Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 115/ШШ2017/0016

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Б.Цэнд даргалж,  тус шүүхийн  хуралдааны танхимд нээлттэй хийж

Нэхэмжлэгч: “Э” ХХКомпанийн нэхэмжлэлээр 

Хариуцагч: Дорноговь аймгийн Засаг даргад холбогдуулан үүсгэсэн

Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/612 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн “Э” ХХКомпанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан  хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Э” ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.М, хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга Б.Баярмаа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Сайншанд сумын 4-р багийн нутаг дэвсгэрт Шунхлайн агуулахын хойд талд ачилт, буулгалтын талбайн зориулалтаар 5.36 га газрыг төсөл сонгон шалгаруулах журмаар эзэмшүүлэхээр болсны дагуу "Э” ХХКомпани  нь тус сонгон шалгаруулалтад оролцсон. Ингээд аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас манай компанийн төсөл сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагыг хангаж, тус газрыг эзэмшүүлэхээр болсныг мэдэгдсэн бөгөөд газрын төслийн үнэ болох 77,184.000 сая төгрөгийг төлснөөр газар эзэмших эрхээ баталгаажуулсан билээ.

Үүний дагуу Дорноговь аймгийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/374 дугаартай захирамж гарч 2012 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 42/12 дугаар Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, гэрчилгээг авсан.

Гэтэл Дорноговь аймгийн Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/612 дугаартай захирамж гарган хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр “Э” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн мэдэгдэл болон дээрх захирамжийг манай компанид 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр гардуулснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг мэдсэн юм.

Ингээд 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдад гомдол гаргасан бөгөөд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Дэд дарга 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн ХЭГ/607 тоот хариу хүргүүлэх тухай албан бичгээр "... Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/612 дугаар бүхий захирамжийг үндэслэлтэй" гэж үзсэн. Тус хариуг манай компани 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авсан ба урьдчилан шийдвэрлэх журмаар гаргасан гомдлыг нэгэнт хүлээн аваагүй тул Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/612 дугаартай захирамжийг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Сайншанд сумын 4-р багийн нутаг дэвсгэрт Шунхлайн агуулахын хойд талд ачилт буулгалтын талбайн зориулалтаар 5.36 га газрыг эзэмших болсон гол шалтгаан нь төр засгийн бодлогоор Сайншанд хотод аж уйлдвэрийн парк, цогцолбор байгуулах, Зүүнбаян Өмнөговь чиглэлийн төмөр замын ажил хийгдэхтэй холбоотойгоор ачилт буулгалтын терминаль бий болгох зорилгоор төсөл сонгон шалгаруулалтад орсон юм. Сайншанд хотод аж үйлдвэрийн парк байгуулах ажил хийгдэхгүй байгаа нь манай компани тухайн газрыг ашиглаагүйн шалтгаан бөгөөд тухайн төслийн хүрээнд төр засгаас хийгдэх ёстой ажлыг хүлээсээр өдийг хүрсэн.

Иймээс засаг даргын захирамжид дурдсан газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр “Э" ХХК-ийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Дорноговь аймгйин Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/612 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн “Э" ХХКомпанид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан ба нэхэмжлэлийг дэмжиж  түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 

Аж үйлдвэрийн цогцолбор нь Зүүнбаян, Өмнөговь чиглэлийн төмөр замтай холбоотой, тухайн үеийн Засгийн газрын тогтоол, шийдвэрт тусгагдсанаар 10-12 сая тн ачаа зөвхөн Сайншанд сумын аж үйлдвэрийн парк дээр боловсруулагдах байсан. Үүний хүрээнд бид нар төслөө боловсруулсан бөгөөд 10-12 сая тн ачаанаас авч боловсруулах зорилготой төсөл анх хийгдсэн. Сайншанд сумын хувьд одоо хэвийн хэмжээндээ 200-300 мянган тн ачааг боловсруулдаг. Үүний дийлэнх нь Зүүнбаянгийн нефть, цайрт минералын ачаа дийлэнхийг эзэлдэг. Бусад нь ахуйн чанартай болоод орон нутгийн жижиг ачаа байгаа. Үүнээс үзэхэд Ачилт буулгалтын терминалыг Сайншанд суманд байгуулах шаардлага байгаагүй гэж ойлгогдоно. Одоогийн байдлаар тусгай зориулалтын ачааны талбай байхгүй ч гэсэн зарим байгууллагуудын жижиг салаа замаар эдгээр ачаа нь боловсруулагдаад, мөн Зүүнбаян болон Цайрт минерал, Цементийн үйлдвэр, импортын компаниуд ачааны хашаа болон салаалсан төмөр замтай учраас түүгээрээ урьдын адил боловсруулаад явж байгаа. 

Гэтэл Сайншандад Аж үйлдвэрийн парк байгуулагдсан нөхцөлд 10-12 сая тн ачаа боловсруулагдах байсан учраас ачилт буулгалтын терминаль зайлшгүй шаардлагатай нь төсөл сонгон шалгаруулалтаас харагддаг. Бид төслийн хүрээнд эхний ээлжинд 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөгдсөн. Энэ бага мөнгө биш. Өртөгийг 3,6 жилийн дараа нөхөхөөр тооцоологдсон. Орлогын тооцоо хийхдээ Сайншанд дахь аж үйлдвэрийн парк, Өмнөговь, Зүүнбаян чиглэлийн төмөр зам баригдах, тухайн үед Замын-Үүд чиглэлийн авто зам ашиглалтанд ороогүй байсан ч тухайн бүтээн байгуулалттай холбоотой төслүүдтэй холбоотойгоор ачаа жилд 20-30 хувь нэмэгдэнэ гэж тооцоолоод 3,6 жилийн дараа өртөгөө нөхнө гэж тооцоолсон. Энэ графикаараа болон төр засгийн бодлого хэрэгжээд явсан бол 3.6 жилд өртөгөө нөхсөн байх байсан. 

Улсынхаа иргэн, хуулийн этгээдэд бизнес явуулах, улс орондоо нэмэр болох чиглэлээр хамгийн гол дэмжлэг нь газар байдаг. Дээр нь төр засгийн урамшуулал байдаг, энэ нь суурь бүтэц болох газрыг олгох асуудал. Улс төрийн сонгуулиас сонгуулийн хооронд үе үеийн Засгийн газар чиглэл бодлогынхоо хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчдад нэр хүндээ алдаж ирсэн. Үүний нэг нь Э ХХКомпани болчихоод байна. Энэ нь Сайншанд аж үйлдвэрийн парк байгуулахтай холбоотой эзэмшихээр авсан газраа алдаад байгаатай холбоотой. Өнөөдөр энэ төсөл хэрэгжсэн байсан бол Сайншанд сум, аймаг, хот яаж хөгжих байсан нь тодорхой, үүний дагуух ачаа тээвэрлэлт, эрэлтийг нь шийдээд явах боломжтой байсан. Бидний ижил үйл ажиллагаа явуулдаг чиглэлийн олон компаниуд хохироод явж байгаа бөгөөд уг нь иргэд, хуулийн этгээд төрийн дор хуулийнхаа эрх хэмжээг хэрэгжүүлээд явах байсан. 

Гэтэл бодит ажил хийгдэхгүй байхад хөрөнгө оруулагч нар итгэхгүй болохоор тэр их хэмжээний мөнгийг дангаар гаргах боломжгүй бөгөөд асар их мөнгийг босгох үүрэг бид нарт ногдож байсан боловч бидний хувьд олох боломжтой байсан. Төрийн аливаа нэг шийдвэр байгаад, төр мөнгөө гаргаад явж байсан бол хөрөнгө оруулагч болоод иргэд, хуулийн этгээд итгэх байсан. Улсынхаа хууль, дүрэм тогтоомжинд итгэх ёстой. Итгээд ч газрыг авсан, тэгтэл газрыг буцаагаад авчихлаа. Гэтэл одоо цаашид энэ ажиллагаа үргэлжлэн явагдахаар тогтоол, шийдвэрүүд гарчихаад байгаа. Тэгэхээр бид хохирч  үлдээд байна, хэрэв алдсан газраа авчихвал өгүүлбэр нь өөрчлөгдсөн ч гэсэн цаад санаа нь байгаа учраас бид нар энэ төслөө хэрэгжүүлээд явах чин эрмэлзэл байсаар байна. Үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр гарсан төр, засгийн тогтоол, шийдвэрүүд гарсан байгааг үзэж харлаа, цаашид энэ нь огт хэрэгжихгүй биш, хэрэгжээд явах гээд байх шиг байна. 

