| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 105/2017/0135/Э |
| Дугаар | 379 |
| Огноо | 2017-05-30 |
| Зүйл хэсэг | 091.2.2, 181.2.1, |
| Улсын яллагч | М.Хэрлэнчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 379
Н.Ганбат, Д.Батзаяа нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Хэрлэнчимэг,
ялтан Н.Ганбат /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч О.Чулуунчимэг,
ялтан Д.Батзаяагийн өмгөөлөгч Л.Бурмаа, Ч.Ганбат,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Энхцэцэг,
нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Э.Чингис, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Н.Ганбат, түүний өмгөөлөгч О.Чулуунчимэг, ялтан Д.Батзаяагийн өмгөөлөгч Л.Бурмаа, Ч.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Н.Ганбат, Д.Батзаяа нарт холбогдох 201625013463 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Боржигон овогт Наранчулууны Ганбат, 1995 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 3 дугаар баг, Санжинт ойчид 17 дугаар гудамжны 3 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ТЯ95020635/,
2. Ням осор овогт Даваадоржийн Батзаяа, 1990 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Шар Угалз” цайны газарт тогооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн 1-10 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: РФ90082871/,
1. Н.Ганбат нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис” баарны үүдэнд иргэн Ц.Батсайханыг үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг зөрчин нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зүүн чамархайн тархины эдийн дарагдал, толгойн хуйх, нүүрний хэсгийн зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл, толгойгоор нь цементэн зам дээр хавсарч унаган зүүн чамархайн чулуулаг хэсгээс урагш гавлын суурь ясны зүүн дунд хонхор хүрсэн, шугаман хугарал, зүүн чамархайн дэлбэнгийн хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа бүхий хүнд гэмтэл учруулан танхайн сэдэлтээр санаатай алсан,
2. Д.Батзаяа нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис” баарны үүдэнд иргэн Ц.Батсайхантай маргалдан нүүрэн тус газар гараараа цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг зөрчин догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Н.Ганбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар, Д.Батзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Боржигон овогт Наранчулууны Ганбатыг танхайн сэдэлтээр бусдыг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн, Боржигон овогт Даваадоржийн Батзаяаг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар Н.Ганбатыг 15 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Д.Батзаяаг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Н.Ганбатад оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Батзаяад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Н.Ганбатын цагдан хоригдсон 153 хоногийг, Д.Батзаяагийн цагдан хоригдсон 90 хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 ширхэг Сидиг хэрэгт хавсаргаж,
Энэ хэрэгт битүүмжлэгдсэж ирсэн эд хөрөнгөгүйг дурдаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Н.Ганбатаас 2.021.800 төгрөгийг гаргуулж М.Энхцэцэгт олгож, Д.Батзаяа нь төлөх төлбөргүй, хохирогч тэтгэмжтэй холбоотой зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Ялтан Н.Ганбат гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...намайг талийгаачийг газартай хавсарч унаган, газартай хавирч өшиглөснөөс гавал тархины битүү гэмтэл учруулж, хохирогч нас барсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт зүйлчилсэнийг шүүхээс үндэслэлтэй гэж дүгнэсэн. Гэтэл шинжээч Т.Сэлэнгэ мөрдөн байцаалтын шатанд “...Талийгаачийн зүүн чамархайн чулуулаг хэсгээс урагш гавлын суурь ясны зүүн дунд хонхор хүрсэн шугаман хугарал, зүүн чамархайн дэлбэнгийн хатуу бүрхүүлийн дээрхи цусан хураа, зүүн чамархайн тархины эдийн дарагдал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 дахь хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул хүнд гэмтэлд хамаарна. Талийгаачийн тархины гэмтэл нь 1 удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Талийгаачийн тархины гэмтлийг хүний гараар цохих үед үүсэхгүй” гэж, гэрч Л.Бавуудорж мөрдөн байцаалтын шатанд “...Эхлээд талийгаачтай өндөр биетэй залуу муудалцсан, талийгаачийн нүдэнд өндөр биетэй залуу нь цохиж гэмтэл учруулсан” гэж, гэрч Ч.Гэлэг мөрдөн байцаалтын шатанд “...Батсайханы зүүн нүд овойж хавдсан байсан” гэж тус тус мэдүүлсэн. Би хохирогчийн эрүү, шанаа руу нь цохисон. Д.Батзаяа хохирогчийн нүд рүү цохисон. Бид хоёрын хэн нь зүүн чамархайтай ойрхон цохисон гэдгийг тодруулаагүй.
