Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 05

 

 

Д.Дэмбэрэлдавгад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                       Хэргийн индекс 132/2016/0079/Э

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Цэцэгмаа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

            Прокурор                                                  Ц.Сувдаа

           Ялтан                                                        Д.Дэмбэрэлдавга 

           Ялтны өмгөөлөгч                                     Б.Долгорсүрэн, Ж.Нарантуяа

           Хохирогчийн өмгөөлөгч                           Ж.Шинэжаргал, Х.Оюунбат

           Нарийн бичгийн дарга                             И.Буманбаяр нарыг оролцуулан

 

        Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолтой Д.Дэмбэрэлдавгад холбогдох 201606000048 дугаартай эрүүгийн хэргийг ялтан Д.Дэмбэрэлдавга, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн, Ж.Нарантуяа нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Монгол улсын иргэн, Чонос овогт Дэмчигсүрэнгийн Дэмбэрэлдавга, 1996 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хууль сахиулах их сургуулийн 3 дугаар курст суралцдаг, ам бүл 2, охины хамт Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг 8-4 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ГЮ96020614 регистрийн дугаартай.

         Д.Дэмбэрэлдавга нь 2016 оны 02 дугаар сарын 13-ны шөнө 01 цагийн орчимд Булган аймгийн Бугат сумын нутаг "Бяцхан Хөтөл" гэх газарт 32-52 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 9.1, 9.2, 2.3.6 дахь заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж, зорчигч Ц.Цог-Эрдэнэ, Б.Баасанжав нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

          Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор:

          Чонос овогт Дэмчигсүрэнгийн Дэмбэрэлдагвыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 2 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар шүүгдэгч Д.Дэмбэрэлдагвыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Дэмбэрэлдагвад оногдуулсан 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,

     Шүүгдэгч Д.Дэмбэрэлдагва нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Ууганбаяр, Г.Болормаа нар нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Д.Дэмбэрэлдагвын “В" ангиллын жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Цогзолмаад даалгаж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Д.Дэмбэрэлдагвын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолох,   

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дэмбэрэлдагвад авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолох,

       Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1-д зааснаар 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн Д.Аялгууг шүүгдэгчийн төрсөн эх Элбэгзаяагийн Саруулсайханы асрамжинд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

            Ялтан Д.Дэмбэрэлдавга нь давж заалдах гомдолдоо: “...шийтгэх тогтоолыг би хүлээн зөвшөөрч байгаа … надад оноосон 3 жил 5 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хойшлуулж өгөхийг хүсч 21 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт гомдол гаргаж байна ... 1 нас 7 сартай охин Д.Аялгуугийн хамт байж түүнийг өсгөн хүмүүжүүлэх эцэг хүний үүргээ биелүүлэх гэсэн юм. Охиныг минь аавтайгаа хамт байж эцгийн хайраар дутахгүй өсөн бойжих нөхцлийг нь бүрдүүлэхэд туслана уу. Эдгээр байдлыг харгалзан үзэж ... анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг хойшлуулж өгнө үү” гэжээ.

          Ялтны өмгөөлөгч Б.Долгорсүрэн давж заалдах гомдолдоо: “...21 дугаартай шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шударга ёсны болон энэрэнгүй ёсны зарчмыг баримтлаагүй, үнэлээгүй үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

          Д.Дэмбэрэлдавга нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4-т заасныг журамлан гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч зөвхөн ял шийтгэл оногдуулахдаа 1 нас 7 сартай охиноо өсгөн бойжуулах боломж олгож өгнө үү гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан учир үйлчлүүлэгчийнхээ хүсэлтийг хүндэтгэн түүний гаргасан гомдлын хүрээнд давж заалдах гомдлоо гаргасан болно.

          Шүүх “... Анударийн Аялгуу нь өрхийн бүртгэлд хамрагдаагүй, шүүгдэгч Д.Дэмбэрэлдавга нь Н.Дэмчигсүрэн, Э.Саруулсайхан, Д.Дэмбэрэлдаваа, Ц.Энхтөгөлдөр нарын хамт амьдарч байгаа нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд дээрх зөрүүтэй нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Дэмбэрэлдавгыг “3 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг” гэж үзэж хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн Д.Аялгууг шүүгдэгчийн төрсөн эх Элбэгзаяагийн Саруулсайханы асрамжинд үлдээхээр шийдвэрлэв…” гэж дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

             Үүнд Дэмбэрэлдавгыг “3 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг” гэдгийг нотлох баримт хэрэгт бий. Тодруулбал: Анхан шатны шүүх нэмэлт мөрдөн байцаалтанд буцаахдаа “…Д.Аялгуугийн үрчлэлтийн байдлыг шалган тогтоох, Д.Дэмбэрэлдавгын хувийн байдал болон 3 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг мөн эсэхийг тогтоох…”-оор ажиллагаа хийлгэхийг даалгасан ба энэ ажиллагаа хангалттай хийгдсэн.