Хэрэв газраа авчихвал  уг тогтоол, шийдвэрүүдтэй тодорхой хэмжээгээр уялдуудаад үйл ажиллагаагаа явуулах боломжтой тул эдгээр байдлыг харгалзаж үзэхийг хүсэж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   

Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Шунхлайн агуулахын хойд талд ачилт буулгалтын зориулалтаар 5.3 га газрыг “Э” ХХК төсөл шалгаруулах журмаар эзэмшсэн. Ингэхдээ тус аймгийн Засаг даргын захирамжийн дагуу зарлагдсан тендер буюу төсөл сонгон шалгаруулалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу оролцож сонгон шалгаруулалтын шаардлагыг хангаж тэнцснээр  тус компани газрыг эзэмшихээр болсон. Үүний хамт тухайн газрын төслийн нийт үнэ болох 77184000 төгрөгийг холбогдох төрийн байгууллагын дансанд хийж шилжүүлсэнээр газар эзэмших эрхээ баталгаажуулсан. Үүний дагуу Дорноговь аймгийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн газар эзэмшүүлэх тухай  А/374 дүгээр захирамж гарч, 2012 оны 07 дугаар сарын 09-нд газар эзэмших гэрээг талууд байгуулж, гэрчилгээг авсан.

 Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Засаг дарга нь А/612 дугаар захирамжаар “Э” ХХК-ийг тухайн маргаан бүхий газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр гаргасан. Уг захирамж гарсныг бид  холбогдох хууль тогтоомжийн дагуу мэдээд урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Ерөнхий сайдад захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Гомдлынхоо хариуг аваад Дорноговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. 

“Э” ХХК-ийн хувьд төсөл сонгон шалгаруулалтанд оролцох, тухайн газрыг эзэмших болсон гол шалтгаан нь төр засгийн бодлогоор Сайншанд суманд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах, мөн Зүүнбаян, Өмнөговь аймгийн хооронд төмөр зам барих нөхцөл байдлуудтай холбоотойгоор ачилт буулгалтын терминаль байгуулахыг зорьж төсөл шалгаруулалтанд оролцож, тэнцэн холбогдох мөнгөн төлбөрийг төлж, газрыг эзэмших эрхийг олж авсан. 2012 оноос хойш 2016 оны 12 дугаар сар хүртэл буюу газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж гарах хүртэл газрыг ашиглаагүй, барилга байгууламж бариагүй гэж үзэж Газрын тухай хуульд заасан тухайн үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм. Яагаад үндэслэлгүй вэ? гэдгийг түрүүнд тайлбарлахдаа хэлсний дагуу газар эзэмших, сонгон шалгаруулалтанд орох болсон гол шалтгаан нь Сайншанд суманд аж үйлдвэрийн парк цогцолбор барих, Зүүнбаян, Өмнөговь аймгийн хоорондын төмөр замын ажил хийгдэхтэй холбоотой байсан гэдгийг дахин хэлье. 

 Дорноговь аймагт хэвийн хэмжээнээс илүү ачаа эргэлт, буулгалтын ажил хийгдэх болж байгаатай холбож үзэж байгаа ба энэ ч утгаараа Улсын Их Хурал, Засгийн Газар болон мөн дээрээс нь Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгдчийн Хурал, Засаг даргаас холбогдох шийдвэрээ гаргаж, энэ хэрэгцээнд тулгуурлан газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөө баталж, төсөл сонгон шалгаруулалт болон дуудлага худалдааг зохион байгуулах зорилгоор газар олгож эхэлсэн гэж ойлгож байгаа.  Гэтэл энэ 4 жилийн хугацааанд тухайн том, том төсөл, хөтөлбөрүүд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах асуудал болон үүнтэй холбогдох төмөр замын асуудлууд нь одоог хүртэл хэрэгжээгүй. Хэрэгжээгүй байна гэдэг нь юуг хэлж байна гэхээр хэрэгцээ байхгүй болсныг, хэрэгцээ нь байхгүй болохоор “Э” ХХК-ийн төсөл сонгон шалгаруулалтанд оролцсон үндэслэл нь байхгүй болчихсон. Эдгээр үйл баримтууд нь нийтэд ил болчихсон.

 Дорноговь аймгийн Сайншанд суманд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах асуудал хоёр Засгийн газар дамжиж ирсэн. Тодруулбал 2008-2012 оны Засгийн газар, 2012-2016 оны Засгийн газрыг дамжсан, гэтэл 2016-2020 оны Засгийн газар энэ асуудлаар холбогдох шийдвэрүүдээ гаргаад явж байгаа. Хамгийн сүүлийн Засгийн газрын шийдвэрээр Сайншанд суманд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах газрыг улсын хэрэгцээнд авчихсан байсан мөртлөө улсын хэрэгцэээнээс буцаагаад гаргачихсан. Өөрөөр хэлбэл газрыг улсын хэрэгцээнээс буцаагаад гаргасан сүүлийн үйл явдал нь аж үйлдвэрийн цогцолбор барихаа больж байгаа, мөн төмөр замын асуудал баригдахгүй болсон нь нийтэд илэрхий болсон ийм л асуудал бий болчихсон байгаа. 

 Шүүхэд хүсэлт гаргасны дагуу үзлэг хийх замаар нотлох баримтаар шинжлэн судлуулах явцад энэ хоёр үйл баримттай холбоотой баримт бичгүүд, түүнд дурдагдсан асуудлуудыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох хүрээнд тайлбарлаад явах бөгөөд түүнээс тодорхой харагдана. Ийм л нөхцөл байдлаар “Э” ХХКомпани тухайн газар дээр хөрөнгө оруулалт хийх боломж болон нөхцөл байдал нь ерөнхийдөө төр засгийн үйл ажиллагаа, бодлогоос шалтгаалаад өнөөдрийг хүрсэн нь харагдаж байгаа. Үүнийг бидний зүгээс “Э” ХХКомпанийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж байгаа гэж үзэхгүй байна. Харин ч эсрэгээрээ төрийн байгууллагын алдаатай бодлогоос шалтгаалаад “Э” ХХКомпани  77 сая төгрөгийг төлж газрыг авсан атлаа хохирчихоод сууж байна.  Цаашдаа яах вэ? гэхээр Дорноговь аймаг бол аж үйлдвэрийн төв байж олон салаа замын уулзварын дэд бүтэц байх нь тодорхой байгаа бөгөөд тус аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, эрх зүйн баримт бичгээс харахад аж үйлдвэрийн цогцолбор байгуулах санаа нь хэвээрээ, мөн дээрээс нь ачилт буулгалтын  асуудал, терминалийн зориулалтаар газар эзэмшүүлэх асуудал нь хэвээрээ байгаа. Энэ талаар авч үзвэл нэг ээлжит сонгуулиар Засгийн газар, Засаг даргаа солингуутаа гаргасан шийдвэрийн дагуу тодорхой газруудыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлчихээд, бодлого нь хэрэгжихгүй болонгуут дараагийн Засгийн газар нь тухайн газар эзэмших эрхийг хүчингүй болгодог ийм алдаатай бодлогоос шалтгаалаад иргэн, хуулийн этгээд хохироод байна. Үүнийг шүүх харгалзан үзнэ үү. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг бид  ийм байдлаар үгүйсгэж, тайлбарлаж байгаа. “Э” ХХКомпанид холбогдох газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамжид Газрын тухай хууль болон холбогдох эрх зүйн баримт бичгийг зөрчсөн гэж байгаа. Тухайн үндэслэлийг харахад энэ нь эргэлзээтэй, тодорхой биш үндэслэл зааж “Э” ХХКомпанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна гэж үзэхээр байна. 

Хуулийн дагуу төрийн албан хаагч болон Засаг дарга, холбогдох этгээдээс шийдвэр гаргахдаа аливаа хууль тогтоомжийг тухайн хуулийн этгээд ямар хуулийг хэрхэн зөрчсөн талаар тодорхой зааж өгөх ёстой. Гэтэл захирамжаас харахад нэг бүрчлэн зөрчлийг хэлж, заагаагүй өөрөөр хэлбэл ямар хэм хэмжээг зөрчсөн гэдгийг тодорхой заагаагүй бөгөөд ерөнхийд нь харахад хоёр жил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэдгийг л гол үндэслэлээ болгосон юм байна гэж ойлгохоор байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа нэг үндэслэл бол Газрын тухай хуулиар газрыг ердийн журмаар эзэмшүүлэх харилцааг илүү нарийвчлан зохицуулсан байдаг. Гэтэл төсөл сонгон шалгаруулах журмаар болон дуудлага худалдааны журмаар газар эзэмших харилцааг иргэн, хуулийн этгээд болон шийдвэр гаргах төрийн байгууллагын хооронд хэрхэн зохицуулахыг энэ хуулиар нарийвчлан зааж өгөөгүй. Гэтэл “Э” ХХКомпани төсөл сонгон шалгаруулах замаар газар эзэмших эрхтэй болсон нь  ердийн журмаар эзэмшсэн гэж үзэхээргүй ба газрын ашиглалт, төслийн хэрэгжилтийн талаар Засаг даргатай холбоотой харилцааг зохицуулсан эрх зүйн баримт бичиг байхгүй байна. Үүгээр “Э” ХХКомпани нь тухайн газрыг ердийн журмаар эзэмшиж байгаа биш болох нь тодорхой бөгөөд энд өөр  журам, өөр нөхцөл байдал үйлчлэх ёстой гэж үзэж байна. 