2016 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн зодооны бичлэгт зодоон эхлэхээс дуустал бүгд бичигдсэн байгаа. Бичлэгт миний шүүхэд мэдүүлсэн талийгаачийн зүүн эрүү рүү газар 2 удаа цохиж, баруун тал руу хавсарч унагаад босгож байдаг. Баруун тал руу хавсарч унахад өвдөгөөрөө эхлэж унаад, мөрөөрөө газар унасан болохоос толгой нь газар хүрээгүй. Мөн газартай хавсарч өшиглөөгүй юм. Прокуророос хохирогчид учирсан тархины битүү гэмтлийг намайг учруулсан гэж үздэг. Баруун талаараа унаад газар толгойгоо цохиогүй. Баруун нүд рүү цохиход зүүн нүд хөхрөхгүй.
Талийгаачийн цусанд 3.1 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолттой байсныг харуулж байна. Мөн талийгаачийг баарнаас гараад явсан зам дагуух камерын бичлэгүүдийг шалгуулмаар байна. Согтуу явж байхад нь юу ч тохиолдсон байх боломжтой.
Мөн гэрч Л.Бавуудорж гүйж ирээд “ахаа энэ хүн миний бичиг баримт, виза карт авчихаад өгөхгүй байна, гэртээ харих мөнгөгүй болчихлоо” гэж хэлсэнээс болж зодоон эхэлсэн байдаг. Харин одоо Л.Бавуудорж, Ч.Гэлэг нар нь бичиг баримтаа авчихсан байгаа. Бичиг баримтаа хэзээ, яаж авсан болохыг шалгуулмаар байна.
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн миний мэдүүлэгт “...Би уурандаа уг залууг 2 гараараа бариад баруун талаар нь тонгороод нилээн хүчтэй унагаасан чинь” гэх мэтээр хэлээгүй зүйлсийг нэмж бичсэн байна. Уг мэдүүлгийг мөн шалгуулах хүсэлтэй байна. Би хохирогчийг цохиж, зодсон болохоо хүлээн зөвшөөрч байна. Гэвч миний зодсоноос болж талийгаач амь насаа алдсан гэж бодохгүй байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.
Ялтан Н.Ганбатын өмгөөлөгч О.Чулуунчимэг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж хийгдсэн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг зэргээс авахуулан нотлох баримтуудыг яллах дүгнэлтэд оруулсан улсын яллагчийн яллах дүгнэлтийг хууль ёсны хэмээн дүгнэж, мөн хуулийн 80 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих асуудал бүрэн нотлогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Өмгөөлөгч миний бие анхан шатны шүүх хуралдаанд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах маш тодорхой хүсэлт, санал тавьсан бөгөөд шийтгэх тогтоолд үүнийг эсрэгээр нь бичсэн байх ба шүүх хуралдааны бичлэгийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
1. Тус хэргийн хамгийн гол гэрч гэгдэх 2 хүн байдаг бөгөөд талийгаачтай хамгийн сүүлд үлдсэн Ч.Гэлэг, Л.Бавуудорж нар юм. Улмаар улсын яллагчийн хүсэлтээр Л.Бавуудорж шүүхэд мэдүүлэг өгсөн байдаг боловч түүний өгсөн мэдүүлгийг үнэлсэн эсэх нь тодорхойгүй байна. Энэ Л.Бавуудорж гэх хүн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ шүүхийн хэлэлцүүлэгт огт өөрөөр буюу талийгаачийг газарт хавсарч унагасан гэх хүнийг заахдаа шууд Батзаяаг заасан. Ийм их эргэлзээтэй байдал үүсээд байхад шууд Ганбатыг гэм буруутай хэмээн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Уг хүн бичиг үсэг мэддэггүй талаараа шүүх хуралдаан дээр хэлсэн байхад шууд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг үнэлсэн нь хууль зөрчсөн явдал бөгөөд сэтгэцийн хувьд зохих газарт шалгуулах шаардлагатай нөхцөл байдал ажиглагдсан.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих асуудлууд нотлогдоогүй. Тодруулбал уг хэргийг хэн үйлдсэн гэх асуудал бүрэн шийдэгдээгүй буюу хохирогчийн явсан маршрутыг тогтоох ажиллагаа огт хийгдээгүй. Гэрч Ч.Гэлэгдоржийн мэдүүлснээр байрны гадаа талийгаач амьд байсан гэдэг. Хэзээ нас барсан, Ч.Гэлэг нь ямар байдалтайгаар талийгаачаас салж явсан, зодоон болсон гэх баарны гаднаас тухайн байр хүртэл хяналтын камер байгаа эсэх асуудлыг огт тодруулаагүй.
3. Яллах дүгнэлтэд бичигдсэн насанд хүрээгүй гэрч Г.Батхуягийн мэдүүлэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 145 дугаар зүйлийн 145.1, 145.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн байх бөгөөд 15 настай Г.Батхуягт хууль сануулсан дээр нь хамт байлцсан гэх хүнд нь эрх үүрэг тайлбарласан тухай баримт байдаггүй. Тухайн хүн нь Батхуягтай ямар холбоо хамааралтай эсэх нь ойлгомжгүй байхад анхан шатны шүүх хууль зөрчсөн ажиллагааг огт хайхраагүй.
4. Энэхүү туршилт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.3 дахь хэсэгт заасан урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэснийг зөрчиж туршилт хийсэн тэмдэглэлдээ талийгаачийг толгойдоо гэмтэл авч нас барсан тул туршилтыг цааш үргэлжлүүлэх шаардлагагүй гэсэн байдаг. Энэ бол тухайн хэрэгт урьдаас хөтөлбөргүй Ганбат нь талийгаачийг хөнөөсөн гэх сэтгэлзүй мөрдөн байцаагчид суусан байгааг илтгэнэ. Үүнийг бас шүүх анхаараагүй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар таньж олуулах ажиллагаа хийх замаар нотлох баримт цуглуулж байгаа улмаар мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар тухайн эд зүйлийг ямар шинж онцлогоор таньж олох гэж байгааг уг хүнээсээ эхлээд асуух ёстой. Гэтэл таньж олуулах ажиллагааны тэмдэглэлээс харахад камерын бичлэгээ үзүүлчихээд энэ талаар асуудаг, гэрч Л.Бавуудорж шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар бас давхар баталж хэлдэг. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн асуудлыг шалган, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.
Ялтан Д.Батзаяагийн өмгөөлөгч Л.Бурмаа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Д.Батзаяа нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг сайн дураараа төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, мөрдөн байцаалтын ажиллагаанд ямар нэг саад учруулахгүйгээр хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруутай үйлдлээ хүлээсэн. Д.Батзаяа нь хувийн байдлын хувьд ам бүл 4, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь ажилгүй, жирэмсэн, гэртээ хүүхдүүдээ хардаг. Энэ өрх ам бүлийг ажил хийж тэжээн тэтгэж яваа хүн нь Д.Батзаяа юм. Иймд Д.Батзаяагийн хувийн болон ар гэрийн ахуй амьдрал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, хянан харгалзаж өгнө үү.” гэв.
Ялтан Д.Батзаяагийн өмгөөлөгч Ч.Ганбат гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Д.Батзаяа нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг сайн дураараа төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, мөрдөн байцаалтын ажиллагаанд ямар нэг саад учруулахгүйгээр хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруутай үйлдлээ хүлээсэн. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан байдаг ба энэ нөхцөл шаардлагад Д.Батзаяагийн үйлдэл нийцсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг багасгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Энхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний нөхөр Ц.Батсайхан нь 2016 оны 10 дугаар сарын 2-ны өдөр бусдын гарт амь үрэгдсэн. Шүүгдэгч Н.Ганбат нь мэдүүлэгтээ “талийгаачийг гараараа заамнаас нь бариад баруун талаар нь тонгороод нилээн хүчтэй унагаасан, хөл рүү нь өшиглөж гараараа хэд хэдэн удаа цохисон” гэж мэдүүлэг өгчихөөд одоо болохоор “талийгаачийн үхэлд миний цохилт хамаагүй” гэж өөрийгөө өмгөөлж шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаачийн нүүрэн тус газар нь гараараа цохиж хөлөөрөө өшиглөх зэргээр зүүн чамархайн тархины эдийн дарагдалт, толгойн хуйх нүүрний хэсгийн зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгарал бүхий хөнгөн гэмтэл, толгойгоор нь цементэн зам дээр хавсарч унаган зүүн чамархайн чулуулаг хэсгээс урагш гавлын суурь ясны зүүн дунд хонхор хүрсэн шугаман хугарал, зүүн чамархайн дэлбэнгийн хатуу бүрхүүлийн дээрх цус хуралт зэрэг нь талийгаачийн амь насанд хохирол учруулсан. Н.Ганбат, Д.Батзаяа нар нь зүүн эрүү тус газарт хоёр удаа цохиж баруун тал руу нь хавсарч унагасан. Талийгаач тархи, толгойдоо маш хүнд гэмтэл авсан байсан. Талийгаачийн эхнэр М.Энхцэцэг миний бие одоо 3 настай хүүтэй бас 8 сартай жирэмсэн үлдсэн. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй. Эдгээр хүмүүсээс болж миний хоёр хүүхэд насан туршдаа эцгийн хайр үзэлгүй хүнд хэцүү амьдралыг туулах болсонд маш ихээр эмзэглэж байна. Мөн оршуулгын зардал болох 3.200.000 төгрөгөөс 1.200.000 төгрөгийг авсан. Одоо үлдэгдэл 2.000.000 төгрөгийг гаргуулж авах хэрэгтэй байна.” гэв.
Прокурор М.Хэрлэнчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Н.Ганбатын үйлдсэн хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж таньж олуулах ажиллагааны тэмдэглэлийг яллах дүгнэлтэд оруулсан байна гэсэн. Гэрч Л.Бавуудоржийг байцаасан тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэлд гэрчээс мэдүүлэг авсны дараа таньж олуулах ажиллагаа хийсэн нь цаг хугацаагаар тэмдэглэгдсэн гэрчийн мэдүүлэг хэрэг авагдсан. Мөн гэрч Л.Бавуудоржийг шүүх хуралдаанд улсын яллагчийн хүсэлтээр оролцуулаагүй. Үүнийг өмгөөлөгч О.Чулуунчимэг таамгаар яриад байх шиг байна. Улсын яллагчийн хувьд ямар нэгэн байдлаар тусгай санал гаргаагүй, гэрч нарыг оролцуулах санал тавиагүй. Л.Бавуудоржийн мөрдөн байцаалтын шат, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг шүүх үнэлж шийтгэх тогтоол гаргасан. Уг хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан ажиллагааг тодруулж шалгасан. Мөн талийгаач зодуулсан газраасаа нас барсан газар хүртэл маршрутыг тогтоох зорилгоор ямар хэмжээтэй газар яаж явсан гэх зэргээр туршилтын ажиллагааг хийсэн. Туршилт хийхэд нас барсан газраас зодоон болсон газар хүртэл 483 алхам буюу явганаар ердийн алхаагаар 4 минут газар явах газар байсан. Яг хаана нас барсан нь тодорхойгүй байсан учраас тодруулах зорилгоор туршилтыг хийсэн. Мөн тухайн байрны оршин суугчдаас 2-3 хүн мэдүүлсэн. Яллах дүгнэлтэд Гэрч Л.Батхуягийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авсан гэж яриад байна. Л.Батхуяг гэх хүний талаар хавтаст хэрэгт байхгүй. Талийгаач хаанаас хаана хүрч нас барсан бэ гэдгийг тогтоох зорилгоор туршилтыг хийсэн. Тухайн гэмт хэрэг гарахад ялтан Д.