Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 000164

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Цэрэннадмидын нэхэмжлэлтэй,

хариуцагч “Цэмис” ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар :

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1087 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч : Б.Цэрэннадмидын нэхэмжлэлтэй,

Хариуцагч :    “Цэмис” ХХК-нд холбогдох,

 

Ажилласан хугацааны хөлс 1.062.910 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Цэмис ХХК-ний Б.Цэрэннадмидаас 1.772.720 төгрөг гаргуулах тухай  сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Цэрэннадмидын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 01 ний өдрийн 09 цаг 00 минутанд ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнжаргал, хариуцагчийн төлөөлөгч Б.Батмөнх, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Цэрэннадмид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Батмөнх захиралтай “Цэмис” ХХК-ийн Орхон аймаг Баян-Өндөр сум 2-25 дугаар байрны ард байрлах Эрдэнэт Ембүү нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрт 2015.11.09-ны өдрөөс 2015.11.23-ны өдрийг дуустал 15 хоногийн хугацаанд өглөө 08 цагаас үдэш 24 цаг хүртэл өдрийн 30 000 төгрөгийн цалингийн аман тохиролцоотойгоор ажилласан юм. Гэвч 11 дүгээр сарын 23-ны орой дэлгүүр хүлээлгэн өгч ажлын хөлс цалингаа авах гэтэл 513 000 төгрөгийн дутагдал гарлаа гэж хэлээд цалин өгөлгүй буцсан. Би тэдэнд өртэй үлдэж надад төлөх чадвар байхгүй учир ахин ажиллаж өрөө төлөх буюу ажилласан хоногийн цалингаас дээрх дутсан мөнгийг суутгуулахаар 2015.11.30-2015.12.14-ныг дуустал өглөө 08 цагаас 24 цаг хүртэл ажиллаад амрах гээд тоолтол 1 160 000 төгрөг дутсан цалин өгөх боломжгүй гэсэн. Иймд:

1. 2015.11.09-нөөс 2015.11.23-ныг дуустал 15 хоногийн ажилласан ажлын хөлс 450 000 төгрөг,

2. 2015.11.30-2012.12.14-ныг дуустал хөлс 450 000 төгрөг,

3. 2015.12.01-ны өдөр буюу мягмар гараг Орхон аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон захирамжийн өдөр санаандгүй байдлаар буюу хүчээр нэг эмэгтэй архи гуйж зогссоноо өөрөө 0.2л архи авч үүд рүү дөхтөл цагдаа нар орж ирж буруутай үйлдэл гэж үзсэн учир тусгай зөвшөөрөл хураагдаж 2015.12.02 өдөр эгчээрээ хөөцөлдүүлж байж торгуулийн арга хэмжээ авагдаж, урьд удаа дараагийн зөрчлөөр хураалгах захирамжтай тусгай зөвшөөрлийг авч “Цэмис” ХХК-г хохиролгүй болгосон. Захирал Батмөнх тухайн торгуулийн 200 000 төгрөгийг би төлнө гэж байсан ба архи согтууруулах ундаагаар үйлчлэх журмын 6 дугаар зүйлийн 3-т заасанчлан Тусгай зөвшөөрлийн эзэмшигч нь зөвшөөрөлтэй холбоотой зөрчлийг бүрэн хариуцна гэх заалтыг удирдлага болгон төрийн санд төлсөн 200 000 төгрөгийг гаргуулж бусдаас авсан өрөө төлөх,

4. 2015.11.30-2015.12.14-ныг хүртэлх хугацаанд ажиллахдаа тухайн дэлгүүрийн хүнсний бүтээгдэхүүнээс 37 090 төгрөгийг хэрэглэсэн учир дээрх төлбөрийг хасч тооцон нийт 1 062 910 төгрөгийг “Цэмис” ХХК-ийн захирал Батмөнхөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Батмөнх шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Нэхэмжлэгч Цэрэннадмидийг 11 дүгээр сарын 09-22-ны хооронд туршилтаар ажиллуулахаар болсон. Ямар нэгэн гэрээ хийгээгүй. /хоорондоо/ Ингээд 14 хоног ажиллаад тооллого тооцоо хийхэд 531.153 төгрөг дутсан. Тэгээд одоо энэ асуудлыг яах вэ гэхэд Цэрэннадмид нь хуваагаад ч гэсэн төлнө гэсэн. Үүнээс хойш 5 хоногийн дараа эхнэр рүү яриад би дахин ажилламаар байна, та хоёрт нэр муутай болчихлоо гэхээр нь зөвшөөрч, дахин суулган дутаасан мөнгийг нь төлүүлчихье гэж бодсон.

Ингээд 11 дүгээр сарын 30-ны өглөө 8 цаг 30 минут гэхэд эгчтэйгээ хүрээд ирээрэй, хоёр талаас нь зэрэг тоолъё гэхэд за гээд маргааш өглөө нь ганцаараа ирсэн. Эгч хүүхдээ сургуулиас нь аваад 12 цагт гээд ирнэ, та ганцаараа тоолох хэсгээ тоолж бай гэсний дагуу би тоолж эхэлсэн. Тэгээд эгч нь ирээгүй, би ганцаараа тоолж дуусгасан. Миний тоолох хэсэг нь тоо ширхэг багатай боов, талх, бууз, банш, зайрмаг, печень, чихэр, гэр ахуйн барааны хэсэг байдаг. Нийт 1222 төрлийн бараа тоолохоос эхнэр, Цэрэннадмидийн хамт үнэ шингэсэн 713 нэр төрлийг тоолж, үлдсэн 509 төрлийн барааг би тоолсон.

Тооллого зэрэг шахуу дуусч, Цэрэннадмидад миний тоолсон хэсгийг шалгачих гэхэд хэсэг барааг тоолж байснаа гайгүй юм шиг байна больё гээд цааш нь тоолоогүй. Ингээд 14 хоног ажиллаад тооллого хийх болоод Цэрэннадмид эхнэр Эрдэнэзаяатай, би эгч Цэрэнжаргалтай нь тооллого хийж дуусгаад эгч Цэрэнжаргал нь явсан. Тооцоогоо хийтэл 1 141 567 төгрөгийн дуталт гарсан гэжээ.

Хариуцагч “Цэмис” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Б.Цэрэннадмид нь манай Цэмис ХХК-ийн Орхон аймаг Баян-Өндөр сумын Оюут баг 2-25 дугаар байрны ард талд байрлах Эрдэнэт ембүү хүнсний дэлгүүрт 2015 оны 11 дүгээр сарын 09-нөөс 22-ныг дуустал 14 хоногийн хугацаанд ажиллахдаа

1. 531 153 төгрөгийн дутагдал гаргасан. Үүнээс 7 хногийн дараа дутаасан мөнгөө ахин ажиллаж оагдуулна гэж гуйсны дагуу дахин ажиллуулсан. Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 30-наас 15 оны 12 дугаар сарын 13-ныг дуустал ажиллахдаа дахин 1 141 567 төгрөгийн дуталт гаргасан. Мөн манай эхнэр Эрдэнэзаяагаас 100 000 төгрөг авсан байсан. Хариуцагч Цэрэннадмидаас эхний 14 хоног ажилласан мөнгөний дутагдал 531 153 төгрөг, хоёр дахь гараандаа ажиллаж байхдаа мөн дутаасан 1 141 567 төгрөг эхнэрээс авсан 100 000 төгрөг, нийт 1 772 720 төгрөгийг хариуцагч Баатаржав овогтой Цэрэннадмидаас гаргуулан өгч хууль журмын дагуу шийдэж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1087 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1-т заасныг баримтлан Цэмис ХХК-наас 1 012 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Цэрэннадмидад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 50.910 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Монгол Улсын Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.1,227.3-д заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.Цэрэннадмидаас 1 672 720 төгрөг гаргуулан Цэмис ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг иүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 30 060 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 43 314 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Цэмис ХХК-с 28.838 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 41,713 төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Цэрэннадмид, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнжаргал нар давж заалдсан гомдолдоо:

“Эрдэнэт Ембүү” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрт 2015.11.09-2015.11.23-ны өдрийг дуустал хугацаанд худалдагчаар ажилласан байна. Нэхэмжлэгч хариуцагч нар 2015.11.24 өдөр ажил хүлээлцэн тооцоо бодоход нэхэмжлэгчийн хариуцсан 529.803 төгрөгийн дутагдал гарчээ. Хариуцагч энэ шалтгаанаар нэхэмжлэгчийн цалинг өгөөгүй байх бөгөөд нэхэмжлэгч үргэлжлүүлэн ажиллаж ажилласан хоногийн цалингаас дээрх дутсан мөнгийг суутгуулахаар тохиролцсон бөгөөд энэ талаар талууд маргахгүй байна гэжээ. Гэтэл нэхэмжлэгч цалин өгөхгүй учир нь бараа дутлаа гэсээр уйлж гайхахдаа 2 шалтгаантай үргэлжлүүлэн ажилласан.

1. Эгчийн маань найз учраас дунд нь эвгүй байдал үүсч бий болсонд харамсаж залруулах гэсэн, хүн чанар байсан.

2. 513.000 гэдэг их тоо аливаа тооллого тооцоонд алдаа гарсан гэж найдсандаа ажилласан. Үүнийг удаа дараа тайлбарласан ч шүүх мөнгө дутсаныг хүлээн зөвшөөрч огт маргаагүй гэж үзсэн нь хэргийн материалд судалгаа хийгээгүй. Хэт тулгасан шийдвэр гэж үзэж байна.

Дутагдлын талаар нэхэмжлэгч маргаагүй бөгөөд төлбөрийг төлөх зорилгоор үргэлжлүүлэн ажиллахаар зөвшөөрсөн байна гэсэн нь: Нэхэмжлэгч аль ч тайлбар, хуралд, хариуцагч: -Тийм бараа дутаасан гэх өгүүлбэр хэлж байгаагүй, хэлэх боломжгүй, энэ нь цалин өгөхгүй шалтаг гэж үзсэнээ тайлбарласан ба хариуцагч талын байгаа байдал, тайлбар зэргээс харж болдог байхад шүүх оргүй зүйлээр дүгнэлт хийлээ.

“Нэхэмжлэгч, хариуцагч нар дэлгүүрийн барааг хамт тоолж хүлээлгэж өгдөг байх бөгөөд тооцоо хийхдээ ч хамт тоолж комптютерийн программын дагуу тоолж уг жагсаалт дээр гараар бичиж дүнг тооцдог байжээ. Энэ талаар хариуцагч хамтран бүртгэл хийж буруу хийгдсэн талаар гомдол гаргаж байгаагүй, тухайн тооцооны баримт дээр нэхэмжлэгч бэлэн мөнгөний тооцоогоо бичиж, мөнгө хүлээлгэн өгч байсан болох нь нотлогдож байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзэж байна”гэсэн байна. Гэвч нэхэмжлэгч:

1. Дэлгүүрийн барааг тоолохдоо энхэр нөхөр 2 болох “Цэмис” компаний Батмөнх, Эрдэнэзаяа нарын Эрдэнэзаяатай цуг тоололцоод хариуцагчийг хянах боломжгүй.

2. Тоолж дуусаад тоо ширхэг үнийн дүнг үзүүлдэггүй гэрлүүгээ аваад явдаг тус тооллого хийсэн тоо ширхэг, үнийн дүнг мэдэе гэж хэлэхээр хариуцагч тал уурладаг. Харин нэхэмжлэгчээс буцааж тоолж хүлээж авахдаа компьютерийн программ дээр дүнг шууд тэр даруйд гаргаад цалин өгөхгүй. Бараа дутаасан байна гээд явуулдаг, нэхэмжлэгч уйлж гайхсан байдлыг зохигчид аль аль нь тайлбарласан. Энэ нь мөнгө дутаасан үйлдэл биш гэдгийг шүүх бүх зүйл ил тод, баримттай 1.672.720 төгрөг дутсан гэж бичсэн байгаа шийдвэрт гомдолтой байна. Үүнийг 2 удаагийн гарааны дараа буюу 3 хоног эвгүй байдалд байсны дараах 2015.12.17-ны өдөр хариуцагчтай марган байж гуйж авсан тоо ширхэг, бодит биш хуулбар /хавтаст хэргийн /48-167/ хүртэлх тоо ширхэг, үнийн дүнг бичсэн актыг шаардлагатай нотлох баримт гэж үзээд тоо ширхэг барааны дутагдал дээр огт маргаж байгаагүй” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй, судалгаа хийж бодит дүгнэлт хийгээгүй, хэлсэн үгийг хэлээгүй болгож, маргаанаас нэхэмжлэгч хохирсон байхад хэр давсан тоо бүхий сөрөг нэхэмжлэл үндэстэй гэж хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчлөө гэж дүгнэж байна. Иймд Иргэний хуулийн 227-р зүйлийн 227.1, 227.3 мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1-ийг чиг болгосон 41713 төгрөгийг хариуцагчид нэхэмжлэлд гаргуулан өгөх зэрэг заалтуудыг эс зөвшөөрч хэргийн материалыг тал бүрээс нь судлан хуулийн хүрээнд нотолгоо баримтаар анхан шатны шүүхийн 1087 дугаар шийдвэрийн 2 дахь хэсгийн буюу сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангасан байдлыг, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэг цугларсан нотлох баримтыг дутуу үнэлсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гаргасан алдааг зөвтгөж залруулах боломжтой гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.Цэрэннадмид нь хариуцагч Цэмис ХХК-нд худалдагчаар ажилласаны хөлс 1.062.910 төгрөг гаргуулах, хариуцагч Цэмис ХХК нь Б.Цэрэннадмидаас худалдагчаар ажиллаж байсан хугацаандаа бараа дутагдуулсан төлбөр 1.772.720 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Цэрэннадмид нь Цэмис ХХК-ийн “Эрдэнэт ембүү” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрт худалдагчаар өдрийн 30.000 төгрөгийн хөлстэй ажиллахаар амаар харилцан тохиролцож 2015 оны 11 дүгээр сарын 09-нөөс 2015 оны 11 дүгээр сарын 23-ныг дуустал, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг дуустал нийт 30 хоног ажиллажээ.

Зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ажил хүлээлцэж тооллого хийхэд 513.000 төгрөгний дутагдал гарсан байна. Хариуцагч нь энэ шалтгаанаар нэхэмжлэгчийн хөлсийг өгөөгүй байх ба нэхэмжлэгч үргэлжлүүлэн ажиллаж ажилласан хоногийн хөлснөөс дээрх дутсан мөнгийг суутгуулахаар тохиролцсон бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.

Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажиллаж дахин тооллого хийхэд бараанаас 1.160.000 төгрөг дутсан гэдэг шалтгаанаар хариуцагч нэхэмжлэгчид хөлсийг нь өгөхөөс татгалзжээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1-зааснаар Цэмис ХХК-иас 1.012.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Цэрэннадмидад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 50.910 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Цэрэннадмид нь Цэмис ХХК-ний худалдагчаар ажиллаж байхдаа тус компанийн тусгай зөвшөөрлийг хураалгажээ. Уг зөвшөөрлийг буцаан авахад зарцуулсан 200.000 төгрөгийг хариуцагчаас буцаан авахаар шаардах эрхгүй бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн өөрийнх нь хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотой гарсан зардал учраас Цэмис ХХК-иас гаргуулах үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч Б.Цэрэннадмид нь нийт 30 хоногийн хугацаанд өдрийн 30.000 төгрөгийн хөлстэй ажилласан байх тул ажилласан хугацааны хөлс болох 900.000 төгрөгийг хариуцагч Цэмис ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас тусгай зөвшөөрлийг хураалгахад төлсөн 162.910 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Цэмис ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Эхний 14 хоног ажилласан мөнгөний дутагдал 531.153 төгрөг, хоёр дахь гараандаа ажиллаж байхдаа мөн дутаасан 1.141.567 төгрөг, эхнэрээс авсан 100.000 төгрөг, нийт 1.772.720 төгрөгийг Б. Цэрэннадмидаас гаргуулж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.Цэрэннадмидаас 1.672.720 төгрөг гаргуулан Цэмис ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс нийт 1.772.720 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж дараах нотлох баримтуудыг /хавтаст хэргийн 48-170 дугаар хуудас баримт/ шүүхэд гаргаж өгсөн боловч эдгээр баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, албан ёсны тооллогын болон санхүүгийн баримт гэж үзэх боломжгүй, худалдагчид дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнээ хүлээлгэн өгөхдөө санхүүгийн анхан шатны баримт хөтлөөгүй, худалдагчдаа хэдэн төгрөгийн ямар нэр төрлийн тоо ширхэгтэй хүнсний бараа хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй, дутагдал гаргасан талаар нэхэмжлэгч, хариуцагч нараас тооцоо нийлж, акт баримт үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулаагүй зэрэг нь  санхүүгийн баримтын хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул тухайн хэрэгт хамааралтай нотлох баримт гэж үзэж үнэлэх боломжгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах хуульд заасан үүргээ хариуцагч тал биелүүлээгүй гэж дүгнэхээр байна.

Харин зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ажил хүлээлцэж тооллого хийхэд 513.000 төгрөгний дутагдал гарахад нэхэмжлэгч үргэлжлүүлэн ажиллаж ажилласан хоногийн хөлснөөс дээрх дутсан мөнгийг суутгуулахаар тохиролцсон байх бөгөөд энэ талаар зохигчид маргахгүй байх тул нэхэмжлэгчээс 513.000 төгрөгийг гаргуулж, 1.259.720 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Цэрэннадмидын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41.713 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй .

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1087 дугаар шийдвэрийн

            1 дүгээр заалтыг ”... Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1-д зааснаар Цэмис ХХК-иас 900.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Цэрэннадмидад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 162.910 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

            2 дугаар заалтыг “...Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-д зааснаар нэхэмжлэгч Б.Цэрэннадмидаас 513.000 төгрөг гаргуулан Цэмис ХХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1.259.720 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

            3 дугаар заалтыг ”... Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 30 060 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 43 314 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Цэмис ХХК-иас 26.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 16.040 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Цэрэннадмидын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41.713 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

                            ШҮҮГЧИД                                    С.УРАНЧИМЭГ

                                                                                 Б.БАТТӨР