Ердийн журмаар газар эзэмших тохиолдолд түүнийг иргэн, хуулийн этгээд өөрөө хүсдэг, харин нөгөө хоёр тохиолдол болох дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалтыг төрийн байгууллагаас нийтэд эсхүл хязгаарлагдмал этгээдүүдэд зарладаг. Үүнээс үзэхэд харилцааны үндэс нь ондоо байдлаар үүсч эхэлдэг. Энэ дагуу төрийн байгууллагаас зарласан төсөл сонгон шалгаруулалтанд “Э” ХХКомпани оролцсон. Бид дээрх байдлаар оролцохдоо Дорноговь аймагт ачаа тээврийн ачаалал маш их болох юм байна, энэ үүднээс ачаа тээврийн терминаль байгуулах зориулалттай тендер зарлагдаж байгаа юм байна гэж үзсэн.  “Э” ХХКомпани 2012 оноос тухайн газрыг эзмшсэнээс хойш газрын төбөрийг төлөөд явж байсан нь  хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа. Гэтэл газрын төлбөрөө төлөөгүй гэдэг зүйл хариуцагчийн тайлбарт авагдсан харагдаж байна. Газрын төлбөрөө төлж байгаа байдал нь тухайн газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа хуулийн этгээд гэдэг талаасаа илэрхийлэгдэж байгаа. Нөгөө талаас төлбөр аваад, төлбөр нь төсөвт ороод явж байхад Дорноговь аймгийн газрын албанаас газрын төлбөрийг авахгүй гэсэн ямар нэгэн шаардлага гаргаж байгаагүй ба төлбөрөө аваад л явж байсан. Энэ нь танайх зохих журмын дагуу газраа эзэмшиж байгаа юм байна гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа гэж үзсэн үйлдэл гэж ойлгогдож байгаа. Энэ утгаараа “Э” ХХКомпани тухайн газрыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих ёсоор эзэмшиж байсныг нотолж байна. Мөн дээрээс нь нэмж хэлэх ёстой нэг зүйл бол дээр хэлсэнчлэн нэхэмжлэгчээс тусгай нөхцөлөөр газрыг эзэмших эрхтэй болсон тухайг тайлбарласан. Энэ дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жил гээд тогтоочихсон байгаа. Үүнийг сунгуулах ганцхан нөхцөл байдаг. Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан бол сунгуулах хүсэлтээ дуусахаас өмнө 30 хоногийн өмнө холбогдох байгууллагад хүсэлтээ гаргах шаардлагатай. Гэтэл гэрчилгээнд зааснаар  “Э” ХХКомпанийн газар эзэмших эрхийн хугацаа дуусаагүй байгаа. Тухайн газар дээрээ ачилт буулгалтын талбай байгуулах зорилго нь хэвээр байгаа энэ нь одоо ашиглахгүй гэсэн зүйл биш. Цаашид зориулалтаар нь ашиглах зорилготой явж байгаа. Үүнээс гадна газрын зориулалттай холбоотой хэлэх нь зүйтэй нэг зүйл бол Газрын тухай хуулиар аж ахуйн нэгжид  үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар  газар эзэмших эрхтэйг заагаад өгчихсөн байдаг.

Харин “Э” ХХКомпанид үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар гэсэн ерөнхий нэр томъёогоор биш зөвхөн ачилт буулгалтын талбайг барих ёстой гэж тусгайлан зааж өгсөн байгаа. Тиймээс тусгай зохицуулалт шаардсан энэ харилцааг Засаг даргын зүгээс “Э” ХХКомпанид олгоогүй гэж үзэж байгаа. Газар эзэмших гэрээний хувьд захиргааны зүгээс жишиг гэрээ авчраад нөгөө талд өгч байгуулдаг, бараг зарим нь хүчээр байгуулдаг. Өөрсдийн талаас нөхцөлөө оруулах боломжгүй байдаг. Үүнтэй холбоотойгоор хэлэхэд гол нь гэрээний заалтад “Э” ХХКомпанид нөхцөлөө оруулах боломж олгоогүй. Үүн дээр яах байсан бэ гэхээр хоёр тал  гэрээнд нөхцөлөө хэлээд тусгай зориулалтаар газар эзэмшиж байгаа учраас түүнд  зохицсон, тэр онцлогт нь таарсан харилцааг зохицуулсан гэрээний заалтуудыг оруулж өгөх ёстой байсан юм байна гэж ойлгогдож байгаа юм. Гэтэл газрын албаны мэргэжилтэнтэй зөвшилцөөд гэрээг авсан энэ нь компанийн алдаа болсон. Төрийн байгууллагын зүгээс тухайн газарт ачилт буулгалтын талбайг байгуулах нь орон нутагт ашигтай гэж үзсэн юм бол танай зүгээс ийм байдлаар хэрэгжүүлээрэй гэдгийг хэлж өгөх нь зүйтэй байсан. “Э” ХХКомпанитай байгуулсан гэрээн дээр Засаг даргад үүрэг болгосон ганцхан зохицуулалт байгаа ба тэр нь гэрээний газар эзэмшүүлэгчийн үүрэг хэсгийг зохицуулсан 5.2 дугаарт заагдснаар “шалгарсан төслийг хэрэгжүүлэх” гэж үүрэг болгосон зохицуулалт байгаа. Энэ талаас нь харахад энэ нь төслийг заавал хэрэгжүүлэх үүрэг болгосны хувьд төсөл хэрэгжих боломжтой юм байна гэж үзэж байгаа. 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй шаардлагаа нотолж чадахгүй байна гэж үзэж байна. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй болох нь дээр дурдсан тайлбар, үндэслэлүүдээр тогтоогдож байгаа юм.

Гэхдээ дээр дурдагдсан нөхцөл байдлууд нь “Э” ХХКомпанийн хүсэл зоригоос үл шалтгаалсан, өөрөөр хэлбэл төрийн байгууллагын бодлого үйл ажиллагаатай холбоотойгоор газрыг тухайн зориулалтын дагуу ашиглаж чадаагүйн хувьд тухайн газарт ямар нэг барилга, байгууламж барилгүй 4 жил болсон гэдгийг зөвшөөрч байгаа. Үүнийг өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй гэдгийг асуулт хариулт, нэхэмжлэгчийн тайлбар, өмгөөлөгчийн тайлбар, зарим нэгэн эрх зүйн баримт бичгүүдэд үндэслэн судаллаа. Үүний дагуу судлагдсан эрх зүйн баримт бичгүүдээс юу харагдаж байна вэ гэхээр 2008-2017 он хүртэл энэ процесс явагдаж байгаад 2017 оны сонгуулийн дараа өөрчлөгдөж байх шиг байна. Гэхдээ ачилт буулгалтын талбайн зориулалтаар байгуулах нь хэвээрээ байгаа юм байна. Цаашид Дорноговь аймаг төвийн бүс гэдэг юм уу, үйлдвэрлэлийн төв болох ачаа буулгалтын том төв болох стратегийн байршилд байгаа нь тогтоогдсон. Ирээдүйд хөрөнгө оруулалт хийгдээд ирэхээр тухайн газрыг 15 жилийн хугацаанд ашиглаад үр дүнг нь харъя гэсэн байр суурьтай байгаа. Үүнийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж тайлбарлах нь зохимжгүй байх. Гэхдээ ямар ч байсан “Э” ХХКомпанийн хүсэл зоригоос үл шалтгаалаад хөндлөнгийн төрийн дээд байгууллагын шийдвэрээр төсөл зогссон гэж хэлэх нь зүйтэй байх. Үүнтэй холбоотой бидний гаргаж байгаа нотлох баримт, тайлбаруудыг хариуцагч тал няцааж чадахгүй байна гэж ойлгож байна. Байгаа байдал нь хэнд ч ойлгомжтой. Газар дээр юу ч бариагүй нь ойлгомжтой. Харин хариуцагч тал мэдэгдэл өгсөн талаар хэлж байна, үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрт ашигтай байдлаар тайлбарлаж байна. Энэ тохиолдолд хэнээс ямар субьектэд өгч байгаа нь тодорхой байх ёстой гэтэл “Э” ХХКомпанид мэдэгдлийг өгсөн байдлаар хэлж байх боловч тухайн компанид өгсөн гэдгийг нотлох баримт байхгүй байна. Зурагтаар мэдээлэл тарааснаа мэдэгдэл өгсөн гэж хэлж болохгүй. Нотлох баримт шинжлэн судлах явцад ийм зүйл ажиглагдсан. Үүнээс гадна хариуцагчийн бичгээр өгсөн хариу тайлбарыг шүүгч уншиж өгсөн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, үүнд Газрын тухай хуулийн заалтуудыг “Э” ХХКомпани нь ноцтойгоор болон удаа дараа зөрчсөн гэж хэлээд байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гаргаж өгсөн баримт, хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтаар “Э” ХХКомпанийн зүгээс Газрын тухай хуулийг удаа дараа болон ноцтой зөрчөөгүй гэж үзэж байна. Газрын тухай хуульд заасны дагуу тухайн газрыг эзэмших эрхтэй. Үүргийн хувьд газрын төлбөрөө төлсөн. Энэ байдлаас харахад Газрын тухай хууль тогтоомжийг  удаа дараа зөрчөөгүй нь харагдаж байна. Газар эзэмшигчийн эрх гэж юу юм бэ, төсөл шалгаруулах журмаар газар эзэмшиж байгаа этгээдийн эрхийг хаана, юугаар зохицуулсан байна вэ, төсөл өөрөө том төсөл гэдэг нь 77 сая төгрөгийг төлөөд “Э” ХХКомпани нь төслийг хэрэгжүүлэхийг зорьж газар эзэмшиж байгаа байдлаас тодорхой, гэхдээ ингэж ярих нь утгагүй боловч магадгүй жижиг хэмжээний төсөл байсан бол бидний зүгээс төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэж тайлбарлаад байж байх нь зохимжгүй. Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас гэж ярих нь утгагүй. 

