Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 113/ШШ2017/0008

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг  баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганзориг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингэсийн өргөн чөлөө, МЖД ХХК-ийн байрны 102 тоотод оршин байх, “Койот трейд” ХХК (РД: 2037971)-ийн нэхэмжлэлтэй;

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох;

 “Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн “Баянтал сумын 152 дугаар байрны гадна тоглоомын талбай байгуулах, авто зогсоол, тохижилтын ажлын Р2016000502-00 дугаартай гэрээ”-г цуцалсан 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 133 дугаар албан бичиг /шийдвэр/-ийг хүчингүй болгож, гэрээний үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрээний үүргээ биелүүлж ажиллахыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ болон уг гэрээг батлуулах тухай хүсэлтийг 2017 оны 08 дугаар сарын 08-ны хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Койот трейд” ХХК-ийн захирал Ж.Мэндбаяр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Нэхэмжлэгч тал “Койот трейд” ХХК, хариуцагч тал Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын дарга нар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул тус “Эвлэрлийн гэрээ”-г баталгаажуулж, шүүгчийн захирамж гаргаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-нд: “Хариуцагчийн зүгээс 1/ 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Р2016000502-00 дугаартай “Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 152 дугаар байрны гадна тоглоомын талбай байгуулах, авто зогсоол, тохижилтын ажлын гэрээ”-г цуцалсан шийдвэр буюу 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 133 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хүчингүй болгох талаар шийдвэр гаргана. 2/ 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Р2016000502-00 дугаартай “Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 152 дугаар байрны гадна тоглоомын талбай байгуулах, авто зогсоол, тохижилтын ажлын гэрээ”-ний хугацаа дууссан тул гэрээний хугацааг сунгаж, шинэчлэн байгуулна. 3/ Нэхэмжлэгчээс гаргасан “... гэрээний үүргээ биелүүлж ажиллахыг даалгуулах” тухай шаардлагын хүрээнд гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөрийг болон ажил эхлэх зөвшөөрөл, техникийн нөхцөл, зураг төсөл гэх мэт шаардагдах бичиг баримтыг гэрээнд заасан хугацаанд нэхэмжлэгчид олгох зэргээр шинэчлэн байгуулсан гэрээний үүргээ биелүүлж ажиллана.

Нэхэмжлэгч “Койот трейд” ХХК-ийн зүгээс 1/ Хариуцагчийн “гэрээний үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа үүгээр татгалзаж байна. 2/ Шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаанд болон энэ гэрээг байгуулахаас өмнө нэхэмжлэгчид учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргахгүй. 3/ Гэрээний хугацааг сунгаж, дахин байгуулсан гэрээний дагуу гэрээнд заасан ажлыг чанарын шаардлага хангуулан, заасан хугацаанд хийж гүйцэтгэнэ” гэж дурдсан ба уг эвлэрлийн гэрээнд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон “Койот трейд” ХХК-ийн хооронд шинэчлэн байгуулсан Р2016000502-00 дугаартай “Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 152 дугаар байрны гадна тоглоомын талбай байгуулах, авто зогсоол, тохижилтын ажлын гэрээ”[1], Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 282 дугаар албан бичиг[2] зэргийг хавсаргаж ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар  нэхэмжлэгч нь хариуцагчтай, хариуцагч нь нэхэмжлэгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы аль ч үе шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд тус хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарыг үсгээ зурсан байна” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь гэрээ, түүнд хавсаргаж ирүүлсэн баримт бичгээр тогтоогдож байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар эвлэрүүлэн шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг урьдчилан танилцуулсан бөгөөд үүнийг харилцан зөвшөөрч энэхүү гэрээг байгуулсан байх тул нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын “гэрээний үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” хэсгээс  татгалзаж буйгаа эвлэрлийн гэрээнд зааж ирүүлсэн, хариуцагч нь Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 282 дугаар албан бичгийг шүүхэд ирүүлж, ажил гүйцэтгэх гэрээг 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр шинэчлэн байгуулсан зэргээр “Баянтал сумын 152 дугаар байрны гадна тоглоомын талбай байгуулах, авто зогсоол, тохижилтын ажлын Р2016000502-00 дугаартай гэрээ”-г цуцалсан 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 133 дугаар албан бичиг /шийдвэр/-ийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлсон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4-д заасантай нийцжээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дүгээр зүйлийн 68.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Койот трейд” ХХК-ийн захирал Ж.Мэндбаяр, хариуцагч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын дарга В.Гантуяа нарын хооронд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд харилцан буулт хийж, тохиролцсон:

а/ нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын “... гэрээний үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай” хэсгээс татгалзсан;

б/ хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын “2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Р2016000502-00 дугаартай “Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 152 дугаар байрны гадна тоглоомын талбай байгуулах, авто зогсоол, тохижилтын ажлын гэрээ”-г цуцалсан шийдвэр буюу 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 133 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” хэсгийг хүлээн зөвшөөрч, хүчингүй болгох талаар шийдвэр гаргасан;

в/ “гэрээний үүргээ биелүүлж ажиллахыг даалгуулах” тухай шаардлагын хүрээнд гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөрийг болон ажил эхлэх зөвшөөрөл, техникийн нөхцөл, зураг төсөл гэх мэт шаардагдах бичиг баримтыг гэрээнд заасан хугацаанд нэхэмжлэгчид олгох зэргээр шинэчлэн байгуулсан гэрээний үүргээ биелүүлж ажиллах; нөхцөлтэй байгуулсан эвлэрлийн гэрээг баталж, “Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн “Баянтал сумын 152 дугаар байрны гадна тоглоомын талбай байгуулах, авто зогсоол, тохижилтын ажлын Р2016000502-00 дугаартай гэрээ”-г цуцалсан 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 133 дугаар албан бичиг /шийдвэр/-ийг хүчингүй болгож, гэрээний үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрээний үүргээ биелүүлж ажиллахыг даалгахтухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод гардуулж, баримт үйлдэхийг шүүгчийн туслах Г.Билгүүнбаярт даалгасугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                                 З.ГАНЗОРИГ

 


[1] Хэргийн 47-48 дахь талд авагдсан энэ гэрээнд ажил гүйцэтгэх хугацааг “2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл” гэж тодорхойлсон байна.

[2] Хэргийн 49 дэх талд авагдсан энэ албан бичигт “Тус сумын 152 дугаар байрны гадна тоглоомын талбай байгуулах, авто зогсоолын тохижилтын ажлын гэрээг цуцалсан тухай 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 133 тоот албан бичгийг үүгээр цуцалж байна” гэж дурджээ.