Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 381

 

 

 

 

 

 

 

 

 

П.Ганзоригт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Цогтгэрэл,

цагаатгагдсан этгээд П.Ганзориг, түүний өмгөөлөгч Ц.Гүенбат,

хохирогч О.Батмөнх, түүний өмгөөлөгч Б.Лхагважав,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 110 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогч О.Батмөнх, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн П.Ганзоригт холбогдох 201525022065 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Пүрэвдоржийн Ганзориг, 1981 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 82-39 тоотод оршин суух хаягтай, /одоо Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Американ дэнж 44-6-38 тоотод оршин суух/, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ЙЭ81091615/,

 

П.Ганзориг нь 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “С.Баярцогт гишүүний туслах байгаа юм, манай дарга Дорнодод наадам зохион байгуулах гэж байгаа юм 2 автомашин авна” гэж хохирогч О.Батмөнхөөс 132.145.000 төгрөгийн үнэ бүхий “Тоёота Ланд круйзер 200” загварын автомашиныг 140.000.000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлан хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “...Гадаад хэргийн яаман дээр гадаадын зочдыг хүлээж авах автомашин хэрэгтэй байна...” гэж хохирогч Б.Энхбаярын эзэмшлийн 32.000.000 төгрөгийн үнэ бүхий 31-21 УНС улсын дугаартай “Лексус Эл Экс 470” загварын автомашиныг 45.000.000 төгрөгөөр тооцож, худалдан авах гэрээгээр халхавчлан хуурч мэхлэх аргаар тус тус залилан мэхэлж нийт 164.145.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: П.Ганзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Пүрэвдоржийн Ганзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201525022065 дугаар хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон цагаатгаж,

П.Ганзориг 37 хоног цагдан хоригдсоныг дурдаж, урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Хохирогч О.Батмөнх иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч О.Батмөнх гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгч П.Ганзоригийг миний “Тоёота Ланд круйзер 200” загварын автомашиныг “С.Баярцогт гишүүний туслах” гэх мэтээр өөрийгөө ойлгуулан надтай хамт автомашин зардаг Б.Энхбаярыг дагуулж ирж өөрийгөө Засгийн газрын хэрэг эрхлэх газар ажилладаг гэсэн итгэл үнэмшил төрүүлж, миний автомашиныг залилан мэхлэж авсан байхад түүнд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

П.Ганзоригийг өмнө нь огт таньдаггүй байсан. 2015 оны 8 дугаар сарын 15-нд Б.Энхбаяр авч ирж танилцуулахдаа урьд нь иргэний нисэхэд хамт ажиллаж байсан, одоо С.Баярцогт гишүүний туслахаар ажиллаж байгаа гэж хэлээд миний зарж байсан автомашинаас “манай дарга Дорнодод наадам зохион байгуулах гэж байгаа юм 2 автомашин авна” гэж хэлэхээр нь С.Баярцогт гишүүний туслах, тэгээд Б.Энхбаяртай хамт ажиллаж байсан гэж хэлэхээр нь итгэж “Тоёота Ланд круйзер 200” загварын автомашиныг 140.000.000 төгрөгөөр тооцож өгсөн.

Тэр залилан хийхдээ Засгийн газар ажилладаг хүний нэр барьж итгэл үнэмшил төрүүлсэн, түүнийг тэнд ажилладаг гэдгийг Б.Энхбаяр батлаж надад улам итгэл төрүүлж, үнэн байдлыг гуйвуулж намайг төөрөгдүүлсэн юм.

Миний автомашиныг надаас авахдаа зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлан хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авсан.

Шүүгдэгч П.Ганзориг надаас автомашиныг авахдаа манай засгийн газрын жолооч гэсэн цэвэрхэн цагаан цамцтай залууг дагуулж ирээд тэр залуугаар автомашинаа бариулаад өөрөө хажууд нь суугаад явахад нь би түүнийг Засгийн газар ажилладаг нь үнэн юм байна гэж итгэсэн юм.

Б.Энхбаяр нь өөрийн эзэмшлийн 31-21 УНС улсын дугаартай “Лексус Эл Экс 470” загварын автомашинаа 45.000.000 төгрөөр тооцож П.Ганзоригт зарсанаа надад хэлээгүй, би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргахдаа мэдсэн юм.

П.Ганзориг миний “Тоёота Ланд круйзер 200” загварын автомашиныг цааш нь Лхагвадорж гэх хүнд зээлээр 145.000.000 төгрөгөөр зарсан байсан.

Энэ бүхнээс харахад П.Ганзориг төрийн том албан тушаалтны нэрийг барьж, зээлийн гэрээгээр халхавчлан залилангийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байхад шүүх хэт нэг талыг барьж түүнд холбогдох хэргийг цагаатгаж шудрага бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. П.Ганзориг ганц намайг биш энэ хэрэгт төрийн албаны хүмүүсийн нэр барьж “тендерт оруулна” гэх мэтээр зээлийн гэрээгээр халхавчилж олон хүнийг залилсан болох нь тогтоогдсон байдаг. Хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулан хэргээ хэрэгсэхгүй болгож байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдаж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирлын тооцоо зөрүүтэй, хэд хэдэн үнэлгээ гаргасныг анхаарч үзээгүй байж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Түүнчлэн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа хэргийн материалыг миний өмгөөлөгчид танилцуулж санал хүсэлтийг нь авахгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлж миний эрх ашгийг зөрчсөн. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 110 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

 

Хохирогч О.Батмөнхийн өмгөөлөгч Б.Лхагважав гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...П.Ганзориг нь 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “С.Баярцогт гишүүний туслах байгаа юм, манай дарга Дорнодод наадам зохион байгуулах гэж байгаа юм 2 автомашин авна” гэж хохирогч О.Батмөнхөөс 132.145.000 төгрөгийн үнэ бүхий “Тоёота Ланд круйзер 200” загварын автомашиныг 140.000.000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлан хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан, 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “...Гадаад хэргийн яаман дээр гадаадын зочдыг хүлээж авах автомашин хэрэгтэй байна...” гэж хохирогч Б.Энхбаярын эзэмшлийн 32.000.000 төгрөгийн үнэ бүхий 31-21 УНС улсын дугаартай “Лексус Эл Экс 470” загварын автомашиныг 45.000.000 төгрөгөөр тооцож, худалдан авах гэрээгээр халхавчлан хуурч мэхлэх аргаар тус тус залилан мэхэлж нийт 164.145.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байхад анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг үндэслэн эрүүгийн хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хохирогч О.Батмөнх, хохирогч Б.Энхбаяр нарын мэдүүлгээр шүүгдэгч бодит байдлыг илтэд гуйвуулах, төрийн өндөр албан тушаалтны нэр барьж төөрөлдүүлсэн байдаг. Шүүгдэгч П.Ганзориг хохирогч О.Батмөнхтэй зээлийн гэрээ байгуулсан гар бичмэл нь иргэний эрх зүйн харилцааг тодорхойлсон эрх зүйн баримт биш бөгөөд харин энэ баримт нь шүүгдэгчийн өөрийн хуурч мэхлэх үйлдлээ халхавчлах, хүч оруулах зорилгоор хийгдсэн гар бичвэр болох нь тогтоогдсон байна. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байхад анхан шатны шүүх өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээгээгүй шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг үнэлэлгүй шүүгдэгчийн мэдүүлэгт хөтлөгдөн нэг талыг баримтлан шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Хохирогч О.Батмөнх 4 удаагийн мэдүүлгээ “Б.Энхбаяр нь П.Ганзоригийг дагуулж ирээд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын туслах, Дорнодод наадам зохион байгуулах гэж байгаа юм, 2 ширхэг автомашин авна гэхээр нь би Энхбаярыг “чиний сайн таньдаг хүн юм бол чамд итгээд өгч явуулъя” гээд “Тоёота Ланд круйзер 200” загварын автомашиныг өгсөн” гэж тууштай мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч П.Ганзориг нь найз нөхдийн сайн харилцааг ашиглан давтан үйлдлээр бусдад онц их хэмжээний хохирол учруулан залилсан нь хохирогч нарын мэдүүлгээр нотлогддог бөгөөд гэрч Д.Сүхболд, Д.Лхагвадорж нар давхар нотолж мэдүүлсэн байхад гэрчийн мэдүүлгийг шүүх үнэлээгүй.

Анхан шатны шүүх П.Ганзоригийн үйлдлийг шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийдвэрлүүлвэл зохино гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 110 дугаар цагаатгах тогтоолд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 110 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

Цагаатгагдсан этгээд П.Ганзоригийн өмгөөлөгч Ц.Гүенбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч “П.Ганзориг энэ автомашиныг Лхагвадорж гэх хүнд зарсан байна” гэж гомдолдоо дурдсан байна. Гэтэл П.Ганзориг тухайн автомашиныг хохирогчтой ярилцаад “энэ автомашиныг би авах боломжгүй болчлоо, яах вэ” гэхэд “би нэгэнт зарсан автомашиныг буцаж авахгүй, мөнгөө авъя” гэсэн. П.Ганзориг цааш нь худалдаж мөнгийг хохирогчид өгөх зорилгоор Лхагвадоржид шилжүүлсэн. Хохирлын тооцоо зөрүүтэй хэд хэдэн үнэлгээ гарсныг анхаарч үзээгүй гэсэн байна. Хохирлын тооцоонд зөрүү байхгүй таарч байгаа. Хохирлын тооцоо болон бусад үйлдлүүдийн талаар анхан шатны шүүх хэлэлцээд хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд буцаагаад энэ асуудлаа цэгцлээд дахин шүүх хуралдааныг хийсэн. Хавтаст хэргийн 134 дүгээр талд тухайн автомашиныг 132.145.000 төгрөгөөр үнэлсэн. Б.Энхбаяртай залилсан ямар нэгэн үйлдэл байхгүй. Тухайн автомашиныг 145.000.000 төгрөгөөр гэрээ хийгээд урьдчилгаа 20.000.000 төгрөгийг нь өгөөд автомашинаа авсан. Гэхдээ энэ асуудал үүссэний дараа тухайн автомашиныг буцаагаад өгсөн. Тодорхой үнэлгээ гаргаад хохирлыг төлж барагдуулаад дууссан. Өөр хүмүүсийг хуурч мэхэлсэн, халхавч зорилготой байсан нь нотлогдож байна гэж яриад байна. Гэвч нотлогдоогүй. Мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болсон. П.Ганзоригийн хувьд залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэх санаа зорилго анхнаасаа байгаагүй гэдэгт анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн. Хохирогчийн хувьд тухайн автомашиныг зарсан гэж ярьдаг. Автомашины гааль дээр бичигдсэн үнэлгээгээр 57.000 ам.долларын үнэтэй автомашин байсан. Хохирогч автомашинаа 105.000.000 төгрөгөөр зарсан, 140.000.000 төгрөгөөр зарах ёстой байсан боловч 35.000.000 төгрөгийг дутуу олсон гэж шүүхэд гомдол гаргасан. Гэтэл энэ асуудлыг иргэний журмаар шийдвэрлэсэн байдаг. Залилан мэхлэх гэмт хэргийн шинж байхгүй, хэргийг бүх талаас нь судалж, мөрдөн байцаалтын шатанд хийгдэх ёстой бүх ажиллагааг хийсэн боловч яллах хангалттай нотлох баримт байхгүй байна гэж үзсэн. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан учраас цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

Цагаатгагдсан этгээд П.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй гарсан. Залилан мэхлэх санаа зорилго байгаагүй. Тухайн үед намайг цагдан хоригдсон байхад гомдол гаргасан байсан.” гэв.

 

Прокурор Г.Цогтгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “П.Ганзоригт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзсэн. Гэхдээ залилан мэхлэх гэмт хэргийн гол шинж бусдыг төөрөгдөлд оруулж, түүний өмчлөлд байгаа эд хөрөнгийг авахыг ойлгоно. Хохирогч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна. Яагаад эсэргүүцэл бичээгүй вэ гэхээр би өвчтэй байсан учраас хуулийн хугацааг алдаад эсэргүүцэл бичиж амжаагүй.” гэв.

 

ХЯНАВАЛ:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс П.Ганзоригт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгасан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.3 дахь хэсэгт “…шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болж байгаа нотлох баримт, яллах үндэслэл болж байсан нотлох баримтыг шүүх ямар учраас үгүйсгэж байгаа үндэслэлийг тодорхойлох ба шүүгдэгчийг гэм буруугүй болоход эргэлзээ төрүүлэх зүйлийг оруулж болохгүй” гэж заасан байхад анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа “...иргэд хоорондын иргэний эрх зүйн харилцаа үүссэн боловч шүүгдэгч цагдан хоригдсноос гэрээний үүрэг биелүүлэх боломжгүй болжээ… шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх нь зүйтэй” гэж хэт ерөнхийлөн дүгнэсэн нь шүүгдэгч П.Ганзоригийг цагаатгах үндэслэл бүхий дүгнэлт болж чадаагүй байна.

 

Иймд хохирогч О.Батмөнх, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарын гаргасан “...хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх давж заалдах гомдлуудыг хангаж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 110 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 110 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, П.Ганзоригт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол П.Ганзоригт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичиж болохгүйг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАТСАЙХАН

                                 ШҮҮГЧИД                                                          Д.ОЮУНЧУЛУУН

                                                                                                Ц.ОЧ