Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2025/0094

 

 

П.Н****-ын нэхэмжлэлтэй, Богдхан уулын дархан

цаазат газрын хамгаалалтын захиргаа, Баянзүрх дүүргийн

Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд тус тус

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                       П.Соёл-Эрдэнэ

Шүүгчид: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа                       

                                                           Г.Банзрагч 

                                                         Д.Батбаатар

Илтгэгч шүүгч:                         М.Батсуурь

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2025/0251 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2025/0470 дүгээр магадлал,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 001/ШХТ2025/0398 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч П.Н*****, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э****, өмгөөлөгч Ч.Б*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х**** нарыг оролцуулан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.П.Н****-аас Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр алба, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдуулан “... нэгдүгээр албаны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн **/****  дугаартай татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, П.Н****-ын ашиглах эрх бүхий Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших *****  аманд байрлах 3 га газар дээр газрын төлбөргүй тухай тодорхойлолт гаргаж өгөхийг тус албанд даалгах, П.Н****-ын ашиглах эрх бүхий гэрчилгээний ****/***  дугаартай, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших *****  аманд байрлах 3 га газрыг ашигласны төлбөр төлөх үүрэг үүсэхгүй болохыг тогтоолгож, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр алба болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаагаар хүлээн зөвшөөрүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Газрын төлбөрийн тухай” **/****  дугаар албан бичгээр “... Газрын төлбөр нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтын дагуу төлөх үүрэгтэй бөгөөд эдгээр заалтын дагуу газар ашиглах эрх нь олгогдсон иргэн, хуулийн этгээд төрийн цахим мэдээллийн санд бүртгэгдсэн учир газрын төлбөр төлөх ногдуулалт хийгдэн, нэхэмжлэл үүссэн байна, ... газар ашиглах гэрээ байгуулаагүй нь газрын төлбөр төлөхгүй байх үндэслэл болохгүй” гэх агуулгатай хариуг П.Н****-д хүргүүлжээ.

3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3.3 /2002 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шинэчилсэн найруулга/ Газрын төлбөрийн тухай хуулийн 4, 9  дүгээр зүйлийн 9.1, 9.2 /1997 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан/-д заасныг тус тус баримтлан П.Н****-аас Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр алба, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 он дуусах хүртэл хугацаанд П.Н****-ын ашиглах эрх бүхий гэрчилгээний ****/***  дугаартай, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших *****  аманд байрлах 3 га газрыг ашигласны төлбөр төлөх үүрэг үүсэхгүй болохыг тогтоож, хүлээн зөвшөөрч, П.Н****-ын ашиглах эрх бүхий Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших *****  аманд байрлах 3 га газар дээр 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 он дуусах хүртэл хугацаан газрын төлбөргүй тухай тодорхойлолт гаргаж өгөхийг хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын Нэгдүгээр албанд даалгаж;

2 дахь заалтаар: Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 7 дугаар зүйлийн 7.1 /энэ хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/, 23 дугаар зүйлийн 23.4.5 /энэ заалтад 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/, 35.3.3 /заалтад 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/, Газрын төлбөрийн тухай хуулийн 4 /энэ зүйлд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 /энэ зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/-д заасныг тус тус баримтлан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 1 дүгээр улирлыг дуусах хүртэл хугацаанд П.Н***-д ашиглах эрх бүхий гэрчилгээний ****/***  дугаартай, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших *****  аманд байрлах 3 га газрыг ашигласны төлбөр төлөх үүрэг үүсэхгүй болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, П.Н****-ын ашиглах эрх бүхий Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших *****  аманд байрлах 3 га газар дээр газрын төлбөргүй тухай тодорхойлолт гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож;

3 дахь заалтаар: Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 7 дугаар зүйлийн 7.1 /энэ хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/, 23 дугаар зүйлийн 23.4.5 /энэ заалтад 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/, 35 дугаар зүйлийн 35.3.3 /заалтад 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/, Газрын төлбөрийн тухай хуулийн 4 /энэ зүйлд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 /энэ зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/-д заасныг тус тус баримтлан нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн **/****  дугаартай татгалзсан шийдвэрийг шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаанд түдгэлзүүлжээ.

4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 251 дүгээр шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 2 дахь заалтын “... *****  аманд байрлах 3 га газар дээр газрын төлбөргүй тухай тодорхойлолт гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэснийг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд П.Н****-д ашиглах эрх бүхий гэрчилгээний ****/***  дугаартай, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших *****  аманд байрлах 3 га газрыг ашигласны төлбөр төлөх үүрэг үүсэхгүй болохыг тогтоож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 5 дахь заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 140,000 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаар 70,200 төгрөгийг нөхөн төлүүлж, илүү төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай гэж тус тус өөрчилж, үлдэх хэсгийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангажээ.

5.Нэхэмжлэгч П.Н****, түүний өмгөөлөгч Ч.Б**** нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 001/ШХТ2025/0398 дугаар тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

6.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдлыг (агуулгаар нь тусгав) гаргажээ. Үүнд:

6.1.Нэхэмжлэгч 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 14-ний хооронд 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх авсан. Анхан шатны шүүхээс 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл газрын төлбөр төлөх үүрэггүй гэж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл газрын төлбөр төлөх үүрэггүй гэж өөрчлөлт оруулсан. Нэхэмжлэгч 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл газар ашигласны төлбөр төлөхөөр болоод байгаа юм.

6.2.Нэхэмжлэгч талаас 2022 оны А/**** дугаар тушаалаар газар ашиглах эрхийг сэргээж шийдвэрлэсний дагуу татварын албанаас тодорхойлолт авахаар очих хүртэл газар ашигласны төлбөр өртэй гэдгээ огт мэдээгүй байсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу гэрээ байгуулаад, гэрээнд заасны дагуу тухайн газар аялал жуулчлалын байгууламж барьж, жуулчин хүлээн авч, ашигтай чанарыг нь гаргахыг Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан “газар ашиглах” гэж ойлгохоор байна.

6.3.Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжуудад маш олон удаа нэмэлт, өөрчлөлтүүд оруулсан бөгөөд тухайн хуулиудыг уншихад, 2002 онд анх хууль батлагдсанаас хойш хуулиудын хоорондын уялдаа холбоогүй, хоорондын нийцэлгүй, хуулийн зөрчилдөөн үүсэж байгаа нөхцөл байдлын улмаас хуульд өөрчлөлтүүдийг хийсэн болох нь харагдаж байна.

6.4.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11 дүгээр зүйлд 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр “... Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан нь төрийн мэдээллийн бусад сантай мэдээлэл солилцох боломжтой байх бөгөөд төрийн цахим мэдээллийн сан хариуцсан байгууллагад дундын мэдээллийн сан үүсгэн ажиллуулна ...” гэж өөрчлөлт оруулсны дагуу хууль тогтоогч байгууллагаас 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Газрын төлбөрийн тухай хуулийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулсан бөгөөд Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг Улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9, 11 дүгээр зүйлд заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно” гэж өөрчилсний дагуу 2021 оны 01 дүгээр сараас нэхэмжлэгчид газрын төлбөр төлөх үүрэг үүссэн гэж хоёр шатны шүүхээс дүгнэсэн байна.

6.5.Хууль болон хуулийн нэмэлт өөрчлөлтүүд нь Улсын Их Хурлаар батлагдсан цаг хугацаанаас хойш дагаж мөрдөгдөх, эсвэл тухайн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу хэрхэн хэрэгжүүлэх асуудлыг зохицуулдаг. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор тус нэмэлт, өөрчлөлт буюу мэдээллийн сан хөтөлж, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулахын тулд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/180 дугаартай тушаалын дагуу “Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн системийг ажиллуулах журам”-ыг баталж хэрэгжүүлсэн байна. Тус журмын 13.1.7-д “... эрх зүйн харилцаа үүсээгүй нэгж талбарын мэдээллийг мэдээллийн санд оруулах ...”-ыг хориглохоор зохицуулсан байна.

6.6.Нэхэмжлэгчтэй адилхан газар ашиглах гэрээ байгуулаагүй, ашиглах эрхээ бүрэн хэрэгжүүлээгүй этгээдийг “мэдээллийн сан”-д бүртгэхгүй байхаар тухайн журмаар зохицуулсан байна. Гэтэл хуулийн хэрэгжилтийн явцад тухайн журамд заасан “мэдээллийн сан”-ийн бүртгэл хөтлөх, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны эрх бүхий мэргэжилтнүүдийн алдаатай үйл ажиллагааны улмаас “мэдээллийн сан”-д бүртгэл оруулсны улмаас, газар ашигласны татвар ногдох буюу энэхүү маргаан үүсэх гол шалтгаан болсон гэж дүгнэж байна.

6.7.2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/180 дугаар тушаалаар батлагдсан “Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн системийг ажиллуулах журам”-ыг мэдээж батлагдсан өдрөөс хойш л мөрдөх зохицуулалттай байтал шүүхээс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс газар ашигласны төлбөр төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийн хэрэгжих хугацаа, дагаж мөрдөх журам, мөн хуулийг хэрэгжүүлэхээр эрх бүхий этгээдийн гаргасан журмыг хуульд зааснаас өөрөөр тайлбарлаж, дүгнэсэн байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасанд нийцээгүй.

6.8.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр орсон өөрчлөлтөөр “... энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг төрийн захиргааны төв байгууллага, хамгаалалтын захиргааны хамтран байгуулснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрчилгээг олгож, улсын бүртгэлд бүртгэнэ ...” гэж өөрчлөн найруулсан. Энэ хуулийн өөрчлөлт нь өмнөх хуулийн зохицуулалтын дагуу Засаг даргатай “гэрээ байгуулах” зохицуулалтыг байхгүй болгож, ямар нэгэн шалтгаанаар гэрээ байгуулагдахгүй байх нөхцөл байдлыг байхгүй болгосон байна.

6.9.Энэхүү шүүхийн маргаан нь Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжуудад орсон олон удаагийн нэмэлт, өөрчлөлтүүд хоорондын уялдаа холбоогүй, хоорондын нийцэлгүй, хуулийг хэрэгжүүлэх шатанд үүсч байгаа нөхцөл байдлын улмаас олон тооны газар ашиглах эрх авсан этгээдүүдийн эрх ашгийг зөрчиж байгаа тул Улсын дээд шүүхээс Газрын төлбөртэй холбоотой хууль тогтоомжуудыг нэг мөр ойлгож, тайлбарлах нь хууль хэрэглээг тогтооход ач холбогдолтой гэж ойлгож байна.

6.10.Иймд шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7.Хариуцагч нараас нэхэмжлэгч талын хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй.

ХЯНАВАЛ:

8.Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалын дүгнэлтэд өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

9.Хэргийн үйл баримтын тухайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/**** дугаар тушаалаар П.Н****д *****  аманд 3 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулах эрх олгож, ****/***  дугаар гэрчилгээг олгосон; Газар ашиглах гэрээ байгуулах ажиллагаанд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа гарын үсэг зурсан боловч Баянзүрх дүүргийн Засаг дарга гарын үсэг зураагүй, улмаар гэрээ хүчин төгөлдөр болоогүй; Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/***** дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0504 дүгээр шийдвэрээр уг тушаалыг хүчингүй болгож, мөн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/**** дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг нь сэргээсэн.

10.Газрын тухай (2002 оны) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ““газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө”, 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ”, 35.3.3-т “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх” гэж, мөн Газрын төлбөрийн (1997 оны) тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна”, 9 дүгээр зүйлийн 1-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ногдуулах газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоох, сум, дүүргийн Засаг даргатай байгуулах газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай гэрээнд тусгуулан уг гэрээг бүртгэнэ”, 2-т “Газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж тус тус хуульчилсан.

11.Дээрх газрын төлбөр төлөхтэй холбоотой зохицуулалтыг хэрхэн хэрэглэх талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 001/ХТ2022/0023 дугаар тогтоолд[1] тайлбарлаж хэрэглэсэн нь энэхүү маргаанд мөн адил хамаарч байна.

12.Тус тогтоолын 12 дахь хэсэгт “... “газрын төлбөр төлөх үүрэг” нь газар эзэмшигч, ашиглагчид хуулиар хүлээлгэсэн үүрэг тул газар эзэмших, ашиглах гэрээг байгуулаагүй нь, эсхүл газрын төлбөр төлөх талаар гэрээнд заагаагүй нь тухайн газар эзэмшигч, ашиглагчийг газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөхгүй” гэж тайлбарлан хэрэглэжээ.

13.Энэ хэргийн тухайд, нэхэмжлэгч нь 2016 онд газар ашиглах эрхтэй болсон ч газар ашиглах гуравласан гэрээ нь түүнээс үл хамаарах шалтгаанаар байгуулагдаагүй гэж тайлбарлах боловч газар ашиглах гэрээ байгуулах үүрэг нь зөвхөн захиргааны байгууллагад хамаарах бус, харин газар ашиглагч болон эрх бүхий захиргааны байгууллагын аль алинд нь хамаарах үүрэг бөгөөд нэхэмжлэгч өөрөө гэрээ байгуулах талаар бодит үйлдэл хийж байсан, гэрээ байгуулах эрх бүхий захиргааны байгууллагад гомдол гаргаж маргасан эсхүл захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны талаар шүүхэд хандсан зэрэг нь тогтоогдоогүй, шүүхүүд энэ нөхцөл байдлыг харгалзаагүй байна.

14.Өөрөөр хэлбэл, газар ашиглах гэрээ байгуулагдаагүй нь газрын төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн “... 2020 оноос өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтаар газар ашиглах гэрээ байгуулагдаагүй тохиолдолд нэхэмжлэгч нь газрын төлбөр төлөх үүрэг хүлээхээргүй байх тул 2016.04.14-ний өдрөөс 2020.01.01-ний өдрийг хүртэл хугацаанд төлбөр төлөх үүрэг үүсэхгүй” гэж дүгнэсэн нь буруу, Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг дээрх Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр тайлбарлан хэрэглэсэн байна.

15.Түүнчлэн, газрын төлбөр ногдуулахтай холбоотой хууль тогтоомжид 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр орсон нэмэлт, өөрчлөлтөөр Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө” гэж,  Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно” гэж хуульчилж, тус зохицуулалтууд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон буюу хууль тогтоогчоос газрын төлбөр ногдуулах хугацааг гэрээ байгуулагдсан эсэхээс үл хамааран бүртгэлийн эрхийн хүчин төгөлдөр байдалтай шууд холбогдох агуулгаар тусгаж илүү тодорхой зохицуулжээ.

16.Тодруулбал, газар эзэмших, ашиглах эрх улсын бүртгэлд бүртгэгдэж дундын мэдээллийн санд бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн газрын төлбөр төлөх үүрэг үүсэх талаар зохицуулсан бөгөөд үүний дагуу үзвэл, нэхэмжлэгчийн хувьд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс газрын мэдээллийн санд бүртгэгдсэнээр газрын төлбөр төлөх үүрэгтэй.

17.Хэдийгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр цуцалсан боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0504 дүгээр шийдвэрийн дагуу хариуцагчаас 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр газар ашиглах эрхийг буцаан сэргээснээр газрын эрхийг цуцалсан шийдвэр хүчин төгөлдөр болоогүй буюу нэхэмжлэгчийн газар ашиглах эрх нь газрын улсын бүртгэлийн дундын мэдээллийн санд бүртгэлтэй байгаа энэ тохиолдолд, тухайн хугацаанд газрын төлбөр төлөх үүрэг нэхэмжлэгчид хэвээр хадгалагдахаар байна.

18.Энэ талаар анхан шатны шүүх “... 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Газрын төлбөрийн тухай хуулийн холбогдох заалтуудад өөрчлөлт орсон зохицуулалтаар ... 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 1 дүгээр улирлыг дуусах хүртэл хугацаанд нэхэмжлэгч ... газар ашигласны төлбөр төлөх үүрэгтэй” гэж дүгнэсэн нь зөв бол давж заалдах шатны шүүх “... 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй буюу газар ашиглах эрх зүйн харилцаа цуцлагдсан байсан гэж үзнэ, уг хугацаанд газрын төлбөр үүсэх хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтыг буруу тайлбарласан гэж үзнэ.

19.Иймд, нэхэмжлэгчийн “... нэхэмжлэгч 2020.03.21-ний өдрөөс 2021.03.21-ний өдрийг хүртэл хугацаанд төлбөр төлөхөөр болсон, Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн системийг ажиллуулах журамд зааснаар эрх зүйн харилцаа үүсээгүй нэгж талбарын мэдээллийг мэдээллийн санд оруулахыг хориглоно, газар ашиглах гэрээ байгуулаагүй, ашиглах эрхээ бүрэн хэрэгжүүлээгүй этгээдийг мэдээллийн санд бүртгэхгүй байхаар зохицуулсан, мэдээллийн санд бүртгэл оруулсны улмаас төлбөр төлөхөөр болсон ...” гэх агуулгатай гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

20.Гэвч энэ хэргийн тухайд, хариуцагч байгууллагын зүгээс хяналтын журмаар гомдол гаргаагүй, гагцхүү нэхэмжлэгчийн гомдлоор хянаж байгаагийн хувьд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй (non reformatio in peius) байх зарчмын хүрээнд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан “... шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах” гэх хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2025/0470 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.Н****, түүний өмгөөлөгч Ч.Б******** нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.СОЁЛ-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Д.МӨНХТУЯА                     

                                                                                       Г.БАНЗРАГЧ          

                                                                                  Д.БАТБААТАР

                                                                                       М.БАТСУУРЬ

 

 

[1] “Н***********” ХХК ба Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, 128/2021/0331/з, УДШ (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2022/0023