Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 00163

 

 

 

 

 

 

 

 

 

                                    Т.Батмөнхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1082 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т.Батмөнхийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Оюунжаргалд холбогдох

“2.430.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Батмөнх

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа

Нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Батмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Миний бие Т.Батмөнх нь иргэн Ч.Оюунжаргалд 2013 оны 06 дугаар сарын 07-нд 600 000 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 10-нд 300 000 төгрөг нийт 900 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн хугацаа дууссан боловч хүү 2 удаа өгсөн. Ингээд төлж чадахгүй байна хугацаа өгөөч гэдэг болсон учир 2014 оны 09 дүгээр сарын 22-нд гэрээний хугацаагаа сунгаж, хүүг сар бүр төлөхөөр тохиролцсон. Гэтэл хүү болон үндсэн зээлээ төлөөгүй өдий хүрлээ. Зээлээ төлөхийг шаардахад өгнө гэж хариулдаг. Ажил хийдэг атлаа би зээлтэй учир төлжчадахгүй байна. Төлнө санаа зоволтгүй гэх болсон. Цаашид би хугацаа өгөх боломжгүй учир үндсзн зээл 900 000 төгрөг, хүү 1 080 000 төгрөг, алданги 450 000 төгрөг нийт 2 430 000 /хоёр сая дөрвөн зуун гучин мянган төгрөг/ төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Чулуун овогтой Оюунжаргал би 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Батмөнхөөс 600 000 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 300 000 төгрөгийг зээлж авсан. Нийт 900 000 төгрөгийг аваад 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүүний мөнгө 90 000 төгрөг өгсөн. 2013 оны 08 дугаар сард 270 000 төгрөг, 2013 оны 10 дугаар сард 320 000 төгрөг, 2014 оны 3 дугаар сард 180 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сард 500 000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сард 100 000 төгрөг өгч нийт 1 460 000 төгрөгийг өгсөн байгаа. Үүнээс хойш Батмөнх нь удаа дараа мөнгө нэхэж цалингийн виза карт. хүүгийн иргэний үнэмлэхийг өгөхгүй байгаа. Анх мөнгө зээлж авахдаа виза карт иргэний үнэмлэхээ барьцаанд тавьж авсан. Ажил дээр ирж уулзахдаа таньтай хийсэн гэрээгээ хаячихсан байна, та энд гарын үсгээ зурчих гээд юу ч бичээгүй гэрээн дээр гарын үсэг зуруулсан. Авсан 900 000 төгрөгөө 1 460 000 төгрөг болгон өгсөн. Одоо энэ хүнтэй тооцоо байхгүй дууссан. Өгсөн мөнгөнүүдээ Батмөнхийн ажил дээр аваачиж өгдөг байсан. 500 000 төгрөгийг манай гэрт ирж авсан. Мөнгө анх зээлж авахад гэрээ хийсэн боловч миний удаа дараа аваачиж өгсөн мөнгөнүүд дээр гарын үсэг зуруулж байгаагүй учир ямар нэгэн мөнгө төгрөг авч өгөлцсөн нотлох баримт байхгүй. 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 900 000 төгрөгийг аваагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Орхон аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1082 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ч.Оюунжаргалаас 2 012 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Батмөнхөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 418 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зуйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 53 830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Оюунжаргалаас 47 142 төгрөг гаруулан нэхэмжлэгч Т.Батмөнхөд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-09-07-ны өдрийн 142/ШШ2016/01082 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ ИХШХШТХ-ийн 40-р зүйлийн 40.1-д заасанчлан "Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ" мөн хуулийн 40-р зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай.ач холбогдолтой үнэн зөв.эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэсэн заалтуудыг зөрчиж шийдвэр гаргалаа гэж үзэж байна.

Үүнд:1.Нэхэмжпэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагчтай 2014-09-22-ны өдөр 900.000 төрөгийг нэг жилийн хугацаатай сарын 10%-ийн хүүтэй зээлдүүлсэн гэдэг бөгөөд энэ өдөр хариуцагчид нэг ч төгрөг өгөөгүйн дээр 2013-06-07-нд 600.000 төгрөг,2013-06-10-нд 300.000 төгрөг нийт 900.000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлсэн болох нь нотлогддог.Гэтэл шүүх хоёр талын 2014-09-22-ны өдрийн гэрээгээр үндсэн зээлийн үлдэгдэл 710.000 төгрөг.зээлийн хүү 852.000 төгрөг,алданги 450.000 төгрөг нийт 2.012.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь мргэний хуулийн 282-р зүйлийн 282.4-т заасан"Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно"гэжээ. Хуулийн энэ заалтад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.

2. Иргэний хуулийн 196-р зүйлийн 196.1.1-д:"эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцождухайн эд хөрөнгийг шилжүүлснээр" гэрээ байгуулсанд тооцно гэжээ.

3. Шүүх гэрээг нэг жилийн хугацаатай сунгасан байна гэсэн дүгнэлтийг хийсэн.2014-09-22-ны өдрийн зээлийн гэрээг гэрээ сунгасан гэж үзэх үндэслэл байхгүй юм.Тэгээд ч хариуцагч 900.000 төгрөг аваад 1.460.000 төгрөг болгоод төлсөн гэдэг.Шүүх шинжээчийн 2 өөр дүгнэлт гарсан байхад үүний зөрүүг арилгуулахаар хүсэлт гаргахад үндэслэлгүйгээр хүлээж авалгүй хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг зөрчлөө.

Иймд: Дээрх шийдвэртэй хэргийг тал бүрээс нь нарийн хянан үзэж нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож.шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                           ХЯНАВАЛ

             Нэхэмжлэгч Т.Батмөнх үндсэн зээл 900.000 төгрөг, зээлийн хүү 1.080.000 төгрөг, алданги 450.000 төгрөг нийт 2.430.000 /хоёр сая дөрвөн зуун гучин мянган төгрөг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч зээлийн төлбөрт 1.460.000 төгрөг төлсөн, 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 900.000 төгрөгийг бэлнээр аваагүй гэсэн үндэслэлээр шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Шүүх 2013 оны 6 дугаар сарын 7, 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хуульд заасан арга, хэлбэрээр хийгдсэн, гэрээний дагуу хариуцагч хүү, алданги авах эрхтэй гэсэн дүгнэлт хийсэн атлаа талууд 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хугацаа сунгасан зээлийн гэрээ байгуулсан гэж үзэж хариуцагчаас үндсэн зээл 710.000, зээлийн хүү 852.000, алданги 450.000 нийт 2.012.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 418.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Т.Батмөнх 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 300.000 төгрөг, 6 дугаар сарын 07-ны өдөр 600.000 төгрөгийг тус тус нэг сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй хариуцагчид зээлдүүлж зээлийн гэрээг бичгээр байгуулсан ба энэ талаар талууд маргаагүй байна.

Хариуцагч Ч.Оюунжаргал нь 2013 оны 6 дугаар сарын 7, 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь зээлийн хүү, алданги шаардах эсхүл зээлийн гэрээний хугацааг сунгах боломжтой байтал  нэг жил гурван сарын дараа буюу 2014 оны 9 дүгээр сарын 22 ны өдөр дахин байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан агуулгад нийцээгүй байна.

Хариуцагч Ч.Оюунжаргал нь 2013 оны 6 дугаар сарын 7, 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учир Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3,  232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасны дагуу гэрээнд заасан хэмжээгээр зээлийн хүү, алданги төлөх үүрэгтэй юм.

Харин хариуцагч зээл, зээлийн хүүд нийт 1.460.000 төгрөгийг хэсэгчилсэн байдлаар төлж байсан гэх тайлбар, татгалзлаа нотолж чадаагүй байна.  

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний үндсэн дээр хариуцагч Ч.Оюунжаргал нь зээл, зээлийн хүү нийт 990.000 төгрөг төлөхөөс нэхэмжлэгчийн авсан 280.000 төгрөгийг хасч гэрээний дагуу алданги тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 710.000 төгрөгнөөс хэтэрч байх тул алдангийг хуульд нийцүүлэн тооцох нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч Ч.Оюунжаргалаас зээлийн үлдэгдэл төлбөр 710.000 төгрөг, алданги 355.000 төгрөг нийт 1.065.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.365.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1082 дугаар шийдвэрийн 1 дэхь заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ч.Оюунжаргалаас 1.065.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Батмөнхөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Шийдвэрийн 2 дугаар заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зуйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 53 830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Оюунжаргалаас 30.110 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Батмөнхөд олгосугай гэж тус тус өөрчилж бусад шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасны дагуу хариуцагч Ч.Оюунжаргалын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47.142 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

                     ШҮҮГЧИД                                  Б.БАТТӨР

                                                                        Б.ОЮУНЦЭЦЭГ