Батзаяагийн буруутай үйл ажиллагаа нөлөөлж талийгаачийг нас барахад хүргэсэн. Түүнд оногдуулсан ял шийтгэл үндэслэлтэй. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ХЯНАВАЛ:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас “Н.Ганбат нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис” баарны үүдэнд иргэн Ц.Батсайханыг үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг зөрчин нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зүүн чамархайн тархины эдийн дарагдал, толгойн хуйх, нүүрний хэсгийн зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл, толгойгоор нь цементэн зам дээр хавсарч унаган зүүн чамархайн чулуулаг хэсгээс урагш гавлын суурь ясны зүүн дунд хонхор хүрсэн, шугаман хугарал, зүүн чамархайн дэлбэнгийн хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа бүхий хүнд гэмтэл учруулан танхайн сэдэлтээр санаатай алсан,
Д.Батзаяа нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис” баарны үүдэнд иргэн Ц.Батсайхантай маргалдан нүүрэн тус газар гараараа цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг зөрчин догшин авирлан танхайрсан” гэж Н.Ганбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар, Д.Батзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар тус тусад нь дүгнэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Гэрч Л.Бавуудоржийн “...Чингис баарны үүдэнд Ц.Батсайханыг зодсон хоёр залуу байсан… Эхлээд талийгаачтай өндөр биетэй залуу муудалцсан. Тэгж байгаад өндөр биетэй залуу шууд ирээд талийгаачийн нүүрэн тус газарт цохисон. Тэгтэл нөгөө намхан биетэй залуу шууд ирээд талийгаачийг нүдэн тус газар нь цохитол талийгаач газар унасан. Тэгээд талийгаач газраас босч ирээд “та хоёрыг ална” гээд дайрсан. Тэгтэл нөгөө өндөр биетэй залуу талийгаачийг барьж авсан. Тэгээд талийгаач дайраад хэл амаар доромжилоод байтал нөгөө намхан биетэй залуу ирээд талийгаачийг дахин хэд хэд цохисон.” гэж /хх1, х87-88/,
шүүгдэгч Д.Батзаяа “...манай найз Н.Ганбат шууд нөгөө залууг цохиод хавсарч унагаасан. Тэгтэл цохиулсан залуу босч ирээд намайг зуураад авсан. Тэгэхээр нь би өөрөөсөө салгаад буцаагаад баруун талын шанаанд нь баруун гараараа цохисон. Яг цохиж зодсон талаараа сайн санахгүй байна.” гэж /хх1, х193-196/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...хохирогчийг мөр хэсгээр цайвар өнгийн оруулагтай хар бараан өнгийн хүрэмтэй залуу хөл орчимд өшиглөсөн, ...тус залуу хохирогчийн зүүн мөрнөөс татаж баруун гараараа нэг удаа нүүрэн тус газар цохиход зүүн талаас нь саравчтай малгайтай залуу гүйж ирээд хохирогчийг өргөж хавсран зүүн талаар нь газар унагаасан. ...мөр хэсгээр цайвар өнгийн оруулгатай хар бараан өнгийн хүрэмтэй залуу хохирогчийг заамдан ноцолдоход ертөнцийн зүгээр зүүн талаас саравчтай малгайтай залуу хохирогчийн нүүрэн тус газарт баруун гараараа 3 удаа, хөлөөрөө 1 удаа өшиглөж байгаа дүрс бичигдсэн.” гэж бичигдсэн зэргээс дүгнэхэд:
шүүгдэгч Н.Ганбат, Д.Батзаяа нар нь нэг цаг хугацаанд хохирогч Ц.Батсайхан руу нэгэн зэрэг бүлэглэн довтолж, түүний бие махбодид халдан зодож танхайрсан, энэ явцдаа Н.Ганбат нь хохирогчийг цохиж газарт унагаасан болох нь тогтоогдсон байхад шүүгдэгч Д.Батзаяагийн үйлдлийг зөвхөн “догшин авирлаж танхайрсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэлээ.
Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасантай холбогдуулан ялтан Н.Ганбат, түүний өмгөөлөгч О.Чулуунчимэг, ялтан Д.Батзаяагийн өмгөөлөгч Л.Бурмаа, Ч.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хянан хэлэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Ганбат, Д.Батзаяа нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцаасугай.
2. Хэрэг прокурорт очтол Н.Ганбат, Д.Батзаяа нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧИД Д.ОЮУНЧУЛУУН
Ц.ОЧ