Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 00162

 

 

 

 

 

 

 

 

 

                            Хаан банкны Орхон аймаг дахь салбарын                                                                                          

                              нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1097 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Моломжамц, Л.Халтар, Х.Эрдэнэбулган нарт холбогдох

“Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 50.846.529 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Болдсайхан, Ц.Соёлцэцэг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа

Нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлдэгч Ц.Моломжамц, Л.Халтар, Х.Эрдэнэбулган нар нь Хаан банкны Орхон салбараас 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр БЗГ 14/236 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 70 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 20,4%-ийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг, 5 дугаар хороолол, 18 дугаар байрны 35 тоот хаягт орших Улсын бүртгэлийн Ү-2101001133 дугаарт бүртгэгдсэн 38 м2 талбай бүхий 3 өрөө орон сууц эргэлтийн бараа, телевизор, хөргөгч, гал тогооны. тавилга, мөлхөө тавилгыг тус тус барьцаалан зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4 1-т заасны дагуу зээлийн төлбөрийг Зээл буцаан төлөх хуваарийн дагуу төлөх ёстой ба зээлийн гэрээний 3.2.1-т зааснаар сар бүрийн 02-ны өдрийн дотор зээлийн тухайн нэг сарын төлбөр болох 2 618 000 төгрөгийг 5094203164 тоот харилцах дансанд төвлөрүүлсэн байх, зээлийн гэрээний 4.2.1-т заасны дагуу зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хувааарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх, 4.2.2-т заасны дагуу зээлийг зориулалтын дагуу ашиглах үүргүүдийг хүлээсэн. Зээлдэгч нь 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан БЗГ-236 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу дараах төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч Моломжамц нь 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу бүтэн 8 сар гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу харилцан тохиролцсон хуваарьт төлбөрөө төлөөгүй ба удаа дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээл төлөх мэдэгдэл, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зээл буцаан дуудах мэдэгдэл хүргүүлж байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зөрчсөөр байна. Иймд банк шүүхэд 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

1.Зээлдэгч Моломжамцтай байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн БЗГ 14/236 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах

2. дараах зээлийн төлбөрийг гаргуулах: Зээлийн БЗГ-14/236 тоот гэрээний төлбөр үндсэн зээлийн төлбөр 45.122.900,14 төгрөг зээлийн хүүгийн төлбөр 5.506.594,65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 217.035,01 төгрөг нийт 50.846.529,80 төгрөг гаргуулах,

Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал: улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 412.183 төгрөг нотариатын үйлчилгээний хураамж 10.000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна.

3. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах-Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сум, Уртбулаг баг 5 дугаар хороолол 18 дугаар байрны 35 тоот хаягт орших Улсын 2101001133 дугаарт бүртгэгдсэн 38 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж авч өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Моломжамц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Орхон аймаг дахь Хаан банкны салбарын нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагын зээлийн гэрээ цуцлах гэсэн хэсгийг нь хүлээн зөвшеерөхгүй болох дараах үндэслэлүүдээр тайлбар гаргаж байна. Би 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Орхон аймаг дахь Хаан банкны салбараас 70 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлдэж авсан. Би анх зээл авсан өдрөөсөө хойш 15 сарын турш 2 618 000 төгрөг төлж байсан. Би тавилгын дэлгүүр ажиллуулж байгаад 2015 оны 03 дугаар сараас эхлээд ажиллуулахаа больсноос болоод зээлийн төлбөрөө төлж чадахаа больсон. 2016 оны 06 дугаар сараас эхлээд тавилгын дэлгүүрээ ажиллуулах болно гэжээ.

Орхон аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1097 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Ц.Моломжамц, Л.Халтар, Х.Эрдэнэбулган нараас үндсэн зээл 45.122.900,14 төгрөг зээлийн хүү 5.506.594,65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 217.035,01 төгрөг, нийт 50.346.529,80 төгрөгийг гаргуулан Хаан банкны Орхон салбарт олгож, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-д заасныг баримтлан Хаан банкны Ц.Моломжамц, Л.Халтар, Х.Эрдэнэбулган нартай байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн БЗГ 14/236 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Хариуцагч нар нь нэхэмжлэгчид төлөх 50.846.529,80 төгрөгийг сайн дураараа эс төлбөл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны зүйл болох Орхон аймаг Баян-өндөр сум Урт булаг баг 5 дугаар хороолол 18 дугаар байрны 35 тоот хаягт орших улсын бүртгэлийн Ү-2101001133 дугаарт бүртгэгдсэн 38 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 412 183 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 412 183 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа давж заалдсан гомдолдоо:

Хариуцагч нарын хоёр нь өндөр насны тэтгэвэрт байдаг бөгөөд Х.Эрдэнэбулган ажил хөдөлмөр эрхэлдэггүй ямар нэгэн орлого байхгүй бөгөөд анх зээл авсан өдрөөсөө хойш нийт 41.340.950 төгрөг төлсөн байхад үүнээс зөвхөн 24.877.099 төгрөгийг үндсэн зээлээс хасаж үлдэх 16.429.833 төгрөгийг хүүд нь тооцсон явдал нь зүйд нийцсэнгүй.

Одоогоор хариуцагч Л.Халтарын биеийн байдал нь муу байгаа тул тэтгэврийн мөнгөнөөсөө илүүчилж зээлийн төлбөр төлөх боломжгүй байна.

Иймд: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШШ2016/01097 дугаар шийдвэртэй хэргийг тал бүрээс нь нарийн хянан үзэж хариуцагчийн төлбөрийн чадваргүй байдлыг харгалзан үзэж зээлийн хүүгийн төлбөрийг 2.753.297 төгрөгөөр багасгаж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                           ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч нь 2014 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр байгуулсан 14/236 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн төлбөр бүгд 50.846.529 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч нар тус банкнаас 70.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 20.4 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор зээлсэн ба зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, нэхэмжлэгчээс зээлийн төлбөр төлөхийг удаа дараа мэдэгдсэн болох нь зээлийн гэрээ, зохигчдын тайлбар, мэдэгдэл, зээлийн бүртгэлийн картны хуулбар зэрэг баримтаар тогтоогдсон ба шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Хариуцагч нар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг эс зөвшөөрч, тавилгын үйлдвэрлэлээ 2016 оны 6 дугаар сараас эхлүүлэх боломжтой гэж тайлбарласан байгаа боловч тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн төлбөрөөс эргэн төлөлт огт хийгээгүй байна.

Хариуцагч нарын итгэмжлэгч төлөөлөгч Ж.Нямаа “...хариуцагч нар зээлийн төлбөрт нийт 41.340.950 төгрөг төлснөөс зээлийн хүүд 16.429.833 төгрөгийг төлсөн тул  нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүгийн төлбөрөөс 2.753.297 төгрөгөөр багасгаж өгөхийг хүсч...” давж заалдах гомдол гаргасан боловч зээлийн хүүг багасгах үндэслэлийг нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1097 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасны дагуу хариуцагч Ц.Моломжамцын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59.003 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

                     ШҮҮГЧИД                                  Б.БАТТӨР

                                                                        Б.ОЮУНЦЭЦЭГ