Газрын тухай хуулиар тодорхой зохицуулаагүй тусгай зориулалттай газрыг 15 жил эзэмшүүлэх, төслөө хэрэгжүүлэх гэсэн харилцаа хоёр талд үүссэн. Гэвч нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүйгээр хоёр жилийн хугацаанд газраа эзэмшиж, ашиглаагүй гэдгээр газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа нь харамсалтай байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь та нар ирээдүйд бий болох асуудлыг харж төсөлдөө тусгасан гэдэг зүйлийг ярьж байна. Гэтэл газрыг анх аймгийн Засаг даргын зүгээс аймгийнхаа хэрэгцээ, ирээдүйг харж төсөл сонгон шалгаруулалт зарлаж газрыг эзэмшүүлсэн нь ойлгомжтой. Гэтэл уг асуудал нь хоёр жилийн дотор шийдэгдчих асуудал биш, нилээн олон жилийн хугацааны том төсөл бөгөөд “Э” ХХКомпанийн хувьд ойрын хэдэн жилийн ашиг, алдагдлыг тооцож төсөлдөө оруулсан. Үүнд компанийн болон аймаг орон нутгийн аль аль талынх нь ирээдүй байгаа. Иймд шүүх уг байдлуудыг харгалзан нэхэмжлэгч “Э” ХХКомпанийн нэхэмжлэлийг хангаж, шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан  тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын 9-12 тоотод оршин суух “Э” ХХК-ийн захирал М.Чоос аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" А/612 дугаар захирамжийн “Э” ХХК-д  холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хангах боломжгүй байх тул дараах тайлбарыг хүргүүлж байна.

Дорноговь аймгийн Засаг даргын 2012 оны 04 сарын 23-ны өдрийн А/256 тоот захирамжаар “Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай" захирамж гарч “Э” ХХК төсөл сонгон шалгаруулалтанд тавигдах шаардлагыг хангаж Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Шунхлайн агуулахын  хойд талд ачилт, буулгалтын талбайн зориулалтаар 5,36 га газрыг эзэмшүүлэх аймгийн Засаг  даргын 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/374 тоот захирамж гарсан. Уг захирамжийн  дагуу 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 42/12 тоот иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан боловч гэрээний нөхцлөө зөрчиж тухайн газрыг олон жил  дараалан ашиглаагүй нь дараах хууль тогтоожийг зөрчсөн байна. Үүнд

Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 4.13 дахь заалтад Төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлсэн газарт баригдах барилгын ажлыг 2012 оны 3 дугаар улиралд  багтаан эхлүүлэх, 5.2 дахь заалтад “Хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан  зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" тохиолдолд гэрээг хүчингүй  болгох гэж заасан байхад гэрээний үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлййн 40.1.6-д /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн заалтыг ноцтой зөрчсөн.

Монгол улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ”Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай” зөвлөмжийн 5-д: “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийн “Газрыг 2 жил дараалан ашиглаагүй“ гэдэг ойлголтыг газар эзэмших гэрээний хугацаатай хамааралгүй гагцхүү гэрээ хийгдсэн өдрөөс хойш бүтэн 2 жилийн хугацаанд тухайн газар дээрээ зориулалтын дагуу барилга, байгууламж, зам талбай зэрэг нүдэнд харагдаж хэмжиж, тооцоолж болохуйц обьект бий болгоогүй байхыг ойлгох нь зүйтэй. Харин газар дээрээ хашаа барьсан, манаач байрлуулсан, эзэмшүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад ашиглуулсан зэргийг зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй байвал зохино. Хуулийн дээрх зүйл, хэсгийн “хүндэтгэн үзэх шалтгаан” гэсэн заалт нь газрыг зориулалтаар ашиглаагүй, 2 жил ашиглаагүй гэдэг заалттай шууд хамааралтай юм. Гэрээ хийгдсэний дараа бусдын буруугаас эсхүл давагдашгүй хүчний  улмаас байгалийн тогтолцооны өөрчлөлт гарсан, элэгдэл, эвдрэл бий болсон болон эзэмшигч  өвчтэй байсан, гадаадад ажилласан зэрэг зайлшгүй шалтгаанаар газраа зориулалтаар нь 2 жилийн хугацаанд ашиглаж чадахгүйд хүрсэн зэргийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ гэж тайлбарласан байхад “Э” ХХК нь хүндэтгэн үзэх шалтаанаар газраа ашиглаагүй нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2014  оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 62 дугаартай албан тоотоор тус байгууллагатай байгуулсан газар эзэмших гэрээг хянан үзээд гэрээний хугацаа дууссаныг мэдэгдээд гэрээ сунгах хүсэлт,  газар эзэмших гэрчилгээний хуулбар, газар эзэмших гэрээний эх хувь, газрын төлбөр төлсөн баримт, газар дээрээ үгйл ажиллагаа явуулж байгаа болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж буй байдлын нотлох баримт гаргаж ирүүлэхийг мэдэгдсэн байхад “Э” ХХК одоог  хүртэл гаргаж ирүүлээгүй, газрын төлбөр төлөөгүй зөрчил гаргасан нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн. 

Мөн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 6-ны өдрийн 550 дугаартай албан тоотоор орон нутгийн DSВ телевизед хандаж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д заасны дагуу газар эзэмших ашиглах гэрээг талууд тухай бүр дүгнүүлэх ба газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө сунгуулах хүсэлтээ гаргаж гэрээний нөхцөл болзлыг биелүүлэх үүрэгтэй. Иймд газар эзэмших, ашиглах гэрээний хугацаа дууссан иргэн, аж ахуйн нэгж байгууллага дараах материалыг бүрдүүлэн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Сайншанд сумын газрын даамалд хандах талаар мэдээлэл хүргэсээр байхад үл тоомсорлож Газрын тухай хууль тогтоомж гэрээний заалтыг зөрчиж одоог хүртэл үйл ажиллагаа явуулаагүй, гэрээний хугацаа  сунгах хүсэлт гаргаагүй, 2012-2015 онд газрын төлбөр төлөөгүй байгаа нь газар эзэмших эрхийн гэрчилгээг шууд хүчингүй болгох ноцтой зөрчил юм. 

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд эзэмшлийн газраа Сайншанд аж үйлдвэрийн  цогцолбор баригдаагүйтэй холбож тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд тухайн газар эзэмшүүлэх захирамж гарах үед “Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын ерөнхий төлөвлөгөө, инженерийн дэд бүтцийн барилга, байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах зэрэг асуудлууд шийдэгдээгүй байсан тул эзэмшлийн газраа гэрээнд тусгасны дагуу үйл ажиллагаагаа явуулахад нөлөөлөөгүй болно. 

Эдгээр гэрээ, холбогдох хууль тогтооомжийг зөрчсөн зэргээс үзэхэд нэхэмжлэлийн  дагуу аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/612 тоот захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэл байхгүй байна.

Иймд “Э” ХХК-ийн захирал М.Чинболдоос гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг бичгээр гаргасан ба түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Шунхлай говь” ХХКомпанийн агуулахын хойд талд ачилт буулгалтын талбайн зориулалтаар 5,36 га газрыг “Э” ХХКомпанид эзэмшүүлэхээр Дорноговь аймгийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/374 дугаартай захирамж гарсан байдаг. Энэ захирамж гарснаар “Э” ХХКомпанитай иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх эрхийн гэрээг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас байгуулсан. Энэ гэрээгээр Газрын тухай хуулиар тодорхой зохицуулаагүй бусад нөхцөлүүдийг зохицуулсан байгаа. Гэрээнд заасан эрх, үүргийг хүлээхээр аль, аль тал нь гарын үсэг зурж гэрээ хүчин төгөлдөр болсоны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч нь авсан.

 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “Газар эзэмшүүлэх тухай” аймгийн Засаг даргын захирамж гарч газрыг авсанаас хойш уг компани гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй байна гэдгийг шүүгч газар дээр нь очиж үзсэн. Үүгээр  тухайн газарт ямар нэгэн бүтээн байгуулалтын үйл ажиллагаа явагдаагүй нь тодорхой харагддаг.

