг 2014 оны 04 дүгээр сарын 10-нд төлсөн. 1 сарын хүү 1.000.000 төгрөг үндсэн зээл 6.500.000 төгрөгийг зээлийн гэрээний хугацаанд төлөөгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хариуцагч Ж.Аманжол хүүнд сар бүр мөнгө өгч байсан гэж мэтгэлцэн маргаж буй боловч нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Харин шүүх хариуцагч Ж.Аманжолын гүйцэтгээгүй үүрэг нь үндсэн зээл 6.500.000 төгрөг байхад зээлж авсан 10.000.000 төгрөгөөс гүйцэтгээгүй үүргийг тооцсон нь буруу байна.

Иймд хариуцагч Ж.Аманжолын гүйцэтгээгүй үндсэн үүрэг 6.500.000 төгрөгөөс хоног тутамд төлөх алдангийг 0,4 хувиар тооцож 3.250.000 төгрөг, 1 сарын хүү 1.000.000 төгрөг нийт 10.750.000 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр дугаар сарын 28-ны өдрийн 1188 дугаар шийдвэрийн 1 дэхь заалтанд “...Ж.Аманжолоос 12.500.000 төгрөг гэснийг 10.750.000 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагаас 1.750.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтанд “...Ж.Аманжолоос 214.950 төгрөг гэснийг 186.950 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ж.Аманжолын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар Төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

                                            ШҮҮГЧИД                               Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