Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 01188

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2016/01188

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-19-55 тоотод оршин суух Караказ овогт Телехейгийн Аманжул /МТ:75032001/

            Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 2 дугаар гудамжны 3а тоотод оршин суух Секель овогт Жүнсбекийн Аманжол  /МК:78120301/

            12 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар  сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагч Ж.Аманжол, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Аманжул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би иргэн Ж.Аманжолд 2013 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 10 000 000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Ж.Аманжол надаас авсан мөнгөө 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүүгийн хамт 11 000 000 төгрөг төлж тооцоо дуусгах учиртай байсан боловч төлбөр тооцоогоо огт хийхгүй байсаар 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр түүний нөхөр Кебек 3 500 000 төгрөгийг надад төлсөн. Ж.Аманжолоос авах учиртай мөнгөө тооцвол үндсэн зээлийн үлдэгдэл 6 500 000 төгрөг, сарын хүү 1 000 000 төгрөг, алданги 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 04 сарын 10-ны өдөр хүртэл 10 сар буюу 300 хоногоор тооцоход /10 000 000*0.4%=40 000 төгрөг*300 хоног=12 500 000 төгрөг болж байгаа болов ч хуульд нийцүүлэн 5 000 000 төгрөг болж байна/ 5 000 000 төгрөг нийт 12 500 000 төгрөгийг гаргуулан авах болно. Иймд Ж.Аманжолоос 12 500 000 төгрөг гаргуулан Т.Аманжул надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ж.Аманжол худлаа ярьж байна. Анх 10 000 000 төгрөг авсан байж 6 500 000 гэж бичсэн байна. Бид эвлэрүүлэн зуучлалд хандаж байсан боловч өөрөө зөвшөөрөөгүй тул одоо эвлэрэх боломжгүй байна. Зээлийн гэрээнд зааснаар хүү алдангийн хамтаар үндсэн мөнгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Т.Аманжол шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие Жүнсбек овогтой Аманжол нь 2012 оны 6 дугаар сарын 4-нд 6 500 000 төгрөгийг Т.Аманжулаас сарын 6 хувийн хүүтэй авсан. Анх авахдаа бид 2 итгэлцэлээр гарын үсэг зуралцаагүй авсан билээ. Ингээд би 6, 7, 8 сар хүртэлх хүүг 6 хувиар бодож хүүг  сар бүр өгч байсан дараа нь 9 сараас 10 хувь болгосон. Үүний дагуу 2012 оны 9, 10, 11, 12- сар, буюу 2013 оны 1, 2, 3, 4, 5 сар бүр 650 000 төгрөгийн хүү өгсөн.  Ингээд 2012 оны 06 дугаар сараас 2013 оны 05 сар хүртэлх буюу 12 сарын хүү нийт 6 500 000*6%=390 000*3 сарын турш=1 170 000, 6 500 000*10%=650 000*9 сарын турш=5 850 000, нийт хүү 7 020 000 төлсөн. Миний бие одоогоор ажил эрхлээгүй ба хувиараа канон принтер ажиллуулж байгаа. Иймд би 6 хувь төлсөн ба үндсэн мөнгөө олж дууссан байх байсан даанч 10 хувь болгосон болохоор хохиролтой байсан. Иймд үнэн зөвөөр шийдэж өгнө үү.  Би хүүгээ бэлнээр болон Т.Аманжулын Хаан банкны дансанд хийж байсан 3 500 000 төгрөг төлөөд 6 500 000 төгрөг үлдсэн болохоор хариу тайлбартаа дурдсан юм гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

          

Нэхэмжлэгч Т.Аманжул нь хариуцагч Ж.Аманжолоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хариуцагч Ж.Аманжол үндсэн зээл 6 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, хүү алдангийг төлөхгүй гэж мэтгэлцэж байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Т.Аманжул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2013 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 10 000 000 төгрөгийг нэг сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, 0.4 хувийн алданги тооцохоор зээлдүүлсэн, үндсэн мөнгөнөөс 3 500 000 төгрөгийг авсан тул зээлийн гэрээний дагуу үндсэн мөнгө  6 500 000 төгрөг, нэг сарын хүү 1 000 000 төгрөг, алданги хуулийн дагуу 5 000 000 төгрөг нийт 12 500 000 төгрөг нэхэмжилж байна гэж тайлбарладаг.

            Хариуцагч Ж.Аманжол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: 2013 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 10 000 000 төгрөг аваагүй. Урьд нь авсан байсан. Энэ гэрээг хожим нөхөж хийсэн гэрээ. Хүүнд сар бүр мөнгө өгч байсан боловч 10 хувийн хүүтэй болоод төлөхөд хүндрэлтэй болсон. 10 000 000 төгрөгөөс 3 500 000 төгрөг өгсөн одоо үлдэх 6 500 000 төгрөгийг өгнө гэж тайлбарлаж байна.

            Зохигчдын хооронд 2013 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 10 000 000 төгрөгийг нэг сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, 0.4 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулагдсан байна. Үндсэн мөнгөнөөс 3 500 000 төгрөгийг төлсөн тул 2014 оны 05 дугаар сарын 04-ний өдөр үлдэгдэл 6 500 000 төгрөгийг нэг сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй байхаар зээлийн гэрээг тус тус байгуулжээ.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2013 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээнд үндэслэж байна. Хариуцагч энэ өдөр тухайн мөнгийг аваагүй, өмнө нь хүү өгч байхад ямар ч гэрээ байгуулагдаж байгаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

            Зохигчид 10 000 000 төгрөг авсан өгсөн хийгээд 3 500 000 төгрөгийг буцааж төлсөн талаар маргаагүй, хариуцагч 2013 оны 05 дугаар сарын 04-ний өдөр мөнгө хүлээж аваагүй, хүү алданги тохироогүй хоосон гэрээнд гарын үсэг зуруулсан гэж маргаж байгаа боловч нотлох үүргээ биелүүлээгүй тул татгалзлыг хүлээн авах боломжгүй байна.

            Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан байх тул хожим нөхөж байгуулсан гэрээ гэж тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбараар нэхэмжлэгч нь хүү алданги авах эрхгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

            Иймд хариуцагч Ж.Аманжолоос үндсэн зээл 6 500 000 төгрөг, хүү 1 000 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг /хуульд заасны дагуу 50 хувиас хэтрэхгүй/ нийт 12 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Аманжулд олгохоор шийдвэрлэв.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 184 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 30 000 төгрөг нөхөн гаргуулж төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч Ж.Аманжолоос 214 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

            Нэхэмжлэгч Т.Аманжул нь 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ мөн өдөр 184 950 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж гэж төлсөн атлаа 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн нэг гэж дугаарласан  өөр хэргийн байж болох баримтыг хавсаргасан байх тул 30 000 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232,6-д заасныг баримтлан хариуцагч Ж.Аманжолоос 12 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Аманжулд олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 184 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 30 000 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагч Ж.Аманжолоос  214 950 төгрөг гаруулан нэхэмжлэгч Т.Аманжулд олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

                      ШҮҮГЧ                                     Л.АРИУНЦЭЦЭГ