 Гэрээний хувьд гэрээгээ дүгнүүлээд, сунгуулаад, гэрээнд заагдсан эрх үүргээ биелүүлээд явах ёстой. Мөн гэрээнд заагдсанаар нэхэмжлэгч нь 2012 оны 3 дугаар улиралд багтаан барилга байгууламжийн ажлаа эхлэхээр гэрээ болон төслийн баримт бичигт ч заасан байгаа. Иймээс  байгуулсан гэрээгээ зөрчиж ажилласан байна гэж үзэж байгаа, гэтэл яагаад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан эзэмшиж, ашиглаагүй болохыг нэхэмжлэгч талаас тус аймагт байгуулагдахаар яригдаж байсан аж үйлдвэрийн парк, цогцолбортой холбон тайлбарлаж байна. Төсөлдөө тусгаснаар Сайншанд сумын аж үйлдвэрийн парктай холбоотой зүйл төслийн нэг хэсэг болж байгаа ч мөн төсөлдөө тусгасан бусад ажлууд нь  хийгдээд явах боломжтой байсан боловч нэг ч ажил хийгдээгүй. Гэрээний хугацаа дуусахад өөрсдөө Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүсэлт гаргаад, гэрээгээ дүгнүүлээд явах байсан боловч “Э” ХХКомпани энэ үүргээ хэрэгжүүлээгүй. 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 62 дугаартай албан тоот бүхий Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэдэгдэлээр гэрээгээ сунгуулах, газрын төлбөрөө төлөх, гэрээг  дүгнүүлэх талаар анхааруулж нэр бүхий албан байгууллагуудад явуулсан, мөн 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 550 тоот албан тоотоор тус аймгийн “DSB” кабелийн телевизэд зар, мэдээ хүргүүлж газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжид гэрээгээ дүгнүүлж, сунгуулах үүрэгтэйг сануулж нийтэд зарлаж мэдээлж байсан. 2014 онд дээрх арга хэмжээнүүдийг авч байсан нь  нэхэмжлэгчид тухайн газрыг эзэмшүүлж, гэрээ байгуулснаас хойш 2 жилийн дараа авагдсан арга хэмжээ байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс үүнд хариу арга хэмжээ аваагүй, мөн аж үйлдвэрийн парк байгуулагдахтай холбоотойгоор энэ ажил явагдахгүй байна гэж нэхэмжлэгч тал үзэж байсан юм бол яагаад 2012-2016 оны хооронд энэ талаарх тайлбар, хүсэлт, саналыг албан ёсоор  хандаж мэдэгдэж байгаагүй юм бэ?. 

Энэ хугацаанд аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт нэг ч санал, хүсэлт тавьж байсан асуудал байдаггүй. Гэрээн дээр газраа зориулалтын дагуу 2 жил дараалан эзэмшиж, ашиглаагүй бол захирамжийг хүчингүй болгохоор тодорхой заасан. Нэхэмжлэгч талын өөрийнх нь хэлж байгаагаар тэдний талаас хэрэгжүүлэх эрх, үүргийн заалтууд ч гэрээнд тусгагдсан байгаа. Гэтэл үүнийг хэрэгжүүлэхийг хүсээгүй байна. Хэрвээ газар эзэмшигчийн эрхийг  аж үйлдвэрийн парк барихтай холбоотой юм уу, эсвэл аливаа үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаатай холбогдон хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үнэхээр байгаа бол газрынхаа нэг хэсгийг өөр аж ахуйн нэгжид ашиглуулах, ямар нэг байдлаар үйл ажиллагаа явуулах эрх нь гэрээгээр нээлттэй байгаа, тэр эрхээ өөрсдөө хэрэгжүүлээгүй. 

Сайншанд аж үйлдвэрийн парк, цогцолбортой холбогдон баригдах төмөр замын асуудлын хувьд нэхэмжлэгчийн зүгээс үүнийг төслийн баримт бичигтээ тусгаж өгсөн байгаагаас бус захиргааны байгууллагын зүгээс яг тухайн үндэслэлд тулгуурлан газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн асуудал байхгүй. Гэтэл  Сайншандад аж үйлдвэрийн парк байгуулах  мастер төлөвлөгөөний зөвхөн бүрдэл хэсгийг баталсан Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 216 тоот гарснаас хойш хоёр хоногийн дараа  нэхэмжлэгчид төсөл сонгон шалгаруулалтыг үндэслэн газар эзэмшүүлэх тухай аймгийн Засаг даргын 2012  оны 06 дугаар сарын 27-ны өдрийн захирамж гарсан байгаагаас үзэхэд аж үйлдвэрийн парк байгуулах ажил нь тухайн үед 2008-2012, 2012-2016 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдаад явж байснаас бус техник эдийн засгийн үзүүлэлт төсөв тооцоолол нь батлагдаж гаргаагүй байснаар  үүнийг үндэслэн төсөл сонгон шалгаруулалтыг явуулах боломжгүй байсан нь тодорхой харагдаж байна. Нэхэмжлэгчээс Ерөнхий сайдад хандсны дагуу түүнд ирүүлсэн хариу албан бичигт Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын инженерийн дэд бүтэц, барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөө, техникийн эдийн засгийн зураг төсөл  боловсруулах зэрэг асуудал нь шийдэгдээгүй байсан болохыг дурдсан байгаа. Төслийн баримт бичигт ч энэ асуудлыг тусгаж, зарлан мэдээлсэн асуудал байхгүй юм. Гэтэл Сайншандад ачилт буулгалтын чиглэлээр тээврийн ажлууд явагдаж байгаа, түүнийг яагаад хэрэгжүүлэх боломжгүй байсан юм бэ. Үүнээс үзэхэд энэ хугацаанд түүнийг хэрэгжүүлэх бүрэн боломж байсан. 

Аймгийн Засаг даргын А/612 тоот захирамж нь эрх зүйн агуулгын хувьд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан эзэмшиж, ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан хуулийн зохицуулалтыг баримталсан байгаа. Харин газрыг яаж ашиглах, ямар хугацаанд дүгнүүлэх, хэзээ барилга байгууламжаа барьж эхлэхийг болон бусад эрх зүйн асуудлуудыг гэрээгээр зохицуулж өгсөн. Гэтэл нэхэмжлэгч талаас ярьж байгаагаар уг  газар эзэмшүүлсэн асуудлыг тусгай журмаар зохицуулах ёстой гэж тайлбарлаж байгаа боловч тусгай журмыг заасан хууль, журам байхгүй бөгөөд Монгол Улсын хэмжээнд энэ талаар харилцааг одоо мөрдөгдөж байгаа Газрын тухай хуулиар л зохицуулж байна. Хуулиас давсан эрх зүйн акт болон дүрэм, журам байхгүй гэж бодож байна. Иймд хуульд заасан хууль, дүрмийн хүрээнд захирамжийг гаргасан учраас аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. 

Мөн нэхэмжлэгч талаас гэрээг нэг талаас тулгаж гарын үсэг зуруулсан мэтээр яриад байна, гэтэл Газрын тухай хуульд заасны дагуу гарсан гэрээ байгаа ба гэрээ нь аливаа хуулийн зүйл заалтыг зөрчсөн зүйл байхгүй. Тухайн гэрээг газар эзэмшигч өөрөө уншиж судласны үндсэн дээр зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан. 

Аймгийн Засаг даргын зүгээс тухайн захирамжийг гаргахдаа гэрээ байгуулснаас хойш 2 жил өнгөрсөний дараа ч юм уу, үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжоор хангалгүй хүчин төгөлдөр болгосон асуудал байхгүй бөгөөд 2012 оноос 2016 оныг хүртэл 4 жилийн хугацаанд газрыг эзэмшүүлсэн. Анх төсөл сонгон шалгаруулалт зарласан, шаардлага хангасан гэж үзэж нэхэмжлэгч компанийг шалгаруулсан улмаар төрийн байгууллагын зүгээс шаардлагатай захирамж, гэрээ, гэрчилгээг нь гаргаж өгсөн.

 Ингээд ажиллах бололцоог нь хангаж өгсөн байтал энэ 4 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулаагүй бөгөөд хэрэв өөрсдийн чадамж болон төсөлдөө бодит тооцоолол тавьсан бол төрийн байгууллагаас болсон гэж хэлэх үндэслэл байхгүй.  Дээрх хугацаанд аймгийн Засаг дарга болон газрын албанаас ямар нэг тээг, хориг тавьсан асуудал байгаагүй. Харин ч 4 жилийн хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байхад газар эзэмших эрхийг нь цуцлаагүй нь төрийн байгууллагын буруу юм уу гэж харж байна. Иймд аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийг хэрэгжүүлэх, хяналт тавих эрх бүхий субьектийнхээ хүрээнд хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд харин нэхэмжлэгчээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчиж мөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байгаа тул “Э” ХХКомпанийн гаргасан нэхэмжлэлийг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэж, хүчингүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларч, улмаар шүүх хуралдааны явцад нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагааны дагуу хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргаж буй тайлбар зэрэгт үндэслэн нэхэмжлэгч “Э” ХХКомпанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч “Э” ХХКомпанийн эзэмшиж байсан газрын эзэмших эрх үүссэн  үндэслэл болон нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнийг эс зөвшөөрч буй хариуцагчийн хариу тайлбарын үндэслэлийг хянаж үзвэл:

Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, ...ийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө ...г хэлэлцэн батлах”-аар заасан нийтлэг бүрэн эрхийн хүрээнд Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 7,5 га хэмжээтэй газрыг үйлдвэрлэл /ачилт буулгалтын талбай”-н зориулалтаар эзэмшүүлэхээр “Аймгийн газар зохион байгуулалтын 2012 оны төлөвлөгөө батлах тухай” 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 9/07 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтын хоёрдугаарт тусгаж баталжээ /хх-ийн 98-102 дугаарт/.

Дээрх газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Дорноговь аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ ...” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “ ... иргэн аж, ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга ..., төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах ... журмыг Засгийн газар тогтооно” гэж заасныг үндэслэн тухайн газраас 5,36 га буюу 53600 м.кв хэмжээтэй хэсгийг Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт, Шунхлай ХХК-ийн агуулахын хойд талд “Ачилт буулгалтын талбай”-н зориулалтаар төсөл сонгон шалгаруулах зарчмаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, энэ тухай 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” №А/256 тоот захирамж гаргаж, дээрх газрыг уг захирамжийн 2 дугаар хавсралтын 6 дугаарт тусгаж шийдвэрлэсэн байна /хх-ийн 71,72,205,207 дугаарт/.

Энэ дагуу тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн Газрын 2003 оны 28 тоот тогтоолоор батлагдсан “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам”-ын төсөл сонгон шалгаруулах зар мэдээг нийтэд мэдээлэх арга хэлбэр, хугацаа болон зар мэдээнд тусгах асуудал зэргийг зохицуулсан 3, 4 дүгээр зүйлд заасныг үндэслэн Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын Газраас 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 202 тоот албан бичгээр орон нутгийн телевизэд хүргүүлсэн тухайн төсөл сонгон шалгаруулалтын зар мэдээ, урилга /хх-ийн 206,207 дугаарт/-ын дагуу нэхэмжлэгч компани нь 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдөр зохион байгуулагдсан төсөл сонгон шалгаруулалтад оролцож, төслийн нэгдсэн дүнгийн үнэлгээгээр төсөлд тавигдах шаардлагын 72,5 хувийг /хх-ийн118-123 дугаарт/ хангасан дүгнэлтээр төсөлд шалгарч, улмаар Дорноговь аймгийн Засаг даргын “Газар эзэмшүүлэх тухай” 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/374 тоот захирамж, түүний хавсралтаар /хх-ийн 5 дугаарт/ төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан нэхэмжлэгч “Э” ХХКомпанид Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт, Төмөр замын 53 дугаар байрны баруун талд байрлалтай, 5,36 га хэмжээтэй газрыг ачилт буулгалтын талбайн зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх  тухай №42/12 тоот гэрээ /хх-ийн 29-33,76-78 дугаарт/ байгуулагдаж, мөн өдөр аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн №0208387 тоот гэрчилгээ /хх-ийн 27 дугаарт/ олгогдсоноор “Э” ХХКомпани нь уг газрын хууль ёсны эзэмшигч болсон байна.

Гэтэл Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/612 тоот /хх-ийн 85,86 дугаарт/ захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг нэхэмжлэгч “Э” ХХКомпани нь эс зөвшөөрснөөр маргаан үүсэх үндэслэл бий болсон байх ба тэрээр түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон дээрх захиргааны актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нэхэмжлэл болон шүүх хуралдаан дахь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдаж байгаагаар “...Сайншанд сумын 4-р багийн нутаг дэвсгэрт Шунхлайн агуулахын хойд талд ачилт буулгалтын талбайн зориулалтаар 5,36 га газрыг эзэмших болсон гол шалтгаан нь төр засгийн бодлогоор Сайншанд хотод аж үйлдвэрийн парк, цогцолбор байгуулах, Зүүнбаян, Өмнөговь чиглэлийн төмөр замын ажил хийгдэхтэй холбоотойгоор ачилт буулгалтын терминаль бий болгох зорилгоор төсөл сонгон шалгаруулалтад орсон, гэтэл Сайншанд хотод аж үйлдвэрийн парк байгуулах ажил хийгдэхгүй байгаа нь манай компани тухайн газрыг ашиглаагүйн шалтгаан бөгөөд тухайн төслийн хүрээнд төр, засгаас хийгдэх ёстой ажлыг хүлээсээр өдийг хүрсэн байхад газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй ...” гэсэн тайлбарыг гол үндэслэлээ болгон маргаж байна.

Харин хариуцагчийн зүгээс шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргаж буй түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдаж байгаагаар “...газар эзэмшүүлэх гэрээний 4.13 дахь заалтад Төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлсэн газарт баригдах барилгын ажлыг 2012 оны 3 дугаар удиралд багтаан эхлүүлэх, 5.2 дахь заалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд гэрээг хүчингүй болгох гэж заасан байхад гэрээний үүргээ хэрэгжүүлж ажиллалгүй Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор баригдаагүйтэй холбож тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд тухайн газар эзэмшүүлэх захирамж гарах үед Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын ерөнхий төлөвлөгөө, инженерийн дэд бүтцийн барилга, байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах зэрэг асуудлууд шийдэгдээгүй байсан тул эзэмшлийн газраа гэрээнд тусгасны дагуу үйл ажиллагаагаа явуулахад нөлөөлөөгүй, уг газрыг эзэмшүүлэхээр явуулсан төсөл сонгон шалгаруулалт Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор баригдахтай холбоотойгоор зарлагдаж, явагдсан асуудал байхгүй юм. Харин тус компанид газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, гэрээ байгуулж, гэрчилгээг олгосноор төрийн зүгээс ажиллах нөхцлийг нь бүрэн хангаж өгсөөр байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гарах хүртэл 4 жилийн хугацаанд газраа ашиглаагүй нь үндэслэлгүй ...” гэсэн тайлбарыг гаргаж нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг эс зөвшөөрч байна.

2. Нэхэмжлэгч, хариуцагчийн гаргаж буй дээрх тайлбарууд нь үндэслэлтэй эсэхийг болон хариуцагчаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захиргааны акт болох  2016 оны А/612 тоот захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсэхийг хянаж үзвэл: 

Нэхэмжлэгч “Э” ХХКомпанийн шалгарсан төсөл дэх төсөл хэрэгжүүлэгчийн зорилгоос үзэхэд тус компани нь төслийн ерөнхий судалгаанд /хх-ийн 45 дугаарт/ тусгагдснаар орон нутгийн хэмжээнд ачилт буулгалтын терминаль байхгүйгээс гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг мөн төсөлд тусгасан бүтээгдэхүүн үйлчилгээний /хх-ийн 46 дугаарт/ төрлүүдийг бий болгон шийдвэрлэх замаар өөрийн компанийн үйл ажиллагааг өргөтгөж тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулах үндсэн зорилгын хүрээнд төмөр замаар тээвэрлэгдэн ирсэн ачааг ачих, буулгах, чингэлэг болон ачаа хадгалах чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг эхний ээлжинд тодорхойлж /хх-ийн 38 дугаарт/, харин дараагийн асуудалд /хх-ийн 39,40 дүгээрт/ тухайн орон нутагт Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулахаар төлөвлөгдөж байгаатай уялдан цаашид төмөр замын тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэх, үүний улмаас учирч болох хүндрэлтэй асуудлуудыг орчин үеийн шаардлагад нийцсэн, олон улсын шинж чанартай ачилт буулгалтын терминалыг буй болгох замаар шийдвэрлэх  ач холбогдолтой байхаар тодорхойлж “Сайншанд ачаа ачилт буулгалтын талбайн төсөл”-ийг боловсруулж оролцжээ. 

  Энэ дагуу шалгарсан төслийн сонгон шалгаруулалтыг үндэслэн захиргааны байгууллагын зүгээс Газрын тухай хууль дахь газар эзэмшүүлэх шийдвэр гаргах болон газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журмыг тус тус зохицуулсан 33 дугаар зүйлийн 33.1.2, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх зүйлүүдэд заасныг үндэслэн нэхэмжлэгч “Э” ХХКомпанид “Ачилт буулгалтын талбай”-н зориулалтаар газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргасан, мөн тухайн зориулалтаар газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан, гэрчилгээг олгосон болон улмаар 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдөр газар эзэмшүүлэгч, газар эзэмшигч нарын хооронд байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний 4.13-т “төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлсэн газарт баригдах барилгын ажлыг 2012 оны 3-р улиралд багтаан эхлүүлэх”-ээр тусгайлан заасан зэрэг байдлууд нь дээр дурдснаар төсөлд тусгагдсан нэхэмжлэгч “Э” ХХКомпанийн үндсэн зорилготой холбогдож эхний ээлжинд хэрэгжүүлэхээр тусгасан үйл ажиллагаанд нийцэж байх ба өөрөөр хэлбэл “Э” ХХКомпани нь компанийнхаа үйл ажиллагааг өргөжүүлж тээвэр зуучийн үйл ажиллагааг эрхлэх үндсэн зорилгын хүрээнд төслийн 4 дүгээр хэсэг буюу “Ерөнхий судалгаа” хэсэгт тусгагдснаар ачаа тээвэрлэлтийн талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллага буюу үйлчлүүлэгчдэд тохиолдодж буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг мөн төслийн 4.2 дугаарт буюу “Бүтээгдэхүүн үйлчилгээ” хэсэгт заасан ажил, үйлчилгээг шинээр санаачлан хэрэгжүүлж, шийдвэрлэх үүднээс ачаа ачих, буулгах, ачаа хадгалах гэх мэт зориулалт бүхий талбай, барилга байгууламжийг барьж байгуулан холбогдох үйл ажиллагааг явуулснаар газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхээр байна.

Нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс явуулсан үзлэгээр уг газар нь байршилын хувьд Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн дагуух гол төмөр замын хажууд байрлалтай байх ба гэтэл тухайн газарт  барьсан хашаа, баригдсан барилга, байгууламж байхгүй, газрыг анх эзэмшүүлсэн үеийн зэлүүд хоосон хэвээрээ байгаагаар /хх-ийн 173-175 дугаарт/ нэхэмжлэгч нь тухайн газрын хууль ёсны эзэмшигч болж, улмаар 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдснаас хойш уг газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон 2016 оны А/612 тоот захиргааны акт гарах хүртэл 4 жилийн хугацаанд тухайн газрыг эзэмшүүлсэн шийдвэр, гэрээ, гэрчилгээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй байна гэж үзэхээр байна.

Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс буюу түүний өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргаж буй тайлбараараа тухайн газарт ачилт буулгалтын зориулалт бүхий талбай, барилга, байгууламж баригдаагүй болохыг үгүйсгэхгүй байх боловч тэдгээрийг барьж байгуулаагүй болох гол шалтгаан нөхцөлийг тус аймагт Сайншанд аж үйлдвэрийн парк, цогцолбор байгуулахтай холбогдон Сайншандаас Тавантолгой чиглэлийн төмөр замыг барьж байгуулах асуудал шийдвэрлэгдэж, хэрэгжээгүйтэй холбон тайлбарлаж байгаа хэдий ч энэ талаар тогтоогдож буй дараахь байдлуудаар тухайн байдал нь газрыг зориулалтын дагуу эзэмшээгүй болох үндэслэл бүхий шалтгаан, нөхцөл болж чадахгүй байна. Үүнд:

Нэхэмжлэгч “Э” ХХКомпанид ачилт буулгалтын талбайн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 5,36 га газрыг анх иргэн, аж ахуйн нэгж байгууллагад үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр тусгаж шийдвэрлэсэн Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын батлан гаргасан “Аймгийн газар зохион байгуулалтын 2012 оны төлөвлөгөө батлах тухай” 9/07 тоот тогтоол болон уг тогтоолыг үндэслэж дээрх газрыг төсөл сонгон шалгаруулалтын зарчмыг сонгон эзэмшүүлэхээр шийдвэрлэж гарсан Дорноговь аймгийн Засаг даргын 2012 оны “Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” А/256 тоот, мөн уг Засаг даргын 2012 оны “Газар эзэмшүүлэх тухай” А/374 тоот захирамж зэргийг батлан гаргасан үндэслэлээс үзэхэд тэдгээрт Сайншандын Аж үйлдвэрийн цогцолбор байгуулах болон Сайншанд-Тавантолгой  чиглэлийн төмөр замын асуудалтай холбоотойгоор эрх бүхий этгээдүүдээс гаргасан тогтоол, шийдвэрүүдийг үндэслэл болгож буюу уг хэрэгцээ, шаардлагад үндэслэж шийдвэрлэсэн асуудал байхгүй байна.

Харин Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “...Төсөл шалгаруулах ... журмыг Засгийн газар тогтооно” гэж заасныг үндэслэж гарсан Засгийн Газрын 2003 оны 28 тоот тогтоолоор батлагдсан “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам”-ын 5 дугаарт “Эзэмшүүлэх тухайн газрын онцлог, шинж чанарт нийцүүлэн нэмэлт шаардлага тавьж болох бөгөөд түүнийг төсөл шалгаруулах зар мэдээнд заавал тусгана” гэж заасан байх боловч төсөл сонгон шалгаруулалт явуулах тухай аймгийн Засаг даргын А/256 тоот захирамжийг болон дээрх журмыг үндэслэн тус аймгийн Газрын харилцаа, Барилга, Хот байгуулалтын газраас нийтэд мэдээлсэн зар мэдээнд төслийг сонгон шалгаруулахдаа Сайншандын Аж үйлдвэрийн цогцолбор байгуулах болон Сайншанд-Тавантолгой чиглэлийн төмөр замын асуудалтай холбогдуулан нэмэлт болзол, шаардлага тавьж байсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан “Э” ХХКомпанид Монгол Улсын Засгийн Газраас хүргүүлж байсан 2017 оны ХЭГ/607 тоот хариу албан бичиг /хх-ийн 8 дугаарт/ болон түүний дагуу шүүхийн шаардсанаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас ирүүлсэн 2017 оны 03/2793 тоот албан бичиг /хх-ийн 103 дугаарт/-т дурдсанаас үзэхэд Засгийн Газрын “Төмөр замын суурь бүтцийг барих концессын гэрээний тухай” 2012 оны 161 тоот, “Төмөр замын талаар авах зарим арга хэмжээний тухай” 2012 оны 93 тоот тогтоолуудаар Сайншандаас Тавантолгой чиглэлд 225 км төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах, шилжүүлэх гэрээг байгуулах этгээдүүдийг тогтоож, төмөр замын суурь бүтцийг барих зурвас газрын хэмжээг тогтоолгох арга хэмжээ авах, тогтоосон зурвас газрыг концессын гэрээнд зааснаар ашиглуулах асуудлыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын Сайд болон Дорноговь аймгийн Засаг дарга нарт хариуцуулж, үүнтэй холбогдуулан барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байгаа боловч Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 121 тоот тогтоол гарч уг тогтоолоор Засгийн газрын дээрх 2012 оны 93, 161 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгож, улмаар төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХКомпанид олгосноор Сайншандаас Тавантолгойн чиглэлд эхлүүлж байсан төмөр замын барилгын ажил зогссон байна.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох зорилгоор шүүхийн үзлэг явуулах журмаар шинжлэн судлуулах хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааны явцад судлагдсан 2010-2016 онуудад батлан гаргасан Монгол Улсын Их Хурал болон Засгийн газрын тогтоолууд /шүүх хуралдааны тэмдэглэлд буюу хх-ийн 223-225 дугаарт тодорхой тусгагдсан/-аас үзэхэд эдгээр нь зөвхөн Сайншандын Аж үйлдвэрийн цогцолбор байгуулах болон түүнтэй холбогдон баригдах Сайншанд-Тавантолгой чиглэлийн төмөр замын асуудлыг хэдийнээс эхэлж, ямар үе шаттайгаар хэрхэн хэрэгжүүлэх, улмаар цаашид үргэлжлүүлэн төлөвлөж, зохион байгуулах асуудлыг төр, засгийн бодлогын хэмжээнд тухайн цаг хугацаануудад авч хэрэгжүүлж байсан болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй нөхцөл байдлуудыг нотолж байх бөгөөд гэтэл уг нотлогдож буй байдал нь нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрыг анх эзэмшүүлэхдээ тухайн зорилгоор буюу Сайншандын Аж үйлдвэрийн цогцолбор байгуулах, түүнтэй холбогдон баригдах Сайншанд-Тавантолгой чиглэлийн төмөр замын асуудалтай холбож төсөл сонгон шалгаруулалтыг зарлан явуулсан үндэслэл болохгүй байна. 

Нэхэмжлэгчийн хувьд Сайншандын Аж үйлдвэрийн цогцолбор байгуулах, түүнтэй холбогдон баригдах Сайншанд-Тавантолгой чиглэлийн төмөр замын асуудлыг тухайн компанийн цаашдын үйл ажиллагаанд эерэг нөлөөлж, эдийн засгийн үр ашигийг бий болгох ач холбогдолтой байдлыг харгалзан үзэж төсөлдөө тусгасныг үгүйсгэх үндэслэлгүй ч дээрх асуудал нь газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт зарлагдан явагдах хугацаанд төр, засгийн бодлогын хэмжээнд төлөвлөгдөж, цаашид хэдийд, хэрхэн хэрэгжих, мөн хэрэгжих эсэх нь тодорхойгүй нөхцөл байдалд байсан нь дээр дурдсан нотлох баримт болох холбогдох эрх бүхий этгээдүүдийн зүгээс батлан гаргаж байсан тогтоол, шийдвэр болон шүүх хуралдааны явцад хэргийн оролцогч нараас тухайн тогтоол, шийдвэрүүдэд үндэслэн гаргаж байгаа тайлбаруудаар тогтоогдож байна.

Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс уг асуудлыг хэрэгжихгүй байж болох эрсдлийг тооцолгүйгээр зөвхөн төсөлдөө тусгасан нөхцөл байдалд үндэслэн түүнийг газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж чадаагүйн гол үндэслэл болгон тайлбарлж  байгаа нь үндэслэлгүй байх ба харин төсөлд тодорхойлсны  дагуу  компанийнхаа үндсэн зорилгын хүрээнд Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сумын чиглэлд тус аймгийг дамжин өнгөрч буй гол төмөр зам болон авто замд түшиглэн түүгээр тээвэрлэгдэж буй ачаа эргэлт, үйлчлүүлж буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн төсөлд тусгасан бусад үйл ажиллагааг хэрэгжүүлэх замаар, эсхүл Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор буюу тухайн төмөр замын асуудал шийдвэрлэгдэх хугацаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд “... аж үйлдвэрийн парк барихтай холбоотой юм уу, эсвэл аливаа үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаатай холбогдон хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үнэхээр байгаа бол газрынхаа нэг хэсгийг өөр аж ахуйн нэгжид ашиглуулах, ямар нэг байдлаар үйл ажиллагаа явуулах эрх нь гэрээгээр нээлттэй байсан...” гэж тайлбарлаж байгаагаар нэхэмжлэгчийн зүгээс Газрын тухай хууль дахь “Газар эзэмшигчийн эрх, үүрэг”-ийг зохицуулсан 35 дугаар зүйлийн 35.1.6-д “газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно” гэж зааснаар хуулиар олгосон эрхийг хэрэгжүүлэх замаар газраа эзэмшиж, ашиглах бололцоо, нөхцөл байсан гэж үзэх үндэслэлтэй байх тул Сайншандын аж үйлдвэрийн цогцолбортой холбогдон баригдах төмөр зам нь нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахад зайлшгүй хүлээгдэх нөхцөл шалтгаан болж чадахгүй байна. 

Дээр тогтоогдож буй нөхцөл байдлууд нь нэхэмжлэгчийн хувьд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж үзэх үндэслэл болж, улмаар түүнтэй байгуулсан 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 5.3 дугаарт “Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан нөхцөл, тухайлбал “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших гэрээг хүчингүй болгох”-оор заасан нөхцөлийг бий болгосон тул уг үндэслэлээр нэхэмжлэгч “Э” ХХКомпанийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг  хүчингүй болгох тухай” Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/612 тоот захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна.

Нөгөө талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Э” ХХКомпанид уг газрыг 15 жилийн хугацаатай  эзэмшүүлэхээр гэрчилгээнд заасан ба үүнийг сунгуулах ганцхан нөхцөл нь Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан тохиолдолд гэрчилгээний хүчин төгөлдөр хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө сунгуулах хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэхээр зохицуулагдсан, гэтэл нэхэмжлэгч компанийн гэрчилгээний хугацаа дуусаагүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон, түүнчлэн нэхэмжлэгчтэй байгуулсан Газар эзэмшүүлэх гэрээний тавдугаар зүйлд газар эзэмшүүлэгчийн хүлээх үүргийг зохицуулж, үүний 5.4-т “газар эзэмшүүлэх гэрээг жил бүр дүгнэх”-ээр заасан үүргийг газар эзэмшүүлэгчийн зүгээс хэрэгжүүлэхээр байхад нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй гэх тайлбарыг гарган маргаж байна. 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж зааснаар хуульд заасан журмаар гаргасан Засаг даргын захирамж, газрын алба /даамал/-тай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ тэдгээрийн үндсэн дээр олгогдсон газар эзэмших гэрчилгээ зэрэг нь цогцоороо байж газар эзэмших эрхийг баталгаажуулж, улмаар 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж зааснаас үзэхэд газар эзэмших гэрээ хүчин төгөлдөр тохиолдолд гэрчилгээ хүчин төгөлдөр байж, харин гэрээ хүчин төгөлдөр байх нөхцлийг газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно...” гэснийг үндэслэж газар эзэмших гэрчилгээнд зааж, тогтоосон хугацаанд газар эзэмших гэрээний талууд болох газар эзэмшүүлэгч, газар эзэмшигч нар нь гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг буюу гэрээний  биелэлтийг жил бүр харилцан дүгнэж байх тохиолдод хүчин төгөлдөр байхаар зохицуулагдсан байна.

Гэтэл 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан №42/12 тоот “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ээг анх байгуулснаас хойш талууд уг гэрээний биелэлтийг  Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, мөн дээрх гэрээний 5.2 дугаарт тус тус заасны дагуу жил бүр харилцан дүгнэж байсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа хэдий ч газар эзэмшүүлэгчийг төлөөлж гэрээг байгуулсан уг гэрээний нэг тал болох аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь 2014 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 62 тоот албан бичиг болон мөн оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 550 тоот албан бичгүүдээр /хх-ийн 79,83 дугаарт/ газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг гэрээгээ дүгнүүлэх талаар нийтэд зарлан мэдээлж байсан боловч энэ дагуу мөн гэрээний нөгөө тал болох нэхэмжлэгч “Э” ХХКомпаниас тухайн гэрээг дүгнэж, дүгнүүлсэн байдал тогтоогдохгүй байгаа нь нэхэмжлэгч нь гэрээний нэг тал болохынхоо хувьд хууль болоод гэрээнд энэ талаар заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн нөгөө талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан №42/12 тоот “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-нд тусгагдсан “шалгарсан төслийг хэрэгжүүлэх” нөхцөлийн талаар гаргаж буй  тайлбарын хувьд уг гэрээнд заагдснаар хянаж үзэхэд үүнийг газар эзэмшүүлэгчийн зүгээс газар эзэмшигч буюу нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээсэн байдлаар заагаагүй, харин гэрээний тухайн заалт буюу 5.2-т “Уг газрыг эзэмшүүлэхийн зэрэгцээ дараахь шаардлагыг газар эзэмшигчид тавих эрхтэй” гэсэн байгаагаар энэ нь газар эзэмшүүлэгчээс газар эзэмшигчид тавихаар заасан шаардлагуудын нэг нөхцөл болж тусгагдсан байх ба тухайн шаардлага нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан “газар төрийн хяналт ...-д байх” зарчим болоод мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-д “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж ... байгаад хяналт тавих”, 23 дугаар зүйлийн 23.3.7-д “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох” гэж тус тус заасан аймгийн Засаг даргын нийтлэг бүрэн эрх болон аймгийн Газрын алба, барилга, хот байгуулалтын газарт хуулиар олгосон эрх хэмжээнд нийцэж байна. 

Эдгээр байдлуудаас үндэслэн шүүхээс дүгнэхэд хэдийгээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар дахь нэхэмжлэгчид олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээнд зааснаар тухайн газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх хугацаа дуусаагүй боловч 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г гэрээний нэг тал болох нэхэмжлэгч “Э” ХХКомпанийн зүгээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр зөрчсөний улмаас мөн гэрээний нөгөө тал болох захиргааны зүгээс уг гэрээний 5.3 дугаарт “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд гэрээг хүчингүй болгох”-оор заасан нөхцлийг бүрдүүлснээр энэ нь дээр тайлбарласны дагуу хуульд зааснаар гэрчилгээ хүчин төгөлдөр байх гол үндэслэл болох газар эзэмших гэрээг талууд жил бүр дүгнэснээр гэрээ хүчин төгөлдөр байх хуульд заасан шаардлагыг хангахгүй болж улмаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэрийн үндэслэл болсон нь болон тухайн шийдвэр нь хууль зөрчөөгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргаж буй дээрх тайлбар болон мөн дээр дурдснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэлээ болгон маргаж байгаа тайлбаруудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч “Э” ХХКомпани нь захиргааны байгууллагаас газрыг эзэмшүүлж, улмаар газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргах хүртэл 4 жил болсон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгон тайлбарлаж буй нөхцөл байдлыг анхаарч, харгалзан үзэж газар эзэмшигчийн хувьд хуулиар олгогдсон бусад нөхцөл боломжийг хэрэгжүүлэх талаар захиргааны байгууллагад мэдэгдэж, хүсэлт гарган шийдвэрлүүлж байсан асуудал байхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

3. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/612 тоот захирамжийн нэхэмжлэгч “Э” ХХКомпанид холбогдох хэсэг нь Газрын тухай хууль болон нэхэмжлэгчийн газар эзэмших эрх,  хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдохгүй байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх зүйлд заасныг удирдлага болгон

     ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХКомпанийн  Дорноговь аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан тус Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/612 тоот захирамжийн “Э” ХХКомпанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх зүйлд зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон мөн хуулийн 114.2 дахь зүйлд зааснаар давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг тус тус тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЦЭНД