Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 01082

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2016/01082

Орхон аймаг

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-15-5 тоотод оршин суух Боржигон овогт Түдэвийн Батмөнх / ЗК:77092607/

            Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-24-21 тоотод оршин суух Боржигон овогт Чулууны Оюунжаргал /ФД:75021101/

            2 430 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Батмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Батмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Т.Батмөнх нь иргэн Ч.Оюунжаргалд 2013 оны 06 дугаар сарын 07-нд 600 000 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 10-нд 300 000 төгрөг нийт 900 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн хугацаа дууссан боловч хүү 2 удаа өгсөн. Ингээд төлж чадахгүй байна хугацаа өгөөч гэдэг болсон учир 2014 оны 09 дүгээр сарын 22-нд гэрээний хугацаагаа сунгаж, хүүг сар бүр төлөхөөр тохиролцсон. Гэтэл хүү болон үндсэн зээлээ төлөөгүй өдий хүрлээ. Зээлээ төлөхийг шаардахад өгнө гэж хариулдаг. Ажил хийдэг атлаа би зээлтэй учир төлж чадахгүй байна. Төлнө санаа зоволтгүй гэх болсон. Цаашид би хугацаа өгөх боломжгүй учир үндсэн зээл 900 000 төгрөг, хүү 1 080 000 төгрөг, алданги 450 000 төгрөг нийт 2 430 000 /хоёр сая дөрвөн зуун гучин мянган төгрөг/ төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Ч.Оюунжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Чулуун овогтой Оюунжаргал би 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Батмөнхөөс 600 000 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 300 000 төгрөгийг зээлж авсан. Нийт 900 000 төгрөгийг аваад 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүүний мөнгө 90 000 төгрөг өгсөн. 2013 оны 08 дугаар сард 270 000 төгрөг, 2013 оны 10 дугаар сард 320 000 төгрөг, 2014 оны 3 дугаар сард 180 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сард 500 000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сард 100 000 төгрөг өгч нийт 1 460 000 төгрөгийг өгсөн байгаа. Үүнээс хойш Батмөнх нь удаа дараа мөнгө нэхэж цалингийн виза карт, хүүгийн иргэний үнэмлэхийг өгөхгүй байгаа. Анх мөнгө зээлж авахдаа виза карт иргэний үнэмлэхээ барьцаанд тавьж авсан. Ажил дээр ирж уулзахдаа таньтай хийсэн гэрээгээ хаячихсан байна, та энд гарын үсгээ зурчих гээд юу ч бичээгүй гэрээн дээр гарын үсэг зуруулсан. Авсан 900 000 төгрөгөө 1 460 000 төгрөг болгон өгсөн. Одоо энэ хүнтэй тооцоо байхгүй дууссан. Өгсөн мөнгөнүүдээ Батмөнхийн ажил дээр аваачиж өгдөг байсан. 500 000 төгрөгийг манай гэрт ирж авсан. Мөнгө анх зээлж авахад гэрээ хийсэн боловч миний удаа дараа аваачиж өгсөн мөнгөнүүд дээр гарын үсэг зуруулж байгаагүй учир ямар нэгэн мөнгө төгрөг авч өгөлцсөн нотлох баримт байхгүй. 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 900 000 төгрөгийг аваагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Т.Батмөнх хариуцагч Ч.Оюунжаргалд холбогдуулан 2 430 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Т.Батмөнх нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдөр болон 10-ны өдөр нийт 900 000 төгрөгийг хариуцагч Ч.Оюунжаргалд 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Хүүний төлбөрт нийт 280 000 төгрөгийг хүлээж авсан. Ч.Оюунжаргал мөнгөө төлж чадахгүй хугацаа сунгаж өгөөч гэж хүсэлт тавьсаны дагуу 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж үндсэн мөнгө 900 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 10 хувийн хүүтэй, 0.5 хувийн алданги тооцохоор болсон. Иймд гэрээний дагуу үндсэн мөнгө 900 000 төгрөг, хүү 1 080 000 төгрөг, алданги 450 000 төгрөг нийт 2 430 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.

            Хариуцагч Ч.Оюунжаргал болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Миний бие 2013 оны 06 дугаар сарын 7-ны өдөр болон 10-ны өдөр нийт 900 000 төгрөг Т.Батмөнхөөс зээллэсэн нь үнэн. Зээлийн хүү болон үндсэн төлбөрт 90 000төгрөг, 270 000 төгрөг, 320 000 төгрөг, 180 000 төгрөг, 500 000 төгрөг, 100 000 төгрөг нийт 1 460 000 төгрөг буцаан төлсөн. 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нэг ч төгрөг Т.Батмөнхөөс аваагүй энэ гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ гэж тайлбарлаж байна.

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө....шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ....мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгч  Т.Батмөнх нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

            Зохигчид 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 600 000 төгрөг, 10-ны өдөр 300 000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, 0.5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн зээлийн гэрээний эх хувь болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

            Нэхэмжлэгч Т.Батмөнх хариуцагч ийнхүү гэрээ байгуулснаас хойш хүүний төлбөрт 180 000 төгрөг болон 100 000 төгрөгийг тус тус төлсөн, зээллэсэн мөнгөө өгөхгүй хугацаа олгооч гээд байсан тул 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж гэрээний хугацааг 1 жилээр хүү алданги мөнгөн дүнг өмнөх гэрээний адил нөхцлөөр байгуулсан гэж тайлбарлаж байна.

            2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд хариуцагч гарын үсэг зураагүй гэж мэтгэлцэж байх боловч талуудын хүсэлтээр шүүх уг хэрэгт 2 удаа шинжээч томилж, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 4863 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон авч үзлээ.

            Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан байх ба талууд хэлэлцэн тохиролцож 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан ба уг гэрээг хугацаа сунгасан зээлийн гэрээ байгуулсан байна гэж дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 900 000 төгрөгийг хүлээж аваагүй тул гэрээ хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байгааг нэхэмжлэгч Т.Батмөнх хариуцагч Ч.Оюунжаргалын гуйлт хүсэлтийн дагуу хугацаа сунгасан өөрөөр хэлбэл 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдөр болон 10-ны өдрийн зээлийн гэрээнүүдийн нэмэлт гэрээ байсан гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

Хариуцагч нэхэмжлэгчид нийт 1 460 000 төгрөгийг буцааж төлсөн гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн боловч энэ талаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн 280 000 төгрөгийн хүүг Ч.Оюунжаргалаас хүлээж авсан гэсэн тайлбарыг үндэслэл болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч тэдгээрийн төлөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байх тул хариуцагч Ч. Оюунжаргал нь энэхүү үүргээ биелүүлээгүй байна.

Иймд хариуцагч Ч.Оюунжаргалаас 2 012 000 төгрөг /үндсэн зээл 710 000 төгрөг, /өмнөх зээлийн гэрээгээр төлсөн 990 000-280 000=710 000 төгрөг/  хүү 852 000 төгрөг, алданги 450 000 төгрөг/   гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас 418 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч Ч.Оюунжаргал нь өөрийгөө бүрэн төлөөлөх эрхийг Ж.Нямаад олгосон бөгөөд хуульд заасан хэлбэрийг хангасан хүчин төгөлдөр итгэмжлэл байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 53 830 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 47 142 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

           

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                                          

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ч.Оюунжаргалаас 2 012 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Батмөнхөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 418 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 53 830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Оюунжаргалаас 47 142 төгрөг гаруулан нэхэмжлэгч Т.Батмөнхөд олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

  

 

 

 

 

 

                      ШҮҮГЧ                                     Л.АРИУНЦЭЦЭГ