Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
Хэргийн индекс | 102/2016/04203/И |
Дугаар | 5159 |
Огноо | 2016-09-21 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 5159
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2016/05159 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 2-144 тоотод оршин суух, Байгууд овогт Гомбосүрэнгийн Жанчивдорж /РД: РЮ80071410/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 8 дугаар байр, 6 тоотод оршин суух, Суухун овогт Цэрэнгийн Энхцэцэг /РД: СШ82112828/-т холбогдох,
14 682 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Идэрбулган, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Жанчивдорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Идэрбулган шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Энхцэцэгээс 2005 онд үйлдвэрлэгдсэн 2012 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Монгол улсад орж ирсэн 14-33 УНЯ улсын дугаартай, “Хюньдай верна” маркийн цагаан өнгийн суудлын автомашиныг 20 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон, урьдчилгаанд 1 500 000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгч, 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 14/33 дугаар “Авто машины түрээсийн гэрээ”-г байгуулсан. Улмаар гэрээний үлдэгдэл төлбөрт 18 500 000 төгрөгийг 3 жил 2 сарын хугацаанд багтаан төлөхөөр гэрээний 2.2-тзаасны дагуу 2014 оны 12 дугаар сарын байдлаар нийт 13 182 000 төгрөгийг төлсөн. Гэтэл 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр худалдагч Ц.Энхцэцэг нь манайд ирээд “яаралтай мөнгө хэрэг болоод байна. Би машиныг чинь 7 хоногийн хугацаанд ломбарданд тавиад буцаагаад өгнө туслаач” гэж гуйсан. Урьд нь Ц.Энхцэцэг нь нэг удаа ломбарданд тавиад авч өгч байсан учир ми ний бие туслахаар шийдэж, тухайн өдөр машинаа итгэн хүлээлгэн өгсөн. Бид ийнхүү хүлээлгэн өгсөнөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хүлээцтэй хандаж ирсэн боловч Ц.Энхцэцэг нь манай машиныг буцаан өгөөгүй бөгөөд тус барьцааны газар нь манай машиныг зарсан байна. Бид энэ асуудлаар худалдагч талтай удаа дараа биеэр уулзаж, утсаар холбогдсоор ирсэн ч сүүлийн өдрүүдэд бидэнтэй холбогдохоо больж, утсаа салгах, утсаа авахгүй гэртээ байхгүй мэтээр зугтах зэрэг зохисгүй үйлдэл гаргах боллоо. Иймд Ц.Энхцэцэгээс гэрээний төлбөрт төлсөн 13 182 000, урьдчилгаа төлбөрт төлсөн 1 500 000 төгрөг, нийт 14 682 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Энхцэцэг шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Жанчивдоржтой 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр автомашин түрээслэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээний явцад Г.Жанчивдорж нь түрээсийн гэрээний 3.4 заалтыг удаа дараа зөрчиж орлогыг байнга дутуу тушааж байсан. Тухайлбал, сар бүрийн сүүлээр тооцсон дутуу орлогын нийт дүн 2014 оны 01 дүгээр сард 78 000 төгрөг, 02 дугаа сард 242 000 төгрөг, 3 дугаар сард 226 000 төгрөг, 4 дүгээр сард 400 000 төгрөг, 5 дугаар сард 264 000 төгрөг, 6 дугаар сард 203 000 төгрөг, 7 дугаар сард 50 000 төгрөг, 8 дугаар сард 64 000 төгрөг, 10 дугаар сард 382 000 төгрөг, 11
дүгээр сард 556 000 төгрөг, 12 дугаар сарын байдлаар нийт 576 000 төгрөг болно. 2012 оны 10 дугар сарын 15-ны өдрийн тушаалын дагуу дутуу орлогод өдрийн 0.5 хувиар алданги тооцоход нийт алдангийн дутуу 395 670 төгрег буюу 2014 оны 01 дүгээр сард 11 700 төгрөг, 02 дугаар сард 36 300 төгрөг, 3 дугаар сард 33 900 төгрөг, 4 дүгээр сард 60 000 төгрөг, 5 дугаар сард 39 600 төгрөг, 6 дугаар сард 30 450 төгрөг, 7 дугаар сард 7 500 төгрөг, 8 дугаар сард 9 600 төгрөг, 10 дугаар сард 57 300 төгрөг, 11 дүгээр сард 83 400 төгрөг, 12 дугаар сард 25 920 төгрөг болно. Нийт орлогын болон, алдангийн дутуу 971 670 төгрөгний дутуу төлөлттэй байсан. Уг автомашины анхны үнэ 10 500 000 төгрөгийн үнэтэй бөгөөд Эрэл банкны лизингийн зээлээр авсан. Тухайн автомашиныг барьцаанд тавьж уг машины үлдэгдэл үнийг төлсөн. Г.Жанчивдоржийн тушаасан урьдчилгаа болон орлого нь тухайн автомашины үнэ болон банкны хүүнд төлөгдсөн. Хотын дотор хувиараа болон такси үйлчилгээнд ажилладаг жолооч өдөрт 50 000-70 000 төгрөгийн орлоготой ажилладаг бөгөөд дунджаар өдөрт 60 000 төгрөг байдаг. 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажлын 604 хоног байгаа бөгөөд энэ хугацаанд Г.Жанчивдорж нь 36 240 000 төгрөгийн орлого олж үүнээс автомашины түрээсийн орлого болох 12 912 000 төгрөгийг хасахад 23 328 000 төгрөгийг 2 жил гарны хугацаанд өөртөө олсон. Иймд миний бие гэрээг зөрчөөгүй гэж үзэж байгаа бөгөөд энэ баримтуудыг харгалзан үзэж энэ нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Жанчивдорж нь хариуцагч Ц.