             Д.Аялгуугийн эх Анударь “…гадаадад сурч ажиллахаар явах тухайгаа … өөрийн хүсэлтээр охиноо Д.Дэмбэрэлдавгад үрчлүүлсэн охиндоо хамгийн ойр дотно байдгаар нь Д.Дэмбэрэлдавгад үрчлүүлэх болсон …” тухайгаа гэрчлэн мэдүүлсэн.

          Д.Аялгуугийн төрсөн эх Анударьтай хамтын амьдралтай байсан талаар Анударь, Д.Дэмбэрэлдавгын эх Саруулсайхан нар мэдүүлсэн байна. Багийн засаг дарга Солонго Д.Дэмбэрэлдавгыг “Булган сум 5 дугаар баг 8-4 тоотод охин Д.Аялгуугийн хамт амьдарч байгаа” тухай, багийн тодорхойлолтыг хийж өгсөн тухайгаа гэрчлэн мэдүүлсэн.

          Д.Аялгуу нь эцэг Д.Дэмбэрэлдавгын асрамжинд 2016 оны 04 дүгээр сард ирсэн, иргэний бүртгэлийн бичиг баримт 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр эцгийнхээ нэр дээр шилжсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоно.

          Эрүүгийн хуулийн 45 дугаар зүйлд Эрүүгийн хариуцлагын зорилго, төрлийг тодорхой зааж, мөн зүйлийн 45.3 “ … Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх … оршино” гэсний дагуу санамсар болгоомжгүйгээр үйлдэгдсэн энэ хэргийн улмаас Д.Дэмбэрэлдавгыг нийгмээс тусгаарлаж, хорих ял оногдуулж байгаа нь Эрүүгийн хуулийн 6 пдугаар зүйлд “Ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна…” гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

         Энэ ослын улмаас 2 хүний амь нас хохирсон нөхөж баршгүй хор уршиг учирсан байгаад шүүх нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг үнэлж, хорих ялыг оноож байгаа ч хорих ялыг биечлэн эдлэх Д.Дэмбэрэлдавгын ард хоцорч байгаа 1 нас 7 сартай охин Д.Аялгуугийн өсөлт бойжилт, хүмүүжил амьдрах орчинд “эцэг, эх аль нь ч байхгүй, эцэг, эхийн халуун дотно хайр халамжаар дутаж, сөрөг нөлөөлөх” бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.

            ... Дэмчигсүрэн гэх өрхийн бүртгэлээс үзэхэд “ эцэг Дэмчигсүрэн тэтгэвэрт, эх Саруулсайхан ажилтай, Д.Дэмбэрэлдавга оюутан…” энэ өрхөд ажил хөдөлмөр эрхэлж байгаа Саруулсайханд охины асрамжийг шилжүүлж байгаа нь эцэг, үр 2-ыг салгахаас гадна эмээ Саруулсайхан ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, байнгын асаргаанд байх ач охиноо өсгөн бойжуулах нь ажил хөдөлмөрөө хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болж, эдийн засгийн хувьд ч хүндрэл гарах бодит байдалд хүрээд байна.

        Эдгээр байдлуудыг давж заалдах шатны шүүх нягтлан үзэж ... шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, мөн шийтгэх тогтоолын 3,7 дугаар хэсгийг хүчингүй болгож, бага насны асрамж, халамж нэн хэрэгцээтэй байгаа Д.Дэмбэрэлдавгын охин Д.Аялгуугийн эрүүл, ая тухтай орчинд эцгийн хайр, халамжаар дутахгүй өсөн бойжих боломжийг олгож, түүнд оногдуулсан 3 жил 5 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар хойшлуулж өгнө үү” гэжээ.

Ялтны өмгөөлөгч Ж.Нарантуяа давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй байна.

            Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д “Шүүх анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй, түүнчлэн 3 хүртэлх настай хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж заасан байх ба шүүгдэгч Дэмбэрэлдавгын тухайд хэрэгт авагдсан дараах баримтуудаар ганц бие эцэг болох нь тогтоогдсон байна.

            Хавтаст хэргийн 318-321 дүгээр талд Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Тус багийн иргэн Дэмчигсүрэн овогтой Дэмбэрэлдагва /ГЮ96020614/ нь ам бүл 2, охины хамт 5 дугаар багийн 8 дугаар байрны 4 тоотод амьдардаг болох нь үнэн болохыг тодорхойлолт , Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн төрсний бүртгэлд 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр бүртгэсэн А.Аялгуугийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, Иргэдэд үйлчлэх автомат машины лавлагаа тодорхойлолт өгөх нэгдсэн маягтын “Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа”, гэрч Анударь, Б.Солонго нарын мэдүүлэг зэрэг бусад баримтуудаар тогтоогдож байна.

            Дээрх нөхцөл байдал нь Д.Дэмбэрэлдавгыг 3 хүртэлх насны хүүхэдтэй эцэг гэж үзэх үндэслэл болж байх тул Хүүхдийн эрхийн конвенцийн “хүүхдийг эцэг, эхээс салгаж үл болох” суурь зарчим болон Монгол улсын хүүхдийн эрхийн тухай хуулийн хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх, хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэх үндсэн зарчимд нийцүүлэн хорих ял оноосон шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой гэж үзэж байна.

            Иймд ... шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасны дагуу Д.Дэмбэрэлдавгад хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хуульд заасан хугацаагаар хойшлуулж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг дүгнэн үзэхэд Д.Дэмбэрэлдавга нь 2016 оны 02 дугаар сарын 13-ны шөнө 01 цагийн орчимд Булган аймгийн Бугат сумын нутаг "Бяцхан Хөтөл" гэх газарт согтуугаар өөрийн эзэмшлийн 32-52 БУЛ улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 9.1, 9.2, 2.3.б дахь заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, зам тээврийн осол гаргасны улмаас уг автомашинд зорчиж явсан Ц.Цог-Эрдэнэ, Б.Баасанжав нарын амь насыг хохироосон болох нь

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч М.Төмөрбаатар, Ц.Өлзийсайхан, гэрч Х.Лхагвадорж нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 17, 16 дугаар дүгнэлтүүд, Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн шинжээчдийн 15 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв байна.

     Харин анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтуудыг үндэслэн “... Д.Дэмбэрэлдавгыг 3 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг гэж үзэж хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжгүй”  гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

      Д.Дэмбэрэлдавга нь Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн 8 дугаар байрны 4 тоотод эцэг, эх, эгч нарын хамт оршин суудаг боловч “Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт амьдардаг гэх Д.Анударьтай түр хугацаанд хамтран амьдарч байсан” гэх гэрч Д.Анударийн мэдүүлэг /хх 370/,

2015 оны 06 дугаар сарын 09-ны өдөр төрсөн охин А.Аялгууг үрчлэн авсныг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бүртгэж, хүүхэд үрчилсний бүртгэлийн 193 дугаарт бүртгэн гэрчилгээ олгосон баримт /хх 317/,

гэрч Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн засаг дарга Б.Солонгын “...хүүхэд нь албан ёсоор манай багийн хүн амын бүртгэлд орж ирсэн байсан учраас би ам бүл 2 гэж тодорхойлолт хийж өгсөн ... Дээрх 2 ам бүлийн тодорхойлолт хоёулаа үнэн зөв бичигдсэн...” гэх мэдүүлэг /хх 368/,

гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх 390/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

Өөрөөр хэлбэл Д.Дэмбэрэлдавгыг 3 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг гэж үзэх дээрх баримтуудыг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлд заасан Энэрэнгүй ёсны зарчимд үндэслэн ялтан, ялтны өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 324 дүгээр зүйлийн 324.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:           

         “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.2, 63.3-т зааснаар Д.Дэмбэрэлдавгад 3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж,

          ялтан хүүхдээ асран хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол шүүх цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг анхааруулсугай” гэсэн заалт нэмж, 7 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.  Ялтан Д.Дэмбэрэлдавга, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн, Ж.Нарантуяа нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 300 дугаар зүйлийн 300.1-д зааснаар Д.Дэмбэрэлдавгыг шүүх хуралдааны танхимаас суллаж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ё.БЯМБАЦЭРЭН

                                      

                                            ШҮҮГЧИД                                          С.ЦЭЦЭГМАА        

     

                                                                                                       С.УРАНЧИМЭГ