Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 0727

 

                                                    “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                     захиргааны хэргийн тухай

         Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Ч нарыг оролцуулан, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 115/ШШ2017/0016 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 115/ШШ2017/0016  дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.2,  40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “Эгэл Жинчин” ХХК-ийн Дорноговь аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан тус Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/612 дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.М давж заалдах гомдолдоо: “Э” ХХК нь хуульд заасан журмын дагуу буюу Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу тухайн газрыг эзэмших эрхтэй болсон. Ингэхдээ тухайн орон нутгийн удирдлагын зүгээс “Сайншанд аж үйлдвэрийн парк” байгуулах, төмөр зам барьж байгуулах ажил, төслийн хүрээнд орон нутагт ачаа эргэлтийн тусгай хэрэгцээг үндэслэн төсөл сонгон шалгаруулалт зарласнаар оролцсон. Энэ утгаараа тус компани ердийн журмаар газар эзэмшиж байгаа биш, харин тусгай нөхцөлөөр газар эзэмшин тухайн харилцаанд оролцсон. Тиймээс шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн хувьд тус шүүх нотлох баримт цуглуулах үүргээ, ялангуяа бидний олж авах боломжгүй, чадахгүй байгаа нотлох баримтуудыг цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Тодруулбал, сонгон шалгаруулалтад оролцохдоо дээр дурдсанаар “Сайншанд аж үйлдвэрийн парк” байгуулах, төмөр зам барьж байгуулах болон ачаа эргэлтийн орон нутгийн хэрэгцээнд тулгуурласан гэх тайлбартай холбогдуулан 2 байгууллагаас зарим нэг баримт бичиг авснаас өөр ажиллагаа хийсэнгүй. Энэ талаарх мэдээллийг орон нутгийн төрийн болон өөрөө удирдах байгууллагаас дутуу аван буюу нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэж байна.

Шүүх хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг хариуцагч талд ашигтай байдлаар тайлбарлаж, нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор “Сайншанд аж үйлдвэрийн парк” байгуулах, төмөр зам барьж байгуулах болон ачаа эргэлтийн орон нутгийн хэрэгцээтэй холбоотой Улсын Их Хурал, Засгийн газар болон Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Засаг даргын захирамжийг өгсөн боловч эдгээрт зохих дүгнэлтийг хийлгүйгээр зөвхөн хариуцагчид ашигтай байдлаар ерөнхийлөн дүгнэжээ. Үүнээс гадна хариуцагч газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журам зөрчсөн эсэх талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй атлаа Газрын тухай хуульд иргэн, хуулийн этгээдэд үүрэг болгосон зохицуулалтыг шийдвэртээ багагүй дурдсан нь асуудалд ямар байдлаар хандсаныг харуулж байна.

Дээрх дурдсан үндэслэлээр Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 115/ШШ2017/0016 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Дорноговь аймгийн Засаг дарга 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/256 дугаар захирамжаар Сайншанд сумын нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр баг “Шунхлай” ХХК-ийн агуулахын хойд талд 53600 м.кв газрыг төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэн ба “Э” ХХК нь уг газрын сонгон шалгаруулалтад орж шалгарсны дагуу мөн аймгийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/374 дүгээр захирамжаар “Э” ХХК-д дээрх газрыг ачилт буулгалтын талбайн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн бөгөөд 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 0208387 дугаар гэрчилгээг олгожээ.

            Газрын тухай хууль болон холбогдох эрх зүйн актыг зөрчиж газраа тухайн зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/612 дугаар захирамжаар “Э” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч тухайн газарт сонгон шалгаруулалтын дагуу барилга, байгууламж барьж газраа 2 жил ашиглаагүй шалтгаанаа тус аймагт Сайншанд аж үйлдвэрийн парк, цогцолбор байгуулахтай холбогдон Сайншандаас Тавантолгой чиглэлийн төмөр замыг барьж байгуулах асуудал шийдвэрлэгдэж, хэрэгжээгүйтэй холбон тайлбарлаж байгаа бөгөөд анхан шатны шүүх “Э” ХХК нь 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсанаас хойш уг газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон 2016 оны А/612 дугаар захиргааны акт гарах хүртэл 4 жилийн хугацаанд тухайн газрыг эзэмшүүлсэн шийдвэр, гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй, Сайншанд аж үйлдвэрийн парк, цогцолбор байгуулах болон Сайншанд-Тавантолгой чиглэлийн төмөр замын асуудал хэрэгжихгүй байж болох эрсдэлийг тооцолгүйгээр зөвхөн төсөлдөө тусгасан нөхцөл байдалд үндэслэн түүнийг газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж чадаагүйн гол шалтгаан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй хэмээн дүгнэсэн нь зөв байна.

   Мөн “Э” ХХК нь эзэмшиж буй газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 4 жил дараалан ашиглаагүй болох нь тогдоогдсон байх тул анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөв тайлбарлан хэрэглэж маргаан бүхий акт холбогдох хууль тогтоомжид нийцсэн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...тус компани ердийн журмаар газар эзэмшиж байгаа биш, харин тусгай нөхцөлөөр газар эзэмшин тухайн харилцаанд оролцсон. Тиймээс шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Нэхэмжлэгч “Э” ХХК-д газар эзэмшүүлэх эрх олгохдоо Сайншанд аж үйлдвэрийн парк, цогцолбор байгуулах болон Сайншанд-Тавантолгой чиглэлийн төмөр замын асуудалтай холбоотойгоор эрх бүхий этгээдээс гаргасан тогтоол, шийдвэрүүдийг үндэслэл болгоогүй тул “...нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор Сайншанд аж үйлдвэрийн парк байгуулах, төмөр зам барьж байгуулах болон ачаа эргэлтийн орон нутгийн хэрэгцээтэй холбоотой Улсын Их Хурал, Засгийн газар болон Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Засаг даргын захирамжийг өгсөн боловч эдгээрт зохих дүгнэлтийг хийлгүйгээр зөвхөн хариуцагчид ашигтай байдлаар ерөнхийлөн дүгнэсэн” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “Дорноговь аймгийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журам зөрчсөн” хэмээн дурдсан бөгөөд нэхэмжлэгч “Э” ХХК нь энэ үндэслэлээр анхан шатны шүүхэд маргаж нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 115/ШШ2017/0016 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                   ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

                   ШҮҮГЧ                                                                        Б.ТУНГАЛАГСАЙХАН

                  ШҮҮГЧ                                                                        Ц.САЙХАНТУЯА