Энхцэцэгт холбогдуулан автомашины урьдчилгаанд болон түрээсийн төлбөрт төлсөн нийт 14 682 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг “...хариуцагч гэрээний үүргээ зөрчиж хугацаандаа түрээсийн төлбөрийг төлөөгүй тул автомашиныг буцаан авсан” гэж үгүйсгэн маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Талуудын хооронд 2012 оны 8 дугаар сарын 247-ны өдөр байгуулсан 14/33 дугаар “Автомашины түрээсийн гэрээ” /цаашид гэрээ гэх/-ээр нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшлийн 14-33 УНЯ улсын дугаартай, KMHCG51RP50248339 арлын дугаартай, “Верна” маркийн автомашиныг 3 жил 2 сар 4 хоног түрээслэх, 1 сарыг ажлын 22 хоногоор тооцон өдөрт 22 000 төгрөгийг буюу сарын эцэст 484 000 төгрөгийг, урьдчилгаанд 1 500 000 төгрөгийг төлөх, автомашины үлдэгдэл төлбөрийг 18 500 000 төгрөгөөр тооцон нэхэмжлэгч нь хариуцагчид тус тус төлөхөөр харилцан тохиролцсон нь дээрх гэрээ болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээг өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр байгуулсан эсэхэд болон гэрээний дагуу хариуцагч автомашиныг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн, нэхэмжлэгч автомашиныг өөрийн эзэмшилд ашиглаж байсан үйл баримтын талаар маргаагүй байх тул дээрх гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэрээг талууд хэдий түрээсийн гэрээ гэж нэрлэсэн байх боловч гэрээний агуулга, шинж, зорилго, талуудын эрх үүрэг, төлбөр төлөх болон автомашиныг шилжүүлэх нөхцөл, түрээсийн гэрээний төлбөр, эргэн төлөгдөх хуваарь болон гэрээний 1-д заасан “...түрээслэгч талыг өөрийн өмч хөрөнгөтэй болгож” гэснээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь автомашины үнийг нэхэмжлэгч төлөхөөс өмнө түүний эзэмшилд шилжүүлэх, нэхэмжлэгч нь автомашины үнийн урьдчилгаанд 1 500 000 төгрөгийг төлж, үлдэх 18 500 000 төгрөгийг тогтоосон хуваарийн дагуу 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, сар бүр 484 000 төгрөгийг хариуцагчид төлөх замаар төлбөрийг төлж дуусгахаар тохиролцсон нь талуудын тайлбар болон “түрээсийн гэрээний эргэн төлөгдөх хуваарь”-иар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу урьдчилгаанд 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 1 500 000 төгрөгийг, 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар хариуцагчид нийт 11 872 000 төгрөгийг төлсөн нь орлогын хураамжийн маягтаар нотлогдож байхаас гадна хариуцагч уг төлбөрийг авсан эсэхэд маргаагүй байна./хх 13-26 дугаар тал/ Иймд нэхэмжлэгч нь гэрээний дагуу нийт 13 372 000 төгрөгийг хариуцагчид төлсөн байх бөгөөд зөрүү 1 310 000 төгрөгийг төлсөн гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэлээ нэхэмжлэгчийг гэрээний үүргээ буюу төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй үндэслэлээр гэрээнээс татгалзах, гэрээг цуцлан автомашиныг буцаан авч, “Тайгын булаг-Авто” ХХК-ийн “Сайн” автоломбарданд 4 000 000 төгрөгийн зээлд барьцаалж, автомашин бусдад худалдагдсан нь “Тайгын булаг-Авто” ХХК-ийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 16/360 дугаар албан бичиг, барьцаат зээлийн болон зээлийн гэрээгээр тус тус нотлогдож байхаас гадна хариуцагч нь дээрх үйл баримтыг үгүйсгээгүй байна.
Гэрээний 3.4-т “Түрээслэгч жолооч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 5 хоногоос дээш орлогын хураамжийг тасалбал Ц.Энхцэцэг өөрийн санаачилгаар гэрээг цуцалж, автомашиныг хурааж авах эрхтэй бөгөөд урьдчилгаанд төлсөн мөнгийг буцааж олгохгүй” гэж заажээ. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь сар бүрийн эцэст 110 000 төгрөгөөс 637 000 төгрөг хүртэлх төлбөрийг хариуцагчид төлсөн байгаа нь гэрээний 2.3-т заасан “сарын эцэст 484 000 төгрөгөөр бодож түрээсийн орлого оруулсан байна” гэх заалт болон “түрээсийн гэрээний эргэн төлөгдөх хуваарь”-ийн “сарын төлбөр 484 000 төгрөг” гэснийг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг гэрээнд заасан төлбөрийг хугацаа хэтрүүлэн төлсөн буюу гэрээг цуцлах зөрчил тогтоогдоогүй байхад хариуцагч нь үндэслэлгүйгээр гэрээнээс тагалзсан байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй үндэслэлээр нэхэмжлэгч нь урьдчилгаанд төлсөн нийт 13 372 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчаас нийт 13 372 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 310 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Энхцэцэгээс 13 372 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Жанчивдоржид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 310 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 224 810 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН