Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 142/ШШ2016/01097

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Хаан банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-18-35 тоотод оршин суух Боржигон овгийн Цогоогийн Моломжамц /ФМ51091866/,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-18-35 тоотод оршин суух Боржгон овгийн Ламжавын Халтар /ФМ42122575/

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-18-35 тоотод оршин суух, Боржгон овгийн Халтарын Эрдэнэбулган нарт холбогдох

“Зээлийн гэрээний үүрэг 50 846 529 төгрөг гаргуулах, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Соёлцэцэг, Г.Болдсайхан, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн Орхон салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: Зээлдэгч Ц.Моломжамц, Л.Халтар, Х.Эрдэнэбулган нар нь Хаан банкны Орхон салбараас 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр БЗГ 14/236 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 70 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 20,4%-ийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5 дугаар хороолол 18 дугаар байрны 35 тоот хаягт орших Улсын бүртгэлийн Ү-2101001133 дугаарт бүртгэгдсэн 38 м2 талбай бүхий 3 өрөө орон сууц эргэлтийн бараа, телевизор, хөргөгч, гал тогооны тавилга, мөлхөө тавилгыг тус тус барьцаалан зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1-т заасны дагуу зээлийн төлбөрийг Зээл буцаан төлөх хуваарийн дагуу төлөх ёстой ба зээлийн гэрээний 3.2.1-т зааснаар сар бүрийн 02-ны өдрийн дотор зээлийн тухайн нэг сарын төлбөр болох 2 618 000 төгрөгийг 5094203164 тоот харилцах дансанд төвлөрүүлсэн байх, зээлийн гэрээний 4.2.1-т заасны дагуу зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх, 4.2.2-т заасны дагуу зээлийг зориулалтын дагуу ашиглах үүргүүдийг хүлээсэн. Зээлдэгч нь 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан БЗГ-236 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу дараах төлбөрийг төлсөн байна. Үндсэн зээл 24 877 099.86, зээлийн хүүгийн төлбөрт 16 429 833.65, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 34 016.49 төгрөг нийт 41 340 950.00 төгрөг төлсөн байна. Зээлдэгч Моломжамц нь 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл  хугацаанд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу бүтэн 8 сар гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу харилцан тохиролцсон хуваарьт төлбөрөө төлөөгүй ба удаа дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээл төлөх мэдэгдэл, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зээл буцаан дуудах мэдэгдэл хүргүүлж байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зөрчсөөр байна. Иймд банк шүүхэд 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар дор дурьдсан байдлаардор дурьдсан гаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.

Үүнд: 1. Зээлдэгч Ц.Моломжамц байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн БЗГ 14/236 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах,

2. Дараах зээлийн төлбөрийг гаргуулах-Зээлийн БЗГ-14/236 тоот гэрээний төлбөр үндсэн зээлийн төлбөр 45 122 900.14 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 5 506 594.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлөр 217 035.01 төгрөг, нийт 50 846 529.80 төгрөг гаргуулах,

- Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал- улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 412 183 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 10 000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна.

3. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах-Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5 дугаар хороолол 18 дугаар байрны 35 тоот хаягт орших Улсын бүртгэлийн Ү-2101001133 дугаарт бүртгэгдсэн 38 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлага хангуулж авч өгнө үү. ...Улсын тэмдэгтийн хураамж болон нотариатын үйлчилгээний хураамжийг нэхэмжлэлийн үнийн дүнд оруулаагүй. Мөн нэхэмжлэл гаргаснаас хойших хугацааны буюу 2016 оны 03 дугаар сараас хойших хүү төлбөрийг бид нэмж нэхэмжлээгүй гэжээ.

Хариуцагч Ц.Моломжамц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Орхон аймаг дахь Хаан банкны салбарын нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагын зээлийн гэрээ цуцлах гэсэн хэсгийг нь хүлээн зөвшөөрөхгүй болох дараах үндэслэлүүдээр тайлбарлаж гаргаж байна. Үүнд: Би 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Орхон аймаг дахь Хаан банкны салбараас 70 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлдэж авсан. Би анх зээл авсан өдрөөсөө хойш 15 сарын турш 2 618 000 төгрөг төлж байсан. Би тавилгын дэлгүүр ажиллуулж байгаад 2015 оны 03 дугаар сараас эхлээд ажиллуулахаа больсноос болоод зээлийн төлбөрөө төлж чадахаа больсон. 2016 оны 06 дугаар сараас эхлээд тавилгын дэлгүүрээ ажиллуулах болно гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэрээний үүрэг дээр цуцлах үндэслэл тогтоогдоогүй. Гэрээний үүргээ биелүүлээгүй нь үнэн... гэжээ.   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар нь хариуцагч Ц.Моломжамц, Л.Халтар, Х.Эрдэнэбулган нарт холбогдуулан “Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, гэрээний үүрэг 50 846 529 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн.  

Ц.Моломжамц, Л.Халтар, Х.Эрдэнэбулган нар нь Хаан банкны Орхон салбараас 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 14/236 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 70 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 20,4%-ийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн байх ба, зээлийн барьцаанд Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5 дугаар хороолол 18 дугаар байрны 35 тоот хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү-2101001133 дугаарт бүртгэгдсэн 38 м2 талбай бүхий 3 өрөө орон сууц, эргэлтийн бараа, телевизор, хөргөгч, гал тогооны тавилга, мөлхөө тавилгыг тус тус барьцаалан зээл авсан болох нь хэргийн 6-11 дүгээр хуудас дахь зээлийн болон барьцааны гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, зохигчдын  тайлбарууд зэргээр нотлогдож байна.

Зохигчдын хооронд хийгдсэн үл хөдлөх хөрөнгө барьцаалсан 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн БГ 14/236 тоот барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан бичгээр хийгдэж улсын бүртгэлд бүртгүүлж нотариатаар баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байх ба зээлийн гэрээ болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар хариуцагч маргаагүй. 

Дээрх зээлийн болон барьцааны гэрээгээр Хаан банк нь хариуцагчаас Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйлүүдэд заасан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг шаардах, гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар барьцааны зүйлийн үнээс шаардлагыг хангуулахаар шаардах эрхтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр “...зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээний үүрэг дээр цуцлах үндэслэл тогтоогдоогүй” гэсэн тайлбар гаргасан.

Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн БЗГ 14/236 тоот гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д “дараах тохиолдолд банкны санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө бүрэн төлөхийг шаардана.  Энэхүү гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-6.1.10-т зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах талаар заажээ.

Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д “Зээл олголт эргэн төлөлтийн хуваарь”-ийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлана гэжээ.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу буюу 2015 оны 9 дүгээр сараас хойш төлөөгүй байх ба Хаан банк Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар зээлдэгчид гэрээнээс татгалзах тухайгаа мэдэгдэж байсан нь 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн зээл төлөх мэдэгдэл, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн зээл буцаан дуудах мэдэгдэл зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах Хаан банкны шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

Нэгэнт хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ц.Моломжамц, Л.Халтар, Х.Эрдэнэбулган нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох үндсэн зээл 45, 122, 900.14 төгрөг, зээлийн хүү 5,506,594.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 217,035.01 төгрөг, нийт 50,846,529.80 төгрөгийг гаргуулан Хаан банкны Орхон салбарт олгож шийдвэрлэлээ.

       Зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх тул зээлийн төлбөрийн үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгчийн шаардлага хуульд нийцсэн байна.

Хариуцагч нар нь дээрхи төлбөрийг сайн дураараа эс төлбөл үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр хариуцагчийн  барьцаа хөрөнгийг албадан худалдаж үнийн дүнгээс хангуулах үндэстэй гэж шүүх  шийдвэрлэлээ.

Шүүхэд нэхэмжлэл гаргахад холбоотой гарсан зардал улсын тэмдэгийн хураамж 412 183 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 10 000 төгрөг нэхэмжилнэ гэж нэхэмжлэлд дурьдсан байх ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэдэг бөгөөд, улсын тэмдэгтийн хураамж болон нотариатын үйлчилгээний хураамжийг нэхэмжлэлийн үнийн дүнд оруулаагүй гэж нэхэмжлэгчийн итгмэжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан тул үүнийг нэхэмжлэлийн шаардлага гэж үзээгүй болно.  

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Ц.Моломжамц, Л.Халтар, Х.Эрдэнэбулган нараас үндсэн зээл 45,122,900.14 төгрөг, зээлийн хүү 5,506,594.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 217,035.01 төгрөг, нийт 50,846,529.80 төгрөгийг гаргуулан Хаан банкны Орхон салбарт  олгосугай.

2. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-д заасныг баримтлан Хаан банкны Ц.Моломжамц, Л.Халтар, Х.Эрдэнэбулган нартай байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн БЗГ 14/236 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцласугай.

3. Хариуцагч нар нь нэхэмжлэгчид төлөх 50,846,529.80 төгрөгийг сайн дураараа эс төлбөл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны зүйл болох Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5 дугаар хороолол 18 дугаар байрны 35 тоот хаягт орших Улсын бүртгэлийн Ү-2101001133 дугаарт бүртгэгдсэн 38 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 412 183 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 412 183  төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбарт олгосугай.

5. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА